Клиник сэтгэлзүйч, “Сүрэн дарь эх” ТББ-ын захирал Б.Долгорсүрэн уншигчдаас ирсэн асуултад хариулт өглөө.
Хайртынхаа өнгөрсөн амьдралыг хүлээн зөвшөөр
-Би нөхрөө хардаад байна. Учир нь надаас бүх зүйлээ нуугаад устгачихдаг. Өмнө нь хайртай байсан эмэгтэйтэйгээ хүртэл уулзах гэж байгаад баригдсан. Нөхөр маань охиноо хараад гэртээ байдаг ч шөнө халтуур хийдэг. Явах бүрт нь өөрийн эрхгүй хэрүүл хийдэг боллоо. Яах ёстой вэ?
-Сэтгэл судлалд хардалтыг хоёр төрөлд хувааж үздэг. Таны хувьд ердийн хардалт ажиглагдаж байгаа ч нөхрөө байнга хардах нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулах тул одооноос дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Яг энэ үед аль болох эерэг зүйл дээр анхаарч, сөрөг бодлоо өөрчлөх хэрэгтэй.
Хайртынхаа өнгөрсөн амьдралыг хүлээн зөвшөөрч, хамтдаа урагшил. Асуудлаа ярилцаж, хамтдаа шийдээрэй. Өөрийгөө илүү их хайрлаж, итгэлтэй болох хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийгөө илүү таньж мэдэж, хөгжүүлж, өдөр бүр өөртэйгөө тулж ажиллах шаардлагатай байдаг. Хэн хэн нь ойлголцохгүй, яах учраа олохгүй байгаа бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаарай.
Та өөрийнхөө сонголтыг хийсэн учир хэнд ч таны амьдралыг шүүж, буруутгах эрх үгүй
-Би нөхрөө анхны эхнэрээс нь салгаж, охиныг нь өнчрүүлэн байж суусан. Тэр хүнтэй л суучихвал амьдрал сайхан болчих юм шиг эхнэр рүү нь өчнөөн муухай үгс шидэлж энэ амьдралаа босгосон юм. Нэг л амьдрах хорвоод ямар ч хамаагүй аргаар хайртай хүнтэйгээ нийлж амьдрах нь буруу гэж үү?
-Хүн бүрийн амьдрал алдаа, оноогоор дүүрэн. Хэн нэгэнд ухаангүй дурлаж, хүчтэй хайрлаж эхэлсэн үедээ бидний ихэнх нь ямар ч галзуу үйлдэл хийхээс буцахгүй болчихдог. Таны хувьд тухайн үед яг л тийм байдалтай байсан болов уу.
Эмэгтэйчүүдийн хувьд хэн нэгэнтэй танилцах үедээ эхлээд цаад залуугаа ганц бие эсэхийг нь баттай мэдэж байж цаашлаад харилцаагаа гүнзгийрүүлэх нь өөртөө болоод бусдын амьдралд дараа болохгүй байхад тустай. Ганц л амьдрах хорвоод хүн бүрт хүссэнээрээ амьдрах эрх бий. Гэвч тэр хүссэнээрээ амьдарсан амьдрал нь таны болоод бусдын зовлонгийн шалтгаан болох ёсгүй. Гэвч нэгэнт та өөрийнхөө сонголтыг хийсэн учир хэнд ч таны амьдралыг шүүж, буруутгах эрх үгүй. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн учир нөхрөө илүү ихээр хайрлаж, харилцаандаа анхаарал тавиарай.
Эрэгтэй хүнийг хүчээр өөрчлөх боломжгүй
-Бүтэн жил уулзаагүй найзуудтайгаа уулзаад шѳнийн 01.00 цагт гэртээ орсон юм. Гэтэл нөхөр уурлаад хоёр хоног дуугарсангүй. Дараа өдөр нь согтуу ирээд, намайг биеэ үнэлж байгаад ирсэн үү гэж элдвээр хараахаар нь би тэссэнгүй хэрэлдтэл над руу юм шидсэн. Ер нь өөрөө байнга ууж, агсам тавьдаг. Миний тэвчээр алдагдаж байна. Энэ хүнийг яаж өөрчлөх вэ?
-Асуудалгүй хосууд гэж байдаггүй. Найзуудтайгаа гарах үедээ, ер нь хаашаа ч явсан бай оройтохоор бол нөхөртөө урьдчилан хэлж ойлгуулаад гарах нь ямар нэгэн маргаан үүсэхээс сэргийлдэг. Магадгүй хэлээд ч ойлгодоггүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Эрэгтэй хүн өөрөө ухамсарлаж байж өөрчлөгдөнө үү гэхээс эрэгтэй хүнийг хүчээр өөрчлөх ямар ч боломжгүй. Хамгийн гол нь нөхрийн тань ухамсар, өөрийгөө удирдах чадвар, тэсвэр тэвчээрээс шалтгаална.
Хоорондоо ярилцаж ойлголцдог бол хадмын оролцоо багасна
-Хадам ээжийн асуудал гэж яг л “солонгос кино”. Манай хадам гурван бэрээ нэг нэгэнд нь ээлжлээд л муулдаг. Мөнгөтэй байвал 100-200 мянган төгрөг байнга нэхээстэй. Сүүлийн үед “Эмэгтэй хүмүүст нөхөр олдохгүй зовж байна. Та нар нөхөртэйгөө үлдэхийг хүсвэл байр, хоол бүх зүйлээ өөрсдөө бэлд. Миний хүүхдүүдийг бурхан мэт тахиж, гуйж, сөгдөж амьдар” гэх боллоо. Би яах ёстой вэ?
-Монголын ихэнх залуу гэр бүлийн амьдралд хадмуудын оролцоо их байдаг. Хэтэрхий ойр дотно байдал нь олон асуудал үүсгэж, нэг нэгэндээ дургүй болох, цаашлаад хосуудын хувьд танайх, манайх гэж талцаж маргалдахад хүргэдэг. Гэвч хадам бүр адилгүй гэдгийг ойлгох нь зүйтэй. Бүх зүйлд хил хязгаар байдаг учир хувийн харилцаандаа ч мөн энэ зарчмыг баримтлах нь зүйтэй. Нөхөртэйгөө маргалдах тохиолдолд хоорондоо ярилцаж асуудлаа шийдэж байгаарай. Ингэснээр хадмын оролцоо багасна. Хадмуудынхаа яриаг сонсож, хүндлэлгүй яахав. Иймд хэлж ярьж байгаа зүйлийг нь хэт өөр дээрээ хүндээр тусгаж авалгүйгээр авах гээхийн ухаанаар хандаарай.
Архинаас гарах хүсэлтэй эсэх нь чухал
-Би нөхөртэйгөө 10 жил амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Манай нөхрийн аав нь архи уудаг, ээжээс нь салсан гээд амьдрал нь тийм ч сайхан байгаагүй. Анх танилцахад үнэхээр надад хайртай, миний төлөө юуг ч хийж чадах хүн гэж бодоод суусан ч одоо арай их архи уугаад байна. Салах гэхээр хоёр хүүхдээ бодоод чадахгүй юм.
-Гэр бүлийн өссөн орчин, цаашлаад эцэг эхийн хоорондын харилцаа, хүмүүжил нь хүүхдэд төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэлээ гээд архи уудаг аавтай хүүхэд бүр архины хамааралтай болдог гэсэн үг биш. Тухайн хүүхдийн ухамсраас шалтгаалах асуудал. Анх танилцахад эрэгтэй хүн бүр л сайн сайхан байдаг. Хүнийг хэн бэ гэдгийг нь цаг хугацаа ил тод харуулдаг. Тиймээс хүнийг тийм хурдан хугацаанд таних боломжгүй. Салах шийдвэрийг гаргахаасаа өмнө нөхөртэйгөө ярилцаж, ямар үед ямар шалтгаанаар архи хэтрүүлэн уугаад байгааг нь мэдээрэй. Магадгүй дотроо танд хэлж чаддаггүй асуудал байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь өөрт нь архинаас гарах хүсэл байгаа эсэх нь чухал. Архинаас гарахад тухайн хүний ухамсар, шийдвэр, тууштай байдал, гэр бүлийн дэмжлэг чухал үүрэгтэй. Яг одоогийн нөхцөл байдалд өөртэйгөө сайн ярилцаж, дотоод хүнээ сонсож олон талаас нь бодсоны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй.
Эрчүүд яаж сэтгэлээ онгойлгох вэ
-Намайг бага байхаас аав, ээж минь “Эр хүн уйлж болдоггүй” гэж хүмүүжүүлсэн. Үүнээс болоод хэтэрхий дотогшоо, хаалттай нэгэн болж өссөн. Тиймээс эрэгтэй хүмүүс тэр бүр дотоод сэтгэлээ уудлаад байдаггүй байх. Сэтгэлээр унасан, бухимдсан үедээ эрчүүд яаж сэтгэлээ онгойлгох ёстой вэ?
-Сэтгэлээр унаж, бүхимдсан үедээ эрчүүд дараах аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эхлээд стресс үүсгэгчээ, дараа нь түүнийг хэрхэн тайлах аргыг олох хэрэгтэй. Мөн стресстэй нөхцөл байдлыг харах өнцгөө өөрчил. Ямар ч нөхцөл байдалд орсон давуу талыг нь олж харж сурах нь эерэг хандлагатай болох үндэс юм. Сэтгэл санаа таагүй стресстсэн үед таныг чин сэтгэлээсээ ойлгодог хүнтэй нүүр нүүрээ харж, асуудлынхаа талаар ярилцаж сэтгэлээ онгойлгох нь стрессийн түвшинг бууруулдаг. Өөрийгөө тайвшруулж сур. Зөв зохистой хоолло, шөнөдөө дор хаяж 7-8 цаг унтаж амраарай. Кофе болон согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавих нь чухал.
Засгийн газрын мэдээ сонин