Улсын нэгдүгээр төв эмнэлгийн клиникийн судлаач, клиникийн профессор Ш.Энхтуяагаас дараахь зүйлийг тодрууллаа.
-“Антибиотик аюултай. Үүнийг зөв хэрэглэе” гэсэн уриа, санаачилга сүүлийн үед их гарах болжээ. Энэ нь чухам ямар онцлогтой, ямар тохиолдолд хэрэглэх ёстой эм юм бэ?
-Манай иргэд антибиотик гэж юу болохыг маш сайн мэддэг боловч үүнийхээ мөн чанарыг огтоос мэддэггүй. Бидний хэрэглэдэг эмнүүд хүний биеийн дотор байдаг үйл ажиллагааг дэмжих юм уу дарангуйлах байдлаар үйлчилдэг. Нэг үгээр хэлбэл хүний биеийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг гэсэн үг. Харин антибиотик нь хүний бие махбодын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй. Хүний бие рүү довтлоод байгаа гадны нян гэдэг бичил биетийг устгаж үгүй хийх, эсвэл үржлийг нь зогсоох үйлчилгээтэй. Ийм байхад манайхан ханиад хүрэх, гэдэс, бүр толгой өвдөх зэрэг нянгын халдваргүй үед антибиотик хэрэглэх гээд байдаг. Энэ нь маш муу зуршил. Ханиад гэдэг чинь вирусын гаралтай өвчин шүү дээ. Түүнд нян устгадаг эм уугаад ямар нэмэр байх вэ. Уг нь антибиотик хүн төрөлхтөнд олон сайхан зүйлийг авч ирсэн. Энэ эмийн төрөл үүсч бий болоогүй байх үед бид халдварт өвчинд үй олноороо өртөж, арьсны жижигхэн гэмтэл шарх төдийхөнд л халдварлаж нас бардаг байсан юм. Зөв л хэрэглэж сурах хэрэгтэй байна.
-Таны бодлоор энэхүү эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэхийн тулд яавал зөв вэ?
-Үүний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд эмч эмнэлгийнхний оролцоо маш чухал. Үүнд бүх халдварыг антибиотикоор эмчлэхгүй, зөвхөн хүнд явцтай халдвар, эсвэл өвчин халдвараас болж хүндэрч байгаа бол тохиолдолд л антибиотикийг санал болгомоор байгаа юм. Мөн хүмүүс үүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Эмнэлгийн нөхцөлд ч гэсэн антибиотик эмийн хэрэглээг улам боловсронгуй болговол зохилтой. Бас нэгэн асуудал нь антибиотикийг үйлдвэрлэх, зарж борлуулах тал дээр нэгдсэн бодлого, заавар журам мөрдөж, зөвхөн эмчийн жороор олгодог байх шаардлагатай.
Сүүлийн үед манай улсад нэлээд өндөр тунтай антибиотикууд их орж ирж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад антибиотик хэрэглэхдээ эхлээд нянгаа тодорхойлдог. Дараа нь түүндээ тохирсон эмээ уудаг. Харин манай улсад энэ хэв маяг огтхон ч хэвшихгүй юм. Ингэхийн тулд хэд хэдэн сургалт явуулсан. Арай дээр болох байх гэж найдаж байна. Цаашид ч сургалтаа үргэлжүүлэн зохиох төлөвлөгөөтэй байгаа. Дэлхий нийтээр антибиотикийн буруу хэрэглээтэй тэмцэж байна шүү дээ. Манай улс ч бас тэмцэнэ.
-Антибиотикийн дасал гэж юу вэ?
-Дасал бол хамгийн аюултай. Жишээ нь 1000 жоом байхад хор цацаад бүгдийг аллаа гэж бодъё. Тэгэхэд нэг жоом заавал үлддэг гэж байгаа юм. Харин тэр жоом нь дараагийн хор цацахад түүнийг давах тэсвэр нь улам нэмэгдсэн байдаг. Цаашилсаар хор цацаад ч түүнийг устгаж чадахгүй болохуйц хүчирхэг болно. Антибиотикийн дасал үүнтэй яг адил. Эмээ зааврын дагуу хэрэглэхгүй, ууж байгаад орхих, цагийг нь холдуулах, эсвэл хэт ойртуулах, бүр байнга хэрэглэх тохиолдолд таны биед орсон нян яг тэр жоом шиг улам тэсвэржсээр байх болно.
-Үүнийг буруу хэрэглэснээр хүний биед гарах сөрөг үр дагаварын талаар яриач?
-Хүний биед гаднаас ирэх нян, вирус зэргийг тэсвэрлэдэг нянгууд байдаг. Нэг ёсондоо аливаа өвчнөөс хамгаалдаг гэсэн үг. Антибиотикийг шаардлагагүй тохиолдолд хэрэглээд байвал бидний өөрсдийн бие дэх ашигтай нянгууд устана. Аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр буруу хэрэглэх нь бүхий л өвчин тусах магадлалыг өндөрсгөж байгаа хэрэг.
-Цаг агаарын байдлаас болоод ч тэр үү эмнэлгүүдэд ханиадтай хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ тохиолдолд ямар эм хэрэглэж, яах ёстой юм бол оо. Магадгүй хүмүүс мэдэхгүйгээсээ болоод антибиотик хэрэглэдэг ч юм билүү?
-Манайхан чинь их хэнэггүй хүмүүс. Болж л өгвөл асуудлыг өөрсдөө шийдэхийг хичээцгээдэг. Уг нь эмчид үзүүлээд заавар зөвлөгөө авч болмоор. Бас антибиотик хэрэглээний мэдлэг дутуу нь үнэн. Ханиад хүрлээ гээд шууд эм уух нь буруу. Ханиадыг болж өгвөл өөрийнхөө биеийн эсэргүүцлээр давбал сайн. Ямар нэгэн вирус хүний бие рүү довтлохдоо дунджаар гурван хоног л идэвхтэй байдаг. Хүн ч гэсэн өөрөө амьд бие юм чинь түүнтэй тэмцэх хэрэгтэй. Тэгэхдээ өөрийнхөө биеийн эсэргүүцлээрээ шүү. Мөн ханиад хүрээд халуурдаг. Энэ нь биеийн халуунаа ихэсгэж байгаад вирусыг дарж устгах гэж хүний биеийн дархлаа тэмцэж буй хэрэг. Тэгэхээр ханиадны эхэн үедээ 38 хэмээс дээш халуураагүй тохиолдолд эм уух шаардлагагүй. Харин халуун чацаргана, аарц, сүү зэрэг уух, хүйтэн жин тавих, халуун ууранд суух зэргээр вирустэй тэмцэх хэрэгтэй.
Ингээд эмгүйгээр ханиадаа дарж чадах юм бол өөрийн биеийн эсэргүүцэл нэмэгдэж, дараагийн вирус, нянгын халдлагад тэсвэртэй болно.
Эх сурвалж: Ардын эрх сонин