₮ 0

No products in the cart.

Хэлд ороогүй, дэлгэцийн хамааралтай 5-7 насныхан олширчээ

“Сонсголын бэрхшээл болон ямар нэгэн өвчний шалтгаангүй мөртөө хэлд ороогүй 5-7 насны хүүхдүүд олноор ирэх боллоо. Энэ бол эцэг эхийн хариуцлагагүй үйлдэл тэр тусмаа хүүхдээ үл хайхарч дэлгэцийн хамааралд орхисон, эрхийг нь зөрчсөн асуудал” хэмээн хэл засалч эмч харамсан бичжээ.

Нөгөө талаас эцэг эхчүүд өөрсдийн хүүхдээ хэлд орохгүй, тархи ба бие бялдар нь хөгжихгүй, бодит амьдралыг ойлгож хүлээн авч чадахгүй байна гэх шалтгааныг маш ихээр ярьдаг болж. Эдгээр эцэг эхчүүдээс тандалт судалгаа авахад олонх нь хүүхдээ нялхаас нь тв, ipad, гар утас ихээр үзүүлдэг байсан гэж дурджээ. Тиймээс хүүхдийн хэлний мэргэжилтэн дээрх өвчлөлийн шалтгаангүй атлаа хэлд орохгүй байгаа хүүхдүүдийг дэлгэцийн хамаарал гэж оношлоод байна. 

Ялангуяа цар тахлын эдгээр жилүүдэд ямар нэгэн эмгэггүй мөртөө хэлд ороогүй хүүхдүүд олноор ирэх болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тиймээс бид энэ талаар хөндөж мэдээлэл бэлтгэлээ. 

Гадаадын улс орнуудад хүүхдэд үзүүлдэг хүүхэлдэйн кино, уншдаг ном гээд хүүхдэд нөлөөлдөг бүхэнд цензуртай ханддаг. Тод өнгөтэй, чанга дуутай, “эрээлжилсэн” бүхэн хүүхдийн анхаарлыг татахаас цаашгүй. Тэндээс хөгжүүлэх зүйлийг бид хэзээ ч олж харахгүй. Учир нь хүүхэд 0-2 насандаа зөвхөн даган дуурайх байдлаар хандахаас, учрыг тайлах логик сэтгэлгээ хүүхдэд хараахан хөгжөөгүй байдагтай холбоотой аж. Энэ тухай хэл засалч эмч, сэтгэл зүйч Ж.Мөнхнасан жишээгээр тайлбарлан ярьж өглөө.

“Өдөр бүр надтай тулгардаг, эцэг эхчүүдийн маань хамгийн ихээр санаа зовнин асуудаг нэгэн асуудлыг тоймлож хэлье л дээ. Хүүхдийг хэлд ороход олон талын шалтгаан, нөхцөл байдаг бөгөөд үзүүлж болох ямар дэмжлэг байх вэ гэдгийг бодож үзэхэд хэрэг болж мэдэх юм.

Нэгдүгээр жишээ. “Хөвгүүд оройтож хэлд ордог. 3 наснаас хойш ярих нь хэвийн зүйл. Учир нь аав нь ч гэсэн оройтож, бүүр дөрөв эсвэл таван нас хүрээд хэлд орж байсан. Тиймээс тэгж байгаад л орчихно.”

Үнэндээ,  хүүхдийн хэл ярианы хөгжлийн зүй тогтлоор бол хоёр настай хүүхэд өгүүлбэрээр ярих ёстой байдаг. Харин хэлд орохгүй байх шалтгаан нь юу вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Хэлд орохгүй байхад удамшлын нөлөө бүрэн батлагдаагүй. Хүүхдийн сэтгэн бодох, бие бялдар, сонсгол хэвийн бол хэлд орох боломж хангалттай байгаа гэж хэл засалчид үздэг.

Жишээ 2: “Хүүхдийг хэлд оруулахын тулд байхад ойлгохгүй байгаагаа илэрхийлж, дахин дахин хэлэхийг шаарддаг. “ Та англиар яриад байхад, америк хүн таныг ойлгохгүй байна гээд төсөөлөөд үзээрэй. Тийм тохиолдолд та дахин тэр хүнтэй ярих хүсэлгүй, тэр бүү хэл ойртох ч үгүй байх. Хүүхэд ийм байдалд орох бүртээ, уур уцаартай болдог. Ярих хүсэлгүй болно. Хүүхэд ярихгүй байх, тод бус ойлгомжгүй ярих нь олон шалтгаантай бөгөөд түүнд тохирсон даалгавраар хүүхэддээ “Чи чадна” гэсэн итгэлийг өгч, баяр баясал нэмэх л хамгийн чухал.

Жишээ 3. “Манай хүүхэд сайн ойлгодог, энийг аваад ир гэхэд биелүүлдэг. Ганцхан л ярихгүй юм.”

 Хүний тархинд хэл яриаг хариуцдаг нэлээд хэдэн төвүүд байдаг. Хэл яриаг ойлгох төв, өгүүлэх эрхтнийг удирдах төв, өгүүлбэр болгон логик сэтгэх төв, сонссон авиагаа ялган таних төв гээд өөр өөрийн үүрэгтэй. Хэдийгээр энэ төвүүд хоорондоо холбоо хамааралтай ажилладаг хэдий ч тэд бүрэн хөгжиж, боловсрох хугацаа нь харилцан адилгүй байдаг. Эхлээд хүүхэд ойлгодог болно, хэл ярианы булчинг удирдах төвүүд дараа нь хөгжинө гэх мэтээр хэл ярианы хөгжил үе шаттайгаар явагддаг учир нь хүүхдийн тархины хөгжилтэй шууд холбоотой.

Жишээ 4. Ийм эм уулгавал манай хүүхэд хэлд орох уу?  Хэл заслын эмч нар зарим нэг эмийг санал болгодог. Энэ нь магадгүй хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолтод нөлөөлдөг. Эсвэл хүүхэд хоол, нойрондоо муу байвал түүнийг нь сайжруулах үүднээс ч эм зөвлөж болох юм. Мөн хүүхдэд шинжилгээгээр батлагдсан амин чухал витамин, эрдсийн дутагдлыг нөхөж уулгах нь чухал байдаг. Гэсэн хэдий ч хүүхдийг хэлд оруулдаг үндсэн ажил бол мэргэжлийн хэл засалч, цэцэрлэгийн багш нарын тогтмол сургалт, эцэг эхийн оролцоо юм.

Бага насанд нь хэрхэн анхаарах вэ?

Хүүхэд хэлд оройтож орох шалтгаануудын нэг нь уруул орчмын булчин нь сайн хөгжөөгүй байх явдал гэнэ. Хүүхэд шүлсээ гоожуулж байвал сайтар анхаарах хэрэгтэй гэлээ. Уруул орчмын булчин сайн хөгжөөгүй байх нь хүүхэд хэлд оройтож орох, дуудлага буруу байх гол нөхцөл болдог байна.Тэд ярихыг хүсч байсан ч уруул орчмын жижиг булчингууд төдийлөн сайн хөгжөөгүй учир ойлгомжтой ярьж чаддаггүй.

 Нэгдүгээр хүчин зүйл нь бидний соска гэж нэрлэдэг хөхлүүр юм. Нэг наснаас хойш хөхүүлэх нь уруул орчмын булчингийн хэвийн хөгжлийг алдагдуулж зарим үгийг тод хэлж чадахаа больдог. Мөн багаас нь хоол идүүлэхийн тулд утас, зурагтын реклам харуулж сатааруулах нь утас зурагт дэлгэцийн хамааралтай болох гол суурь болдог гэдгийг бид анзаардаггүй.

Хоёр хүртэлх насны хүүхдэд зурагт үздэг бол  3-4  насны хүүхэд өдөрт 1 цагаас дээш зурагт үзэж л байвал хүүхдийн сэтгэх, ярих идэвхийг эрчимтэй сулруулж, үгээ зөв өгүүлбэрээ бүтэн хэлэхгүй болдог. Хүүхэд битгий хэл томчууд бид ч гадаад хэлийг сурахдаа хэн нэгтэй харилцан ярилцаж байж сайн сурдаг. Гэтэл зурагтыг зохистой хэмжээнээс хэтрүүлэн үзэж буй хүүхдүүд зурагтын дуу авиаг богино хугацаанд сонсоод л өнгөрнө үү гэхээс өмнөөс нь ярилцах боломжгүй байдаг. Эндээс ярихгүй байсаар уруул орчмын булчингийн хөгжил явагдаж чадахгүй хүүхэд ярихаас залхуурч нэг үгээр хөшиж эхэлдэг ажээ.

 Дээрхээс гадна 2,5 наснаас дээш хүүхэдтэйгээ мама, гого, баба гэж товчилж ярихаа боль гэж “Хөөрхөн шар шувуу” Хүүхэд, эцэг эх судалгааны  төвийн багш Г.Төмөрзаяа зөвлөж байна.

Хүүхдээ хүлээхгүйгээр ажиллах хэрэгтэй

Бид хүүхдээ хэлд орохыг хүлээсээр цаг их алддаг. Ингэхдээ байнга санаа зовниж, шалтгааныг гаднаас эрж гарцыг бусдаас  хайсаар байдаг. Гэхдээ хүүхдээ хэлд оруулах талаар эцэг эхчүүд өөрсдөө анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Энэ удаад хүүхдийн ярих хүслийг төрүүлж, боломжийг нь бий болгох энгийн аргуудыг Хүүхдийн сэтгэл зүйч, хэл засалч багш /Ph.D / Ж.Мөнхнасан  та бүхэнд санал болгосныг хүргэж байна.

1. Хүүхэдтэйгээ байнга ярьж бай: Өдар бүр, цаг, минут тутамд үгэн харилцааг эрхэмлэх хэрэгтэй.

2. Гарын хөгжлийг дэмжсэн тоглоомыг тоглуул: зурах, будах, наах, өрөх, угсрах, урах, хайчлах, товчлох, өмсөх, тайлах, элс болон баримлын шавраар тоглох нь тун чухал үүрэгтэй.

3. Өгүүлэх эрхтний дасгалыг хийлгэ: хэл, уруулын дасгалууд нь үг хэлэхэд үүсч буй хүндрэлийг давах үндсэн суурь болдог.

4. Амьсгалын дасгалыг хийлгэ: Үлээх, залгих, амьсгал авах, гаргах нь мөн ярихдаа амьсгалаа зөв хуваарилж сурахад тустай.

5. Урамшуулж магт: Сэтгэл хөдлөл, баяр баясал, уйтгар гунигаа илэрхийлж, амьтдын дуу авиаг дуурайн дуугарч байвал эерэгээр хандан дэмжлэг үзүүлж байгаарай.

6. Дагуулан давтуул: Хийж буй үйл хөдлөл, дуу авиа, үгээ давтан хэлүүлж, дагуулан дуурайлгахыг шаардаж байгаарай.

7. Тайлбарлан таниул: Хэлж ярьсан зүйлээ ойлгоогүй хэмээн бодолгүйгээр тэвчээр гарган байнга тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.

8. Хүүхэдтэйгээ богино, энгийн үгээр ярь: Гадаад эсвэл урт үгээр ярихаас татгалзаарай.

9. Хамтдаа тогло: Дүрд хувирах тоглоомоор хэрхэн яаж зөв тоглох, хоорондоо яаж харилцах ёстойг биеэр үзүүлэх нь чухал.

10. Богино хэмжээний, олон давталттай үг хэллэгтэй ном уншиж өг. Манжингийн үлгэр, өнхрүүш…

11. Дуулж бүжиглүүл: Дуу авианы хэмнэлийг ойлгодог болсноор сонсох чадвар хөгждөг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...