Нэгэн өдөр өглөгийн эзэн нэг хүмүүн, Паадамба богдын дэргэд тарни тоололгүйгээр эрихээ шархийтэл хоосон татаж суутал: “Шимт тарнийг тоолохгүй бол чиний эрих эмс хатагтайн
унжлага зүүлтнээс ямар ялгаа байна?” гэжээ.
“Ямар тарниа тоолох билээ дээ. Зав ч болохгүй юм даа” гэсэнд Паадамба:
“Шимт тарнитай холбоогүй эрихний хэрэг үгүй. Тэнгэр бурхантай холбоогүй шимт тарнийн хэрэг үгүй. Нинжин сэтгэлтэй холбоогүй тэнгэр бурхан хэрэггүй. Хоосон чанартай холбоогүй нинжин сэтгэл хэрэггүй” хэмээв.
“Тэгвэл чухам ямар шимт тарни тоолохыг хэлж өгөөч”
гэснийх нь хариуд Паадамба:
“Нималададынханд уг нь нэгэн сайхан шимт тарни
байсан бол тустай л байна” гэв.
“Тэр чинь юу вэ?” гэхэд нь:
“Тэр бол” Ум-ын сүүлд цааш, нааш, Ма-гийн хэрд насан
өтөлнө, хүний амьдрал хоосон барагдлаа. “Суха гэдэг
тарни байгаа юм. Уг нь бүгд л мэддэг болсон доо” гэв.
“Энэ надад таарахгүй байх. Тамд одуулахааргүй нэгэн
тарнийг хэлж өгөөч” гэхэд нь:
“Тэгвэл ингэж тоол” гээд “Ум-тамд одвол яадаг билээ,
А-чанар нь хоосон тул юунаас айх, Хум-тарнийн хаан өөрөө гарсан бээр Пад-зэтгэрийн хаан атхаг санааг тонилгов, Хри-өвөрчлөн чанаргүй орчлонгийн агаарт Суха гэж тоол” гэв. Нэгэн удаа Паадамбын дэргэд их хөвгүүд нь цугласанд зүрхнийхээ үгийг зөвшилцөөд ийнхүү айлдав:
“Бодит юмс үзэгдэл үүл манан лугаа адил шүү. Түүнийг та нар мөнхөд бүү бариарай. Яруу үг, алдар нэр гэдэг хадны цуурайтай адил шүү. Алдар нэр, магтаал сайшаалыг хөөцөлдөлгүй зөвхөн дээдийн номыг хөөгтүн.
Сайн хувцас өмсөвч солонго мэт замхарч одно шүү, мууг өмсч номыг л анхаараарай. Энэ бие бол идээ бээр, элдэв бузрын тулам шүү, энхрийлж бүү хайрлагтун. Амттай хоол идэвч ариун бус зүйл л болдог шүү. Хоолыг хэт бүү өргөмжлөөрэй. Гадаад хот балгад, үзэгдэл юмс дайсан болох нь бий шүү. Хийд юм уу аглаг газарт суугаарай. Эндүүрлийн өргөс сэтгэлд хатгах вий, тэгш чанарыг анхааран аваарай. Хэрэгцээ бүхнийг биелүүлэх эрдэнэ хүний энэхэн биед чинь л буй тул эгэл эд таваарт их бүү шунаарай.
Өгүүлэх үг олдвоос эндүүрлийн дайсан босноод ирнэ шүү, хэлгүй мэт дуугүй суугаарай. Хүсэл шуналаар сэтгэлээ чилээвэл бирд болохын аюул буй, идэх уухын төлөө сэтгэлээ бүү боолчлоорой. Хоосон чанарт үзэгдлийн дайсан хорсдог юм шүү, хөл хөнгөн бүү хэсээрэй. Адис жанлав сэтгэлд оршино шүү. Багш, ядамд хичээнгүйлэн залбираарай. Увдисыг өгевч бүтээгч цөөн шүү, тоолгүй бүү орхигтун. Нэгэн газарт хэт удвал бурханыг ч гэмтэй болгон үзэх тул хүмүүнтэй хэт удаан бүү нөхөрлөөрэй.
Сэтгэлийн чанарыг тусган харуулах өнгөт сайхан толь юм шүү, нандигнах мэт багшийгаа өргөж хүндлээрэй. Өнө удаан амьдрахгүй шүү, энэ номыг шамдан бүтээгтүн. Даруу байж, омогт сэтгэлийг багасгаарай. Цугласан зочид шүү дээ бид, буудаллан амрах газарт байшин бүү барихтун. Ер нь юу ч хэрэггүй шүү, өөрийн бясалгал онолыг л давтагтун. Бие чинь өт, батганы хоол болох нь хэзээ мөдгүй шүү, мөнх амьдарна гэж бүү андуураарай.
Ураг төрөл гэдэг модон дээр цугласан шувууд лугаа адил, найз нөхөддөө бүү ээнэгшин шунаарай. Сэтгэлийн энэ хэврэг хөх ногоо нисваанисын аяыг даахгүй тул уурын галд шатав даа. Тангараг гэдэг зуны оронгоо хуурмаг явдал хэмээх илбэчинд хууртаж бүү алдаарай. Итгэмж, сүсгийн газар нутгаа нисваанисын мунхагаар бүү алдаарай.
Зэндмэнэ эрдэнэ мэт энэ хүмүүний биеийг зовлонгийн дайсанд бүү олзлуулаарай. Очирт багш чинь морилон одох цагт асуух, сураглах олшрох тул дээдийн номд залхуу үгүй байгтун” хэмээн Паадамба ринбүүчий шавь нартаа айлдаад бэлгэ дэмбэрлийн өргөөндөө орж суув. Бас Паадамба Важракродхад “Орныг тэтгэгч дагинас манай баатар очирыг Дүшидийн орон руу залраач хэмээгээд уйлаад гуйж байхыг би зүүдэллээ. Нагаржунайгийн ач номыг зааж байх цагт Дэнриланхорын ард олон унтаж байдаг, таарч дээ. Азар миний нүүх цаг боллоо” гэв.
Тэгээд хойтон жилийнх нь өвлийн дунд сарын сүүл болоход “Тогтоол тарнн барьж егүзэр эхийг дуудаад асуулт асуух болж дээ” гээд Донбачойсанг дуудаад” Алс хол Мон нутгийн нэгэн хөгшинд Майдарын илгээсэн элч мэдээ хүргэж ирсэн тул Дэнриланхорт суух цаг дуусав бололтой, та бүхэн явахад минь бэлтгэ” хэмээв.
Бас нэгэн өдөр хожим шарилаа хайлах газрыг зааж Павонгэрүгийн баруун зүгт нэгэн мануухай шатаалгав. Бас нэгэн өдөр таалал төгсчихсөн мэт байсанд бүгд айж сандрахад босоод “Үржинхандын хурлын хойморт суугаад ирлээ” гээд гартаа барьсан гавал аяга дүүрэн будааг “Үүнийг чанавал таарна” хэмээгээд чануулсанд маш ихээр агшиж арвижсанд Хамбатод нутгийн лам хувраг бүгд цадталаа хооллосны дараа “Энэ бол азарын сүүлийн хоол шүү” гэжээ. Бас:
“Өчигдөр их муу зүүд зүүдлэв” гэтэл Гунгаа:
“Ямар зүүд зүүдлэв?” хэмээн асуусанд:
“Нар тэнгэрийн голд атлаа сөнөж алга болж одоход
хойрго муу хүмүүс ажлаа дуусгаж амжсангүй” гэж
зүүдлэв. Энэ зүүд алс хязгаар Мон нутгийн нэгэн
хөгшинд муугийн нигууртай” гэжээ. “Паадамбад таалал төгсөх гэж байхгүй тул бидний болоод амьтны тусыг болгоож урт наслаж хайрла. Засал аргыг хэрхэх вэ? Бид бүтээсүгэй” гэсэнд Паадамба:
“Урьд Бурхан багш гаслангаас хэтийдэх үед ч эд өлгийн арга засал үйлдсэнийг би сонсоогүй. Би тэгш онол нь төвдөө болсон егүзэр мөн тул тийнхүү үйлдэж хаанаас болох вэ. Тэрний оронд Гунгаа чи нааш ирэхтүн. Нэгэн бэлгэ дэмбэрлийг шинжсүгэй” хэмээгээд таван язгуурын нийтийн мутрыг Гунгаагийн таван газарт талбиж үзээд:
“Нар жаргасан ч cap хэсэгтээ л ургахаар байна” гэв. Жагонмад:
“Өнөө шөнө чиний эцэг өөд болох юм байна. Хэрэв уйлбал анхаарал дадлагаа муу шалтгаанд алдаад чи егүзэр эх болж чадахгүй болно шүү” гэв. Дараа нь Паадамба өөрөө бэлгэ дэмбэрлийн өргөөндөө
хатуужлыг зохиохын ялдар гадагш залраад их хөвгүүндээ ийн хэмээн айлдав:
“Мянган цэргийн жанжин хаашаа одох нь бүрхэг. Жагом ууланд буяныг үйлдэгтүн. Битүүний шөнө залбирч байгтун. Зүүдлэх мэт үзэгдэл тодрон гарна. Ли орныхон ба огторгуй мэт буян үйлийг өвөрчлөн чанарын оронд үйлд.
Илбийн энэ бие чац ихтэй. Шинийн гуравны саран мандмагцаа хуучирна. Шачүг Гунгаагийн зүг хөрвүүл. Тэр дохиог ойлгохтун, Дэнригийн ард аа. Гунгаа аа, үл уйсахтун, бид бат байх ёстой. Залхууралгүй бүтээлийг анхааран ав. Миний дэргэд номоо ариутган шийдэгтүн. Амьтны тусыг ч хойшид бүтээхээр байна. Гаднаас асуух хүнгүй ээ, Дэнригийн ард аа.
Шиний саран арилах дөхлөө. Удахгүй үүр цайх цаг боллоо. Битүүний орой сарыг харсан уу? Энэ бүхнийг ойлгортун, Дэнригийн ард аа. Нааш ирэгтүн, Дэнригийн егүзрүүд ээ. Амаргүй бэрх зүйлээ азар надаас асуу. Өвчин үгүй атлаа махбодь хямарсан буюу. Хамаг бодот юмс мөнх бус учраас зүүн ууланд бүгдээр нүүхээр одсугай. Мөнх бус, хуран үүдсэн илбийн энэ биеэ гээж юмс үзэгдэхээ байж барилтгүй ухаан буцлаа. Буцаад өвөрчлөн чанар үгүй тул тэндээ хэвээр сууна. Хожим сүүлд харамсах болуузй, Дэнригийн ард аа.
Дуудаад сонсохгүй, хайгаад олохгүй боловч залбирч чадвал адис жанлав хүртэнэ. Эхлээд төрдөг нь азар хүний ёс. Эргээд хувилах хүсэлгүй ч өөрийн чанараар гардаг. Лигийн оронтонд хүслийн санаа үгүй. Нар халхлах аргагүй ургаад гараад ирнэ. Гэрэлтүүлэн гийгүүлэх санаа түүнд үгүй, энэ дохиог ойлгогтун, Дэнригийн ард аа.
Итгэмж хүсвэл Жамцогийн хөлд суу. Номын шамдлыг Гунгаагийн дэргэд үйлд. Соёрхол талбиваас адис хүртэх болно. Сэтгэл, зүрх, бие гурваа гурван эрдэнэд даатгавал адис гарах нь магад, Дэнригиын ард аа. Залуу цагтаа бэрхшээлд хатуужин суралц. Хөгшрөөд ирэхэд үл харамсана, Дэнригийн ард аа. Багшийг өнөд шүтэх нь адистэдийн эх, багшийг мөнхөд шүтэгтүн, Дэнригийн ард аа. Нисваанис төрөх цагт ерөндгийг ирүүлэгтүн. Тухайлан тэвчихийг ч үл эрэлц, Дэнригийн ард аа.
Юу үйлдэвч хөө хуягаасаа бүү салаарай. Юм бүхэн чинь бүрэн бүтнэ, Дэнригийн ард аа. Хичээнгүй сэтгэлтэн өөрийн тусыг бүтээнэ, бэрх зовлонд хүлээцтэй байгаарай, Дэнригийн ард аа. Мухар сүсгээр юу хийх, зовлонг л бод. Зовлон гэдэг багш шүү, Дэнригийн ард аа. Цугласан багш, шавь өнөөдөр саллаа, хатуу шийдэлтэй байгтун, Дэнригийн ард аа. Би-д барих нь үгүй бол андуурал дороо эвдэрмүй. Дор дороо үзлээр бүү талц, Дэнригийн ард аа. Махруу байж бүтээлийг анхааран авахтун.
Үргэлжийн идээ нэгээс илүүгүй шүү, Дэнригийн ард аа. Бүтээлийг уртасгавал шид бүтнэ шүү, амласан тангарагтаа яс хүрээрэй, Дэнригпйн ард аа. Дэнригийн энд нар жаргах боллоо. Энэ дохиог ойлгохтун, Дэнригийн ард аа. Хожим нь би үнэн сэтгэлтэнд дандаа үзэгдэнэ, хичээнгүйлэн залбираарай, Дэнригийн ард аа. Нар жаргавч саран ургахаар байна шүү. Гунгаа минь, нулимс бүү унага даа” хэмээсэнд:
“Тэсэж дийлсэнгүй ээ” хэмээн айлтгавал “Үнээн, үнэн. Миний үхэл өндгөө хагалуулсан гарьд шувууны гашуудалтай ижил дээ” гэв. Тэгээд гал эм тахиа жилийн өвлийн дунд сарын шинийн дөрөвний үдэш болоход Паадамба ринбүүчий:
“Би өвдлөө” хэмээв. Дэргэд нь байсан Дхармачакра лам: “Юу тань өвдөв, багш минь?” гэж асуужээ. “Хоосон чанар өвдлөө” “Хэрхэн Өвдөв?”
“Өвөрчлөн чанараасаа төрөл, төрвөл үгүй хамаг юмс болоод бод юмсын ахуй чанар болсон сэтгэл хоёр нийлэлдээд салшгүй болж өвдлөө” “Хэзээнээс өвдөв?” “Мунхагийн байшин өөрөө нурж сарнилаас ангид номын лагшин босон ирсэн тэр цагаас л хойш өвдлөө” “Энэ өвчинд чухам юу тус болох вэ?” “Гадаад юмсын үзэгдлийг сөнөөж, дотоод сэтгэлийн санамсрыг цэвэршүүлж, завсрын зургаан цогц эрхтнийг хаавал эдгэнэ”
“Паадамба багштан минь, таалал төгсөх гэж байгаа юм биш биз?”
“Үнэн утгыг онох цагт үхэл хагацал гэж үгүйг ойлгодог.
Харин оноогүй цагтаа шавь нар багшдаа нас нөхчих,
үхэх жам байгаа мэтээр хардаг. Би сансраас
тусгаарлагдаж, эхийн хэвлий гэдэг хот балгадаас аль
хэдийнээ тусгаарлагдаж, үйлийн хөвөрлийг хурааж
гүйцсэн тул одоо ариун Хажидын орон руу явна” гэв.
Ингэж ярилцсаны дараагаар Дхармачакра лам чулуун
гөрмөл дотор бясалгал үйлдэн суусан бодисадуа Гунгаагийн
дэргэд хүрч очоод “Паадамба богдын лагшин чилээрхүү байгаа
бололтой. Одоо яадаг билээ?” гэсэнд Гунгаа бясалгалын
суудлаасаа босоод нойрсох өргөөндөө суугаа Паадамбын
дэргэд хүрч ирээд:
“Лагшин тань чилээрхээ юу?” гэж асуувал: “Би өвдлөө” гэсэнд дэрийг нь түшин уйлсанд:
“Гунгаа аа! Чи юунд уйлна вэ?”
“Таны лагшин чилээрхүү байгаад сэтгэл минь таагүй
байна. Та минь арай таалал төгсөх гэж байгаа юм биш
биз дээ?”
“Хүү минь уйлах хэрэггүй дээ. Бид хоёр бол уулзах, хагацахаас нэг мөсөн ангижирсан шүү. Чамайгаа орхиод би хаашаа явах билээ. Одоо чи энд суугаад байлгүй чулуун гөрмөлдөө очиж бясалгалаа үйлдэгтүн! Би удахгүй араас чинь очно” гэв. Ингэж ярилцсаныхаа дараа Гунгаа чулуун сууцандаа хүрч очтол Паадамба багш түрүүлээд ирчихсэн байсныг хараад маш их баярлахын сацуу сэтгэлд нь нэг л сайхан жаргалтай болов. Дараа нь Паадамба Гунгаад бодит дүрээрээ цаг үргэлж үзэгдэж, тэр хоёр хэзээ ч салшгүйгээр нөхөрлөв. Хожим Паадамба богдын таалал төгссөнийг ч Гунгаа мэдээгүй гэдэг. Гхүрарнашри лам Паадамбын дэргэд хүрч ирээд: “Таны лагшин чилээрхээ юу?” “Тэглээ, бие маань өвдлөө”
“Паадамба багш минь таалал төгсөх гэж байгаа юм биш биз дээ, одоо яадаг билээ? Сэтгэл оюунаа хэндээ бид чинь даатгана даа? гээд өлмийд нь тэргүүнээ тавин сөхөрсөнд:
“Хүү минь уйлах хэрэггүй дээ. Лам багш гурван эрдэнийгээ орой дээрээ байгаа гэж байнга санаж, үнэн голоосоо сүсэглэн бишрэн залбирч бай. Номын чанарын үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаас гийгээд ирэх цаг бий. Ядам бурхан, ханд дагинасыг зүрхнийхээ голд бясалгаж, гүн нууц тарнийг урин тоолж анхааран авагтун. Тод гэрлийн наран зүрхэнд чинь ургаж байгаа шүү. Гурван цагийн бурханыг өөрийн сэтгэл мөн гэж бат санаж номын чанарын гүн утгыг бодогтун. Сэтгэлийн үзвэр дотроос чинь үүсэн гарах болно. Ер нь хурж бүтсэн ертөнцөд хүлэх шуналаа таслан хаяж чадвал яавч дуршин хүссэн хэргийнхээ оргилд хүрсэн болно шүү” гэв.
“Эрдэнэт их багш минь! Миний тусын тулд гурван жил амьдраач”гэж өчсөнд:
“Ядам бурхад, ханд дагинас намайг Хажидын оронд
очно гээд нэгэнт бошголчихсон бус уу. Хувьтан шавь нарынхаа тоог ч би гүйцээлээ. Хүний ертөнцөд таван зуун далан жил амьдран суулаа. Одоо арилсан Хажидын орон руугаа явъя даа. Уг нь өнгөрсөн жил би азарын
цогцос ирэх тухай дуулгаж л байсан шүү дээ. Гэхдээ залбирч чадвал надтай уулзах, хагацах гэсэн ойлголт үгүй болдог юм” гэв. Бас Паадамба богд” Хүү чи багшийхаа тааллыг эзэлсэн
(номын бодлого залгуулах) шавь тул тааллын охь шим болсон
увдис чамд хэрэгтэй. Миний хэлэх болгоныг сайтар тогтоон
авагтун. Ер номд ялгавар гаргахаа байсан цагт шарвага төдий болдог юм, хүү минь. Хөлгөнийг ялгаж сурвал мэдлэгтэй л хүн шүү, тэр. Олныг нэгэн амттайд онож чадвал мэргэн гэж тэр шүү. Хамгийг сэтгэл гэж ухаарвал үл зохилдол үгүй болмуй.
Огторгуйн сүүг уувал ханах болно шүү, хүү минь. Ганцаар анхааран авбал адислал дашрамд бүтнэ, хүү минь. Багшийг оройдоо үүрвэл санаа түргэн бүтнэ ээ. Гурван орны хандыг шүтвэл дээд, нийтийн шид гарна. Ертөнцийн үйлийг орхивол буяны үйл гэж тэр шүү. Хүслийг дотроосоо барагдуулбал бусдын тус бүтмүй. Арвисчин (тарничин) явдлаар явбал айдас түгшүүргүй болно.
Үйлийн мудрааг шүтвэл амгалан, хоосон үргэлж үл тасарна. Увдисыг анхааран авбаас сэтгэлд магад ухаарал төрмүй, хүү минь. Төрөхийн дөрвөн үүднээс айж байвал арвисын хүчийг эзэмшигтүн. Биеийг чинь өвчин ороовол арвисыг шүтэхээс хагацагтун. Муу нөхцөл хийгээд элдэв юманд сарниад байвал арвисыг олонтаа номхотго. Живэхүй, будангуйралд халхлагдвал ухааныг огторгуйд дэлгэгтүн. Буяны үйлд урьтан хорловол ухааныг зөнгөөр нь орхиорой. Бодол, санаа хэт олширвол ухааныг шимд нь хаяхтун. Буяны үйл арвидаад ирэх цагт ам тангаргаа улам шулуутга. Илт шунал, хөшүүн сэтгэл төрвөл хомхойг хүчээр тасла. Багшийг үргэлж шүтвэл эрдэм далимд нь төрдөг. Эгэл ертөнцийн үйл хэргийг орхиод бүтээлийг шимд авагтун.
Зургаан зүйлийн хамаг амьтан эцэг, эх мөний тул асрахуй, энэрэхүйг бясалгаж бай. Юу ч үйлдсэн хэрэггүй тул эгэл ертөнцийн хэргийг огоор. Хамаг юмс илбэ мөн тул төрөөгүйн тамгаар тамгал. Цогцос гэдэг чулуу, шороо тул биеийг хайрлахаа орхигтун. Энэ амьдрал чинь зүүд мөн тул төрөөгүйн бат газрыг баригтун. Үхлийн эзэн яавч ирэх тул сэтгэлийн гүн чанарт төрөөгүйн чанарыг олго. Таван хор дайсагнан ирэх тул билэг оюуны цэргийг тат.
Бие, сэтгэл хагацах цагт хагацалтгүйг анхааран авагтун. Буурчийн газар хэзээ ч нүүх тул уугуул нутгаа ашид баригтун. Үхэл үтэр түргэн ирэх тул чөлөөгүйг сэтгэлдээ тох. Зуурдын хавцгай зам урттай шүү, замын хүнсээ сайтар базаагтун. Асар атхаг ширүүн тул алгасалгүй санамсраар тогтоо. Хоёрт барих алагчлал үгүй бол үзэл гэдэг чухам тэр шүү. Өөрийн сэтгэлийг номын лагшинд оновол бясалгал гэдэг чинь тэр шүү. Засдаг ёс, тоглоом тохуугүй бол явдал гэж тэр шүү.
Сэтгэлдээ хуурмаг, баширгүй бол тангараг гэж тэр шүү. Гурван лагшинг чухам танивал үр мөн шүү, хүү минь. Төрөл, төрвөлийг үгүй гэж оновол үхлийн шуламсаас мултарна. Хий, сэтгэлийг эрхэндээ оруулбал үйлдсэн болгон чинь амьтны тус шүү. Галын тахил, цогчидыг хянамгайлвал дагинас, номын сахиус цуглана. Цогчид, балингаа хичээвэл тангарагт сахиус цуглана шүү. Ядмын нямбыг үйлдвэл хэмжээгүй хүчтэй болмуй. Төрөөгүй чанарыг анхааран авбал орчлон хөврөх замыг хаамуй.
Билэг барамидыг оновол адистид нилэнхүйд ирмүй. Амин тэтгэгч хийд дадвал хурмаг өвчнийг анагаамуй. Бэрхийг даван чадвал амгаланг амсах болно. Хий, сэтгэлийг бэлэн болгож боловсруулбал алив бүхэн амгалан болж хувирна. Бие, амийг гарзанд гаргавал энэ хойтын алдар тэр. Багшийг эдээр баясгавал буян дашрамд гармуй. Max, цусаа идэш болговол биеэ сахисны дээд нь тэр болно. Номд харам буй бол бурханы зарлигт харшилна. Увдисыг эдээр арилжвал дагинын хараал хүрмүй. Амандаа мэргэн, утгыг эс оновол адгийн номтон тэр шүү. Номлож бус, нотлон харуулж амьтанд туслаарай, хүү минь.
Сэтгэлд шунал, уур төрсөн бол хойно нь бас боомтолж сураарай. Сансар, нирвааныг сэтгэл гэж ухаарвал бурхан гэдэг л тэр шүү. Ололтгүй юмыг оновол үрийг бүтээсэн нь тэр. Энэ насыг эрхэмд үзэхээ больж ирээдүйн хэргийг чухалчил. Гурван хорыг бурханы мөрд урвуулбал гурван лагшинг олмуй. Сэтгэл чинь сансарт тэнэлтгүй номын лагшин мөн шүү. Бусдын тусыг даруухан үйлдвэл хоёр зүйл дүрст лагшин бүтмүй. Бие, сэтгэлийг амгаланд ургуулбал төгс лагшин гэж тэр шүү. Гурван лагшинг өөрөөсөө олвоос үрийг оллоо гэж бодоорой. Ийм зарлиг сонссон бол эрхэм хөвгүүдийн манлай шүү” хэмээх сургаалыг Чарчүн ламд гэрээслэн хэлсэн юм.
Бас Чарчэн лам Паадамбын дэргэд ирээд:
“Лагшин тань чилээрхэв бололтой. Паадамба таныг амгалангаас амгалангийн хутагт морилсон хойно Динригийн бид чинь оюун санаагаа хэндээ даатгах билээ?” гэвэл Паадамба Динригийн ард олонд захиас үлдээсэн нь:
“Бие хэл сэтгэл гурваараа дээдийн номд шамд. Үйлийн дээд сайн үйл тэр шүү, Динригийн ард аа. Сэтгэл, зүрх, бие гурваа гурван эрдэнэд даатга. Адистид дашрамдаа л ирнэ шүү, Динригийн ард аа. Энэ насыг орхин хойд төрөлдөө чухалчил. Хүнснийхээ дээдийг олно шүү, Динригийн ард аа. Мөнх бус садан төрөл цугласан наймаачид, муугаар хэлэлцэж бүү тэмцэлдээрэй, Динригийн ард аа. Илбэ мэт зээлийн эд таваарт шуналын олсоор бүү хүлэгд, Динригийн ард аа. Ариун бус эдээр дүүрсэн тулам шүү энэ бие.
Өнгөөр далдалж, гоёж гоодох хэрэггүй, Динригийн ард аа. Илбэ мэт мэхтэй элгэн садны гэр энэлэх сэтгэлээр бүү шуна, Динригийн ард аа. Орон, тариалан, хөдөө, хот газарт шунан улайрахаа болигтун, Динригийн ард аа. Газар орон, зургаан зүйлийн амьтны нийтийн эдлэлийг хувийн гэж бүү өмчил, Динригийн ард аа.
Төрсний эцэст үхлийн шувуу ирэх тул чөлөөгүй сэтгэлээ дайчил, Динригийн ард аа. Үйлийн боловсрол, уг, үрийн хууль үнэн шүү. Нүгэл, хилэнцийг цээрлэгтүн, Динригийн ард аа. Үйлдсэн юмс зүүдний юм шиг сарнин одно, үйлдэлгүй анхааран авагтун, Динригийн ард аа. Аливаад шунах сэтгэл төрвөл түүнийг ч орхи, яавч хэрэггүй шүү,
Динригийн ард аа. Энэ ертөнцөд ашид мөнх суухгүйгээс хойш явах бэлтгэлээ одооноос базаагтун, Динригийн ард аа. Ширэнгэн дундаа сармагчин жаргалтай л гэх боловч ойн захыг түймэр бүслэнэ шүү. Төрөх, өтлөх, өвчлөх, үхэхийн голд гүүр гэж үгүй завь онгоцоо бэлдээрэй, Динригийн ард аа. Төрөх, үхэх, зуурдын давчуу бартаат замд таван хорын дээрэмчинд хөөгдөх нь магад шүү, хөтөч багшийг хайгтун, Динригийн ард аа.
Түшихэд унаж тусахгүй лам байхад зулайгаас салгалгүй шүтэгтүн, Динригийн ард аа. Багшаар хөтлүүлбэл хүссэн газраа хүрмүй, хөтөлсний хөлсөнд сүсэг бишрэлээ өргөөрэй. Эдтэй хүн харамтай шүү, өглөгийн саад хийж, өрөөлөөс бүү харамлаарай. Мэдэлтэй хүн хилэнцтэй шүү, арван хуруугаа цээжиндээ хумиарай, Динригийн ард аа. Хойд ертөнцөд садан төрөл гэж үгүй шүү, хойш тавилгүй дээдийн номд сэтгэлээ даатгаарай. Алгасралын замд хэргээ умартдаг шүү, шидийг одоо л тодруулаарай, Динригийн ард аа. Үхлийн шулам болзсон цаггүй шүү, агшин тутамд сэрэмж бүү алдаарай, Динригийн ард аа.
Үхсэний хойно хэн ч үл туслах тул өөрөө өөртөө л өмөг түшиг шүү, Динригийн ард аа. Шингэх нарыг сүүдэр андахгүй шиг эрлэгийн эзэн янагш ирж явна. Үтэр түргэн зугтах аргаа бод, Динригийн ард аа. Зуны цэцэг сайхан ч намар цагт гандана. Энэ биед итгэлтгүй шүү, Динригийн ард аа. Амьд ахуйдаа тэнгэрийн бие шиг жаргалтай ч амьгүй болсон хойно шулмын цэргээс цочих вий.
Илбийн энэ бие хуурамч шүү, Динригийн ард аа. Арилжаа дууссан худалдаачид салдаг шиг, анд нөхөд ч орхих цаг ирнэ шүү, Динригийн ардаа. Илбийн овоолго яавч эвдэрнэ. Бэлгэ дэмбэрлээ одооноос бодоорой, Динригийн ард аа. Сэтгэлийн догшин тас хэзээ ч нисэхэд бэлэн тул тэнгэрийн байдлыг одооноос шинжээрэй, Динригийн ард аа. Эцэг, эхийн хувьд тэгш зургаан зүйл амьтныг энэрэн асарч бясалгахтун, Динригийн ард аа. Үйлийн хүрдний эндүүрэл болсон үзэгдэх дайсан, саданд уригнан уурлаж, энэлэн шунахаа орхиорой.
Урих тарни, унших итгэлээр хэлний хилэнц, түйтгэр арилдаг юм. Хэрэггүй хоосон ярьж цагийг дэмий бүү нөгцөө, Динригийн ард аа. Мөргөл, эргэл биеийн хилэнц, түйтгэрийг ариусгана шүү. Эгэл ертөнцийн үйл, ажлыг тэвчин цээрлээрэй, Динригийн ард аа. Сүсэглэн, бишрэх нь сэтгэлийн зуршлыг ариусгана. Оройдоо багшийгаа залаарай, Динригийн ард аа.
Эхээс заяасан мах, яснаас хүртэл салдаг юм шүү. Энэ амьдралыг мөнх гэж бүү санаарай, Динригийн ард аа. Угаас заяасан уугуул нутгаа дээдлээрэй. Урвах, егүүдэх гэж түүнд байхгүй шүү. Сэтгэлийн их сангаа эдийн дээдэд бодоорой. Шавхагдана гэж үгүй шүү тэр, оломгүй далай, Динригийн ард аа. Самади даяаны хүнсийг идээний дээд гэж амсаарай. Өлсөхийн зовлонг нүнжгээр дардаг юм, Динригийн ард аа. Санамсрын рашааныг ундны сайн гэж уугаарай.
Урсгал тасрахгүй шүү, үргэлж бат, Динригпйн ард аа. Өөрөө гарсан билгийн нөхрийг сайнд хэрэгсээрэй. Золгол, хагацалгүй шүү, тэр үнэнч, Динригийн ард аа. Үрийн дээдэд ухааны хөвгүүнийг тойлоорой. Үхэх, төрөх гэж үгүй шүү түүнд, Динригийн ард аа. Хоосон чанарт ухааны зангилааг тайл, тулгаралт, торолт үгүй шүү, үзэлд, Динригийн ард аа. Аяндаа бүтэх төв чанарт төрвөлтгүй хүчийг сур. Явдалд ямар ч тэвчил, авал үгүй, Динригийн ард аа. Санамсаргүйн дээр алгасралгүйн манаачийг тавиарай. Бясалгалд живэхгүй, бас догшрохгүй шүү, Динригийн ард аа. Салшгүй дөрвөн лагшинг өөрийн сэтгэлээс хайгаарай. Үрийг горьдон, сэжиглэх хэрэггүй шүү, Динригийн ард аа.
Сансар, нирвааны үндэс ухаан сэтгэлд тулмой. Сэтгэлд бодит чанар гэж үгүй шүү, Динригийн ард аа. Шунах, уурсах үзэгдэл чинь огторгуйд нисэх шувууны оргүй мөр адил. Алив төрхөнд бүү шунагтун, Динригийн ард аа. Номын лагшин төрөлтгүй нарны шим шүү. Гэрэлтэн тодрох, бүдэгрэх гэж үгүй шүү, Динригийн ард аа. Атхаг бодлын хөврөл хоосон байшинд орсон хулгай адил.
Утгандаа алдах, хожих гэж үгүй шүү, Динригийн ард аа. Оргүй мэдрэмж усны мөргүй зураг мэт. Эндүү үзэгдэлд үлдэх барьц байхгүй шүү, Динригийн ард аа. Авьяасыг санах нь огторгуйд татсан солонго мэт. Хурьцан шунаад хүрэх барилтгүй шүү, Динригийн ард аа. Тогтворгүй бодол гүйх тунгалаг ариун огторгуйн үүл мэт. Сэтгэлд зэмлэл хэрэггүй шүү, Динригийн ард аа. Барилтгүй үзэл нь угаас чөлөөтэй урсах салхи мэт. Юмсад шунан, барилтгүй шүү, Динригийн ард аа.
Бодгүй ухаан огторгуйн чанар мэт торох, тулах гэж үгүй, Динригийн ард аа. Номын чанарыг илт үзэх нь тэнэгийн зүүд мэт. Үг, томъёоноос ангид шүү, Динригийн ард аа. Онолын төрөх, ургах нь залуу хүний санаа амартай адил. Амгалан жаргаланг өгүүлж болшгүй шүү, Динригийн ард аа. Тод, хоосон хослон орсон чанар усанд туссан сарны дүрс адил. Бодит гэж хөшүүн итгэлтгүй шүү, Динригийн ард аа. Ялгалгүй чанарт үзэгдэл хоосон нь оргүй хоосон огторгуй адил шүү.
Сэтгэлд хязгаар, төв гэж үгүй шүү, Динригийн ард аа. Алгасалгүй санамсар гунхсан эмэгтэйн толь мэт. Түүнд тогтсон санаа гэж үгүй шүү, Динригийн ард аа. Ялгалгүй чанарт ухаан, хоосон нь толины тусгал адил. Түүнд үүсэх, хаагдах гэж үгүй шүү, Динригийн ард аа. Баримтлалгүй амгалан хоосон нь цасанд туссан нарны туяа адил. Түүнийг танилтгүй шүү, Динригийн ард аа. Эндүү үг оргүй цуурай адил. Дуунд барилт гэж үгүй шүү, Динригийн ард аа. Амгалан хоосны оньсон хөдөлгүүр лимбэний хөндий адил.
Зохилдох үйлээр амилна, Динригийн ард аа. Угаас чөлөөтэй сансар, нирваан нялхсын тоглоом адил. Сэтгэлд төрөх, хоригдох гэж үгүй шүү, Динригийн ард аа. Гадаад сарнил дотоод сэтгэлд хурмуй. Мөс хайлж ус болдог шүү, Динригийн ард аа. Мунхагийн эндүүрэл хөрснөөс ундрах ус адил. Халиваар хаалтгүй шүү, Динригийн ард аа. Сансар, нирвааны эндүүрэл бүхэн учирсан дайсан мэт. Буян хэмээх өмгөө дуудагтун,
Динригийн ард аа. Өөрөө тодрох таван лагшин алтаар бүрхсэн арал мэт шүү. Горил, сэжиг, тэвчил, авал үгүй, Динригийн ард аа. Чөлөөт хүний бие эрдэнийн тивтэй адил. Олз ашиггүй, хоосон бүү буцаарай, Динригийн ард аа. Их хөлгөний номын явдал зэндмэнэ эрдэнэ адил. Хайгаад ч олдоход бэрх шүү, Динригийн ард аа. Идэх хоол, өмсөх хувцас хямгадавч барагддаг. Шим, тустай номд л шулууд, Динригийн ард аа. Насны залууд бэрхшээлийг шамдан дав. Өтлөх цагт чадал хүрэхгүй шүү, Динригийн ард аа.
Нисваанис төрөх цагт ерөндгийг ирүүлж сур. Бэлгэ юмс аяндаа тонилмуй, Динригийн ард аа. Үе үе орчлонгийн зовлонг санаарай. Сүсгийн хүчийг нэмнэ шүү, Динригийн ард аа. Өдгөө л хичээлийг үүсгэж өөртөө эзэн бол. Үхэх цагт мөрийн сэжмээс атгах болно, Динригийн ард аа. Хүний амьдралд чөлөө гарахгүй шүүдэр мэт замхарна. Залхууран дэмий бүү суугаарай, Динригийн ард аа. Бурханы шашин үүлэн чөлөөний наран адил. Үргэлж байхгүй, түр зуур шүү, Динригийн ард аа.
Амны чадлаа бусдад гаргадаг ч ажил дээрээ номгүйн гэм нь өөрт л буй шүү, Динригийн ард аа. Сүсгийн нөхцөлд урвасан дөт мөртөн бол та, орчлонгийн гэм эргүүг бясалгахтун, Динригийн ард аа. Муутай нөхөрлөвөл буруу явдал аяндаа халдана шүү. Сэтгэлийн гэрчийг л баригтун, Динрпгийн ард аа. Мунхагийн эндүүрэл гутамшигт чөтгөрийн үндэс мөн шүү. Мэдэмсрийг санамсраараа тогтоогтун, Динригийн ард аа. Таван хор, гурван хорыг дарвал мөр ойрхон болно шүү. Хүчит ерөндгийг шүтэгтүн, Динригийн ард аа.
Хичээнгүйн хүчийг бага юманд сааруулах нь муу нөхцөл болно шүү. Хөө хуягийг ирүүлэгтүн, Динригийн ард аа. Буруу зуршилтай удаан нөхцвөл араас дагасаар л байна. Өнгөрсний хойноос бүү хөөцөлд, Динригийн ард аа. Сэтгэлд буруу атхаг төрвөл богддоо залбираарай. Самади сэтгэлд төрмүй, Динригийн ард аа. Хойшид жаргахыг хүсвэл одоо л хатамжил. Бурхан дэргэд чинь байна шүү, Динригийн ард аа. Азар би
Динриланхорт суулгуй явлаа. Дэгсдүүллийг одоо л таслагтун, Динригийн ард аа. Алгасалгүй бүтээлд би шамдмуй. Араас дагаж та нар ч хичээгээрэй, Динригийн ард олон минь” гэж Динри нутгийнханд захив.
Жагарын их Бандид Паадамбын намтар оршвой…..номоос Лхасүрэн Батчулуун