LOADING

Type to search

Сэтгэлзүйн эрүүл мэнд

Амьдрал орших, хөгжих, илэрхийлэх, мөхөх гэсэн дөрвөн шинж чанартай

Share

Амьдрал орших, хөгжих, илэрхийлэх, мөхөх гэсэн дөрвөн шинж чанартай. Амьдрал орших, хөгжих, илэрхийлэх, мөхөх нь шороо, ус, хий, огторгуй, гал гэсэн таван махбодоос шалтгаална. Үүнийг ойлгоход хялбар болгохын тулд таван мэдрэхүй, тэдгээрийн хүртэхүй болох хараа, үнэр, амт, авиа, хүрэлцэхүйг авч үзье.

Аюурвед бол амьдралын тухай ухаан. Вед нь мэдлэг, Аюур нь амьдрал гэсэн утгатай. Амьдрал нь тусдаа салангид зүйлсээс тогтдоггүй, харин уялдаа зохицолтой урсгал хэмээн Аюурведэд үздэг. Ертөнц бүхэлдээ тогтож байгаа эдгээр таван махбод нь ч тодорхой биетээр төлөөлөгдөх хатуу хэсэг биш. Харин нэг нь нөгөөдөө шилжин хувирна. Махбод бүр өөртөө бусад дөрвөн махбодоо агуулна. Тиймээс Аюурведэд амьдралыг цогц бүхлээр нь авч үздэг байна.

Бидний доторх хамгийн нарийн жижиг зүйл нь сэтгэлийг бүтээдэг агаар юм. Харин хамгийн бүдүүн том зүйл нь яс, чөмөг, арьс гэх мэт бүтцүүдийг бүтээдэг шороо махбод юм. Таван махбод нь цааш Хий, Шар, Бадган гэсэн гурван махбодод (Доша) хуваагдана. Энэ нь бидний бие махбодын үйл ажиллагаа, шинж чанар, тэдгээрийн сэтгэлд нөлөөлөх нөлөөллийг ойлгож таних арга зам болно.

Өвчин үүсэхдээ эхлээд хамгийн нарийн хэлбэр болох бодол, дуу авианы хэлбэрээр бий болно.

Дараа нь гэрлийн хэлбэрт шилжиж, аура буюу гэрлийн бүрхүүлд нөлөөлнө. Үүний дараа л бие махбодын төвшинд илэрнэ. Улмаар эргээд эмчлэгдэх энгийн шинж тэмдгүүд шингэн төлөвт илэрнэ, дараа нь бүдүүн биет төвшинд илэрч, эмээр эмчлэх шаардлагатай болдог.

Өнгөөр эмчлэх, үнэрээр эмчлэх аргууд байдгийг та мэдэх байх.

Үнэр эмчилгээний үед зөвхөн үнэрээр дамжуулж анагаана. Энэ нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх хүрээнд хийгддэг.

Өвчин илрэхээс урьд үнэр, амьсгалаар анагааж болно.

Аюурведийн цогц хандлагад дасгал, амьсгал, бясалгал багтдаг. Амьсгал нь амьдралтай утга нэгэн. Бидний амьдрал бол амьсгал юм. Амьсгал бол бидний амьдрал юм.

Хэрэв амьсгалахгүй бол амьгүй, амьдрал байхгүй байгаагийн шинж тэмдэг хэмээн хэлж болно.

Амьсгал ба Хий, Шар, Бадган гэсэн гурван махбодын уялдаа холбоог мэдэх нь тун сонирхолтой. Эдгээр гурван махбод нь биеийн тодорхой хэсгүүдэд бусад хэсгээс илүүтэй нөлөөлдөг байна. Тухайлбал: Хий махбод ходоод, гэдэс гэх мэт биеийн доод хэсэгт нөлөөлөх ба ходоодны өвчин, үений эмгэгүүд нь Хий махбодын хямралаас шалтгаалдаг байна. Бадган махбод биеийн дунд хэсэгт нөлөөлөх ба ханиад нь Бадган махбодын хямралаас үүснэ. Ханиад (ханиадыг англиар cough-каф хэмээн уншина, Орч.) гэдэг үг нь самгарди хэлний Кафа буюу бадган гэдэг үгээс үүдэлтэй байх талтай. Шар махбод толгой гэх мэт биеийн дээд хэсэгт нөлөөлөх ба уур уцаартай байх нь Шар махбодын шинж юм.Тийнхүү, Хий, Шар, Бадган нь биеийн гурван өөр хэсэгт нөлөөлдөг байна. Иог болон амьсгалын дасгал, гурван байрлалт пранаямын үед эдгээр гурван махбодод нөлөөлнө.

Төрөл бүрийн пранаяма, бусад амьсгалын дасгалуудын дотор биеийн доод, дунд, дээд хэсэгт нөлөөлөх амьсгалын тусгай дасгал байдаг. Хэрэв та гурван байрлалт пранаяма хийж үзсэн бол хийсний дараа биеийн махбодууд өөрчлөгдсөн байдгийг анзаарч байсан байх. Биед ямар нэгэн өөрчлөлт бий болсон байдаг. Урьдных шигээ байдаггүй. Танд өөр мэдрэмж төрж, илүү тайван тэнцвэртэй болдог. Пранаяма нь бүхий л тогтолцоонд тэнцвэртэй байдлыг авчирдаг байна.

Дасгал нь өөрөө хэцүү биш хэдий ч хүмүүс тогтмол хийхэд жаахан хэцүү гэж боддог! Бага зэрэг хэцүү болгоод байгаа зүйл нь дадал болгох явдал л юм. Хийж эхлэхэд жаахан залхуутай мэт байвч нэгэнт хэмнэл тогтчихвол танд сайхан санагдана (таны хийдэг гэдэсний дасгал, гүйх гэх мэт бусад дасгалын нэгэн адил).

Гурван махбод нь биеийн тодорхой хэсэгтэй холбоотой байдаг гэдгийг бид үзсэн. Тодорхой хэмнэл нь өөрөөр хэлбэл амьсгал нь эдгээр махбодыг засаж, холбогдох хэсгүүдийг тэнцвэрт байдалд оруулдаг. Энэ мэтчилэн гурван махбод нь хурууны үзүүр, мэдрэлийн төгсгөлд ч оршино гэсэн үг. Тухайлбал: долоовор хуруу нь Бадган, дунд хуруу нь Хий, ядам хуруу нь Шар махбодтой холбоотой. Хүний хурууг хараад бие дэх махбодуудын гүйдэл ямар байгааг мэдэж болно. Мудра пранаяма буюу хурууны үзүүр дэх мэдрэлийн төгсгөл дээр хөнгөхөн дарж, Ужжай амьсгалыг хийх нь биеийн махбодуудыг тэгшитгэнэ.

Эрүүл мэндээ хэрхэн сайжруулах вэ? Нэгдүгээрт, сэтгэл болох огторгуй махбодод хүрэх.

Хэрэв сэтгэл тань хэт их бодол, сэтгэгдэлд хүлэгдсэн байвал биеийн эсэргүүцлийн хүч тань сорогдож, бие тань өвчин тусахад бэлэн болно. Сэтгэл ариун, тайван, тааламжтай, бясалгалын байдалтай байвал биеийн эсэргүүцэл сайжирч, өвчин орох үүд хаагдана. Иймээс хамгийн эхний эм нь сэтгэлийг тайвшруулах, ертөнцийн хамгийн нарийн ухагдахуун болох огторгуй махбодод хүрэх юм.

Дараагийнх нь хий махбод. Үүний тулд амьсгалын дасгал, үнэр эмчилгээ зэргийг хийж болно. Мөн гэрэл буюу өнгө эмчилгээ хийнэ. Өвчин биед илрэхийн өмнө аура буюу гэрлийн бүрхүүлээс түүнийг олж харж болно (Кирлианы аппарат). Эмч нарын судалгаагаар ялангуяа шарх, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн үед зураг авахад өвчин илрэхээс өмнө 6 сар хүртэл хугацаанд толбо илэрч байсан байна. Бид хэрэв Прана, амьдрах эрч хүч, амьсгалаар биеэ тэтгэж байвал аура цэвэрлэгдэж, өвчин биед илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Иог гагцхүү ийм нөлөөг үзүүлдэг. Иог нь ямар утгатай вэ? Иогийн сударт иогийн зорилго нь зовлонг илрэхээс нь өмнө таслах хэмээн Патанжали хэлсэн байдаг. Энэ бол гайхалтай судруудын нэг юм. Ердөө ганцхан өгүүлбэрээр тодорхойлжээ. Иогийн зорилго нь юу вэ?

Зовлонг илрэхээс нь өмнө таслах, үрийг соёолохоос нь өмнө шатаах юм. Дараагийнх нь усан махбод. Мацаг барих, бие тогтолцоог усаар ариусгах нь бүхэлд нь тэнцвэржүүлдэг.

Сүүлийн нөөц нь мэдээж төрөл бүрийн эмийн ургамал, эм, мэс засал юм. Бусад бүх зүйл туслахгүй болж, сүүлийн шатанд орсон үед эсвэл бусад алхмуудыг үгүйсгэж, өвчин гарцаагүй болсон үед хэрэглэнэ.

Амьсгал олон тооны нууцыг агуулдаг. Учир нь сэтгэлийн хөдөлгөөн бүрт тохирох амьсгалын хэмнэл байдаг. Хэмнэл бүр нь биеийн тодорхой хэсэгт нөлөөлнө. Та ажиглах аваас үүнийг мэдэрнэ. Мэдрэмж, биеийн төвшин, сэтгэлийн байдал зэргийн хоорондох агуу хамаарал бол бясалгал юм. Үүнийг мэдрэх, суралцах нь бясалгал юм.

Аз жаргалтай үед ямар мэдрэмж төрдөг вэ? Та үүнийг анзаарч байв уу? Тэлэх, уужрах мэдрэмж төрж байсан уу? Таныг хүн үзэсгэлэн төгөлдөр, гайхалтай гэж магтах үед юу болдог вэ? Таны дотор ямар нэгэн зүйл тэлж томордог. Хүн таныг магтах эсвэл нар жаргаж байгааг харахад сайхан санагдах, эсвэл ойр дотны хүнтэйгээ уулзах үед тэлэх мэдрэмж төрдөг.

Үүнийг та анзаарч байв уу? Бид тэрхүү аз жаргалыг мэдэрч, түүнтэй холбоотой мэдрэмж төрж байсан ч бид холбоо хамаарлыг нь анзаардаггүй. Анхаарал маань төрж буй мэдрэмж бус гадны зүйл дээр байдаг учир бид юу болж байгаа, түүний шүтэлцээ холбоог ховорхон анзаардаг. Тиймээс аз жаргалтай байх үедээ мэдрэмжээ ажиглавал сэтгэл, ухамсар тэлж томорч байгаа мэдрэмж төрдөг байна.

Харин зовлон бэрхшээлтэй байгаа үед ажиглавал агших, давчдах мэдрэмж төрдөг. “Давчдах” гэдэг үг нь таны хаа нэгтээ бачуурах, давчуу байна гэсэн үг юм. Агшиж байна. Ухамсар агшиж, давчдах нь зовлон, уй гашуу байгаагийн шинж юм.

Тэлж байгаа зүйлийг мэдэх нь мэдлэг юм. Үйл явдлын дүнд биед тэлж агшиж, жаргаж зовж, илэрхийлж мэдэрч, хөгжиж хөдлөөд байгаа зүйл нь юу вэ? Энэ юу вэ? Энэ мэдлэг, энэ эрмэлзэл бол ухамсар, амьдрал судлал, Прана судлал юм. Энэ бол Аюурведийн ухаан юм.

Нэг минутанд бид арван долоон удаа, ойролцоогоор арван зургаагаас арван долоон удаа амьсгалдаг! Энэ бол амьдралын анхны үйлдэл, энэ бол амьдралын эцсийн үйлдэл. Энэ ертөнц дээр мэндлээд бидний хамгийн анхны хийсэн үйлдэл юу вэ? Бид амьсгал аваад уйлсан. Бидний эхний үйлдэл амьсгал авах, хоёр дахь үйлдэл уйлах байсан. Амьдралдаа хамгийн сүүлд хийх үйлдэл маань амьсгал хураах, бусдыг уйлуулах юм. Энэ хоёрын дунд амьдрал бүхлээрээ оршдог, бид амьсгал аваад, гаргаад байдаг хирнээ амьсгалаа анзаардаггүй.

Тиймээс, амьсгалаа анзаарвал бид нэг минутанд арван зургаагаас арван долоон удаа амьсгалдаг. Хэрэв сэтгэлээр унасан бол нэмэгдээд хорь хүрч болно. Маш их хямарч уурласан бол амьсгал минутанд хорин тав хүрч, харин маш тайван тааламжтай, аз жаргалтай байгаа үед арван удаа ч байж болно. Бясалгалын үед хоёр, гурав амьсгалж болно. Гүнзгий бясалгал нь амьсгалыг тань ийнхүү багасгаж чадна! Та өөрийгөө хянаж, ажиглаж чадна.

Хэрэв та нярай хүүхдийн амьсгалын хэмийг ажиглаж үзбэл тэдний амьсгал ямар тэнцвэртэй байгааг та гайхах болно. Нярай хүүхэд биеийн гурван хэсгээрээ амьсгалдаг. Амьсгал нь маш гүн байдаг. Амьсгал авахад гэдэс нь тэлж, амьсгалаа гаргахад гэдэс нь татагддаг. Харин та хямралтай байх тусам яг үүний эсрэгээр амьсгалдаг. Амьсгалаа гаргахад гэдэс тэлж, амьсгалаа авахад гэдэс татагддаг. Хэрэв сэтгэл тань хурц соргог байвал та сургуульд очиж эсвэл хэн нэгнээс энэ зүйлийг сурах хэрэггүй. Сэтгэл тань соргог, ажигч гярхай бол эргэн тойрон дахь хүмүүс, хүүхэд, байгалийг ажиглаж, их зүйлийг сурч болно. Харин сэтгэл тань шүүмжлэл, санаа бодол, сэтгэгдэл гэх мэт ялих шалихгүй зүйлд эзэмдэгдсэн бол та ажиглажчадахгүй, байгалиас суралцаж чадахгүй. Тийм учраас та суралцах шаардлагатай.

Иог болон иогийн асаныг хүн бүр хүүхэд байхдаа хийдэг. Зургаан сартай хүүхэд дээш хараад хөлөө нугалаад хэвтэж байгааг харж байв уу? Хөлөө жийгээд, яг л гэдэсний дасгал хийдэг аппарат шиг, толгой мөрөө өргөөд хөлөө жийж өшиглөдөг! Тэгээд доош хараад могой байрлалыг авдаг. Энэ нь иогийн асаны хоёр дахь дасгал юм. Мөн доош тонгойгоод дээш харж, нэг гараа тулж нөгөө гараа өргөөд гурвалжин байрлалыг авдаг. Унтаж байгаа хүүхдийг харахад эрхий долоовор хуруугаа нийлүүлээд Чин мудра авсан байдаг. Унтаж байхдаа заримдаа мөн Чинмай мудра авсан байдаг. Хүзүү нь хүч суухаараа хөлд ордог, эрхий хуруугаа гозойлгож, Меруданда мудра авдаг. Африк, Австрали, Америк, Ази гээд дэлхийн аль ч орны хүүхэд байсан ижил зүйлийг хийдэг. Сармагчин мөн ингэдэг. Хэрэв та амьтны хүрээлэнд очоод сармагчинг ажиглаж үзбэл асаны, дасгалуудаас маш олныг хийж байгааг олж харах болно. Ингэж тэд өөрсдийгөө эрүүл байлгадаг.

Эдгээр нь бие, сэтгэл, амьсгалыг зохицолтой байлгадаг зүйлс юм. Аюурвед нь цогц байдлаар авч үздэг. Хэрэв та нэг хэмжүүрийг нэмэхийг хүсч байвал сүнсийг нэмж болно. Бие, сэтгэл, сүнс.

Тааламжтай байдлыг мэдрэх үед амьсгал хамрын үзүүр дээр илүүтэй байгааг та ажиглана.

Үнэрлэх мэдрэхүй, тааламжтай байдал хоёр нь нягт холбоотой. Амт, үнэр, бэлгийн ажил нь холбоотой. Ямар ч таашаал эсвэл таашаалыг мэдрэх нь хамрын үзүүр дээр илүүтэй мэдрэгдэх амьсгалын хэмнэлтэй холбоотой. Өвдөлтийн ямар ч мэдрэмж нь хамрын угтай холбоотой.

Төрөл бүрийн мэдрэмжтэй холбоотой биеийн маш олон цэгүүд байдаг хэдий ч тусгал нөлөө нь эдгээрээс чинагш ямар нэгэн зүйлийнх юм. Тэр юу вэ? Тэр бол амьдралын эх сурвалж!

Эх сурвалж:

Аюурвед ба амьсгал ном
Зохиолч: Шри Шри Рави Шанкар
Орчуулсан: Н.Занди

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!