Зөвхөн бие махбодийн хувьд эрүүл байх бус сэтгэл санааны хувьд эрүүл байх нь чухал юм. Таны оюун ухаан эрүүл байвал өөрийгөө болоод гэр бүлээ халамжлах сэтгэлийн тэнхээтэй болж, бэрхшээлийг урьдчилан тооцоолж түүнийг өөрийн оюун ухаан, хүч чадлаараа шийдвэрлэн, ирээдүйгээ төлөвлөж, бусадтай харилцаа тогтоож сэтгэл ханамжтай амьдарна. Та оюун санааны хувьд эрүүл байвал бусдаас тусламж авч байгаа хэдий ч өөрийн үнэ цэнийг мэдэрч чадна.
Хөгжлийн бэрхшээлтэй маш олон эмэгтэй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаа хүндрүүлж улмаар өөрчлөлттэй нүүр тулж чадахгүй, амьдралдаа сэтгэл ханамжгүй, олон нийттэй харилцахгүй байх талтай. Зарим тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд нь эмэгтэйчүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болгох шалтгаан болдог. Гэхдээ ихэнхдээ олон нийтийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хандаж байгаа хандлагаас үүдэлтэйгээр тэдгээр эмэгтэйчүүд сэтгэцийн өөрчлөлтөд ордог.
Энэ бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тулгардаг сэтгэцийн эрүүл мэндийн өдөөгч хүчин зүйлсийн талаар танилцуулна. Мөн нийтлэг тохиолддог сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүдийг тайлбарлаж, одоогийн нөхцөл байдлыг илүү сайжруулах ямар боломж байж болох талаар санал дэвшүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл болон олон нийт тэднийг хэрхэн дэмжих талаар үзүүлсэн байгаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх маш түргэн арга гэж байдаггүй гэдгийг сана. Мөн хэн нэгнийг түргэн эдгээж тусалж чадна гэж амлалт өгөхөөс зайлсхий.