“Энд нарийн учир бий бөлгөө
Тэр бол хүний төөргийн тоо амуй
Тэр нь 666 бөлгөө”
“Бошгийн судар”
Хорвоо ертөнцөд тайлагдашгүй оньсого мэт зүйл арвин билээ. Тэрхүү үл тайлагдах сонин хачин учралууд нь хүн байгалийн хоорондын зүй тогтол, хүн нийгмийн болзолт үйл хийгээд сайн, муу үйлийг хадгалсан мэт. Тэдгээр нь олон зууны явцад хүнд төрөлхтөнд ямар нэг цээрлэх, бишрэх байдлаар мэдрэгдэн зарим ард түмний зан үйл, ёс заншилд гүн гүнзгий шингээд зарим нь домгоор, зарим нь хэн зохиосон нь үл мэдэгдэх өчүүхэн зүйлээр дамжин илэрч байдаг. Их үзмэрч гэж алдаршсан Болгарын мэргэн Ванга авгай “Гайхамшгийн нууцыг таах цаг ирнэ. Шинжлэх ухаан том том нээлт хийж манай гарагийн ирээдүй сансрын талаар зөндөө шинэ зүйл мэднэ. Эрдэмтэд ингэхийн тулд баримт сэлтийг урьдын ариун судар номлолоос олж үзэх болно” хэмээн өгүүлсэн билээ. Өнөөдөр ч дорнын их сэтгэгчдийн бүтээсэн судар номыг ашиглан учир нь үл тайлагдах ертөнцийн нууцад нэвтрэн олон зүйлийг тайлбарласаар байгаа билээ. Өрнө дахины эртний их мэргэдийн бүтээсэн шашны сударт үл ухаарах гайхамшигт олон нууц байдгийн нэгийг чадан ядан тайлбарлах гэж оролдсоноо уншигч тантай хуваалцъя.
“Муу ёр-666” гэх аймшгийн кинонд манай дэлхийн соёл иргэншлийг устгахаар ирсэн шуламсын хүү төрж түүний таних тэмдэг нь “666” гэсэн тоо байдаг. Аливаа урлаг уран бүтээл нь хүний сэтгэл, зөн бэлгэ, онгодоор бүтдэг болохоор ор хоосон байх үгүй мэт. Өрнийн их мэргэдээс уламжилсан “Бошгийн судар”-т энэ өгүүллийн эхэнд авсан эшлэл бичигдсэн буй.
Шуламсын тоо гэгдсэн “666” нь санамсаргүй авсан бус харин байгаль дэлхийн дотоод цөм гарвалиас улбаалан хүн ба нийгэмд үзэгдэх бэлгэгүй үйл явдлыг агуулдаг бололтой. Бидний түүхэнд арван дөрвөн мянга орчим их, бага дайн болсноос 50 сая хүн үхэж, 90 сая хүн тахир дутуу болж 4000 тэрбум долларын гамшиг учруулсан хүн төрөлхтний түүхэнд аймшигт үзэгдэл болж өнөө ч хор хөнөөлийнх нь үр дагавар, шарх сорив нь арилаагүй байгаа дэлхийн хоёрдугаар дайныг санацгаая.
Энэ дайны өмнө ЗХУ, Герман улсын гадаад хэргийн сайдуудын уулзалт болоод тэдний зуучилсны үр дүнд Сталин, Гитлер хоёр харилцан үл довтлох энх тайвны гэрээг 1939 оны 8 дугаар сарын 26-нд байгуулж түүнд үнэнч байхаа илэрхийлсэн билээ. Гэтэл энэ гэрээ “666” хоног дээрээ буюу 1941 оны 6-р сарын 22-ны өглөөний 6 цагт зөрчигдөн Зөвлөлт орныг донсолгосон аугаа эх орны дайн эхэлсэн юм.
Энэ мэт “666” хоног дээрээ гамшиг учруулсан гэрээ хэлэлцээр олон байх аж. Ер нь аливаа зүйлийн эхлэх цаг хугацаа гэдэг юутай их совинтой билээ. Тиймээс ч монголчууд “сарын сайныг саатан, өдрийн сайныг өнжин хүлээдэг” эртний уламжлалтай нь их учиртай буй. Энэхүү шулмын бэлгэдэлт “666” гэсэн тоог бие, хэл, сэтгэл гурвын нэгдэлт хүмүүний гол шинжийг хадгалсан гуравт хийгээд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бүхэл бүтэн нэгжийг илэрхийлсэн гурван жарны гуравт, хүний шилжин байрлах гурван орон зэрэг олон зүй тогтлыг агуулсан ерөнхийн тоон ухагдахуун болсон “Гуравт”-аар үржүүлэхэд гарсан тоо нь мөн л аймшигт нэг цаг хугацаа байх бололтой.
Тухайлбал: 666-г 3-аар үржүүлэхэд 1998 гарна. Энэ тоогоор илэрхийлэгдэж байгаа 1998 онд урьд өмнийн их зөнчдийн анхааруулсан цаг хугацаатай таарч байгаа төдийгүй дорно дахины ард түмний үздэгээр мангасын удамт (ёгт утга) хоёр хар мэнгэтэй, арван хоёр жилийн дотроос махчин төрөлт гурван амьтны тэр дундаа хатуу жил гэгддэг “Бар” жил тохиосон нь нэгийг санагдуулам. Бар жил тохиосон 1998 он их аюултай байж болохыг хэдэн зууны тэртээ М. Нострадамус анхааруулж байсан юм.
Энэ тооны цифрүүдийг хооронд нь нэмэхэд гарсан тоо нь эргээд гуравт хуваагдах бөгөөд тэр нь ес байна. (1+9+9+8=27, 2+7=9) Бас л буруу харсан зургаа гэсэн үг. Ер нь тухайн тооны бичигдэх хэлбэр дүрс нь ихээхэн нууц гүн ухааныг агуулахаас гадна улс орон бүр өөр өөр тоог шүтдэг болоод өөр өөр тооны учир зүйн бэлгэдэлтэй байдаг билээ.
Хүн ес дэх жил дээрээ нэгэн чухал мөчлөгтэйгөө таардаг төдийгүй манай дэлхийг есөн том гараг эргэн тойрч хүн нийгэм, байгаль дэлхийд байнгад эерэг сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Монголчууд “Дордохын долоо” гэж долоогийн тоог цээрлэж байхад өрнө дахинд “Чёрт тринадцать” гэж 13-ын тоог цээрлэн үзвэрийн сандал, зочид буудлын хаалганы дугаарт 13-ын тоог алгасдаг тал ч байдаг байна. Үүний нэгэн адил Бельги улсад “666” гэсэн тоог машины номерт хэрэглэхийг хориглосон нь учиртай биз ээ.
Дан оронтой тооноос гуравт хуваагддаг нь ердөө л зургаа, ес хоёр билээ. Энэ хоёр тооны бичигдэх хэлбэр нь адилхан бөгөөд тасралтгүй нар зөв эргэх тойрог болж ертөнцийн бөөмлөг шинжийг агуулсан нь их сонирхолтой юм. Аливаа юмны мөн чанар гарвал зүй нь тойргоор мөнхөд эргэн үргэлжлэх бөөмлөг шинж байдаг бөгөөд аливаа зүйлийн гарвал, дотоод мөн чанарын дүрсийг зургаа ес гэсэн хоёр тоо хадгалдаг байна. Сав шим хүн ертөнцийг илэрхийлсэн гуравтад хоёул хуваагддаг нь ихээхэн учир холбогдолтой байна.
Хүн төрөлхтний түүхэн хөгжилд эргэлт, зарим үед гамшиг учруулж байсан он жилүүдийн (1092, 1710, 1812, 1917, 1914, 1941, 1986) тооны нийлбэр нь гуравт хуваагдаж буй нь дээрхийн нэг нотолгоо биш гэж үү. Өрнө, дорно гэж ялгаравч нэг дэлхийн зүй тогтлоос тусгаарлагдана гэж үгүй.
Зөн бэлгэгүй бол зан заншилгүй, зан заншилгүй бол түүх самууран улс гүрэн доройтдог. Тиймийн учир хүн төрөлхтний нэгэн гайхамшиг бол дэлхий ертөнцийн эерэг сөрөг үйлдлийг зөн бэлгээр мэдэрч түүнийгээ эрхэмлэн дээдэлж, цээрлэн зайлсхийдэг байна. Газар нутаг хол боловч нэгэн дээвэр дор оршиж буй өрнө дорно өөд өөдөөсөө бус өөр өөрсдийн мэдэрсэн эерэг сөрөг зөн бэлгийг анхааран судалбаас бид сансрын нууцад нэвтрэх болно.
Эх сурвалж: САВ, ШИМ, ХҮН ЕРТӨНЦ ХИЙГЭЭД ЗУРХАЙ ном