LOADING

Type to search

Uncategorized

Доорх шинжүүдээс 5-аас доошгүй нь илэрч байвал цахим тоглоомонд донтсон гэсэн үг

Share

Донтох эмгэгийн нэг онцлог нь хэнийг ч ялгадаггүй. Хөгшин залуу, боловсролтой боловсролгүй, эрэгтэй эмэгтэй хэн ч бай асуудалд өртөх эрсдэлтэй. Өсвөр насандаа компьютер тоглож цагаа нөхцөөдөг байсан хүүхдүүд нас биед хүрч, эхнэр хүүхэдтэй болсон хэдий ч тоглох цагтаа хяналт тавьж чадахгүй, асуудалтай хэвээр байгаа тохиолдол мэр сэр бий.

Оюутан байхдаа олон цагаар тоглодог байсан хүн хэсэг завсарлаад аав болж гэр бүл зохиосныхоо дараа  дахин донтолтонд орж тоглоомноос салж чадахгүй болоод ирсэн тохиолдол бий. Насанд хүрэгчдийн хувьд компьютер тоглоомноос гадна покер гэх мэт мөрийтэй тоглоомонд донтох байдал ч их байдаг. Мөрийтэй тоглоомонд донтсон хүн хожсон ч хожигдсон ч  одоо болъё  гэж өөртөө хяналт тавих чадвараа алдсан байдаг учир улам их тоглон амьдралаа алдах явдал нь бусад төрлийн донгоос богино хугацаанд явагддагаараа хоруу чанар ихтэй дон юм.
Донтох эмгэгтэй болоход нөлөөлдөг олон шалтгаан бий.Түүний нэг нь хувь хүний сэтгэлзүйн онцлог юм. 

Архин дээр жишээ авч ярихад бие хүний сэтгэцийн чанарын онцлог болох темперамент нь архинд донтох өвчин үүсэхэд нөлөөлдөг эсэх дээр эрдэмтэд янз бүрийн байр суурьтай байдаг юм билээ. Зарим нь холерик болон меланхолик хэв шинжүүд архинд донтоход давамгай нөлөө үзүүлдэг гэж тогтоосон байдаг. Манай нэгэн эмчийн судалгаанд Бие хүний суурь сэтгэл түгшилттэй хүмүүст архи уух, архинд хамааралтай болох тохиолдол илүү байгааг  тогтоосон байдаг. Хамгийн гол нь гэр бүлийн зөв хүмүүжил, төлөвшил л хүүхдийг аливаа муу зуршилд автахааргүй, уруу таталтанд “үгүй” гэж хэлж чаддаг, өөрийн гэсэн бодолтой хүн болгож чадна гэдгийг хэлмээр байна.

Интернет тоглоомыг байнгын давтамжтай тоглосноор тухайн хүний амьдралд илэрхий сөрөг нөлөө илэрдэг бөгөөд стрессийн шалтгаан болдог. Доорх шинжүүдээс 5-аас доошгүй шинж нь сүүлийн 12 сарын хугацаанд илэрч байгаа тохиолдолд оношийг тавина. Үүнд

Интернет тоглоомонд санаа зовинох. (Тухайн хүн тоглодог тоглоомынхоо талаар байнга бодох төдийгүй, дараагийн тоглолтоо төлөвлөдөг байх. Интернетийн тоглоом өдөр тутмын амьдралынх нь давамгайлах нэг хэсэг болох)

Тоглоом тоглохоо болих үед үгүйлэх шинжүүд илрэх. (Эдгээр шинжүүдэд нь цочромхой болох, сэтгэл түгшүүрлэх байдал, уйтгарлаж гуниглах орно. Гэхдээ эм бодисын шалтгаант шарталтын шинжүүд илрээгүй байх)

Интернет тоглоомонд зарцуулах цаг нь байнга нэмэгдэх.

Интернетийн тоглоом хэт их тоглож байгаагаа хянах гэсэн бүтэлгүй оролдлогууд хийх.

Интернет тоглоомоос өөр зүйлс, тухайлбал өмнө нь түүний сонирхлыг татдаг байсан хобби, зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ сонирхлыг нь татахаа болих.

Нийгэм сэтгэлзүйн сөрөг нөлөөг нь мэдрсээр байж үргэлжлүүлэн интернетэд олон цагийг өнгөрүүлэх.

Интернет тоглоомын хэрэглээний талаар гэр бүлийн гишүүд, эмч, мэргэжилтнүүдэд худлаа ярих.

Сэтгэлийн сөрөг хөдлөл, стрессээс зайлсхийхийн тулд, эсвэл түүнийг багасгах зорилгоор интернет тоглоом тоглох.

Интернет тоглоомноос болж хичээл сургууль, гэр бүлийн харилцаанд нь асуудал гарах, ажил мэргэжил, боловсролын хувьд ахиж дэвших боломжийг алдах.

Хор уршиг

Маш их булчин чангарна. Ялангуяа нүдний булчин их ачаална. Нүд хөшиж ядарна.

Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууж тоглоход цусны эргэлт удааширч, бодисын солилцоо хямарна.

Зах замбараагүй тоглосноос болж тухайн хүүхдийн дархлаа суларч өвчлөмтгий болно.

Тоглоомонд донтсон хүүхэд хоол унд муутай олон цагаар сууж тоглосноос болж хоол боловсруулах замын өвчний суурь болж өгдөг.

Тархи огт амрахгүй хэтэрхий их ачаалласнаас болж ядаргаанд ордог. Эдгээр өөрчлөлтүүд нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн олон төрлийн эрүүл мэндийн эрсдэлийг бий болгодог. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!