Өрх гэр эе эвтэй байх нь бүх нийгмийн эе зохицлын үндэс. Айл гэрийн эе эв чухам юун дээр тогтдог юм бол?
Өрх гэр гэж ярихаар заяа төөргөөр учирсан, ханьсахын тавилантай хоёр хүн хамгийн эхэнд дурдагдана. Цаашилбал, хоёр талын аав ээж, хамаатан садан, үр хүүхэд гээд олон хүн холбогдох нь мэдээж. Өрх гэр нь нийгмийн хамгийн жижигхэн нэгж юм шиг боловч тэр дунд маш будлиантай харьцаа оршиж байдаг. Гэвч ямар чиг будлиантай харьцаа байлаа гээд гэрийн эзэн эр хүн болон гэгээрлийн эзэн бүсгүй хүний хариуцлага ухаан хоёрын хэр төвшнөөр энэ бүх харьцааны сайн, муу хэмжигддэг.
Эр хүн бол гэрийн эзэн. Гэрийн эзэн айлын ноён нуруу болж тулах эрх үүрэгтэй хүнийг хэлдэг. Энэ бол маш том хариуцлага. Өнөөгийн гэр бүлд үүсэж буй хариуцлага алдагдсан учрын гол шалтгаан нь “Гэрийн эзэн шүү” гэдэг эрхээ гүйцэд мэдэрч чадахгүй байгаагийнх биз ээ. Учир нь ямар хүн ч эрхээ эдлэх үед сая жинхэнэ хариуцлагатай болдог.
Жишээ нь, хүн үр хүүхэдтэй болохоор маш их хариуцлагатай болдог. Яагаад гэвэл “Би энэ нялх амьтны аав нь шүү”, “Ээж нь шүү” гэж эрхээ мэдэрснийх юмсан. Энэ мэтээр гэргийдээ “Би чинь энэ хүний хань шүү, хань түшиг нь шүү” гэж, аав ээждээ “Би чинь энэ хүний хүү нь шүү, ачлах ёстой” гэж эрх үүргээ таньсан сэтгэлээр хандах юм бол ноён нуруу болсон эрчүүд маань хариуцлагын өндөр төвшинд хүрч, айл гэрээ эе эвтэй, сүлд хийморьтой авч явж чадна.
Эмэгтэй хүн бол гэгээрлийн эзэн. Айл гэрт гагцхүү эр хүн л маш өндөр хариуцлагатай байж болохгүй. Харин бүсгүй хүний гэгээн ухаан бол тэр том хариуцлагыг тулж босгох тулгуур нь байдаг. “Гэдийж зогссон эр хүний ард гэрэл цацарсан бүсгүй хүн байдаг” гэж ярьдаг шүү дээ. Нэг айл гэрт бүсгүй хүн маш ухаалаг, тэгээд дээр нь боловсролтой байхад тэр айл гэр гэрэл гэгээтэй байж, үр хүүхэд нь өөдрөг явж, ухаантай хүмүүждэг. Ухаантай бүсгүй хоёр талын бүх хүмүүсийн харьцааг зохицуулэн эвлүүлэхээр барахгүй айл гэрээ байнга өөд дээш татаж байдаг.
Гэрийн эзний их хариуцлага болон гэгээрлийн эзний зөв ухаан байсан цагт өрх гэр өнө үүрд эе эвтэй, бүх нийгмийн эе зохицлын үндэс суурь болж чадах учиртай.