₮ 0

No products in the cart.

Д.Отгонбаатар: Хануур заслыг зөв цагт нь зөв тохиолдолд хийх хэрэгтэй

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Д.Отгонбаатартай уламжлалт анагаах ухааны хануур заслын талаар ярилцлаа.

-Хануур заслын талаар ярихгүй юу. Уламжлалт анагаах ухаанд хануурыг заслын дээд гэдэг шүү дээ?

-Уламжлалт анагаах ухаанд идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн дөрвөн ерөндөг бий. Тухайн хүн өвдлөө гэхэд юун түрүүнд идээ унд, явдал мөрөөр нь засах, дараа нь эм өгөх, энэ гурваар эмчилнэ. Үүгээр эдгэхгүй бол засал эмчилгээг хийх гэх зэрэг шат дараалсан байдлаар эмчилгээний хувилбарыг сонгодог.  Засал эмчилгээнд нь хануур, төөнүүр, жин, дэвтээлэг, түрхлэг гээд үндсэн таван засал байдгаас өвчний махбод, онцлогоос хамааран сонгож хийдэг. Хануурыг хүмүүс шивүүр, самнуур зэрэг цус авдаг бусад эмчилгээнүүдтэй андуурдаг. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Хануур нь хураагуур судас буюу тусгайлсан заалт бүхий бэлчир дээр хануурын хутгаар хатгаж судаснаас өвчний цусыг гаргадаг засал юм. Уламжлалт анагаах ухаанд өвчин үүсэх үйл явцыг маш нарийн авч үздэг. Аливаа өвчин үүсээд цус болон хийгээр хөлөглөж бүх биед тархдаг. Тэгэхээр цусан дотор өвчний гол үйл ажиллагаа явагдаад байна гэсэн үг л дээ. Ялангуяа цус, шараас шалтгаалсан халуун өвчний гол үйл явц цусанд явагддаг. Тиймээс тусгайлсан тан өгч өвчний цусыг тамирын цуснаас ялгасны дараа ханаж, өвчний цусыг гадагшлуулдаг учраас цус, шарын халуун өвчнийг биеэс гадагшлуулж буй юм. Иймд хануурыг заслын дээд гэдэг дээ.  

-Ямар өвчний үед хануур заслыг хийх вэ?

-Хануур хийх нарийн заалтууд бий. Өвчний байдал, цаг орон, насны байдлаас хамаараад хийх, хийхгүйг шийднэ. Хануур нь хэдий сайн засал эмчилгээ ч зарим өвчний үед хийж болохгүй заалт бий. Тухайлбал хий, бадган голчилсон хүйтэн өвчний үед хануур хийж болохгүй. Дотор халуун, даралт ихсэлт /даралт ихсэлт нь дотроо хоёр хуваагддаг, цус шараар үүсгэгдсэн халуун даралт ихсэлт өвчний үед хануурыг хийж болно/, элэг, цөс, бөөрний үрэвсэлт өвчнүүдийн үрэвслийг нь дарж байгаад хануур засал хийхэд маш сайн байдаг. Таван цул эрхтэний халуун давамгайлсан өвчинд хануур хийхэд тохиромжтой. Хүйтэн өвчний үед /тухайлбал, хаван/ хануур хийвэл урхаг их гардаг. Хануурын өмнө бэлтгэл хийх, сүүлийг таслах зэрэг нарийн онолуудыг мэдэж байж хануур хийхгүй бол хануурын буруугаас шалтгаалсан хоёрдогч өвчлөл, амь насанд халгаатай зарим хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй. Иймээс уламжлалтын эмч онол, практикийн маш өндөр мэдлэгтэй эмчээр хануур заслыг хийлгэх хэрэгтэй. “Миний энд өвдөөд байна, тэнд өвдөөд байна, хануур хийлгэвэл сайн гэсэн, ханаад өг” гэж хүмүүс их орж ирдэг.  Хануур хийж буйг хажуунаас нь харсан төдий хүмүүс онолын ямар ч мэдлэггүй байж хануур хийх тохиолдлууд мэр сэр байна. Бүх өвчнийг хануураар эдгээнэ гэж ярьдаг хүмүүс ч байдаг. Энэ бол маш буруу.

-Хануурын өмнө бэлтгэл хийх хэрэгтэй гэлээ. Ер нь ямар үйл явцаар хануур заслыг хийх вэ?

-Хануур хийхэд хамгийн эхлээд оношилгоо маш чухал. Энэ хүнд хануур хийх шаардлагатай юу, үгүй юу гэдгээ тогтооно. Хэрэв хануур шаардлагатай бол хэзээ хийх хэрэгтэйг нь тодорхой болгоно. Долоо хоногийн дараа хийх үү, жилийн дараа хийх үү, эсвэл яг одоо ханах шаардлагатай юу гэдгийг тогтоох хэрэгтэй. Ер нь яг одоо л ханахгүй бол тухайн хүний амь насанд халгаатай тохиолдлуудаас бусад үед заавал бэлтгэл хийх шаардлагатай. Даралт ихсэлт, харвалтын өмнөх үед шууд ханана. Маш өндөр даралт ихсэлттэй хүн орж ирэхэд тухайн үед л хануур хийж, цусны хүчийг бууруулж амь насыг нь аварна. Эсвэл маш их цус алдалттай үед хануур хийж цусны гүйдлийн урвалтыг өөрчилж цус тогтоох,  цусны гэмээр тохиолдсон хүчтэй өвдөлтийн шокт орж, амь насанд халгаатай байгаа үед шууд ханаж болно. Бусад тохиолдолд өвчний явц, төрлөөс хамаараад заавал бэлтгэл хийж байж ханана. Ханах тохиромжтой өдрөө сонгохдоо билгийн тооллын дагуу сүлд оршиж байгаа газруудыг анхаарах хэрэгтэй. Уламжлалт анагаахын онолд сүлд оршиж буй газар хөндөх эрсдэлтэй, цаашлаад насанд цөв орно гэж үздэг. Сүлд нь билгийн тооллын өдөр болгон хүний биеэр тухайн тухайн газруудаар тэнэж явдаг нэг ёсны амь насыг тогтоон барьж байдаг гэрлэн бие юм. Тиймээс гарт ханах гэж байгаа бол сүлд гарт оршоогүй өдрийг сонгоно. Хоёрдугаарт, хэдэн өдрийн бэлтгэл хийх шаардлагатайг тогтооно. Холын бэлтгэл буюу өвчтөнийхөө биеийг бэлдэж, хийг тэнцвэржүүлэх, ялгах, боловсруулах, хураах тан өгөх, нянгийн өвчнүүд байвал нядлаж, эцэст нь тамирын цус, муу цусыг ялгах тан өгч байж хануурыг хийнэ.

-Хануур хийх явцад ямар эрсдэл гарч болох вэ?

-Хануур хийх явцад олон төрлийн эрсдэл гарч болно. Цус гарахгүй байх, цус гарсаны дараа ухаан алдах, шарх нь хавдах зэрэг зургаан төрлийн хүндрэл гарч болдог. Тиймээс ханах явцад болон хануурын дараа эдгээр хүндрэлүүдээс сэргийлж байх ёстой. Жишээ нь хануурын бэлтгэл дутуу хийснээс шалтгаалж хий үүсч, толгой нь эргэж, ухаан алддаг. Эсвэл хүн цусаа хараад айснаасаа болж ухаан алддаг. Хэрэв бэлтгэл дутуугаас хий үүсээд ухаан алдсан тохиолдолд хий гэдгийг мэдэхгүй, мэргэжлийн бус хүн байвал тухайн хүнийг үхэлд хүргэх аюултай. Учир нь зүрх, амин хийн гүйдэл гэнэт хүчтэй хямарснаар тухайн үед зүрх хаагдах ч эрсдэлтэй. Мөн цусыг гаргах хэмжээг хэтрүүлбэл биеийн галын илчийг доройтуулж хаван үүсэх, тамир барагдах зэрэг сөрөг үр дагавартай. Эсвэл цусыг гаргах хэмжээнээс багадуулбал өвчнийх нь урхаг гадагшлахгүй, буцаад биед тархаж, цулд буугаад архаг хууч өвчнүүд биед тархах эрсдэлтэй. Тиймээс заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гээд байгаа юм.

-Ямар тохиолдолд, ямар хүмүүст хануур хийж болохгүй вэ?

-Жирэмсэн, хөхүүл, төрсөний дараах үед, хөгшин настай хүнд, хүүхдүүдэд хануур хийхгүй. Мөн хоосорсон халууны үед хануур хийдэггүй. Хэт тамир барагдсан хүнд бас хануур хийж болохгүй. Өвчнөө боловсруулаагүй, ялгаагүй, нядлаагүй, хураагаагүй үед хануур хийвэл хануураас үүдэлтэй сөрөг үр дагавар, эрсэдлүүд гарах тул бэлтгэл хийгээгүй үед хануур хийж болохгүй.

-Хануур заслын тус эрдмийн талаар тодорхой хэлж өгөхгүй юу?

-Өвчний цусыг гаргаж байна гэдэг нь өвчнийг бодитоор биеэс гадагшуулж байна гэсэн үг. Тиймээс ч заслын дээд нь хануур гэдэг юм. Таван цул, зургаан сав эрхтэний үйл ажиллагаа сайжирна, цус цэвэршинэ, залуужина, байнгын тамир барагдаад туранхай яваад байвал таргална, тарган хүн бол турна гэх мэтчилэн хануурын тус эрдмийг тоочоод баршгүй.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундармаа

Эх сурвалж: Оточ манрамба их сургууль

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...