Амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдлаас сэтгэлийн тайван тогтвортой байдал алдагдаж сэтгэл хямрал буюу \сөрөг урвал\ стресс, түүнээс үүсэх бусад өвчин нь өнөөдрийн нийгэмд зонхилж байна.
Үүнд:
1.Сэтгэлийн хөдөлгөөн талаас: Сэтгэлийн тайван амгалан байдал алдагдах, хүлээц, тэвчээргүй, уур бухимдалтай болох, түгшүүрэлд автах, цочимтгой, аймхай болох, сэтгэл тогтворгүй болох, харамсах сэтгэлд автах, гутарч гуниглах, сэтгэлээр унах, уй гашууд автах, ирээдүйд итгэх итгэл алдрах, арчаагүй үхээнц дорой байдалд орсон мэдрэмж төрөх.
2. Танин мэдэхүйн талаас: Анхаарал сарних, бодол санаа орон гаран болох “уймараа болох”, шийдвэр гаргах чадвараа алдах, орчны баримжаа хурц үедээ алдрах.
3. Төрх үйлийн талаас: Төрх үйл өөрчлөгдөх \унаган болон нийгмийн\, нийгмээс өөрийгөө тусгаарлагдах, хооллох гэх мэт биологийн хэрэглээний хэв загвар өөрчлөгдөх.
4. Бие махбодын талаас: Ядрах, нойр хямрах, хар дарах, толгой өвдөх, толгой эргэх, булчин чичирхийлэх, хөлс гарах, амьсгал түргэсэх, зүрхний цохилт олшрох, цусны даралт ихсэх, огиулах, гүйлгэх, ш ээс ойр ойр хүрэх, биеэр тууралт гарах, ходоод гэдэсний шархлаа гэх мэт илэрлүүд илэрдэг.
Сэтгэл хямрал бол туйлын их зовлонтой бөгөөд амьдралаа хянаж чадахгүй болох өөдрөг сэтгэлээ алдах, жаргалыг мэдэрч чадахаа болих шинжийг агуулдаг. Ойр дотныхноосоо үхлээр хагацах, өвчлөх, ажилгүй болох, халдварт өвчин дэгдэх, заримдаа сэ тгэцийн хэвийн бус хямралд орох зэрэг нь сэтгэлийн хямралын урьдчилсан байдал болох талтай.
Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Үүнээс “Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэх асуулт эндээс урган гарч ирж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлолтоор эрүүл хүн гэдэг нь бие махбод, сэтгэл зүй, нийгмийн байдал тэгш төвшин байхыг хэлнэ гэж тодорхойлсон бол Дорно дахины уламжлалт анагаах ухааны ” Анагаах ухааны эмийн 4-н үндэс” (Жүд-ши) зохиолд:
Өвчний холын уг шалтгаан болох мунхаг(үл ухамсарлахуй) сэтгэлээс ойрын уг шалтгаан болох хүсэл шунал, уур хилэн, тэнэг мунхагт сэтгэл төрж хямралдаагүйгээр хий, шар, бадган, 7 тамир (тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал), 3 хир (баас, шээс, хөлс) нь илүүдэх, дутуудах, буруудаагүй тэнцвэртэй оршихыг эрүүл хэмээн тодорхойлсон байдаг.
Тэгэхээр УАУ-нд аливаа өвчин эмгэг нь муу сэтгэлээс үүсдэг гэж үздэг байна. Үүнтэй нэгэн адил орчин үеийн Психосоматик анагаах ухаан нь өвчтнийг эмээр “бөмбөгдөж” эмчлэх бус, сэтгэл зүй нь биеийн өвчин үүсэх, өвчнийг эмчлэхэд ямар их ач холбогдолтой болохыг ойлгуулж өөрийнх нь сэтгэл зүйгээр эмчлэхийг гол болгож байна.
Энэ нь сэтгэл зүйгээ зөв удирдаж сурснаар өөрийгөө зөвхөн эрүүлжүүлээд зогсохгүй ажил амьдрал, ирээдүйгээ ч өөрчлөх боломжтой юм. Өнөө үед улс төр, нийгмийн байдал, аж амьдрал, янз бүрийн шинэ нян, вирус, халдварт өвчин тахал гэх мэт олон хүчин зүйл хүмүүсийн сэтгэлийг зовоосоор байгаа нь нийт өвчтөн, эмнэлгийн байгууллагад хандагсдын 25 хувь нь олон шалтгаант зовуурь тоочиж байгаа ч гэсэн бие махбодоор эрүүл сэтгэл зүйн шалтгаантай гэгдэхэд илэрхий харагдаж байна.
Иймээс эдгээр өвчнөөс сэргийлэх, эмчлэх, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж орчин үеийн шинжлэх ухаанд үзэж байгаа боловч оновчтой арга аргачлал одоогоор гараагүй байна.
Харин манай уламжлалт анагаах ухаанд сэтгэлийн хямралд орох гол шалтгаан бол “би” -г эрхэмлэх (Миниймхийрэн баримтлах үзэл) буюу зөвхөн өөрийн бие, сэтгэлийн жаргалыг өөрөөс бус өөр гаднаас хайдаг.
Би -г эрхэмлэх гэдэг нь хийж байгаа болон хүсэж байгаа зүйл бүтэлгүйтэх юм уу ямар нэгэн зүйл, өөр нэгэн хүн саад тотгор болоход уурлаж ундууцахыг хэлнэ. Мөн амттай сайхан хоол идэх, үзвэрийн газар хамгийн тухтай суудал авах, хамгийн сайн дүн авах, нөлөөтэй хэн нэгнээр магтуулахыг хичээх зэрэг хүслийг хэлнэ. Бид бүхэнд байдаг өөрийн амиа бодох энэ өчүүхэн зүйлээс яагаад том айхтар өвчин болох сэтгэлийн хямрал үүсдэг вэ?
Үндсэн хоёр шалтгаантай.
1-рт амиа бодох үзлээс хүссэнээ авч чадахгүй болох юм уу хүссэнийг нь болиулбал ихэнхдээ уурлаж бухимддаг. Өөрийнхөө буруу бодол, муу зан араншинг мэдсэн ч дараа нь олонтаа давтсаар байдаг. Гэр орон, ажил, клуб, хаа ч амрахаар очсон, ямар ч газар байлаа гэсэн амиа бодох нь бусдаас үргэлж хөндийрүүлдэг.
Амьдралд тохиолдсон өчүүхэн бүтэлгүй зүйлүүд хуримтлагдсаар өөртөө итгэх итгэлийг доройтуулан, аз жаргалтай байх бололцоогүй болгож , өөртөө харуусах сэтгэлийн хямралын эргүүлгэнд автдаг.
Өөрийн амийг бодсоноос сэтгэлийн хямралтай болох 2-р шалтгаан нь амиа бодсоноор аз жаргал гэгчийг төрүүлдэг өрөөл бусдыг бодох үйлээс хөндийрүүлдэг.
Өөртөө хэт төвлөрөх нь бусдад туслах бодох санааг бүрэн хааж, бусдад тустай үйл хийхээ больдог. “Би гунигтай байна”, “Би жаргамаар байна” гэсэн “би” хэмээх өөртөө төвлөрсөн бодол эргэлдсэнээр гэр бүлийн хүмүүс, найз нөхдийнхөө төлөө санаа тавих нүд харалган болж, тэдэнд тус хүргэхээ больдог бусдаас хариу асрал хайрыг мэдрэх юм уу бусдыг жаргалтай болгосон сэтгэлийн баясал үүсэхгүй байснаар өөртөө итгэх итгэл улам доройтсоор байдаг.
Бусдыг жаргалтай болгосноос үүсэх баясах сэтгэл нь ариун байхын учир нь өөрийн зугаа цэнгэл шиг олон дахин хүсэх, хэзээ ч сэтгэл ханадаггүй ариун бус жаргалаас тэс өөр зүйл юм.
Бид бүхэн бүгдээрээ миниймхийрэн баримтлах амиа бодох үзэлтэй бөгөөд уурлахаараа ухаангүй болчихдог, хүсэл шунал төрөхөөрөө ухаангүй болчихдог буюу ухаангүй сэтгэлээс үүссэн хүсэл шунал, уур, мунхагийн эрхээр амьдарч түүнд амьдралаа атгуулан бусдыг хайрлах энэрэх сэтгэлээ гээвэл сэтгэлийн хямралын аймшигт замаар орох аюултай.
Сэтгэлийн хямрал нь хамгийн хэцүү зовлон юм
Сэтгэлийн хямрал бий болоход бидний оролцох тал нь хуруугаараа өөрөөс бусад ямар нэг зүйл, хэн нэгний бурууг заан чичиж зэмлэх явдал бус, хэрвээ шалтгаан нь өөрийн сэтгэлд байгааг ойлгож чадвал, ерөндөг эм, арга зам нь бас бидний сэтгэлд байдгийг Бурхан багш:
“Чи өөрөө өөрийгөө хорлогч дайсан нь, мөн аврагч аврал нь юм” хэмээн номлосон адил, сэтгэлийн хямралд өртсөн хүмүүсийн өөртөө итгэх итгэл нь сөнөж үгүй болсныг шинэ үеийн гүн ухааны онолууд “Өөрийгөө эхлээд хайрла” үзлээр эдгээхийг эрмэлздэг. Гэхдээ энэ бол шалтгаан болохоос ерөндөг биш.
Энэтхэгийн их бандида Шантидэва: “Та жаргалтай болохыг хүсвэл өөрийн жаргалыг хэзээ ч бүү бод” хэмээн айлдсан ба харин бусдын жаргалыг бодоорой. Хэрвээ тэгвэл би өөрийгөө зовлонгоос хамгаалах хэрэггүй гэж үү? хэмээн асуувал
Шантидэва: “Өөрийгөө хамгаалахыг хүсвэл бусдыг байнга хамгаалах хэрэгтэй” гэж айлджээ. Бурхан багшийн гаргасан жаргалтай болох эмийн жор нь: Өөрийгөө мартан бусдыг хайрлах явдал юм.
Хэдийгээр бусдын хайрыг хүсээгүй байсан ч гэсэн гэр орны хүмүүсээ, ажлын хамт олноо, найз нөхдөө хичнээн их анхааран халамжлах тусам төдий хэрээр биднийг хайрладаг. Хамаг амьтдыг халамжлах энэхүү сэтгэлийн хандлага билэг ухаантай хосолбол бид хэзээ ч зовлонг мэдэхгүй.
Бид бага багаар бусдад тусладаг болох хэрэгтэй. Хэлүүлэлгүйгээр хогоо асга, гал зууханд тарьсан хогоо өөрөө цэвэрлэ, бусдын гутлыг цэвэрлэ. Хааяа инээмсэглэж бай. Өөрийн амин жаргалын эсрэг сөрөн зогсох хийгээд хамаг төрөлхтний боол, найз хэмээн өөрийгөө зарлах зориг, шийдвэрийг аажмаар үүсгэ.
Үүний дараа, телевизээр өөрийн дуртай зүйлээ үзсэнээс илүү гал тогоонд бусдын тарьсан хогийг цэвэрлэх нь таныг аз жаргалтай болгоно. Энэ нь сэтгэлийн хямралыг арилгаад зогсохгүй, амар амгалангийн зам мөрт оруулна. Үүнтэй холбогдуулан нэгэн томоохон жишээ дурдахад одоо дэлхий дахиныг хамарсан корона вирусийн цар тахал тархаж байна.
Энэхүү өвчин нь ахуй хавьтал агаар дуслаар халдварлан амь насанд аюул учруулах өвчин учир үүнийг тусчих вий… гэж айж эмээн, сэрэмжилж зарим нэг нь ч тоомжиргүй хандах хандлага байна. Нэг талаас айн эмээж сэрэмжилснээрээ өвчин тусах нөхцлийг багасгаж, өвчин тусахгүй байх боломжтой.
Нөгөө талаас “Сэжигээр өвдөж, сүжигээр эдгэнэ” гэдэг шиг хэтэрхий айж эмээснээр би тусчих вий гэж сэжиглэснээр айдас үүсч, айдсаас сэтгэлийн сөрөг урвал \стресс\ үүсэн биеийн дархлаа суларч тухайн өвчин тусах магадлал өндөр болж болох юм. Зарим тоомжиргүй, хэнэггүй хүмүүс энэ зангаасаа болж өвчин тусаж болох ч бас нөгөөтэйгүүр стресст автахгүй байж ч болох талтай.
Тэгэхээр бид бодол санаандаа юу бодож энэхүү хоёр туйлшралаас ангидаар өвчин тусахгүй байж болох вэ? гэвэл мөнөөх хувиа бодох “би”-г эрхэмлэх бодол, өрөөл бусдын төлөө бодох сайхан бодол хоёр юм. Бид цар тахлын үед ахуйн ариун цэврийг сахиж, биеийн дархлаа сайжруулах аарц, чацаргана гэх мэт зүйлийг хэрэглэж, амны маск тэргүүтнийг зүүхдээ юу гэж бодож байсан бэ? …
“Би өвчин тусчих вий, халдвар авчих вий…” гэж бодож сэрэмжилж байна. Харин үүний оронд би халдвар авбал миний гэр бүл, үр хүүхэд, хайртай дотны хүмүүс минь яах билээ гэх бусад хүмүүст тараахаас сэрэмжлэхийн үүднээс “бусдыг” гэсэн бодол санаа руу чиглүүлбэл зөвхөн өөрийгөө бодох, сэжиглэх, айдсаас хавьгүй илүү уужуу, баясах, зөв сэтгэлийг төржүүлж болно.
Энэ нь дан ганц өөрийгөө бодох бодлыг орхиж өрөөл бусдыг бодох бодлоор хандах нь дээрх хоёр туйлшралаас хагацсан зөв бодлыг төрүүлэх юм. Аливаа хорлол хөнөөл, дайсан, нян вирус, өвчин бидний энэ биений гадна бус дотор байгаа бөгөөд ерөндөг эм, аврал маань ч бидний дотор байгаа… Бурхан багш: Чи өөрөө өөрийнхөө аврал нь бас дайсан нь хэмээн айлдсаныг дахин дурдан санах нь зүйтэй болов уу…
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн
Зурхайч лам, АУ-ы магистр Д.Сайнсайхан