Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны үеэр “Зээлийн батлан даалтын сангаас орон сууцны урьдчилгаа 30 хувийн талыг төлөхөөр ярилцаж байна” хэмээн ярилаа.
Тэрээр “Иргэдийн орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2405 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 дахин их байна. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж байна.
2021 оны байдлаар улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийт 8 орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслүүд хэрэгжсэнээр нийт 217.27 га талбайд 28,569 айлын орон сууцны цогцолбор хороолол баригдаж, 100,000 орчим иргэн тав тухтай инженерийн дэд бүтцэд холбогдсон, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
2023 онд ашиглалтад орох шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар нийслэлчүүд 20 жилийн турш бохирын асуудал ярихгүй. Харин шинээр хийх цэвэр бохирын шугамын өргөтгөл засварт 33 тэрбум төгрөг шаардлагатай.
Улаанбаатар хотод барилга барих, зам тавих, шугам сүлжээ байгуулахад газар чөлөөлөх 680 тэрбум төгрөгийн асуудал байна. Газар чөлөөлөлт хийж байж дэд бүтцийн төслүүд үргэлжилнэ.
Хамгийн их газар олголт нийслэлд байна. 71 тэрбум төгрөгийн газар нөхөн олговрын асуудал байна” гэв.