LOADING

Type to search

Uncategorized

Д.Цэрэнсодном: Гэрлэх гэж яарах биш, таньж мэдэхэд яарах хэрэгтэй

Share

Академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.

-Монголчууд эрт үеэс хань ижлээ сонгохдоо удам судрыг нь хардаг уламжлалтай байсан. Ёс суртахуунтай гэр бүлээс амар тайван амьдрал цогцлох болов уу?

-Ямар ч хүнд багын суурь хүмүүжил гэж бий, бага балчир наснаас нь хүний хүмүүжил төлөвшилд анхаарах ёстой. Ерөөс хэн болж өсөх вэ гэдэг суурь 5-6 насанд тавигддаг. Ху далч ху лгайч, эсвэл зөөлөн нинжин сэтгэлтэн болох эсэх нь энэ насанд тавигддаг гэсэн үг. Чингис хааны үеэс л үүнийг монголчууд мэдэж ирсэн, баримт нь ч бий.

Дайн тулаан болоход дайны таваг /ор мөр/ дээрээс 5-6 настай хүүхдийг сонгож аваад Өүлэн эхэд өгч хүмүүжүүлж, өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгон хүмүүжүүллээ гэдэг байсан. Тэд Чингисийн өмнөөс гал усанд орохоос ч буцахгүй, хамгийн үнэнч зүтгэгч нар болсон байгаа юм.

Төрсөн ах дүү нараас нь илүү Тэмүүжинд тус болж байсан түүхийн баримт бий. Тэгэхээр сурган хүмүүжүүлэх, ёс суртахууны талаас ч авч үзсэн 5-6 насанд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Хоёр хөлтөнд хамгийн эрхэмлэвээс зохистой зүйл бол ёс суртахуун юм. Ёс суртахуунгүй учраас л хүчирхийлэл, харгислал үйлдэгч болж байна.

-Энэ насанд нь хүмүүжүүлж чадаагүй хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч ч болж өсөх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Траншейны хүүхдүүд гээд л 5-6 насанд нь хэн ч тоохгүй хаячихсан үзэгдэл бий. Одоо тэдний зарим нь босч ирээд хү чирхийлэгч болж байна. Хатуухан хэлэхэд, мал амьтныг янзалчихад тун амархан.

Харин хүн гэдэг энэ амьтныг хууль эрх зүйн хүрээнээс өөр яаж ч болохгүй. Хү чирхийлэл бол нийгмийн дотор гарч байгаа аюултай үзэгдэл. Ингэж дураар нь тавьчихаар түймэр алдаж байгаа юм шиг нөхцөл үүсч буй. Тэгэхээр ард түмнийг удирдаж байгаа улсууд энэ асуудалд толгойгоо ажиллуулж, анхаарах хэрэгтэй байгаа юм.

Хү чирхийлэл зах зухаасаа илэрч байна, цааш яаж ч магад. Нүдэн балай чихэн дүлий л явна. Хэрэг зөрчил гарвал хүчний байгууллагын хэдэн цагдаа, хамгаалалт гаргаж, биеэрээ зүтгэж байна. Үүний эсрэг ажиллахгүй бол нийгмийг чичрүүлж доргиулсан, доош татсан хор хохиролтой. Хүн ёс дагана, нохой яс дагана гэдэг юм. Тэгэхээр ёс суртахуунтай хүн бий болгохын төлөө бодох сэтгэх, ажиллах цаг нэгэнт тулж иржээ.

-Буурлууд маань удам судар сайтай хүнтэй гэр бүл болгоно гэж захидаг. Магадгүй өөрийнхөө үндэс угсааг ирээдүйд хэн нэгэн хү чирхийлэгчийн золиос болгохгүйн тулд, эсвэл удмаасаа хү чирхийлэгч төрүүлэхгүйн тулд их ажигч ханддаг байх?

-Гэрлэлтээс урьд удам судрыг судална, үгүй ядахдаа манай хүү морь жилтэй, тэдний охин нохой жилтэй учраас ивээл гэж шинжинэ. Мөн зурхайн ёсоор тал мэнгийг нь үзүүлнэ. Энэ бол шашин биш, харин шинжлэх ухааны салбар юм шүү. Айл гэр болж хүнтэй гэрлэхэд дандаа инээгээд явахгүй. Нэг ёсондоо бүхэл бүтэн сорилт, туршилт явж буй юм. Монголчуудын ойлголтоор хүний амьдралд гурван том баяр байдаг.

Ертөнцөд мэндэлсэн үрийнхээ чихэнд нэрийг нь шивнэснээр энэ баяр эхэлдэг. Дараа нь, эрэгтэй хүүхдийг сондгой тоонд, эмэгтэй хүүхдийг тэгш тоонд даахийг нь үргээнэ. Гурав дахь баяр бол, хурим найр, ёс төрийн тухайд юм. Хурим гэдэг бол ах дүү төрөл төрөгсдөөс эхлээд олон хүний ерөөл шингэсэн хамгийн чухал бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал. Одоогийн энэ цаасан дээр бичсэн гэрлэлтийн баталгаанаас ч илүү баталгаа болдог.

Найр хуриман дээр олон сайхан зан үйл болно, захиас үг хэлнэ. Харийн газар хатуу, хүний газар хэцүү, хүчгэний нүх бүдэргээтэй шүү. Хонио ирэхэд хоолбой гээд гараарай, хов жив ирвэл хойш суугаад хоцроорой гэх мэтчилэн ийм сайхан захиасыг хэлж мордуулдаг. Энэ нь нэг ёсондоо том семинар юм шүү. Орчин үед ч хурим найр хийх гэж дуртай дургүй дуу хашгируулаад л, хэдэн төгрөг аваад алга болж байна. Аливаа зүйл ёс төртэй явахгүй байгаа урчаас “хүн ёс дагана, нохой яс дагана” гэдэг үгийг хэлээд байгаа юм.

-Залуус бие биесээ сайн таньж мэдээгүйгээс гэр бүл салалт үүсч, хүүхэд өнчирч хоцрох эрсдэл бий?

-Орчин үед бодмоор юм их байна. Ямар нэгэн үдэшлэг, уулзалтад оролцохдоо очиж танилцаад л бараг маргааш нь суучихдаг. Гэтэл Германы залуус гурван жил үерхэж, нөхөрлөж нэг нэгнийгээ судалдаг юм шүү дээ. Үерхэх явцдаа зан чанарыг нь таньж, миний насан туршийн хань болж чадах уу, үгүй юү гэдгийг судалсны үндсэнд гэрлэдэг.

Одоо бол настай хүнийг хоцрогдсон гэж ойлгодог. Гэтэл зарим талаараа манай залуус өөрсдөө хоцрогдоод байна. Монгол ардын дуунд “танхил өссөн миний хонгор, тавхан үгэндээ танигдаад байна” гэдэг. Тэгэхээр хүний үзэл санаа, боловсрол, оюун чадавх хэдэн үгэнд л танигдана. Насан туршийн ханиа сонгохын тулд ардын дуунд гардаг шиг “танихын төлөө” л нөхөрлөх нь чухал. Гэрлэх гэж яарах биш, таньж мэдэх гэж яарах хэрэгтэй. Зарим нэгэн нь яагаа ч үгүй байж гэр бүл зохиож удахгүй салж байна.

Ингээд хүүхдийг багаас нь өнчрөл хагацлын зовлонд учруулж байгаа юм. Гэрлэх гэж яарч, бие биенийгээ таньж мэдээгүй учраас хүүхдэд хагацал зовлон үзүүлж байна. Ерөөс таарч тохирох гэдэгт зан харилцаа үзэл санаанаас эхлээд олон юм бий. Энэ бол шашин биш, шинжлэх ухааны салбар гэдгийг түрүүн хэлсэн. Тооцоолон бодох ухаан, харьцангуйн онолын үндсэнд суурилсан нарийн судлагдахуун юм.

-Тэгвэл эцэг эхийн хараа хяналт сул байснаас хү чирхийлэгч, эсвэл хү чирхийлэлд өртөгч болж хувираад байх шиг?

-Одоо ч хачин жигтэй хэрэг их гарч байна. Ерөөс долоон үе, есөн үе мултарч байж хоёр хүн хоорондоо танилцаж гэр бүл болдог ёстой. Одоо бараг ойрын садан төрлийнхөө хүнийг хү чирхийлж, хү чирхийлэхийг завдаж байгаа нь харамсалтай. Ингэж шийтгэгдсэн хэрэг ч байдаг юм билээ. Энийг цэгцлэх зан суртахууны, ёс зүйн зөвлөл хэрэгтэй байна. “Хүний сэтгэлийн жолоог сул тавихаас илүү аюултай юм байдаггүй” гэж хуучны бичиг сударт тэмдэглэсэн нь бий.

Одоо сэтгэлийн жолоог нь сул тавиад байгаа учраас энд даруулга хэрэгтэй. Хүн гэдэг амьтныг ямар нэгэн юмаар эзэмдэж байх ёстой юм. Тэр нь төрийн захиргаа, хууль цааз, эсвэл шашин ч байж болно. Гэтэл манайд аль нь ч байхгүй. Ингэж хэт задгайрсны улмаас нийгэмд завхрал явагдаж байгаа юм. Хүний сэтгэлийн жолоог задгай тавьбал галзуу зааныг сул гаргаад гудамжинд тавьсантай адил.

Хүннүгийн үеэс эхлээд Монгол төрийн босоо тогтолцооны зарчим гэж байсан. Тэр нь хатууд хатуу, зөөлөнд зөөлөн гэсэн зарчимтай, их амархан. Ерөөс ард түмний эсрэг, төрийн эсрэг улс нийгэмд хортой хохиролтой зүйл хийвэл өршөөлгүй. Гэхдээ ямар зүйлд хатуу, зөөлөн байхаа эд нар мэдэхгүй байгаа юм. Мэдэхгүйгээс үүдэн алдаа гаргаж байна. Уламжлалаа мэдэхгүйгээр шинэчлэл хийж чаддаггүй юм.

-Хү чирхийлэгчдийн ихэнх хувь нь ойр дотны хүмүүс байна гэсэн судалгаа хүртэл гарсан байна лээ?

-Манайхан ургийн найр гээд л хийдэг. Цагаан сарын баярыг тэмдэглэдэг гол утга учир нь ураг төрлийнхнийгөө танилцуулдаг. Ухаандаа тус болохгүй юм аа гэхэд төвөг учруулахгүй явахад хамгийн ахмад нь сургаалаа хэлдэг байсан. Одоо бол нүүдэлчдийн соёл иргэншил, суудлын соёл иргэншил мөргөлдөж байна. Мэдээж удмыг харна, бэлгэ зохистой эсэхийг шинжинэ. Есүхэй баатар Бөртэгийн аавтай мал усалж яваад дайралдаж “бэлгэ зохиолтой байна, урьд шөнө би цагаан шонхор шувуу нисэж ирээд алган дээр минь буулаа гэж зүүдэлсэн. Энэ бол худтайгаа золгох бэлгэ дэмбэрэл байх” гэдэг. Энэ зүгээр найруулга байж ч магадгүй. Гэхдээ зүүд, зөн совин, бэлгэ дэмбэрэл гэх мэт урьдчилсан шинж тэмдгүүдийг бодолцдог.

-Нийгмийн давхарга гэхээс илүү гэрлэлтэд хүрээлэл чухал нөлөөтэй болжээ. Магадгүй эрдэм мэдлэгтэй хүн өөр шигээ хүнийг сонгох жишээний. Ер нь хэн ч өөрийн үр удмыг сайн хүнтэй гэрлэж, сайн яваасай гэдэг шүү дээ?

-Хуучин нийгмийн үед тайж гаралтай юу, харц гаралтай юу гэх мэтээр язгуур удмыг хардаг байсан. Ухаандаа тайж ноёдын хүүхэд тэр л удмаасаа хүнтэй гэрлэнэ. Зарим нь хэтэрхий ойр эргэлдсэнээс болж цус ойртоод тэнэгрэх явдал ч гарч байсан. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүн болж чадаагүй нэгэн нь хүчирхийлэл үйлдэж байна. Хүн болно гэхээр зүгээр дүрс болохыг хэлж байгаа юм биш. Хоёр хөлтэй хохимой толгойтныг хүн болгох хэрэгтэй гэж эртний үг байдаг. Тэгэхээр хүн болоогүй нэгэн адгууснаас ч аюултай, санаанд оромгүй үйлдэл хийгээд байна.

-Нийгэм ёс суртахуунтай байх үндэс нь үр хүүхдийн хүмүүжилтэй салшгүй холбоотой юу?

-Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай гэж дээр үеэс үздэг байсан. Хүргэд тальбах ёс гэж байсан байгаа юм. Хэрэв айлаас бэр гуйсан бол хадмындаа хэдэн сараар амьдардаг, айхавтар ёс шүү. Ингээд охинтой нь танилцана, хадмынх нь хүргэнээ шинжинэ. Өөрөөр хэлбэл, охинтой минь ханилж чадах хүн үү, ямар зан авиртай, авъяастай, бэлгэтэй хүн бэ гэдгийг шинжинэ гэсэн үг. Энэ чинь нөгөө танин мэдэх үйл байгаа биз. Хүргэн тальбах ёсыг 13 настайд нь хийдэг. Хуучин бол бэлгийн бойжилт эрт цэгцэрдэг байж л дээ. Тэр хооронд хүргэнээр маш их ажил хийлгэнэ. Хүргэн хүү хүчээ өгнө гэдэг нь тэр байхгүй юу.

-Азийн орнуудад гэрлэлтэд хоёр талынхаа удам судрыг хардаг жишээ түлхүү анзаарагддаг?

-Ерөнхийдөө ай саваараа нэг бүсэд ордог, ёс жаяг ч ойролцоо. Тэр утгаараа амьдралын зарим хэвшил ижил байх шиг.

-Өнөөгийн нийгэм дэх ёс суртахууны талаар дүгнэж хэлбэл?

-Хүн гарын таван хуруу шиг л байдаг. Дунд хуруу хамаагүй өндөр байгаа биз, энэ бол авьяас, мэдлэгтэй байх, эрхий хуруу дутуу дулимаг, чигчий хуруу давжаа, ядуу, ядам зальтай, долоовор хулгайч гэх мэт. Энэ гарын таван хуруу хэзээ ч чацуу болохгүй биз. Хуучин социализмын үед “хоцрогдогчгүй хамт олон болно” гэж буруу томьёолж байсан. Тэр чинь илүү авьяастай, ухаантай төрсөн, байгалиас шалгарсан хүн төрнө шүү дээ. Харин ч чөлөөтэй тавих ёстой байтал тэрийг доодтой нь аваачиж нийлүүлэх гээд байгаа юм шиг. Тэгвэл одооны нийгэмд “хошуучлагчгүй хамт олон болно” гээд байгаа юм.

Дандаа л тэгш эрх гэж ярьж болохгүй л дээ. Жишээ нь, Олон улсын олимпиадад байнга оролцож тэргүүлдэг сурагч байсан юм. Гэтэл сургуулийн захирал нь багшид нь “чи миний ачийг тэрэн шиг болго, тэгэхгүй бол чамайг хална” гэсэн жишээг мэднэ. Тэгээд хошуучлагчгүй болох гэж байгаа юм. Тэр хүүхэд математикийн олимпиадаар Япон, Франц, Тайланд, Тайваньд түрүүлсэн онцгой сэтгэлгээтэй. Багш нь “уучлаарай танай ач хүүд ийм потенциал байхгүй гэтэл “тэгвэл тэр хүүхдээ аваад зайл” гэж л дээ. Нөгөө багшийн дургүй нь хүрээд хүүхдээ аваад өөр газар очсон жишээ бий.

Нэг ёсондоо ёс суртахууны хоцрогдол юм. Манай нийгмийн дотор байгаа хар толбо болоод буй. Хар толбо олон болбол нийгмийг аюултай байдалд хүргэнэ. Ийм учраас танагтай дээр засаж аваасай гэж залбирч байна.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!