Өглөө эрт орноосоо амархан босч чаддаг уу? Эсвэл сэрүүлэг хэчнээн дуугарсан ч орондоо шигдэж, тэр чигээрээ хэвтсээр, унтсаар байхыг хүсдэг үү? Тэгвэл өглөө орноосоо босч чадахгүй байх эмгэг буюу “дисаниа” гэх ойлголт байдаг аж. Хүний аливаа буруу дадал удаан хугацаанд үргэлжилж, архагшсан тохиолдолд ийнхүү “эмгэг” хэмээн үздэг бөгөөд зүгээр л оройтож унтсанаас нойр хүрэх, дутуу нойртой явахаас өөр ойлголт юм.
Psych2go-ийн мэдээлснээр, сэтгэл хямрал, стресстэй хүмүүст “дисаниа” эмгэг түгээмэл илэрдэг аж. Тэгвэл зүгээр л өглөө босох дургүй, шөнө сэргэг байх дуртай хүнээс юугаараа ялгаатай вэ? Rise and Shine сайтын нийтлэлээс үзвэл, өглөө босоход төрдөг мэдрэмжээр нь уг хоёр ойлголтыг ялгаж болох юм. Жишээ нь, өглөө сэрэхэд ядарсан, залхуурсан, “хийцгүйрсэн” мэдрэмж төрдөг бол ердөө л хэсэг хугацаанд нозоорсон гэсэн үг. Харин унтаж амраад өглөө сэрэхэд ч гунигтай, ганцаардсан, сэтгэлээр хямарсан, стресстэй байдаг бол уг эмгэгийн шинж тэмдэг юм.
Хэрвээ та 2 сар ба түүнээс дээш хугацаанд өглөө сэрэхэд хэцүү байгаа бол, орноосоо босох нь танд тавгүй санагдсаар байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдон, зөвлөгөө мэдээлэл аваарай. Мөн унтлагын хэмнэлээ өөрчлөх, тогтвортой байлгах, зөв хооллох, дасгал сургуулилт хийх, үдээс хойш кофе уухгүй байх, алхах зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөөд үзэхийг зөвлөж байна.
Амьд оршин буй хэн бүхэн өглөө бүр сонголтгүйгээр хийдэг цорын ганц зүйл бол өглөө сэрэх явдал билээ. Даанч ихэнх хүмүүс өдрийн хамгийн үр дүнтэй мөч болох өглөөг унтаж өнгөрүүлчихээд яарч сандран ажил, сургууль руугаа зүглэх нь бий. Аливаа асуудлын уг үндсийг олж тогтоовол түүнийг шийдэх шийдэл нь зөвхөн өөрөөс хамаарах учиртай тул өглөө босоход садаа болдог 5 гол шалтгааныг дурдъя.
Хангалттай унтаж чадахгүй байх
Хамгийн ойлгомжтой шалтгаан. Ихэнхдээ өмнөх өдөр нь шөнө дөл болтол ТВ үзэх, интернетээр дэмий хэсүүчлэх зэрэг төдийлөн үр ашиггүй зүйлс хийсний улмаас эрт унтахгүй байх. Энэ нь амьдралын зөв дэг жаягтай болоогүйтэй холбоотой.
Ердийн бус унтах хуваарьтай байх
Ажлын шаардлагын улмаас шөнийн ээлжинд гардаг, эсвэл шөнийн анир чимээгүйд ажил, хичээлээ хийж дадсан тул шөнө дөл болтол сэрүүн байх.
Унтахынхаа өмнө кофейн, алкохол, чихэрлэг зүйл хэрэглэсэн байх
Оройн цагаар кофейн, чихэрлэг зүйл хэрэглэх нь эрт унтахад саад болох бөгөөд үүнийг анзаарахгүйгээр хэрэглээд дадчихсан байх.
Унтахынхаа яг өмнөхөн компьютер дээр ажиллаж байсан байх
Хурц тод дэлгэц ширтэх нь өдрийн гэгээтэй цагууд үргэлжилсээр байгаа мэт дохиог тархинд өгөх бөгөөд үүний улмаас байгалийн унтах цаг тань ухрах магадлалтай.
Өглөө босох зорилгогүй байх
Өглөө босох ямар нэгэн ухамсарт зорилгогүй байх нь бушуухан эргээд унтах сэдлийг төрүүлдэг. Энэ нь хамгийн бага хүч зарцуулан, хамгийн тухтай байдалд байхыг эрмэлзэх хүний төрөлх араншин билээ.
Эдгээр шалтгаануудыг үл харгалзан өглөө эрт босохыг хүсвэл доорх аргуудыг санал болгож байна:
Сэрүүлэгтэй цагаа орноосоо хол тавь:
Ихэнхдээ хүмүүс сэрүүлэгтэй цагаа хажуудаа тавьж унтах зуршилтай. Энэ нь сэрүүлэг дуугармагч унтраагаад дахин унтах боломжийг таньд олгож байна гэсэн үг юм. Тиймээс сэрүүлэг дуугарангуут шууд босоод сэрүүлгээ унтраах хэрэгтэй.
Огцом өөрчлөлт хийх хэрэггүй:
Өглөө босдог цагаасаа тав, арав, арван таван минутны өмнө сэрүүлгээ тавьж сэрэх нь нэн тустай аж. Хэдэн цагт босохоор төлөвлөсөн тэр цаг хүртлээ өдөр болгон минут минутаар ахиулснаар таны бие организм ч дасан зохицох болно.
Эрт босох гайхамшгийг өөртөө мэдрүүл:
Өдрийнхөө төлөвлөгөөг гаргах, нар мандахыг харах, амттай өглөөний унд бэлтгэх, бясалгал хийх, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг өнгөрөөх зэрэг үйлдэл хийснээр чамд хэмжээлшгvй их хүч, энерги, баяр баясгаланг олж авах боломжийг өгдөг давуу талтай.
Эрт босох болсон шалтгаанаа гаргах:
Яагаад эрт босох болов гэдэг шалтгаанаа гаргаж түүнийгээ хэрэгжүүлэн үр дүнг нь хараад танд урам зориг орох болно. Эрт боссон тэр цагаа ашиглаж чадаагүй, ач тусыг нь мэдрээгүй бол эрт босох нь дэмий мэт санагдаж, бууж өгөх болно.
Эрт унтах:
Олон хүн орой орондоо хөрвөөж, унтаж чаддаггүй. Өглөө эрт босох дадал сурч байх хугацаандаа орой унтдаг зуршилаа үргэлжүүлбэл бие махбодь нь ачааллаа дийлэхгүй нойр нь хүрч, ядрах учир бууж өгөх талтай. Тиймээс хүссэн хүсээгүй хэдэн минутны өмнө сэрсэн яг тэр минутныхаа өмнө орондоо орж унтахыг оролдох хэрэгтэй. Нойр чинь бүр хүрэхгvй байвал орондоо ном уншаарай.
Бүрэн гүйцэд сэрэх:
Сэрүүлгээ унтраамагцаа шууд О-ийн өрөө рүү орж нүүр гараа угаах эсвэл цоглог хэмнэлтэй дуу тавьж өөрийгөө бүрэн сэрээгээрэй.
Нойр хүрч байна гэсэн бодол битгий бод: Нойр хүрч байна, буцаад унтах юмсан, ядарч байна, бага унтлаа, дэндүү эрт юмаа гэх мэт зүйл бодох хэрэггүй. Ингэж бодоод байвал эрт босож сурахгүй.
Тогтмол хэвшилтэй болох
“Орой бүр тогтмол цагт унтаж, өглөө бүр тогтмол цагт сэрэх нь эрт босож дадах хамгийн үр дүнтэй арга” хэмээн Калифорнийн их сургуулийн клиникийн сэтгэл судлалын профессор Аллисон Харви өгүүлжээ.
Тусгай сэрүүлэг хэрэглэх
Тодорхой хугацааны туршид гэрлээ бага багаар асаан, шувуудын жиргээ, байгалийн чимээг сонсгодог өвөрмөц сэрүүлгүүдийг хэрэглээд үзэхэд гэмгүй.
R.I.S.E U.P аргыг ашиглах
R.I.S.E U.P арга нь дотроо дараах үйлдлүүдийг агуулсан байдаг.
Сэрүүлгийнхээ snooze –г хэзээ ч дарахгүй байх ->сэрснийхээ дараа олон зүйлсийг амжуулах гэж хичээх ->Шүршүүрт орох эсвэл нүүрээ хүйтэн усаар шавших ->Нарны гэрлийг биеэрээ мэдрэх эсвэл гадаа гарах -> цоглог хэмнэлтэй хөгжим сонсох ->найз руугаа залгаж ярих
“Бензин нэмэх”
Өмнөх өдрийн орой нь кофе найруулаад хөргөгчинд хийх бөгөөд өглөө нь хүйтэн аяга дахь хүйтэн кофегоо ууснаар нойроо бүрмөсөн сэргээх.
Сэрүүлгийн апп ашиглах
Өглөө эрт босохыг ял мэт саналгүйгээр сэрэхийн тулд өөрийгөө өрсөлдөөнд оруулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд тань туслах цөөнгүй сошиал сэрүүлгийн апликейшнууд байдгаас “Би Чадна: Өглөөний хүн” нэртэй Монгол апликейшныг ашиглах нь илүү үр дүнтэй байж болох юм. Өглөө дөнгөж сэрээд апликейшнд байгаа найзууд руугаа дасгал болон даалгавар илгээх, эрт сэрж ихийг бүтээхэд уриалах, туршлагаа хуваалцах, гэх мэт олон боломжуудтай бөгөөд өглөө сэрэх өрсөлдөөнд оролцож, өглөөний хүн болох юм.