– Ээжээ баруунтайгаас нэг морьтой хүн айсуй гэсэн үг түүнийг тэр зүг харахаас өмнө хамаг биеий нь зарсхийлгэхэд өргөж байсан чулуугаа Дэжид золтой л алдчихсангүй. Дээрээс нь гэнэт хүчтэй тавьсан чулуунд шахагдсан аарцны шар ус уутаа нэвчин гутал руу нь годхийв.
Тэр хөлөө зайлуулсан ч үгүй, аарцан дээрх чулууныхаа хазгайг тэгшилж байлаа. Хэлтгий бол жигд шахагдахгүй, зүсэхэд бутарч ойчоод байх болно гэж бодсондоо ийнхүү тэгшилж байгаа бус ерөөс энэ ажлыг хар нялхаасаа гуч хүртлээ хийж дадсан дадлаараа л хийх бөгөөд ухаан санаанд нь мөн гэдгээс өөр юү ч үл бодогдон өөрийн эрхгүй тэр зүг харвал үнэхээр мөн байсанд сэтгэл нь харанхуйлан хоолой дээр нь ямар нэгэн юм тээглэн шүлс нь залгиж болохгүй болчих шиг болов. Эхийгээ айсуй яваа морьтны зүг харахыг хүлээн зогсож байсан хүү нь:
– Аав мөн үү? Ээжээ? гэж асуугаад дахин тэр морьтны зүг хэсэг харж зогссоноо эхийнхээ хариу хэлэхийг ч хүлээхгүй
– Мөн байна, мөн байна гэж хашгиран гэртээ гүйн орлоо. Урьд нь хүүгээ ингээд ороход нь “Хүүе чи галдаа аргал хийгээрэй” гэх юм уу эсвэл “Яах чинь вэ, чи” гэж хойноос нь хашгирдаг байлаа. Энэ нь шинэ махтай үед хоолоо хийхдээ “Өнөө шөнө аав нь ирж магадгүй, ирээд идэг” гээд чанасан дал, хэдэн хавирга, цорой ч юм уу ямар нэгэн бүхэл махны тухай үг бөгөөд хүү эцэгтээ мөнөөхийг өгөх гэж ямагт яарч шон дээр буухад өөдөөс нь бариад гүйх нь халаг болдог,эх ч “Байз гэм чи яасан тавьтиргүй монд вэ” хэмээн загнах өхөөрдөх хослон хоцордог байв. Энэ удаа ч хүү мөн эцэгтээ тавьсан юм руу явж байгаа нь тэр аж. Дэжид хүүгээ гэртээ орохыг мэдээгүй юмуу, тэрийг анзаарах сэхээ байхгүй ч байгаа юм уу юү ч хэлсэнгүй.
Эргэн тойрондоо болж байгааг ч мэдрэх завгүй юм шиг нэг ажлаас нөгөөд шилжин хажуугаас харах хүнд бол ажилдаа түүртэн эр нөхрөө ирж байгааг мэдэх янзгүй байх шив дээ гэхээр байх авч Дамбын хэрхэн ирж яваа, хотынхоо хаагуур тойрч хэдэн хормын дараа шон дээр буухыг нэгд нэггүй мэдэрч ойртох тусам нүүр учрахаасаа эмээх мэт аар саархнаар оролдон энд тэнд унасан ойчсоныг өөд татах аядана. Дамбыг эрэл сурал, аймаг сум орохоор хэд гурав хоногоор эзгүй яваад ирэх бараагий нь харангуут царай зүс нь гэрэлтэн нүүр рүүгээ унжсан үсээ хойш илж, үргэлж толгой дээр явах, нар салхинд онгож хээ нь ч мэдэгдэхээ больсон алчуураа засч, яаран сандран гэртээ орж юм хумаа цэгцэлдэг байснаа чухам хэдийнээс больчихсоныг өөрөө ч үл мэднэ.
Дамба гэрийнхээ зүүн урдах дэрсэн доторхи тугал, цаахнах худаг сахисан хоёр адуу сэлтрүү хараа тусган явснаа тогоо барин гэртээ орж яваа Дэжидийг хармагцаа дотор нь палхийн “юу гэх бол” гэсэн бодол дахин орж ирэв. Энэ бодол түүнд урьд өмнө нь олонтаа бодогдсон бөгөөд тэгэх бүрийд ингэх байх, тэгэх байх гэсэн таамаг гарган, тэгэхээр нь ингэнэ, ингэхээр нь тэгнэ гэсэн жин тан хариулт зэхчихсэн хэрнээ гэр нь ойртох тусам дахин дахин бодогдон, мөнөөх жин тан хариулт нь алга болж гагцхүү “юу гэх бол, яах бол” гэдгээс өөр юм ухаан санаанд нь орсонгүй. Унасан морь нь сурсан зангаараа уяанд ойртож ирээд зогсоход тэр сая гэрийнхээ гадна ирснээ мэдрэн, мориноосоо буухаас ч, гэртээ орохоос ч халшран, буцаад явчихмаар ч санагдан “хүү яачихав аа, Эзгүй байгаа юм болов уу” гэж бодов.
Зуны дэлгэр цагт хааяа хэд гурав хоногоор айраг архи, найр цэнгэл хөөж яваад ирэхэд нь угтан гүйж ирэх хүүдээ баярлан, хүүгээрээ ул барин гэртээ орж нүүр хагардаг байсан нь нэг бус билээ. Бууж морио уях, дээл хувцсаа засах, гэрээдээ алхах энэ бүхэн нь ер бусын удаан бөгөөд гэр уяа хоёрынхоо хооронд ийм удаан явж байгаагүйгээ өөрөө ч анзаарахаар аажуу алхаж явтал хүүнь сая гэрээс гарч ирэн томдсондооо гадагшаа майжийчихсан бахиал гутлаа пар пар дуугарган гүйсээр тосон ирэхийг хараад “муу хүү минь гуталгүй болж дээ” хэмээн бодож амжив.
Хүү нар салхи үнэртсэн данхар толгойгоо эцэгтээ үнсүүлээд,
– Ааваа, хүрэн үрээ ижилдээ хүрээд ирчихсэн гээд гараас нь хөтлөн гэрийнхээ зүг явангаа,
– Та буруу эрээд л яваад байсан юм уу гэхэд Дамба,
– Тийм гэж хүүгийнхээ амыг дагуулан хариулсан боловч яах гэж тэгж хэлсэн, тэгж хэлэх хэрэгтэй байсан үгүй г ч бодсонгүй. Тэр хоёрын гэрт ороход Дэжид зуухны ам хавьцаа намхан модон сандал дээр сууж байлаа. Дамба явсаар хоймороо гарч завилан суув. Хол ойр юманд явж ирээд ямагт энд суун малгайгаа авч хоймрын авдар дээрх жаазтай зурагны өмнөх өрөөсөн хөлөө жийн хэвтэж байгаа хүрэл гөрөөсний хажууд тавиад өврөө уудлан дурангаа гаргаж “май, миний хүү энийг тэр жаазны араар тавьчих” гээд хүүдээ өгдөг заншилтай аж.
Энэ удаа ч гэсэн мөн тэр заншлаараа малгайгаа авч тавьдаг газраа тавиад өврөө уудалтал дуран нь алга байв. “Yгүй энэ чинь би дурангаа арай…” хэмээн бодсоноо гэнэт хаа байгааг нь санасан тул хоосон гараа өврөөсөө гаргахдаа эхнэр рүүгээ зэрвэсхэн харав. Дэжид түүнийг анзаарсан шинжгүй, тогоотой цайгаа сүлж байлаа. Дамба юү ч болоогүй мэт ихэд тайвнаар гаанс хүүдийгээ гарган тамхи нэрэх зуураа:
– Манай хонь хаа яваа юм, ойр хавь ер юм харагдсангүй гээд Дэжид рүү харсан боловч цаадах нь дуугарсангүй. Харин хүү нь,
– Зүүн хойно яваа, өнөөдөр Багаагийн хонины ээлж. Маргааш манайх. Та хар морь бариад өгөөрэй. Гараар ганц ч баригдахгүй байгаа юм гэхэд Дамба,
– Чи унаж чадах юм уу. Хээр буухаар чинь эргэцээд мордуулдаггүй сэн биш билүү?
– Чаднаа хадан дээр гарч байгаад мордчихдог юм чинь.
– Аан.
Данханд цай уудлах, тамхи сорох чимээнээс өөр ямар ч анир үл гарах нь гаднаас орж ирж яваа хүнд эзгүй айл юм уу гэж бодогдуулахаар ажээ. Дэжид данхтай цайгаа Дамба руу дөхүүлж орхиод аяганы шургуулганаас том шаазан гаргаж урд нь тавив. Дамба аягыг авч цай хийлээ. Энэ үед орны хөл дэх авдар ухаж байсан хүү,
– Ээжээ, аавд тавьсан мах яасан бэ, эрээд олдохгүй юм гэхэд Дэжид эргэнэг дээрээс тавагтай мах авч хүүд өгөхөд тэр машид хичээнгүй хоёр гардан барьсаар явж эцгийнхээ цайны дэргэд тавиад хутга авч өгөв. Дамба махнаас хоёр хавирга авч махыг нь хэрчин хүүдээ өгөөд аягатай цайгаа авч удаан гэгч нь оочлох зуураа тогоо угааж байгаа Дэжидийг харж “Анхиагүй гэдэг нь. Ядаж чи наад үс гэзгээ өөдтэйхэн самначихад яадаг юм” гэх гэснээ “Хүнээр хэлүүлэх ч юү байхав дээ. Гуч хүрчихсэн хүүхэн орон гэр, хувцас хунараа өөд нь татаад явж чадахгүй юү байх вэ. Залхуу залхуу гэхэд дэндүү юм” хэмээн бодож дургүй нь хүрч суув. Чухам урьд өмнө нь ийм байлуу үгүй билүү.
Яагаад би өнөөдөр анзаарч харах болов гэсэн бодол түүнд төрсөнгүй. Харин анхиагүй новширч ноорсон байдал нь шон дээр буухад зүрхшээн халирч байсан түүний сэтгэлийг огт тайван хүйтэн болгожээ. Дэжид тогоо авч гадагш гарснаа:
-Цэдэн-ишээ, тугал ус руу явлаа хэмээн дуудахад хүү зулгааж байсан хавиргаа аяганы шургуулга руу хандуулаад гүйн гарав. Дэжид хүүтэйгээ зөрөн орж ирээд түрүүчийн сууж байсан газраа суун зуухны амыг тар хийтэл онгойлгоод аргалын дөрвөлжнөөс хатсан хөх хомоол авч зуухны ам руу чулуудангаа:
– Нэгэнт л чи цаанаа хань бүлтэй болчихсон юм бол чи бид хоёр ингэж яваад яахав, эртхэн хоёр тийшээ болсон дээр гээд гал нь унтарсан зуухан дахь аргалын асах эсэхийг хүлээх мэт зуухны харанхуй ам руу ширтэв. Дамба Дэжидийг ийм үг хэлнэ чинээ огт санасангүй. Хаа нэг ам муруйхдаа ч салах сарних үгийг хэлэн нь бүү хэл өөдөөс нь хараал ч хэлж яваагүй, эзгүй хойгуур нь хонь малаа бүрэн бүтэн адуулаад болоод байдаг хэрнээ юүхэн дээр ч ингэхүү, тэгэх үү хэмээн ямагт түүний амыг харж түүнээс өөр эр хүн орчлон дээр үгүй юм шиг явдаг Дэжид ийм үг хэлнэ гэж хэн санах вэ. Гагцхүү энэ үг “Дэжид мэджээ” гэдгийг харуулж байна гэж Дамба мэдэрч байлаа.
Энэ мөч хүртэл зэргэлдээ бригадын Дэлэг өвгөний охин Тогоохүүгээс Дамба салж хагацаж чадахаа байчихаж гэсэн дэл сул яриа Дэжидийн чихэнд хүрээгүй, хүрлээ ч тэднийд байна гэснээс юү хэтрээ аж гэж санаж явснаас биш бүр иймдээ тулахаар лавтай мэдсэн гэж Дамба бодоогүй юм. Тэр хоёрын явдал ч ингэтлээ даамжрах юм гэж хэн хэн нь санасангүй. Тийм дээрээс ч Тогоохүүтэй ханилах нийлэх тухай нэгээхэн ч удаа яриагүй аж.
Гэвч Дамба хурал цуглаан, адуу малын эрэл сурлаар гадагш зүглэх бүрдээ Тогоохүү рүү татагдаж, хаанаас ч гэсэн тэднийхээр дайрч, унагийг нь татаж өгчихөөд ч болохноо мордъё хэмээн хоргодсоор, нэг мэдэхэд орой болж хонох өнжихөд хүрдэг бөгөөд маргааш нь хонож өнжчихсөндөө бантан харихаасаа зүрхшээн хулгасаар өдрийг авч үдшийг үзэн хоног алгуурласаар хоёр гурав ч хоночихдог болсон учраас Дэжидийн энэ үг Дамбын бодоогүй хэрнээ хүсэн хүлээж явсан ганц үг нь юм шиг айх ч шиг, баярлах ч шиг болж, бас тулгамдсандаа юу хэлэхээ мэдэхгүй дэмий л гаансаа амандаа зуун асаагаагүй тамхиа хий сорж суув.
“Юү, чи юү ярьж байгаа юм. Тэгж салж сарнихад тулахаар юу болсон юм” гэсэн үг дуулах гэж Дэжид энэ үгийг хэлсэн юм шиг хариу хүлээн азнаснаа гунигтайхан санаа алдаж,
– Авья л гэснээ аваарай. Бид … гээд түгдрэн зогссоноо:
– Бид хоёрт энэ их юмны хэрэг юү байх вэ дээ гэхэд Дамба өврөөсөө чүдэнз гарган шархийтэл хавирч тамхиа асаангаа:
– Би юү ч авахгүй гэв. Энэ үг зүрхийг зүсэх шиг болов. Эдүгээг хүртэл Дэжидэд нэгэн бат итгэл оршиж ,тэрхүү итгэл нь түүний сонссон дуулсан болгоны эцэст арай үгүй байх гэсэн эргэлзлийг төрүүлдэг байжээ. Дэжид, Дамбын тухай сонссон дуулсанаа эргэн бодож, бодох бүрийдээ энийг хэлсэн хүн хэн билээ. Yнэн үг хэлэх хүн билүү,үгүй билүү хэмээн эрэгцүүлж, нуруутай хүн сэн гэж бодохтойгоо зэрэг гол нь харлан “Олхиогүй худалч хоосон ховсоргон хүний амнаас дуулсан ч болоосой” хэмээн харуусахдаа Дамбад бус мөнөөх муу ёрын үг тээж авчирсан хүнд уур нь хүрч тийм үг хэлснийх нь төлөө мэндлэхэд нь дуугарахгүй болчих юмсан гэж нэг бодож удаж төдөлгүй ийм муухай юм бодсондоо өөрийгөө зэмлэн “хөөрхий минь надад мууг хийе гэхдээ л хэлэв гэнэ ч, сайн сайхан санасандаа, нэр түвшин яваасай гэхдээ л хэлээ биз. Миний энэ муу санасан тэр хүний үйлст муугаар тусчих вий” ч гэж бас бодно.
Ингэж түүнийг зөвтгөн бодоод ирэхээ түүний хэлснийг үнэмшихэд хүрч Дамбад гомдох гомдол нь ихсэнэ. Энэ нь Дамба бол миний эр нөхөр. Тийм ч учраас надаас өөр хэн ч түүнийг хайрлах эрхгүй гэж бодохдоо ийнхүү гомдож байгаа бөгөөд харин хэдийнээ хүний болчихсон хүнийг хүнээс харамлаж байна гэж Дэжид өчүүхэн ч бодохгүй байлаа.
Тийм бодол Дэжидийн сэтгэлд багтдаг ч үгүй билээ. Yнэн юм биш байгаа хэмээн бодож гол нь харлах бүрийд Дамбатай учирсан анхны учралаа эргэн санадаг байв. Дамба Дэжид хоёр бол бие биесийг удам судраар нь мэдэх нэг дорын хоёр билээ. Дамбынхан бол нутаг усныхандаа хүндлэгдэж нэрд гарчихаагүй, тэднийхэн өөдгүй гэж хэлэгдчихээгүй, амьтан ах дүүгийн аясаар амьдрал ахуйгаа бөөцийлөөд л явдаг улс. Эх үглээ, залхагдуу цагаан цайлган авгай.
Эцэг дуу цөөтэй, эргэх дөрвөн цагт адуу мал сураглан шогшиж явдаг өвгөн. Дүү охин нь хүнтэй суугаад Чойр явчихсан бөгөөд зуны цагт ирж эхийнхээ тогоо шанаганы ажлаас элбэлцэж байгаад буцдаг, гуч хүрч яваа хүүхэн бий. Дамбын аав ээж хоёр Дэжидийг бэрээ гэж нэг их сүйд болдоггүй ч бэрдээ ам муугүйн дээр тэнхэл тасрах цагтаа хүү бэр хоёроо барааднаа гэж ярьдаг хоёр аж.
Дэжид хадмуудтайгаа айл саахалт яваа улсыг хараад заримдаа атаархах авч хол хөндий байгаа нь юүхэн хээхэн дээр үглэж яншаад байхгүй амар ч юм шиг санагддаг байлаа. Дэжид эхээс дөрвүүл. Том эгч нь Улаанбаатарт, удаах ах нь малын бэлчээр уулзах газарт, бага эгч нь аймгийн төвд суудаг бөгөөд эх нь отгон охин Дэжидээ бараадан хаяанд нь амь зууж явсаар гурван жилийн өмнө өөд болжээ.
Эцэг нь хар нялхад нь нас барж, эгч ах нар нь айл гэр болж ам даанс тусгаарласан болохоор гэр малын ажилд ганц бие хүрэлцэхгүй байна гэдэг нэрийдлээр эх нь Дэжидийг долдугаар ангид орох намар сургуулиас нь гаргасанд тэр сургуульдаа сууна барина гэж зүтгэсэн ч үгүй эхийн аяс даган мал дээр гарч, гэр бараа, идээ цэгээ, нүүдэл суудал гэсээр арван зургаа хүрэхэд нутгийн харцуул нас намба бүрдсэн хүүхэн хэмээн үзэж ярих хөөрөх, тоглох наадахдаа хорь хүрсэн бүсгүйтэй ярьдаг харьцдагийн нэг адил ярьдаг харьцдаг болж ирсэн нь нэгэн бодлын сайхан ч юм шиг, нэгэн бодлын ичмээр ч юм шиг санагдаж явсан тэр үед тэднийхээр бууж мордохдоо саатан тугал ивэлгэх, саах нийлүүлэх зэрэгт санаагаараа тусалдаг, хүний нүд хариулан гарыг нь атгадаг хүн Дамба болжээ.
Тэр үед Дамба цэргээс дөнгөж халагдаад ирчихсэн, хорь хүрч яваа Дэжидийг бодвол хүүхэд зангаа аль хэдийн орхисон залуу байв.
Дамбын ийм ойр дотно байгаа нь Дэжидэд аятайхан санагдах авч загнах болов уу, элдэв юм асуувал юугаа хэлнэ хэмээн эхээсээ айх, нутгийн тохитой томоотой хөгшчүүл буугаад мордохдоо зэмлэнгүй хараад ч байх шиг санагдах зэргээс болоод хурдхан яваасай гэж бодно.
Нөгөө гэвэл “Цаадах чинь Хорлоотой явж байгаад болчихсон юм…” гэх үеийн бүсгүйчүүдийн үг бас голыг нь гонсойлгоно. Иймэрхүү юмыг олон жил айл саахалт явж үзсэн дуулсан хамаг нууцаа бие биендээ хэлж сурсан найз бүсгүй Дулам нь хүртэл ярина. Нээрэн ч тэдний хэлдгээр хэд хоног ашиглаж байгаад хаячихна гэгч нь болох болов уу гэж санан дараа ирэхээр нь “Чи тэр Хорлоогийндоо очиж тугал бяруугий нь ивэлгэхгүй юү” гэж хэлье хэмээн боловч царайгий нь харахаараа хэлж үл зүрхлэхийн дээр тэгье л дээ гэсэн шиг мордоод явчихвал яана гэж битүүхэн айна.
Түүгээр ч барахгүй хэд хоног ирэхгүй болчихоор нь гарч орох нь ихсэн хурга тугалын хойноос мордох авч гэрээсээ өчүүхэн холдон толгодын цаана орохоороо эзгүй хойгуур ирээд явчих юм биш байгаа гэхдээ гэрээдээ эргэн яарч тугал хургаа учиргүй элдэн элдсээр гэрийн бараа харж гаднаа ямар ч морь байхгүйг хармагцаа урам нь хугарч сажлахын ихээр сажлан түүнээсээ болж “яасан удаан явдаг юм. Сажлаад л байх юм.
Хүн чинь ардах ажилдаа яардаг байгаа даа. Нэг юм хийхээрээ нөгөөхөө мартчих юм” гэж эхдээ үглүүлэх авч “За за битгий яншаад бай хийж л байна даг”гэхчлэнгийн уцаарласан хариу хэлдэг болсон тул эх нь тэгэсхийгээд дуугүй болдог билээ. Ер нь сүүлийн үед эх охин хоёрын харьцаа их өөрчлөгджээ. Хар нялхаасаа аашилж, загнах үгийн хариу хэлж сураагүй л юмсан.
Цаг нь ирж надад загнуулахаа болжээ ч гэж санасан уу, үр хүүхдээ томорч байгааг анзаарахгүй дэмий үг хэлж мулгуутлаа ч гэж боддог болсон уу элдэвт үг дуугарахаа больж, яах вэ, ийх вэ хэмээн асуух болжээ.
Эхийнх нь ингэж өөрийн зоргоор байлган болсон нь Дамбыг ирэхэд чөлөөтэй ярьж хөөрч, инээж хөхрөхөд хүргэсэн бөгөөд эх ч тэдний явдлыг гадарласан мэт Дамбыг ирэхээр араг үүрээд хээр явчих ч юм уу, эсвэл юм хум өөд татах дүр үзүүлэн нэг хэсэг гадаа байж байгаад айлд ороод алга болчихдог байлаа.
Дамбыг ирсэн нэг орой ядраад гэдэг нэрээр эртээ орондоо орон цааш харан хэвтжээ. Үнээ саах, сүү хөөрүүлэх мэтийн хамаг ажил Дэжидийн толгой дээр ирсэн хэдий ч энэ бүхнийг Дэжид гадаа бол Дамбатай инээж хөхрөн, гэрт бол хоёул шивнэлдэн байж тээр орой ажлаа дуусч унтах болоход анх удаа Дамбад унтах ор зассангүй. Түүнээс хойш ил цагаандаа гарчээ. Мөнөөх үнэн худал нь мэдэгдэхгүй яриаг магадгүй гэж бодох болгонд анхных нь тэр үдэш дурсагдан, зүрхийг нь шимшрүүлэхэд хоолой нь зангирч нүдний нь аяганд нулимс дүүрэн чавчихад уначихаар мэлтэгнэн ирнэ.
Ийм үед Дэжид шүд зуун шүлсээ залгин нүдээ чавчихгүйг хичээдэг байжээ. Зүй нь нэгэнт мэлмэрэн ирсэн юм, цээжээ тэнийтэл уйлчихвал дотор нь онгойх байтал нулимс унагахгүйг ингэтлээ хичээдэг нь цаанаа учиртай аж. Уйлмаар болохтойгоо зэрэг л “яасан гэж усан нүдлэх билээ, өөрийнхөө нүдээр ямар үзсэн биш. Өөрийнх нь амнаас дуулсан биш. Мухар сохор юм сонсчихоод уйлж унжиж яаж болох вэ. Худлаа байвал яах юм” хэмээн бодож харин ч юу юуны туханд хүрэлгүй усан нүдлэх мууг дуудсантай л адил гэж сэжиглэн нэг ч нулимс унагахгүйг бодно.
Гэтэл худлаа хэмээн бодох гэж чармайх тусам нь элдвийн юм санагдана. Заримдаа хөх торгон дээлийг шар дурдан бүсээр хотын хүүхнүүд шиг хөхийг төвийлгөн, биеийг жавхайлган ороож, өсгий өндөр цагаан шаахай өмссөн бурзгар хар үстэй хүүхэн цай аягалан гэрийн хойморт нөмгөн сууж буй Дамбад өгөхөд Дамба инээмсэглэн авч байгаа мэт санагдахад уур нь хүрч, Дамбыг авахын зуургүй аягатай цайгий нь замаас татаад асгачих юмсан гэж ч хүртэл бодчихсон байгаагаа гэнэт мэдрэн энэ бүх бодлоо мууд тооцон сэтгэлээсээ хөөхийг эрмэлзэн, “одоо ерөөсөө элдвийн муу юм бодохгүй.
Юү гэж юу ч болоогүй байхад муу юм болох билээ” хэмээн өөрийгөө тайвшруулахыг хичээн алдсан үрээгээ хөтөлчихсөн ирж яваагаар, гэртээ орж ирээд инээмсэглэн сууж байгаагаар бодох бөгөөд ингэж бодох зуураа “манай Дамба чинь ямар сайхан шүдтэй юм дээ” хэмээн сэтгэлдээ үзэж буй дүрээс урьд өмнө нь анзаараагүйгээ анзаарч “эр хүнийг морь, шүд хоёр л чимж явдаг юм байна даа. Пунцагийнхаас ав юү яая дээ, үнэхээр дургүй хүргээд байгаа юм гэж ярьдаг халиун морийг аваасай. Уг нь ав ав эр хүнд сайн мориноос илүү юм хэрэг байдаггүй л юм гэх нь билээ” гэчихээд л авчихна л даа.
Ухаандаа миний амыг л харж байгаа хэрэг. Одоо ирэхээр нь марталгүй хэлье байз гэж бодно. Иймэрхүү юм бодохоороо нэг үе тайвширдаг байв. Тэгтэл нэг өдөр олж ирэх ёстой хүрэн үрээ нь өөрөө ижилдээ иржээ.
Энэ явдал Дэжидийн голыг гонсойлгож амьтны хэл амаа билүүдээд байгаа нь ортой байх нь гэсэн сэжиг сэтгэлд нь орогнон, түүний бодох санах идэх уухий нь хүртэл мэддэг болов. Яг энэ үед ах нь иржээ. Ямар хэргээр яваа нь бүү мэд, байдлыг нь ажихад нэг л янзгүй мал бүрэн эсэхийг асууж лавласныхаа дараа дуртай дургүй “Дамба хайчаав?” хэмээн асуужээ.
Энэ асуулт цаанаа нэг юм хадгалаад ч байгаа юм шиг, Дамбыг хаа явааг чи мэдэх үү гэсэн юм шиг сонсогдоход Дэжид “Юү гэе дээ, Ойр зуур мордсон гэлтэй ч биш. Бүрэн бүтэн байгаа малаасаа алдчихсан гэлтэй ч биш, яаядаа” гэж тэрхэн зуур бодсоноо,
– Сум орно гээд л явсан хэмээн бялд муутайхан дуугарчихаад “Хэзээ гэвэл яанаа? Ах суман дээрээс ирсэн байвал яана? Хэрэггүй л сум орсон гэлээ. Үнэний нь л хэлдэг байж. Хүрэн үрээ ижилдээ ирчихсэнийг ах ямар мэдэх биш” хэмээн хойноос нь харамсан бодох зуураа хоёрхон усаар авсан шимийн архиа гарган өмнө нь тавив. Ах нь муухай харах шиг болсноо лонхтой архинаас аягалж залгилаад,
– Танайхан чинь яагаад нүүдэггүй улс вэ? Аль язуурын л энд буусан. Хэдэн мал чинь яаж тогтдог юм гээд их л ширүүн янзтай хялавхийн харахад Дэжид харцнаас нь харц буруулан тонгойв. Ах нь шал өөр юм ярих гээд байгаагаа худлаа дүйвээдүүлэн, тэр ярих хэлэх гэж байгаагаа гаргаж ирэх шалтаг болгон нүүдэл суудлын тухай ярьж байгаа бөгөөд үнэн хэрэгтээ чухам юун тухай ярих гэж буй нь дууных нь өнгө нүднийх нь харцанд ив илхэн байгааг зөнгөөрөө мэдэрсэн Дэжидийн дотор палхийн зүрх нь оволзон цохилж эхлэхэд арай чүү биеэ эзэмдэн,
– Зөөх л санаатай гэж ихэд гэмшингүй дорой дуугарснаа өөрөө ч мэдрэв.
– Үхсэн хойноо зөөх? Тэнгийн булан даахгүй хуруун чинээ нялх хүүхэд та хоёр яаж зөөх юм. Яасан арилсан дотортой амьтан вэ? чи. Чиний наад хоёр нүд чинь юү үзэж, хоёр чих чинь юү сонсож байдаг юм. Хүнд чинь нэр нүүр гэж байдаг. Та нар чинь яачихсан цагаандаа гарчихсан улс вэ. Үгүй ядахдаа амьтан ах дүүгээс ичдэг байгаадаа. Хн! “Сум орсон гэнэ шүү. Сум орсон хүн халзан Дэлэнгийнд хэвтэж байдаг юм уу…
Яахаараа чи ч чи. Яагаад эр нөхөр шүү юмаа татаж авдаггүй юм гэснээ хариу хүлээх мэт дуугүй болов. Дэжид энэ тухай хэлэх вий гэхээс айн яс хавталзан суусан бөгөөд эдгээр үгсийг сонссоноосоо хойш яагаад ч юм мөнөөх айдас нь огт алга болж, одоо юү ч хэлсэн, юү ч ярьсан түүнд ялгаагүй мэт санагджээ.
Ах нь архинаасаа дахин аягалж нүдээ тас анин залгилж, дуусгаад ярвайн амаа арчсанаа дотор нь сая онгойсон янзтай санаа алдаад Дэжид рүү зэрвэсхэн харснаа өрөвдсөн ч юм уу, аль эсвэл уурласан дүр үзүүлэх гэснээ удаан тэгж чадахгүйгээ мэдсэн ч юм уу дуугаа зөөлрүүлэн,
– Дэлэгийнхээс гарахаа байж гэж дуулдаад байхаа нь зориуд оройхон тэднийхээр буусан юм гээд цааш хэлэх үгнээсээ халгах мэт зогтуссанаа зөрүү харсхийн, Хэвтэж л байна лээ. Эрүүл юм уу, согтуу юм уу хэн мэдэх вэ. Зэвүү хүрээд ганц нэгэн үг хэльюү гэснээ юу юуны туханд хүрээгүй байж за яршиг даа л гэж бодлоо гээд дахин дуугүй болов. Дэжид дуугарсангүй.
Эдүгээг хүртэл тэвчиж явсан нулимс нь гарахаар завдсан тул түүнээ арай чамай тогтоов. Ах нь ийнхүү дуугүй сууцгаахынхаа гачланг давах гэсэндээ дэмий л архинаасаа аягалан, хатуу гарсан архи дорхноо толгойд нь гарч байгааг мэдэрсэн нь авч согтохоосоо нэг ч их хулчийсангүй бас дахин нэг аягыг уугаад аягыг тавин лонхтой архиныхаа сүүлчийг шавхан хийгээд дахиж уухгүйг илтгэн хоосон лонхоо явган ширээний ар руу далдлан тавиад,
– Ер нь тэгээд хүү минь бага дээр нь татаж авахгүй бол базаахгүй л юм болох бий вий. Тиймэрхүү явдал газар авахаараа хэнд ч дийлддэггүй л юм даг гэснээ аргадангуй,
– Миний дүү, цаадахыгаа ирэхээр сайн хэл. Юү хийхэв, хэд наслана гэж ингэж явах вэ. Ажаад байхад эм нь ажилгүй эр нь завхай айл ч айл биш болдог юм шүү гээд үлдсэн архиа ганцхан хөнтөрчихөөд архины хойноос цагаан идээ амсдаг ёсыг бодож тавагтай идээний захаас ааруул хэлтлэн авч амандаа хийгээд дуугүй суугаад байлтай ч биш ухасхийгээд гараад явчихалтай ч биш яах ч учраа олохгүй жаахан сууснаа:
– Гээд эр хүн хойно учраа олчихноо. Харин чи л ам муруйх болгондоо урьд хойчийн юм сөхөөд байв даа. Тэгвэл ч сайнаа үзэхгүй шүү. Нэг л сайн хэлж аваад мартчих хэрэгтэй. За би ч явья даа. Өнөө хэдэн тэмээ бас, гээд морджээ.
Ахынх нь эл яриа үнэн байвал яана хэмээн шаналдаг байсан шаналал арай ч үгүй болов уу хэмээн эргэлздэг байсан эргэлзэл, намайг элэг барьж байхдаа яах вэ дээ хэмээн уурсдаг байсан уур энэ бүхний гомдлоор сольсон хэдий ч салж сарних тухай бодоо ч үгүй, тийм үг хэлнэ хэмээн зэхэж байсан бөгөөд гагцхүү нүүр учрахын үед гомдсондоо аргадуулах ч гэсэн юм уу хэлж орхисон нь тэр ажээ.
Д.Батбаяр. “Цахилж яваа гөрөөс”