Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн ч үлдэц их байгаа талаар АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг анхаарууллаа.
Тэрбээр “Сүүлийн үед иргэд коронавируст халдвараас эмээх нь багасах буюу дөжирчихсөн мэт ажиглагдаж байна.
Хэдийгээр энэ цар тахал өвчин томуутай төстэй хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг ч үлдэц ихтэй байгаа нь судалгаагаар батлагдаж буй.
Тодруулбал, коронавирусийн халдвараар өвчилсөн нийт хүмүүсийн 35 хувьд нь 2 долоо хоногийн турш ямар нэг байдлаар халдварын шинж тэмдэг, зовууриуд нь багасахгүй байгаа юм.
Ялангуяа залуучуудад мэдрэл, сэтгэцийн нөлөө буюу хөдөлгөөн алдагдах, ядрах, бие сульдах, толгой өвдөх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, сонсгол сулрах, үе мөч мэдээ алдах зэрэг шинж тэмдэг нь маш удаан арилж байна.
Мөн Итали, Германд хийсэн судалгаагаар энэ өвчнөөр өвчилсний дараа зүрх судасны тогтолцоонд өөрчлөлт гарч байна гэжээ.
Италид хийсэн судалгаагаар гэрээр эмчлэгдсэн өвчтөний 87 хувьд нь шинж тэмдэг 60 хоног хүртэл үргэлжилсэн. Ялангуяа амьсгал, зүрх судасны тогтолцоонд гарах өөрчлөлт 72 хувьд нь үргэлжилж, нөхөн сэргээх эмчилгээ шаардагдсан гэжээ.
