₮ 0

No products in the cart.

Б.Ринчен гуайн домог болон үлдсэн хууч ярианууд

Б. Ринчен гуай 1973-1974 оны орчим бөглөсөн болов уу гэмээр Зохиолчийн уран бүтээлийн бүртгэл гэсэн нэгэн биеийн байцаалтдаа гадаадын ямар хэл бичиг мэдэх вэ гэсэн асуултад орос, чех, словак, польш, болгар, эртний слав, украйн, англи, франц, герман, эсперанто, латин, манж хэл, бага зэрэг хятад, түвд, түрэг гэж хариулсан байдаг. Эдгээр дээр Ринчен гуайн бичихээ мартсан бололтой мажар хэлийг нэмэх ахул даруй арвандолоон хэл болж байна. Тэгээд эдгээр хэлийг хэр зэрэг мэдэж байж вэ?

Б. Ринчен гуайн домог болон үлдсэн хууч яриануудаас хүргэе:

Урд бас улс бий

Аг буурлан сахал үсийг арслангийн дэл мэт шаширлуулж, хүрэн даавуун элбэг дээлнээ луудан төдөглөж явдаг байсан Ринчен доктор 1960-аад оны үеэс хөх өнгийн даалимбан өмд цамцтай эрвэлзэж явах болсонд гайхах болжээ. Тэгээд нэг шавь нь;

 -Таныг дарга нар Хятадын тал барьлаа гэж өөчлөх биш үү гэсэнд:

 -Орос гэж том гүрэн Ар талд байхаас гадна Ондоо нэг том гүрэн Урд талд байдгийг ойлгоцгоог. Хорвоогийн найман зовхисыг харахаа байг Хоёр тийшээ тэгш харж сурцгааг. Орос, Хятад хоёрын дундаас Монгол Оргож чадахгүй Хувь заяатайгаа ухаарцгааг. Огт айлтгүй гээд Улсын номын сан өөд урт үсээ хийсгэн оджээ.

Цагтаа Монголын үргэлжилсэн үгийн зохиолд цахиур хагалж “Сумьяагийн сураг”, “Толь” зэрэг олон өгүүллэгээрээ уншигчдыг байлдан дагуулж асан зохиолч, сэтгүүлч, гэгээн шооч Сугарын Цэдэвийн ярьсан шог.

Малын шүд мэддэг хүн намын дарга болсон дээр

Ри багшийн хүргэн Нямын Жагварал, хадам ааваасаа:

-МАХН-ын дараачийн бүгд хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Ю.Цэдэнбал, Д.Дамба хоёрын нэг нь дарга болбоос өлзийтэй. Цэдэнбал нь онол, орос хэлдээ түлхүү. Дамба гуай амьдралын мэдлэг, хар ухаанаар илүү. Таныхаар бол хэн нь намын дарга болбол дээр вэ? гэсэнд:

-Таван хошуу малын Шүд мэддэгээрээ Дамба нь Дээр биз дээ гэжээ.

Энэ нь харийн соёлд цагааширсан ч өөрийн ард түмний амь зуулгаас салсан, ёс жаягаа мартсан дээдсийг хүн зон тоохгүй, хөх тэнгэр таалахгүй гэх утгатай сургаал ажээ.

Цаг үедээ улс төр онолын мэдлэгээр толгой цохих сэхээтний нэг гэгдэж, үзэл суртал, хэвлэлийн чухал алба хашиж явсан А.Бямбаноров багштаны ярьсан хууч.

Ам буцсан нь

Монголы эрдэмтдийн их хурлын үеэр хэлний мэргэжлийн хүмүүс крилл монгол үгийг бичихэд нэн төвөгтэй байгааг дурдан яриад, жишээлбэл:

Авьяас билигийн билиг

Ашдын ерөөлийн бэлгэ

Авч өгөхийн бэлэг

Алцаан дахь эрхтний билэг

зэрэг дуудлага ижил, утга өөр үгсийг хэрхэн бичвэл зохих талаар ЗХУ-ын дорно дахины судлах хүрээлэнгийн монгол судлалын салбарын тэргүүн Сталины “үнэнч сайн шавь” гэж үнэлэгдсэн нэгнээс асуусанд:

-Нэг л янзаар бич. Утга нь аандаа өмнөх хойтох үгийнхээ дэмээр тодорхой болно гэжээ. Зөвлөлтийн хүний үгнээс зөрөх зүрхтэн тэр үеийн Монголд байсангүй. Хэлээ боддоггүй, хялбарыг боддог хөнгөмсөг зарим нь алгаа ташин баяр хүргэх цагт Ри доктор босоод:

-Санжеевийн бэлгэ гэсэн үгийг хүмүүс яаж ойлгох вэ? гэсэнд:

-Сталины хайртай эрдэмтэн ээрч муурч ханайгаад:

-Ялган бичих нь зүйтэй гэжээ.

Хэл Шинжлэлийн ухааны доктор профессор, урлаг, утга зохиол судлаач Сономын Лувсанвандан 1992 оны 7 сарын 11-нд Баянхонгор аймгийн Номгон зочид буудалд байхдаа ярьсан хууч.

1946 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Гэнри Уайлс Монгол улсад айлчилахад тэр үед ганц англи хэлтэй хүн нь Ренчин гуай байсан юм. Тэр үед Ренчин гуай хэлмэгдсэн байсан бөгөөд талбайн хогийг шүүрдээд зогсож байсан гэдэг. Уайлс ихэд гайхан цэвэрлэгч нь хүртэл англи хэлтэй юм байна гэж гайхаж байсан гэдэг. Арай харах үзэх юмтайгаар нь Богдын музей үзүүлж явтал Уайлс туслахтайгаа Францаар эдний үзмэр нээх онц биш юм гэж. Тэгтэл Ринчен гуай хажуунаас нь францаар

: Уг нь энэнээс ч илүү үзмэртэй байсан юм оросууд хамаг юмыг маань зөөгөөд дууссан гэв

: Та чинь хэдэн хэлтэй юм бэ?

: Өрнийн 8 дорнын 5 гэв

: Уг нь тань шиг мэдлэгтэй хүн цэвэрлэгч хийх бус их сургуульд багшлах ёстой юм бишүү гэхэд

: Над шиг мэдлэгтэй хүнийг их сургуульд авдаггүй юмаа гэв.

Цусаараа төлсөн өр

Ри гуай Хэнтий аймгийн Цэнхэрмандалын уурхайд сурвалжлах ажлаар очсон үед энэ явдал болжээ.  

Өвгөн буцах гэж буйг мэдсэн буудлын үйлчлэгч:

-Та мөнгөө өгөөрэй.

-Юун мөнгө 

-Буудлын хөлс

 -Би өгчихсөн

-Та яасан хачин худалч хүн бэ? Надаас өөр мөнгө хураадаг хүн байхгүй. Би аваагүй. Та өгөөгүй

-Би төлөх төлөхдөө халуун улаан цусаараа төлсөн гэжээ.

-Үйлчлэгч юу ч хэлж чадсангүй. Юу гэсний нь ч ойлгосонгүй. Харин Ри гуайг явсан хойно өрөөнд нь орж үзвэл хоногийн мөнгийг орхисон төдийгүй 

“Нохой бөөсөө Чонон бясаагаа Цөөлтүгэй” гэсэн зурвас үлдээсэн байжээ.

Хэл шинжлэлийн доктор, зохиолч Дожоогийн Цэдэвийн ярьсан хууч. Төвийн сонинуудын хошин буланд хэвлэгдсэн хэд хэдэн шогийг харьцуулан найруулав.

Тамхичин азарга

1960-аад онд Монголын манлайлах сэхээтний нэг нь Ж.Аминдаваа гэдэг эрдмийн зэрэггүй эрдэмтэн, их эмч, дуун хөрвүүлэгч байв. Нэг гэм нь бор дарсанд жолоо алдамхай. Гэхдээ ажил албаа цалгардуулах нь үгүй.

Түүнийг албан байгууллага, үйлдвэр, их, дээд сургууль урин аваачиж анагаах ухааны сэдэвт, тэр дундаа архи тамхины хорын тухай яриулах нь цөөнгүй. Тэр ч байтугай Ж.Аминдаваагийн баталгаа сайт, итгэл үнэмшилт яриаг сонсоод, тамхиа тантан луу шидээд гарсан хүн ч бий гэдэг.

Энэ тухай Ри багшид хэн нэг нь ярьж үг өгсөнд:

-Адуу нэг янжуурт үхдэг гэж 

Аминдаваа гуай айлдсан байна лээ.

Аминдаваагийн янжуурыг авч татаад

Азарга үхэхийг үзээгүй байна лээ.

Архи тамхинаас яаж гарахыг  

Аминдаваа гуай үлгэрлэвэл би ч бас баагиулахаа болино оо гэжээ.

Нэгэн насаараа АУДС, УБДС-д багшилсан том сэхээтэн “данхар” хэмээх Ц.Готовын ярьсан хуучаас найруулав.

Ам бүлээ танилцуулсан нь 

Ринчен доктор шавь нарынхаа хамт Говь-Алтай аймгаар аялжээ. Тонхил сумын “Лавлагаа Гаан-жуур” гэдэг өвгөн, Ри доктороос:

-Та үр хүүхэд олонтой юу? Ухаантны удам өндөр байвал улс төрд хэрэгтэй гэжээ.

Их, багштан өөрийн үр хүүхдийг дөвийлгөн ярих дурамжхан учир:

-За би дөрвөн шар хүүхэдтэй гэж. Мөнөөх “лавлагаа” өвдөгт нь тулж суугаад:

-Хүүхдүүд чинь том дарга уу? Эрдэм номоор мэдээж овоо биз? гэсэнд:

-Том хүүхэн нүдний эмч нэртэй Хүний нүд сохлох эрхтэй.

 -Удаахь нь амьтан зүйч Монголын өөхөн сүүлтэй сайхан хонийг нохой сүүлтэй болгодог мэргэжилтэй.

Хүү маань их говиор тэнэж, элс шороо ухаж, лууны өндөг хайж, лус савдаг хилэгнүүлж явдаг даа гэжээ. 

Жич:

Нүд сохолдог гэдэг нь доктор Р.Нямаа

Өөхөн сүүлтийг нохой сүүлт болгодог гэдэг нь доктор Р.Индра 

Лууны өндөг хайж Лус савдаг хилэгнүүлдэг гэдэг нь доктор Р.Барсболд билээ.

Бөгсөөрөө удирддаг жолоодогч

Цэдэнбал даргад зусардан бялдуучлагчид дулаан цагийн батгана шиг олширсон нь, хөөрхий буурал даргыг дураараа дургихын гулсуур болсон гэхэд хилсдэхгүй. Ямар л шударгадаа “МАХН бол Цэдэнбал мөн” Цэдэнбал бол МАХН мөн” гэж тунхаглаж байх билээ дээ. Харин гашуун атлаа үнэн үгийг хоёрхон хүнээс сонсчээ. 

Нэг дэх нь Дандар баатар даргад: “Би бол цусан гавьяаны баатар. Чи бол цагаан талхны баатар” гэжээ.

Нөгөө нь Ринчен багш. Тэрбээр Цэдэнбал даргад “Улсыг бөгсөөрөө биш бөндгөрөөрө удирддаг юм шүү” гэж сануулжээ.

Жич: Худлаа байх гэж итгэж ядмаар энэ үг үнэн болохыг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо Их тэнгэрийн аманд зохиолчдыг хүлээн авч уулзахад Ю.Цэдэнбал дарга өөрөө батлан ярьжээ.

Энэ тухай утга зохиолын шүүмжлэгч ЦХасбаатар “Ринчен гуайн тухай дуртгал”-даа “Цэдэнбал дарга Ринчен гуай руу хуруугаа заагаад “Энэ нөхөр Ринчен намайг толгойгоороо биш гэснээ ар доогуураа заасхийгээд “үүгээрээ боддог гэж хэлсэн” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм гэж түүхэн гэрчийн ёсоор батлан бичжээ.

Гүтгэлгэн хүнс 

МАХН-ын Төв хорооны тогтмолжсон ажлын нэг нь эрдэмтэн Ринченг элдвээр гоочлох явдал байв. 1976 онд “Намын амьдрал сэтгүүлд” “Эрдэмтэн хүний хариуцлага” гэдэг өгүүлэл гарчээ. Түүнийг “Новости Монголий” сонин дор нь зээлдэн нийтэлжээ.

Насан туршдаа гоочлуулсан өвгөн эрдэмтэн 1937 онд “Ардын дайсан” хаягтайгаар цаазлуулах ял сонсож байснаасаа илүү бухимдаж байв. Учир нь: зохиогчийн нэргүй тэр өгүүлэлд эрдэмтнийг дайран довтолсон төдийгүй, эцэг эх төрөл садны нь удам судраар нь гүжирдэн доромжилсон байлаа.

-Багш аа, Намын төв хэвлэлд энэ том өгүүллийг бичсэн хүн яагаад нэрээ тавиагүй юм бол оо? гэж асуухад:

-Нэл өт

Баасаар хооллодог.

Нэрээ нуугаачин

Гүтгэлгээр хооллодог гэж билээ.

Ри багшийн түншүүр, Ри багшийн билэгийн зул ном хэвлүүлэгчийн өдрийн тэмдэглэлээс

Шинэ улс

Шинжлэх ухааны Техникийн улсын хороо гээч нэгэн байгууллага 1970 оны дундуур байгуулагдаж дарга нь Майдар болсны маргааш Ри доктор, Майдар даргатай уулзаж:

-Та шинжлэх ухаан техникийн улс байгуулаад бас өөрөө хаан нь болоо юу? Баяр хүргэе гэсэнд:

 Майдар доктор:

-Уучлаарай Ри гуай би ч монгол хэлэндээ тааруухан шүү дээ гэхэд 

Ри: орос хэлэндээ бүр ч байхгүй шүү дээ гэжээ.

Зүй нь БНМАУ-ын Шинжлэх ухаан, техникийн хороо гэх учиртай санж. Оросоор сэтгэж, монголоор үгчилсний гайг Ри гуай тийнхүү өгжээ.

Сэтгүүлч, дуун хөрвүүлэгч, үеийн нөхөд нь Цицерон хэмээн авхайлдаг Ц.Цэрэн гүүшээс тэмдэглэв.

Б. Ринчен гуай гуанзанд оржээ. Зөөгч түүний захиалсан хуушуурыг авчирч өгчээ. Ринчен гуай хуушуурыг идчихээд суугаад байж Зөөгч бүсгүй гайхан:

-Та өөр хоол нэмж авах уу? гэж асуусанд:

-Та хуушуурын гурилыг нь авчирч өгсөн. Одоо махыг нь авчирч өгөх байх гээд л хүлээж сууна даа гэжээ.

 х        х        х

Энэ егөөдлийн өөр нэг хувилбарыг толилуулъя.

Б. Ринчин гуай ресторанд  ороод зөөгчөөс ямар хоол байгааг асуужээ.

Зөөгч:

-Хуушуур муушуур л байна гэж хариулахад Ринчен гуай:

-Тэгвэл хуушуур муушуурыг чинь авъя даа хүүхээ гэжээ.

Зөөгч захиалсан хоолыг нь авчирч өгөв. Ринчен гуай хоолоо идчихээд суугаад л байж. Зөөгч “Та дахиад авах гээ юу?” гэж асуухад нь:

-Өө, ах нь хуушуурыг нь идчихлээ. Одоо муушуурыг нь авъя гэжээ.

 х        х        х

Ринчен гуай оросын нэгэн зочинтой хамт үдийн хоол идэх болжээ. Ингээд Ринчен гуай мах нь ахиухан хоол, нөгөө орос нь ногоо ихтэй хоол захиалжээ. Хоолоо идэж байх зуур орос зочин Ринчен гуайг дөнгөх санаатай наргиа болгож:

-Та чинь махыг чоно шиг идэх юмаа гэхэд тэрбээр тун тайван хоолоо идэж дуусаад:

-Харин та ногоог мал шиг идэх юмаа гэж таглажээ.

Өөр хувилбар.

Б. Ринчен гуай Бээжинд зочилж нэгэн зоогийн газарт үдийн хоолонд уригджээ. Түүнийг дагалдаж явсан хүн:

-Танд манай хоол зохиж байна уу гэж асуухад:

-Нутагтаа махыг чоно шиг цохидогсон. Танай энд ногоог илжиг шиг зулгааж байна гэж хариулсан гэдэг.

 х        х        х

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд Б. Ринчен гуайд хандан :

– Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэддэггүй юм байна. Тийм үү? гэж асуухад Ренчин гуай:

 – Францчууд та нар өөрсдийгөө маш их ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм гэж хариулсан гэдэг.

х        х        х

Б. Ринчен гуай нэг аймагт очоод үдийн хоол идэх болж. Түүнтэй хамт олон хүн явсан юм байх.  Зөөгч хоол авчирч өгөхөд тэр хоолыг Ринчен гуайгаас бусад нь амссан төдий болоод тавгандаа үлдээжээ. Харин их зохиолч хоолоо дуустал нь идээд  зөөгчид хандан: “Гялайлаа, үхсэн хойноо үмхийрэхгүй болж санаа амарлаа хэмээн ёжилжээ. Хоол нь дэндүү шорвог амттай байсан аж.

х        х        х

Өөр хувилбар.

Баян-Өлгий аймагт зочид буудлын гуанзанд Ринчен гуайд их шорвог шөл өгчээ. Тэгтэл аймгийн нэг дарга магтаал дуулах гэж:

-Ринчен гуай, хоол амттай байна уу? гэсэнд:

-Орохдоо монгол ам, гарахдаа хасаг ам түлэхээр хоол байна гэж урмыг нь хугалжээ.

 х        х        х

Б. Ринчен гуайд нэг нь:

-Манай боксчид гадаадад уралдаан тэмцээнд  оролцохдоо овоо тоглох юм. Яагаад тэр вэ? гэхэд нь:

-Давстай усанд чанасан төмсийг хонины  (хөлдүү) гуяар цохиход арга байж уу гэж жишим ч үгүй хариусан гэдэг.

х        х        х

Өнгөрсөн зууны дөч, тавиад оны үес Б. Ринчен гуай манайд ирсэн гадаадын хүмүүсийг дагаж тэднийг үйлчилж, хэлмэрчлэх үе бишгүй гардаг байж.

Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлчээр Улаанбаатар хотноо ирсэн Английн нэгэн зохиолч Б. Ринчен гуайд хандан:

-Танай нийслэл ч эсгий гэрээр дүүрсэн, өөр хоорондоо их зайтай , таруу байршилтай намхан жижиг байшин,  барилгуудтай юм байна гэж тохуурхсан байдлаар хэлэхэд:

-Аралд хавчигдсан биш, тэгээд ч нутаг газар багадсан биш, дээр дээрээс  нь шаваад яахав дээ гэж хариулсан гэдэг.

 х        х        х

Б. Ринчен гуай Энэтхэгт хуралд очоод хуралд мөнгөн товчтой монгол дээл өмсөж мөнгөн тоногтой агсраг бүслэн оржээ. Нимгэн даавуу хувцастай энэтхэг сурвалжлагч түүнээс:

-Таны хувцас хэдий хэр үнэтэй вэ? гэж асуухад Ринчен гуай

-Ядуу зүдүү байж үзээгүй болохоор хувцсаа үнэлж үзсэнгүй дээ гэж жишим ч үгүй хариулсан гэдэг

Дээхэн үед аж. Стандарт, жин хэмжүүрийн газар, ус цаг уурын хүрээлэн нэг байшинд  түр байрлажээ. Тэгэхэд Ринчен гуай “хулгайч, худалч хоёр нэг дор орчихож” гэж ёжилсон гэдэг.

Орчуулсан зүйлийн товъёогийг үзвэл орос, англи, франц, польш, чех, мажар гэсэн бардаагаар зургаан хэлнээс орчуулга, тэр тусмаа яруу найргийн орчуулга чөлөөтэй хийж байсан байна. Өчүүхэн миний бүртгэснээс үзэхүл дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм нэр төрлийн бүтээл буюу роман, тууж, өгүүллэг, найраглал, шүлэг орчуулсан байна. Гэхдээ энэ бүртгэлийг бүрэн гэж хэлж үл зүрхэлнэм.

Орчуулагч, судлаач Г. Аким

1976 онд аавыгаа дотор өвдөөд байна гэхээр нь Чойжинхорлоо эмчид үзүүллээ. Би даан ч муу юм бодоогүй. Гэтэл ходоодны хэцүү нэрт өвчин байсан. Гэсэн ч горь тасрахгүй, Москвад эмчлүүлнэ гээд аваад явлаа. Аав минь онгоцонд таван минут тутамд л гулгин зовж байсан ч Монгол гээд л, Монголын түүх, соёл гээд л хажуугийнхаа улсад яриад л явсан. Би даан ч сэтгэл дэн дун явсан болохоор юу ярьсныг нь тогтоогоогүй. Аавын минь яриаг сонссон эрэгтэй, эмэгтэй орос хүмүүс “ямар их соёлын мэдлэгтэй, ямар сайхан хүн бэ, бие нь сайн болоосой” гэж надад үнэн сэтгэлээсээ хэлж байсан даа.

Охин Р. Нямаа

Аав минь нас барахаасаа хэдэн хоногийн өмнө Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа.

Охин Р. Индра

Аав номонд амиа тавина. Гадаадын эрдэмтдээс аавд ном их ирдэг. Гэтэл дотоод яамныхан хэзээний л шилийг нь зүсчихсэн, хавтсыг нь ханзалчихсан байна. Дотор нь элдэв бичиг захиа нуусан байж магад гэж хардаж байгаа ёр нь тэр. Аав түүнийг үзэхдээ үнэнээсээ бухимдаж, дотоод яамныхныг үмхий үгээр ёстой утаж өгдөгсөн. Түүнийгээ ч номон дээрээ биччихдэг байсан. Ном шүтдэг хүн ном зүссэн байхыг үзэхдээ үнэхээр зүрх нь урагддаг байсан биз ээ.

Хүү Р. Барсболд

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...