LOADING

Type to search

Мэдээ

Н.Энхбаяр: Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан

Share

МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. МАХН өчигдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллах шийдвэр гаргажээ. Мөн намынхаа ээлжит бус Их чуулганыг энэ сарын 16-нд хуралдуулахаар болсон байна.

Тэрээр “Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурсан. Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн.

Гэхдээ хоёр том зарчмын асуудлыг урьдчилан тохирсон.

Нэгдүгээрт, жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Намын гишүүд энэ уриалгыг дэмжсэн. Тус уриалгад үндэслэн гэрээ байгуулсан. Гэрээнд нэгдэн нийлэх үйл явцад ямар том асуудлуудыг оруулахыг хэлэлцсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна.

Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч болох ёстой гэж үзэж байгаа. У.Хүрэлсүх Засгийн газрыг толгойлож ажиллаж байхдаа уул уурхайн ордууд цөөхөн хүний эзэмшилд очсо. Хээл, хахууль, луйвар их байна. Мөн орлого нь ард түмэнд очихгүй байна гэх мэтээр байр сууриа илэрхийлж, зарим ордуудыг хурааж, тэмцэж, идэвх санаачлагатай ажилласаныг та бүхэн санаж байгаа байх.

Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий” гэв.

Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд зургаа, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд дөрвөн хүн манай намаас орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо л тохирсон. Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй. Би хувьдаа ямар нэгэн сонгуульт ажил хийхгүй гэж бодож байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд оръё гэвэл намайг хүндэтгээд оруулах л байх. Гэхдээ би орохгүй. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэн ялах магадлалтай нь л орох хэрэгтэй. Түүнээс биш заавал Э. Батшугарыг эсвэл Тулгыг нэр дэвшүүлнэ гэж тохиролцсон зүйл байхгүй” гэлээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!