Өнгөрсөнд хийсэн ямар нэг үйлдэлдээ өөртөө уур чинь хүрч, өөрийгөө өөдгүй бүтэлгүйгээр нь зүхэж явдаг уу?
Цаг хугацааг ухрааж, яг тэр мөчид очоод хийсэн алдаагаа залруулах тухай боддог уу?
Хэрэв тийм бол зүгээр л чин сэтгэлээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Тэр цагаас хойш маш урт хугацаа өнгөрч уучлаарай гэж хэлэхэд ч оройтсон гэж бодож байвал тийм биш ээ. Уучлал гуйхад хэзээ ч оройтдоггүй. Далай лам нэгэн сургаальдаа ямар нэг алдаа хийснээ мэдсэн даруйд засах, уучлал гуйх алхмыг хийж эхэл гэсэн байдаг. Яагаад тийм зүйл хийх болсон тухайгаа эргэцүүлж, алдаанаасаа суралц.
Гэхдээ бусдаас уучлал гуйхаасаа өмнө өөрийгөө уучлах нь эхний алхам юм шүү.
“Тиймээ, би үүнийг ахин давтахгүй байж чадна. Би уучлагдах эрхтэй хүн.” гэж бодсоныхоо дараа гомдоосон хүнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйхад бэлэн болсон байх болно. Хүн бүр алдаа гаргадаг. Алдаанаасаа суралцаж чадсан хүн л ухааждаг юм шүү.
Нөгөө талаас өөртөө уур хүрэх, уучилж чадахгүй байх мэдрэмжийг чи цаг үргэлж мэдэрч байгаа гэвэл худлаа. Кино үзэж, хөгжим сонсож, найзуудтайгаа хөгжилдөж байхдаа аль эсвэл хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа хүртэл тийм бодол тээнэ гэж үгүй. Учир нь тухайн мөчид чи өөрийгөө буруутгах талаар огт бодохгүй байгаа хэрэг. Тэгэхээр өнгөрсөнд болсон үйл явдал чамайг гэмтэй мэт санагдуулж, өөртөө уурлах шалтгаан болдоггүй. Харин чиний яг одоо энэ мөчид бодож буй бодлууд л тэр таагүй мэдрэмжийг бий болгодог болж таарлаа. Тэгэхээр бодохоо болих нь зөв юм.
Би үнэхээр муу муухай хүн, энэ зүйлд цор ганц буруутан нь би гэсэн хоёр бодол бидний толгойд эргэлдэж байсан ч бүх зүйл чиний бодсон шиг тийм ч муу биш байж болно. Жишээ нь эхний бодлыг үгүйсгэх дадлага хийе л дээ.
Чи дугуй унаж яваад хэн нэгний хөлийг хугалсан байж гэж бодъё. Хүний хөл хугалсан нь маш муу зүйл, буруутай хүн нь чи мөн л дөө. Гэтэл тухайн хүн эмнэлэгт хэвтэж байх үедээ заяаны ханьтайгаа учирсан бол, мөрөөдлийн ажлыг нь санал болгосон хэн нэгэнтэй танилцсан бол үр дүн нь тэр хүнийг өмнөхөөс нь илүү аз жаргалтай болгосон байгаа. Энэ тохиолдолд чи өөрийгөө зүхсээр байна гэж үү? Эсвэл чи буруутан биш ч байж болно. Өнгөрснийг буцааж чадахгүйгээс хойш зүгээр л одоо цагтаа амьдар, өөрийгөө хайрла. Алдаагаа давтахгүй байх боломжийг өөртөө олго. Бид бусдыг өрөвдөж хайрладаг хэрнээ өөртөө хэтэрхий хатуурхах нь их.
Шүүмжлэл, ирээдүйн төлөө санаа зоволт, өнгөрсөнд харамсах аль нь ч амьдралыг чинь жаргалтай болгохгүй гэдгийг санаарай.