Ханш нээх гэдэг бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол жилийн дөрвөн улиралтай бол дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, хур усны цаг, ичэгсэд хөдлөх, хаврын хугас дунд, гэгээн тунгалагийн өдөр буюу ханш нээх өдөр, тариалангийн хур буух улирал гэж хуваана. Үүний дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг.
Хүмүүс ханш нээх өдрийг ичигсэд хөдлөх өдөртэй андуурч ойлгоод байдаг. Ичигсэд хөдлөх өдөр бол аливаа ичнээ байдаг амьтад хөдөлж, ичээ нүхнийхээ ам руу толгойгоо харуулдаг байна. Тиймээс ч энэ өдөр газар, шороог хөнддөггүй хэмээдэг. Харин ханш нээх өдөр тийм цээр байдаггүй. Ер нь эдгээр өдрүүд нь ямар нэг онцгой зан үйлгүй, жирийн л нэг улирлын мөчлөг эхэлж байгаа өдөр.
Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газраа эргэдэг заншил байхгүй. Ханш нээх гэдэг нь Хан ши гэсэн хятад үг. Хятад улс мөн л арга, билгийн тоололтой. Хааны тооллынхоо үеэс газар тариалангийн улирал эхэллээ гэдгийг сануулж, зан үйл хийдэг байж. Тэр үед тариаланчид нь газар тариалангийн нутагтаа очиж, өөрсдийн өвгөдийн газрыг эргэдэг байж. Энэ бол манай ёс биш юм. Энэ талаар зурхайч Л.Тэрбиш гуай болон бусад учир мэдэх хүмүүс тодорхой ярьсан байдаг.
Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй гэх мэтээр бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарын учиртай байдаг. Дээр үеэс эцэг, эхийн газрыг ямар үед тахидаг байв гэж авч үзэхээр үр хүүхдийнх нь амьдрал ахуй нийтдээ доройтох зэрэг онцгой үед нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоог аргадан тахидаг. Өөрөөр хэлбэл, шарил дээр очих бус байгаль дэлхийгээ аргаддаг гэсэн үг.
Хятадууд 2500 гаруй жилийн өмнөөс ханш нээх өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Ханш нээх өдрөөр Хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг байна.
Нэрний хувьд Хятадын Хан Ши гэдэг хаан байж. Тэр хаан энэ улирал эхлэхээр газар гэсэж, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан учраас энэ улирлыг тэрхүү хааны нэрээр Ханши хэмээн нэрлэх болжээ.
Ханшийн баярын үүсэл гарал нь Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болсон аж.