LOADING

Type to search

Эрүүл мэнд

Өглөө хий хөдлөх цагаар бурамтай бүлээн ус уух нь хий дардаг

Share

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Б.Уянга

Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх 4 нөхцөл байдаг. Энэ нь идээ унд, явдал мөр, цаг улирал, ад гэсэн 4 зүйл юм. Цаг улиралтайгаа хоол унд, явдал суудлаа зохицуулвал өвчин тусахгүй бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уламжлалт анагаах ухаанд цаг агаарын хувирлыг 6 улирлаар авч үзсэн байдаг.

Тиймээс улирал тус бүрийн онцлог болон түүнд тохирох хоол унд, явдал мөрийн талаар мэдээлэл хүргэе. Уламжлалт анагаах ухаан нь гадна цаг улирал болон биеийн дотоод махбодын онцлогийг чухалчлан үздэг бөгөөд нар сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг.

Үүнд, Өвлийн эхэн /нохой, гахай сар/, өвлийн сүүл /хулгана, үхэр сар/, хавар /бар, туулай сар/, тэжээлийн улирал /луу могой сар/, зун / морь, хонь сар/, намар /бич, тахиа сар/ гэсэн 6 улирал байна. нар өмнөдөд зорчих 6 сард сав ертөнцөд нарны хүч аажмаар буурч, сарны хүч арвиддаг, харин нар умардад зорчих 6 сард сарны хүч аажмаар буурч нарны хүч арвидна гэсэн байдаг.

Үүнийг дагаад өвөл нар буцсанаас эхлэн хүний биеийн хүч тамир аажмаар буурч, зун нар буцсанаас эхлэн дахин биеийн хүч аажмаар ихэсдэг. Энэ мэтчилэн гадаад ертөнцийн нар сарны хүчтэй нийцүүлэн хүний биеийн дотор хүч тамир, ходоодны галын илч ихсэж багасч байдаг.

Учир нь зуны улиралд гал, шороо, намрын улиралд ус, гал, өвлийн эхэн улиралд шороо, усан махбодын хувь давамгайлдаг. Үүнийг даган хүний биеийн хүч тамир ч улирлаас хамааран өвлийн эхэн болон өвлийн сүүл улиралд биеийн хүч тамир их, тэжээлийн болон зуны улиралд хүч тамир бага, намар, хаврын улиралд хүч тамир дунд зэрэг байдаг.

Өвлийн сүүл сараас зуны улирал хүртэлх хугацаанд нар умардад /хойд зүгт/ зорчих 6 сарын хугацаанд рома судлаар гүйх нарны хүч төгөлдөр болохын эрхээр сав ертөнцөд хурц, халуун, ширүүн мөн чанартай болж нар салхины чадал хүчээр сарны сэрүүн, тослог мөн чанар багасдаг. Үүнийг дагаад хүний биеийн хүч тамир өдөр бүр бага багаар буурдаг.

Зуны улирлаас өвлийн адаг сар хүртэлх хугацаанд нар өмнөдөд /урд зүгт/ одох 6 сарын хугацаанд Жанма судлаар гүйх сарны хүч төгөлдөр болохын эрхээр сав ертөнцөд сарны хүч ихсэж сэрүүн мөн чанартай болж нарны хурц, халуун, ширүүн мөн чанарыг бууруулдаг. Энэ үед хүний биеийн хүч тамир өдөр өдрөөр бага багаар ихэсдэг.

Зуны улирлын онцлог болон тохирох хоол унд, явдал мөр

Огторгуйд үүл хурж, хур бороо орж хурын усаар газар шороо бүгд чийглэгдэж хүйтэн салхитай хавсарснаар зуны улирал нь сэрүүн мөн чанартай байдаг. гадна ертөнцөд сэрүүн давамгайлахын эрхээр хүний биеийн дотор хий махбодь ихэсч хий хөдөлдөг тул зуны улирлыг хийн улирал гэж нэрлэдэг. газрын чийг, хурын хүйтэн ус зэргээр хүний биед байдаг бүх шар үсний нүх сүвүүд нээгдэж онгойдог учраас тэрхүү нүх сүвээр биеийн дотоод галын илч гадагшилдаг тул ходоодны хоол ундыг шингээх хүч багасдаг.

Тийм учраас ходоодны галын илч буюу хоол шингээх хүчийг тэтгэх идээ ундыг хэрэглэх хэрэгтэй. Зуны улиралд ерөнхийдөө амтлаг, исгэлэн, давслаг амттай, хөнгөн бүлээн чадалтай, бага зэргийн тослог, шингэхэд хялбархан бөгөөд шим тэжээлтэй хоол ундыг ходоодныхоо шингээх хүчтэй тохируулан хэрэглэх хэрэгтэй.

Хонины мах, адууны мах, борц /борц нь хүнд чадлаараа хийг дардаг, шингэхдээ удаан тул ходоодныхоо шингээх хүчтэй тохируулан хэрэглэх хэрэгтэй/ бүлээн чадалтай тул хүйтэн хийг дардаг. Зуны улиралд болон хий нь ихэдсэн хүмүүс хоол хүнсэндээ голдуу хонины махаар хийсэн төрөл бүрийн шөлтэй хоолыг хэрэглэх нь тохиромжтой.

Ногооны төрлөөс сонгино, сармисыг хоолондоо үргэлж хэрэглэх, үр тариа болон үрийн тос, хийцтэй цай, ясны шөл зэргээр хий ядаргаагаа тайлах хэрэгтэй. Өглөө хий хөдлөх цагаар /үүрээр 03:40-07:40, үдэш 15:4019:40 цагийн хооронд/ бурамтай бүлээн ус уух, сүү цагаан идээнээс хонь сарлагийн сүү, тараг, шимийн архи зэрэг бүлээн шимтэй идээ ундаар хийгээ дарж, илчлэг бүлээн чадалтай идээ ундаар ходоодны хоол шингээх хүчийг тэтгэж байх хэрэгтэй. Сэрүүн хүнд чадалтай хоол ундыг хэрэглэвэл хий арвидаж, ходоодны шингээлт буурдаг.

Тиймээс аль болох тослог бүлээн чанартай шингэхэд хялбар бөгөөд шимтэй хоол ундыг хэмжээг нь тохируулан хэрэглэвээс тохиромжтой. Явдал мөрийн хувьд даарахгүй дулаахан байх, хүйтэн салхи бороонд даарч норохгүй, хэт өлсгөлөн болон нойргүйгээр удаан явахгүй, өлөн үедээ бие хэл сэтгэлээ хэт ачааллахгүй, удаан хугацаагаар гүйлгэж суулгаж болохгүй.

Мөн хэт их ярих, өтгөн шингэнээ хүчээр хааж хавчих, б элгийн ажлыг хэтрүүлэн хийх, сэтгэл санаагаа тогтворгүй байлгах зэрэг үйл хөдлөлөөр хий махбодь хямарч өвчин үүсдэг. Тиймээс зуны улиралд хоол хүнсэндээ бүлээн тослог чанартай шим тэжээлтэй шингэхэд хялбар хоол ундыг ходоодны шингээх хүч болон ходоодныхоо хэмжээтэй тохируулан хэрэглэх, даарахгүй дулаан байхаар цаг агаартаа тохируулан зохимжтой хувцаслах, шар тос, сүүлний тос зэргээр биеэ тослож иллэг хийж хийгээ дарах, сэтгэл санаагаа тогтуун тайван байлгаж, цэвэр агаарт гарч наранд биеэ ээх, цагтаа унтаж, бие хэл сэтгэлээ сайн амрааж байх хэрэгтэй. хоол унд, явдал мөрөө зөв тохируулж чадваас хий арвидах, ходоодны шингээлт буурах зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Намрын улирлын онцлог болон тохирох хоол унд, явдал мөр

Намрын улиралд /бич, тахиа сар/ зуны улирлын хүйтэн хур бороо, салхины хүч дарагдаж нарны илч дангаараа гарснаар сав ертөнцөд халуун мөн чанартай болдог.

Зуны нарны илчээр шар махбодь ихэссэн ч хур борооны сэрүүн чадлаар шар махбодь хөдөлж чадахгүй бие дотор хуралддаг. гадна ертөнцөд халуун болохын эрхээр хүний бие дотор шар махбодь арвидаж шар хөдөлдөг тул намрын улирлыг шарын улирал гэж нэрлэдэг. Зуны улиралд дорой байсан ходоодны галын илч бага багаар сайжирна. Энэ улиралд амтлаг, гашуун, эхүүн амттай, сэрүүн чадалтай хоол хүнсийг ходоодныхоо шингээх хүчтэй тохируулан хэрэглэх нь тохиромжтой.

Үхрийн мах, ямааны мах нь сэрүүн чадалтай тул бие дотор арвидаад байгаа шарыг хэвийн байлгахад тустай. намрын улиралд болон шар нь арвидсан хүмүүс сэрүүн чадалтай махыг хүнсэндээ хэрэглэх нь тохиромжтой. харин халуун, хурц, тослог амт чадалтай хоол хүнсийг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. ходоодны шингээх хүч сайжрах боловч мах, тос, архи зэрэг халуун, хурц, исгэлэн, тослог амт чадалтай зүйлийг хэтрүүлэн хэрэглэвэл шарын халуун бэлгэ чанартай нийлж элэг цөсний төдийгүй шарын олон төрлийн өвчин үүсэх нөхцөл болдог.

Хоол хүнсэндээ шинэ ногоо, зутан шөл, шинэ тараг, айраг, хар цай, буцалсан хүйтэн ус зэрэг сэрүүн хөнгөн чадалтай хоол хүнсийг тохируулан хэрэглэх нь зохимжтой. Явдал мөрийн хувьд халуунд хэт халах, биеийн хүчний ажил удаан хугацаагаар хийх, хүнд зүйл өргөх, барилдаж ноцолдох, гүйж харайх зэргээр биеийн хүчний ачааллыг хэтрүүлэх, хүчтэй доргилт авах, өдөр унтах, уурлаж бухимдах зэрэг үйл хөдлөлөөр шар махбодь хямарч өвчин үүсдэг.

Тиймээс намрын улиралд хоол хүнсэндээ сэрүүн хөнгөн чадалтай хоол ундыг ходоодны шингээх хүч болон ходоодныхоо хэмжээтэй тохируулан хэрэглэх, хэт халууцахгүй сэрүүн газар байж, биеийн хүчний ачааллыг хэвийн байлгаж, уурлаж бухимдахгүй бие сэтгэлээ тогтуун дөлгөөн байлгах хэрэгтэй. хоол унд явдал мөрөө зөв тохируулж чадваас шар арвидах, ходоодны шингээлт хэт сайжрах зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №07 (36)

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!