Нүдний үзлэгт тогтмол хамрагдах нь нүдний хараагаа сайжруулах, хараанд муугаар нөлөөлөх гэмтэл, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чухал арга юм. Алсын хараагаа сайжруулах бусад аргуудыг танилцуулж байна.
1. Чухал амин дэм, эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр авах
А, С, Е витаминууд, мөн цайр нь антиоксидант агуулдаг тул шар толбоны доройтлоос урьдчилан сэргийлдэг. Шар толбоны доройтол хэмээх эмгэг нь нүдний төвийн харааг алдагдуулдаг байна.
Эдгээр чухал тэжээллэг бодисоор баялаг хүнсэнд янз бүрийн өнгөт ногоо, жимс жимсгэнэ орно. Үүнд:
лууван
улаан чинжүү
брокколи
бууцай
гүзээлзгэнэ
чихэрлэг төмс
цитрус
Омега-3 тосны хүчлээр баялаг хулд загас зэрэг. Мөн нүдний эрүүл мэндийг сайжруулахын тулд маалингын үрийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
2. Каротиноидуудыг бүү мар
Энэ нь ургамлын пигмент бөгөөд бусад шим тэжээлийн бодисуудын нэгэн адил нүдний хараа сайжруулах түлхүүр юм. Эдгээр нь навчит ногоон ногоо, брокколи, цуккини, өндөгөнд агуулагддаг. Каротиноидууд нь хэт ягаан туяа, цэнхэр гэрлийг өөртөө шингээж, шар толбыг хамгаалах тустай.
3. Биеэ чийрэгжүүл
Биеийн тамирын дасгал хийж, жингээ хэвийн хэмжээнд байлгах нь зөвхөн гоё сайхан галбиртай харагдахад нөлөөлөхгүй. Энэ нь эрүүл байх, нүдний хараагаа сайжруулахад тустай юм. Илүүдэл жинтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог чихрийн шижингийн 2-р хэлбэр нь нүдний жижиг судаснуудад гэмтэл учруулдаг. Энэ эмгэгийг “чихрийн шижингийн ретинопати” гэж нэрлэдэг. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр судасны ханыг гэмтээдэг байна. Чихрийн шижингийн ретинопати нь нүдний торлог бүрхэвчийн маш жижиг артериудад нөлөөлж, алсын харааг муутгадаг аж.
Цусан дахь сахарын түвшинг тогтмол шалгаж, эрүүл чийрэг, хэвийн жинтэй байх нь чихрийн шижингийн 2 хэлбэр болон түүнээс улбаалсан олон хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.
4. Архаг эмгэгийг хянах
Чихрийн шижин нь таны хараанд нөлөөлдөг цор ганц эмгэг биш. Цусны даралт ихсэх, олон склероз зэрэг бусад эмгэгүүд нүдний хараанд нөлөөлдөг. Эдгээр нь архаг үрэвсэлтэй холбоотой бөгөөд эрүүл мэндэд олон хор хөнөөл учруулж болзошгүй юм. Тиймээс цусны даралтаа хянаж, ямарваа архаг өвчнийг цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоорой. Цусны даралт ихсэлтийг эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнөөр үр дүнтэй эмчлэх боломжтой юм.
5. Хамгаалалтын нүдний шил зүүх
Нар, салхинд гарахдаа зохих нүдний шилээр нүдээ хамгаалах нь чухал юм. Мөн ямарваа нэгэн ажил мэргэжлээс шалтгаалан хамгаалалтын шил зүүх хэрэгтэй. Тухайлбал, химийн бодис, хурц үзүүртэй зүйл, эсвэл модны үртэс, төмөр хэлтэрхий зэрэг нүдийг гэмтээх эрсдэлтэй орчинд ажилладаг бол хамгаалалтын нүдний шил зайлшгүй шаардлагатай. Поликарбонатын төрлөөр хийгдсэн хамгаалалтын шил нь бусад хуванцар шилнээс 10 дахин хатуу байдаг. Зориулалтын гэж байгаа нь ийм учиртай.
6. Нарны шил зүүх
Нарны шил нь зөвхөн үзэмж төдий биш юм. Нарны хурц туяанаас нүдээ хамгаалах нь нүдний хараагаа сайжруулах хамгийн чухал алхамуудын нэг юм. UVA ба UVB цацрагийн 99-100 хувийг хаадаг нарны шил сонгоорой. Нарны шил нь нүдийг гэмтээхээс хамгаалдаг. Мөн катаракт буюу нүдний болор цайх, шар толбоны доройтол, нүдний мах ургалт зэргээс сэргийлнэ. Зуны улиралд бүр малгай өмсөж нүдээ хамгаалаарай.
7. 20-20-20 дүрмийг баримтлах
Таны нүд өдрийн турш ажиллаад ядрах тул завсарлага авах шаардлагатай. Ялангуяа компьютер дээр удаан хугацаагаар сууж ажилладаг бол заавал завсаргалаг авах шаардлагатай. Ачааллыг багасгахын тулд 20-20-20 дүрмийг баримтлаарай.
Энэ нь 20 минут тутамд та компьютерээ ширтэхээ больж, 20 секундын турш 20 футын зайтай зүйлийг харахыг хэлнэ.
8. Тамхинаас гарах
Тамхи татах нь уушги, зүрхэнд хортой гэдгийг та бид мэднэ. Үүнээс гадна тамхи татах нь нүдэнд ч сөргөөр нөлөөлөх бөгөөд катаракт буюу болор цайх өвчин болон насжилттай холбоотой шар толбоны доройтол үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Тиймээс тамхинаас татгалзах нь нүд болон биеийн бусад бүх хэсэгт үрэвслийг намдаана.
9. Гэр бүлийнхнийхээ өвчний түүхийг судлах
Нүдний зарим эмгэг нь удамшлын шинж чанартай байдаг тул гэр бүлийн гишүүдийнхээ өвчний мэдээллийн түүхийг судлах нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад тусална.
Удамшлаас үүдэлтэй нүдний эмгэгт дараах зүйлс багтана.
глаукома
насжилттай холбоотой шар толбоны доройтол
оптик мэдрэлийн хатингаршил
10. Гар, линзээ цэвэр байлгаарай
Нүд нь нянгийн халдвар авахдаа амархан бөгөөд нүдийг цочроох зүйл нь хараанд нөлөөлж болно. Эдгээр шалтгааны улмаас нүдэндээ хүрэхээс өмнө эсвэл контакт линзтэй харьцахаасаа өмнө гараа заавал угаах хэрэгтэй. Эмчийн зөвлөсний дагуу контакт линзээ солих хэрэгтэй. Таны контакт линз дэх микробууд нь нүдэнд бактерийн халдвар үүсэх таатай нөхцөл болдог.
Эх сурвалж: healthline