Угаалтуур дүүрэн аяга таваг, бохир зүйлс, шалан дээр хөглөрөх эд зүйлс, хураагаагүй хөнжил, дэрнүүд, шүүгээний эмх замбараагүй байдал, хаа сайгүй ашиглагддаггүй олон тооны эд зүйлс …
Нийгэмд материаллаг соёлыг түгээн дэлгэрүүлж, материаллаг зүйлсээр хангагдсанаар бидний амьдрал илүү сайхан, аз жаргалтай болох мэт ойлголтыг өгдөг. Гэтэл энэ нь эргээд эмх замбараагүй байдал үүсгэн эрч хүч, энергийг барж, стресст хүргэдэг. Тиймээс ч сүүлийн үед олон хүмүүс минималист амьдралын хэв маягт шилжих болоод байна.
Бидний ихэнх нь алсдаа хэрэг болно байх, өнгөрсөн дурсамжаа хадгалах зэрэг олон шалтгааны улмаас хэзээ ч ашиглагдахгүй эд зүйлсийг хураах, цуглуулах хандлагатай байдаг. Энэ нь эргээд бидний оюун санаа, сэтгэл санааны дарамтыг нэмэгдүүлдэг байна. Маш олон хүмүүс ахуй, орчны эмх замбараагүй байдлын улмаас аз жаргалгүй байдал, стрессийг мэдэрдэг аж.

Замбараагүй байдлыг тодорхойлох нь:
Dictionary сайтын мэдээлснээр эмх замбараагүй байдал нь хэрэглэгддэггүй эд зүйлс олширсноос болж төөрөлдсөн нөхцөл байдал үүсэхийг хэлнэ гэжээ.
Гэсэн хэдий ч бодит байдал дээр эмх замбараагүй байдал гэдэг нь хэт олон биет объектоос өөр зүйл аж. Энэ нь таны оюун санаа, сэтгэлийн “ачаа тээш” -ийг хэлнэ.
Ихэнх нь эмх замбараагүй байдлыг биет, материаллаг зүйлтэй холбох гээд байдаг. Гэвч оюун санаа, сэтгэлийн эмх замбараагүй байдал нь үүнээс дутхааргүй орон зай эзэлдэг. Энэ бол хуучирсан хандлага, хортой харилцаа, муу зуршил юм. Эмх замбараагүй байдал нь таны илүү сайн дүр төрхийг үгүй хийдэг.
Хуучин зуршил, атаа хорсол, эргэлзсэн бодол, ойлгомжгүй харилцаа, санхүүгийн дарамт, хагарсан ваар, таарахаа больсон жинсэн өмд, эсвэл таны зохицуулах ёстой бусад зүйлс эмх замбараагүй байдлыг бий болгодог.
Эмх замбараагүй байдлын бусад жишээнд дараах зүйлс багтаж болно. Үүнд:
Зорилгогүй байдал
Эвдэрсэн эсвэл засах шаардлагатай зүйлс
Бохир заваан байдал
Зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байдал
Зогсонги байдал
Өөрчлөлт хийхэд хэцүү болсон гэх мэт
Эмх замбараагүй байдлын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Энэ бүх эмх замбараагүй байдал нь тодорхой сэтгэн бодох чадварт нөлөөлдөг бөгөөд таны эрч хүч энергийг барж, стресс үүсгэдэг.
Эмх цэгцгүй байдал нь ажлаа амжуулах, хэрэгцээтэй зүйлсээ олж авах, эмх цэгцтэй, үр бүтээлтэй, тайван амьдрахад саад учруулдаг. Өдөр бүр түлхүүрээ эсвэл өмдөө олох гэж хайран цаг заваа гарздах нь уурлаж бухимдах, стрессдэх шалтгаан болж улмаар өдөр тутмын энэхүү сөрөг энерги цаг хугацаа өнгөрөх тусам хуримтлагдаж хураагдсаар байдаг.
Ийм өчүүхэн зүйлс нь таны чухал ажилд, өөртөө анхаарал тавих цагаас хумсалсаар байдаг аж.
Хэт их эмх замбараагүй байдал нь:
Таны гэр цэвэр цэмцгэр, амрахад тухтай, аюулгүй орчин байх ёстой. Гэтэл биет зүйлсийн эмх замбараагүй байдал бий болсон үед тухгүй байдлыг мэдрүүлж, гэр орондоо байгаа мэдрэмж төрүүлэхгүй ч байж магад.
Эмх замбараагүй байдал нь таны нийгмийн амьдралд нөлөөлж болзошгүй юм.
Өрөө дүүрэн эд хогшил, эмх замбараагүй байдал нь иогоор хичээллэх, гар урлал хийх гэх мэт өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд саад болно. Нийгмийн амьдралд ч мөн нөлөөлнө. Тухайлбал, ганцаардал, дутуу дулимаг байдлыг мэдрэх, гэртээ зочин урихаас цааргалах гэх мэт.
Хэрэв хэрэггүй эд зүйлсээ хаяхад бэрхшээлтэй тулгарах, гэрт байгаа эд зүйлсдээ хэт их автсан мэт санагдвал таны амьдралд эмх замбараагүй байдал үүсссэн байх магадлалтай.
Эд зүйлсийг хураах нь эмх замбараагүй байдалд хүргэнэ
Эмх замбараагүй байдал нь хоосон орон зайг дүүргэхийн тулд илүү их материаллаг зүйл шаардах хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Заримдаа бид сэтгэл хөдлөлдөө автсан, ирээдүйд даатгасан, тэвчиж чадахгүй тийм олон зүйлээр хүрээлэгдсэн байдаг ч үүнийгээ анзаардаггүй. Ихэнх тохиолдолд өөрт үнэ цэнтэй гэж бодсон эсвэл ирээдүйд хэрэгтэй гэж үзсэн зүйлээ хадгалдаг.
Аливаа эд зүйлсийг хурааж, цуглуулах нь тухайн хүнээсээ шалтгаалан ялгаж салган, хаяж чадахгүй байгаагаар тодорхойлогддог. Зарим хүмүүсийн хувьд эд зүйлсээ цэгцлэхэд ихээхэн бэрхшээл үүсдэг бөгөөд улмаар өдөр тутмын амьдралын бараг бүх асуудалд нөлөөлдөг.
Хэрэггүй зүйлсийг хуримтлуулахын сөрөг үр дагавар
Таны хуримтлуулсан хэт их эд зүйлс нь галын аюул, эрүүл мэндийн дүрмийг зөрчих гэх мэт эрүүл ахуй, аюулгүй байдалд асуудал үүсгэдэг. Мөн харилцааны зөрчилдөөн, тусгаарлалт, хоол хийх, усанд орох гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадваргүй байдалд хүргэж болзошгүй юм.

Хуримтлуулахыг тодорхойлох нь:
Эд зүйлсийг хаяж чадахгүй байх
Эд зүйлсээ хаяхаар шийдэх үед сэтгэлийн түгшүүр мэдрэх
Эд зүйлсээ зохион байгуулахад бэрхшээл үүсэх
Эд зүйлсийн тооноос үүссэн сэтгэлийн зовиур
Бусад хүмүүс таны хаясан эд зүйлсэд хүрэх вий гэдгээс цээрлэсэн
Ирээдүйд хэрэгцээтэй болох вий гэж бодох
Гэр бүлийн маргаан, санхүүгийн бэрхшээл гэх мэт үйл ажиллагааны доголдол
Гэрт эмх замбараагүй нөхцөл байдал үүссэн тохиодол бүр хуримтлуулах, цуглуулахаас үүдэлтэй биш. Гэхдээ сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярихын тулд эхлээд хэрэггүй эд зүйлсийг хуримтлуулах асуудлын талаар ярихгүй байхын аргагүй.
Таны амьдралаас эмх замбараагүй байдлыг арилгах арга
Бид эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд хийх ажлын жагсаалт гаргах, зохион байгуулалт, өөрчлөлтийн дагуу хогийн саванд хийхийн тулд хэдэн цаг, өдөр, эсвэл хэдэн долоо хоног зарцуулж болох боловч энэ нь бидний оюун санаа, сэтгэл зүйн байдлыг сайжруулахад тус болохгүй байж магадгүй. Яагаад?
Энэ нь “эд зүйл” -ийн тухай биш харин яагаад тэр “зүйл” байгаа юм бэ гэсэн далд шалтгаануудын тухай юм?
Та сөрөг сэтгэл хөдлөлөө барьж байна уу? Та дурсамжаа хадгалахыг хичээдэг үү?
Энэ нь таны оюун санааны орон зай эмх замбараагүй байдалд нөлөөлж байгаагийн илрэл.
Эмх замбараагүй байдлыг арилгахаас өмнө өөрөөсөө асуух асуултууд
Яг одоо таны амьдралд юу сайн үр нөлөөтэй байна вэ, ямар бэрхшээл тулгарсан бэ?
Таны санааг зовоож байгаа зүйл юу вэ?
Энэ замбараагүй байдал нь таныг урагшлахад хэрхэн саад болж байна вэ?
Таны зорилгод нийцэхгүй эмх замбараагүй байдал байна уу?
Та эмх замбараагүй байдлаас ангижрах талаар бодож үзсэн үү?
Хэтэрхий олон зүйлээс болоод санаа зовдог уу?
Эмх замбараагүй байдлыг арилгахын тулд хийх эхний алхам юу вэ?
Гэртээ байгаа эмх замбараагүй байдлыг арилгах 6 алхам
Таны амьдрах орон зайг цэгцтэй болгх зургаан арга замыг дор дурьдав.
Хогоо хая
Гэрийнхээ бүх өрөөгөөр явж, цаас, хэрэглэдэггүй гоо сайхны бүтээгдэхүүн, хугацаа нь дууссан хоол, эвдэрч гэмтсэн хэрэгслийг хая. Та ашигладаггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь өгөх эсвэл дахин боловсруулж болно.
Багасгах, дахин боловсруулах
Хэрэв танд таарахгүй хувцас, хэзээ ч өмсдөггүй гутал, хэтэрхий их зай талбай эзэлдэг тавилга сэлт байвад бусдад хандивлаж, зарж борлуулж болно. Шүүгэнд чинь огт өмсөөгүй хувцас байгаа бол таарах нэгэнд нь бэлэглэж болно.
Шүүгээн дэх хувцсаа улирлаар нь ялгах
Замбараагүй шүүгээ нь хувцас хадгалах орон зайг багасгадаг. Тиймээс хувцсаа улирлаар нь ангилж, хайрцганд хийж хадгалж болох юм. Ингсэнээр юу өмсөхөө сонгоход илүү хялбар болно.
Олон зүйл худалдаж авахаас зайлсхий
Гэртээ эмх замбараагүй байдал үүсгэхээс зайлсхийхийн тулд тухайн нөхцөл байдалд зайлшгүй хэрэгцээтэй зүйлсээ худалдаж аваарай. Дараа хэрэг болно гэж бодох хэрэггүй. Дэлгүүр хэсэх нь сэтгэл санааг тайвшруулж, баяр баяслыг нэмэгдүүлдэг ч хэрэгцээгүй бараа, ашиггүй худалдан авалт хийхэд хүргэж магадгүй. Бусдад бэлэг сонгохдоо ч мөн маш сайн бодох хэрэгтэй. Харвардын Бизнесийн Сургуулийн маркетингийн дэд профессор,”Happy Money: The Science of Smart Spelling” номын зохиолч Майкл Нортон “Бусдад мөнгө бэлэглэх нь илүү аз жаргалтай болгодог гэдгийг бид судалгаагаараа харуулсан” гэжээ.
Өдөр бүр хөнгөн цэвэрлэгээ хийх
Өдөрт 10 минутыг хөнгөн цэвэрлэгээ хийхэд зарцуулахыг хичээгээрэй. Тоосоо соруулж, угаалтуур дахь аяга, шаазангаа угааж цэгцлээрэй. Дор бүрдээ цэвэр цэмцгэр байдлыг бий болгосноор таны цагийг хэмнэх болно. Энэ нь гэртээ зочин ирэхэд санаа зовохгүй байх, гэртээ тавтай тухтай байх боломжийг нэмэгдүүлж, байнга цэвэр цэмцгэр байдлыг бий болгох дадлыг хэвшүүлнэ.
Эмх цэгцийн философи
Зорилго нь байгаль орчин, аж амьдрал болон таны хүрээлэн буй орчны хоорондох тэнцвэр, амар амгаланг бий болгох явдал юм. Өрөө бүрт төвлөрсөн цэг буюу ихэнх цагаа өнгөрүүлдэг хэсэг бий. Тухайлбал, зочны өрөөнд буйдан, гал тогооны өрөөнд зуух, унтлагын өрөөнд ор гэх мэт. Ор нь танд зориулагдсан бөгөөд ширээ нь таны карьерын үргэлжлэл, зуух нь таны эд баялаг, шим тэжээлийг илтгэнэ.
Оюун санааны эмх замбараагүй байдлыг арилгах
Сайн сайхан байдал, амьдралын чанараа сайжруулахын тулд сэтгэл, оюун санааны эмх замбараагүй байдлыг арилгах хэрэгтэй. Ингэхийн тулд дараах аргуудаас туршаад үзээрэй.
Цэвэрлэгээ: Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн урсгалаас түр ч атугай тусгаарлаж, дэлгэцийн цагаа багасгаарай.
Дэмжлэгийн системийг хүчтэй байлга: Таныг дэмжиж буй найз нөхөд, гэр бүлийнхэн таны амьдралд үнэхээр чухал тул тэдэнтэй ойр байж, итргэж найд. Хэрэв таны амьдралд сөрөг энерги үүсгэдэг хүн байх аваас зайгаа барих хэрэгтэй. Хортой харилцаа бол оюун санаанд эмх замбараагүй байдлыг үүсгэдэг хамгийн том дарангуйлагчдын нэг юм.
Эрүүл амьдралын хэв маяг: Өдөр бүр дасгал хийх, сахар, боловсруулсан хөнгөн зуушнаас татгалзах, их хэмжээний ус уух, архи, кофейны хэрэглээг хязгаарлах, тохирсон цагт унтах хэв маягийг хэвшүүлэх гэх мэт.
Эх сурвалж: Verywellhealth