₮ 0

No products in the cart.

Б.Эрдэнэбулган: Дөрвөн асуудалд анхаарснаар хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэж би боддог

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, Хөхний эрүүл мэндийн төв төслийн удирдагч, Токүшимагийн их сургуулийн доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа. Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын эмчилгээгээр мэргэшсэн тэрбээр Хавдар судлалын үндэсний төвд 2010 оноос хойш найман жил ажиллахдаа 18 мянга гаруй хүнд үзлэг, тусламж, үйлчилгээ, үзүүлж, хавдартай 1700 орчим иргэнд судсан дотуурх мэс засал, эмчилгээ хийжээ.

Тэрбээр хавдар хэрхэн үүсдэг талаар зомбины жишээгээр тайлбарласан юм. Биеийн нэг эс мутацид орсноор бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаж дэргэдэх эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг байна. Ийнхүү зомби хүнийг хазсан үед халдварлаад дахин зомби болдог шиг нэг эс бусад эсдээ халдвар тарааж явсаар эдийн түвшинд хүрэхэд хавдар болдог ажээ. Хортой болон хоргүй хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй бөгөөд хавдраас өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой. Энэ талаар болон хавдрын өвчлөл Монгол Улсад буурахгүй байгаа дөрвөн шалтгааны талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

-Судалгаагаар Монгол Улсын хавдрын өвчлөл 2025 он хүртэл буурахгүй гэсэн тооцоолол гарсан байна. Мөн бусад төрлийн хавдраас илүү элэгний хавдрын өвчлөл нэмэгдэж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ. Хавдрын өвчлөлийг бууруулахад юунд анхаарах ёстой вэ?

-Монгол Улс дараах дөрвөн асуудалд анхаарснаар хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэж би боддог. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Тухайлбал, Японд шүдээ хэрхэн угаахыг сургуулийн насны хүүхдүүдэд өдөр бүр заадаг.

Япон хүн хаана ч, хэнд ч анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай байдаг. Тус улсад эрүүл мэндийн боловсролыг нэг улирал заах бус нас, насанд нь тохируулж улирал бүр, давтамжтай зааж сургаж байна. Нэг удаа зааж сургаад бүрэн мэдлэг чадварыг эзэмшүүлж чадахгүй. Бид энэ системээс суралцаж байж үр дүнд хүрнэ. Хүүхдүүдийг багаас нь эрүүл мэндийн боловсролтой иргэн хүн болгон төлөвшүүлэх нь чухал.

Дараагийнх нь, хоол хүнс тэжээлийн чанарт анхаарах ёстой. Монгол Улсад өнөөдөр хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл утгаараа алдагдсан. Жишээлбэл, Ховд аймгийн хэдэн хүүхэд тарвас идээд хордсон тохиолдол гарч байсан.

Худалдаачид тарвасаа хурдан борлуулахын тулд шифризээр тарвас руугаа бодис тарихдаа химийн тунг нь ихдүүлсэн гэсэн. Энэ мэт бизнесийн ашиг сонирхол харсан байдал газар авч, хоол хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөн хоол судлал ч манай улсад хаягдсан салбар шинжлэх ухаан болчихлоо. “Nutrition” гэдэг зүйл хөгжчихсөн газар иргэд нь ч энэ талаар мэддэг, эрдэм шинжилгээг ч өндөр төвшинд хийсэн байдаг.

Уг нь монголчууд хувцас хэрэглэл, хоол хүнсний хувьд гайхалтай соёл уламжлалтай ард түмэн. Жишээлбэл, зуны цагт мах идэхгүй цагаан идээ, борц хэрэглэдэг. Орчин үед долоо хоногийн 24 цагт бүтэн жилээр мах хэрэглэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ходоодны боловсруулалт, шингээлт хийх эсийн үйл ажиллагаа байнга ачаалалтай ажиллаж байна гэсэн үг.

Хэвийн горимоороо бус хэт их ачаалалтай ажиллаад ирэхээр нэг бол ядарна сульдана, дутагдалд орно эсвэл мутацид орно. Мутацид орно гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хэлбэр дүрс, үйл ажиллагаа нь хэвийн бус болно гэсэн үг. Эдгээр эс хэвийн үйл ажиллагаа явуулж чаддаггүй ба сүүлдээ хүнийхээ эсрэг ажиллаж эхэлдэг.

Түүнээс гадна, зан үйл буюу шашны асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Харин эцэст нь, эмчилгээ, оношилгооны чадамж. Энэ дөрвөн зүйл сайжирч байж хавдрын өвчлөл буурна. Тэгэхгүй бол хэдэн ч сайн эмнэлэг бариад, гадаад, дотоодод сайн эмч бэлтгэж дэмжээд хавдрын өвчлөл төдийлөн буурахгүй.

-Хавдрын өвчлөлийг бууруулахад иргэдийн зан үйл болон шашны хандлагад анхаарах ёстой гэж та хэллээ. Энэ нь яг ямар учиртай вэ?

-ХСҮТ-д ирсэн өвчтөн шинжлэх ухаанчаар эмчилгээ хийлгэлгүй лам, бөөгөөр явж улам хүндрүүлдэг харамсалтай жишээ олон бий. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байна.

Манай иргэд өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Эмч, эмнэлгийн байгууллага нь угтаа бол өвдөхөөс урьдчилан сэргийлдэг байгууллага байх нь хамгийн чухал юм. Иргэн хүн та ч үүнээс урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх арга хэмжээ авах ёстой.

• Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй. 

• Идэж буй хоол, хэрэглэж буй хувцас, эд зүйлээ анхааралтай сонгоорой.

• Хавдрын төгс эмчилгээ нь тодорхой хэмжээнд мэс хүргэж байж эмчлэгддэг гэдгийг ойлгох ёстой.

Би нэг чихрийг задлаад хуваагаад тус, тусад нь эмийн саванд хийгээд үүнийг идвэл танд тулгараад буй асуудал шийдэгдэнэ гэж хэлье. Жишээлбэл зүрх судасны өвчинтэй хүнд үүнийг идвэл цус шингэрнэ гэж хэллээ гэж бодъё. Харин жинхэнэ мөн чанарыг мэдэхгүй идчихээр сэтгэл зүйн хувьд тайвшрах ч юм уу эсвэл стресс бага зэрэг арилах байдал үүснэ. Гэтэл өвдсөн хүний сэтгэл зүй гэдэг асар эмзэг байдаг. Хаана, хэн, юу сайн гэж хэлнэ, шууд итгэхэд бэлэн. Энэ нь өвчтөний буруу биш. Тэгээд сайн гэсэн болгон руу хошуурна. Энэ нь эргээд эрүүл мэндийн боловсролтой ч холбоотой.

Өвчин юунаас үүсдэг, хэрхэн эмчилдэг вэ гэдгийг мэдэхгүй бол буруу сонголт хийх магадлал өндөр. Сүлжээний бизнес болон шинжлэх ухаанч биш хануур, төөнүүр, бариа, засал, энерги эмчилгээ хийлгэж эдгэрэх боломжоо алдаж байгаа олон хүнийг хараад харамсдаг, бухимддаг.

Тэр хилэнцэт хорхойн бүтээгдэхүүнийг хавдарт онц нөлөөлөх эмчилгээ мөн гэдгийг хаана ч батлаагүй. Гэхдээ өндөр үнэтэй. Иймэрхүү зүйлд итгэж хагалгаа хийлгэхээс зайлсхийж, түгшиж нөгөө зүйлдээ итгээд хоёр, гурван сар явдаг. Гэтэл энэ тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх хугацаанаас нь хороогоод өвчин улам хүндэрдэг.

Эцэст нь, эргээд эмнэлэгт л ханддаг. Үнэн чанартай ямар ч нөлөөгүй сүлжээний бизнест итгэж хөрөнгө мөнгө, боломж цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирдог. Ерөөсөө хавдрын төгс эмчилгээ нь тодорхой хэмжээнд мэс хүргэж байж эмчлэгддэг гэдгийг ойлгох ёстой.

-Хавдрын талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй энгийн хүнд зориулан “Хавдар хэрхэн үүсдэг вэ” гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Би оюутнууддаа хавдрыг зомбитой киногоор зүйрлүүлж тайлбарладаг. Зомби хүн дүрстэй боловч бие болон сэтгэхүй нь өөрчлөгдчихсөн байдаг. Тэгээд л түүнд хазуулсан хүн бас зомби болно. Хавдар гэдэг яг л ийм үйл явц.

Нэг эс мутаци болж бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр хажуу дахь эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг. Өөрөөр хэлбэл, яг өөр шигээ болгоод байна гэсэн үг. Нэг эс нь явсаар байгаад эдийн төвшинд хүрэхэд тэр нь хавдар болно. Яг тэр эсийн төвшинд нь оношлох боломж Монголд байхгүй. Эд болсон хойно нь буюу хүний харах, мэдэгдэх хэмжээнд болоход нь оношилж байна гэсэн үг.

Монголчуудын хүнсний  хэрэглээний хувьд бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсдэг. Энэ нь Монгол улсад элэгний хавдар түгээмэл тохиолдож байгаагийн нэг шалтгаан.

Зомбитой кинон дээр зомби нь олуулаа болоод ирэхээр хотоо нураагаад, цаашлаад улсаа нураадаг. Яг үүнтэй ижил эсүүд нийлээд эдийн түвшинд том болж, олон болоод тухайн эрхтний үйл ажиллагааг алдагдуулдаг. Цаашид организмуудын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Жишээ нь элэг гэдэг эрхтэн хавдраар өвчиллөө гэхэд зэргэлдээ нь ходоод, нойр булчирхай зэрэг хэвлийн эрхтнүүддээ үсэрхийлж тархдаг. Үүнийг анагаахын хэллэгээр тайлбарлавал иргэдэд улам ойлгомжгүй болох тул энгийн байдлаар ойлгуулах нь чухал юм.

Тэгэхээр монголчууд бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсдэг гэсэн үг. Бид өөрсдийн уламжлалт хоолны соёлоо сэргээж, зундаа ходоодоо амраах хэрэгтэй. Одоо ч зуны улирал ирж байна. Өвлийн цагт өөх болон мах зэрэг калорилаг, уургалаг зүйлээ хэрэглэх ёстой. Бидний өвөө эмээгийн үед өвлийн идшиндээ аль болох мах хэрэглээд, хавар дуусахаар нь улай (мал гаргахгүй) хийхгүй, өсгөхийг боддог. Тэр хугацаандаа цагаан идээгээ хэрэглэчихдэг. Өвлийн идэшнээсээ тодорхой хэмжээгээр авч борцлоод тэрийгээ зундаа бас хэрэглэдэг байлаа. Бид чинь хоол хүнсний өндөр соёлтой ард түмэн шүү дээ.

-Хавдраас сэргийлэхийн тулд хүмүүс өдөр тутамдаа хэрэгжүүлэх дадал, зөвлөмж санал болгож болох уу?

-Орчин үед бид хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ химийн найрлагыг анзаарах ёстой. Австралийн нэрт эрдэмтний лекцэнд сууж байхад хүнсний ногоог сонгож авахад хэлбэр хэмжээ төдийгүй үнэр, өнгийг нь хүртэл анзаарч анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нь томорсон, байх ёстой хэлбэрээ алдчихсан байдаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд шууд нөлөө үзүүлэхгүй. Харин удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд өөрчлөлт үзүүлдэг.

Жишээлбэл, 1990 оны ихээр АНУ-д түргэн хоолны хэрэглээ маш эрчимтэй өссөн. Энэ үед шарсан тахианы хэрэглээ нэмэгдсэн учир үйлдвэрлэгчид эрэлтийг нь бүрэн хангаж чадахгүй болсон. Тиймээс тахиаг хурдан хугацаанд таргалуулах тариа хийж эхэлсэн.

Одоо АНУ-ын иргэд гуяараа илүү таргалалттай байхын хажуугаар эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар улам ихэссээр байгаа нь дээрх гормоноор бордсон хоол хүнстэй шууд холбоотой юм.

Монголд энэ талаар нарийн судалгаа хийгээгүй хэдий ч хадгалалт удаан даадаг жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, хятадын зарим хүнсний бүтээгдэхүүн гээд химийн найрлага орсон бүхэн л хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн хорт зуршил архи тамхи хавдар үүсэхэд нөлөөлдөг.

Хүнсний аюулгүй байдалд уул уурхай ч нөлөөлж байгаа. Алтны ордод ашигласан усыг шууд гол руу цутгаж байна. Түүнийг нь мал ууснаар мах нь бохирдоно. Тэгээд тэр малын махыг хэн идэх вэ. Бид бүгдээрээ л иднэ. Ийм махыг байнга хэрэглэснээр хорт хавдрын өвчлөл үүсэх эрсдэлийг маш өндөр болгодог. Ингээд яриад байвал дуусахааргүй олон жишээ, сэрэмжлүүлэг хэлж болно.

Эцэст нь хэлэхэд химийн элементийн орц ихтэй эсвэл генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа идэх, хоёр удаа идэх, арван удаа идэх нь хорт хавдрын шалтгаан болохгүй. Харин байнга, тогтмол хэрэглэдэг бол хавдрын шалтгаан болно гэдгийг анхааруулмаар байна. Тиймээс идэж буй хоол, хэрэглэж буй хувцас, эд зүйлээ анхааралтай сонгоорой.

-Ярилцсанд баярлалаа.

“Засгийн газрын мэдээ” сонин

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...