Тогтсон дэг журам бол тав тухтай байдал. Бидний тархи аливаа асуудлыг урьдчилан таамагладаг. Цаашид юу болохыг мэдэх нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд тохь тухтай байдал хэрэгтэй бөгөөд тодорхой тогтсон дэглэм, дадал зуршил үүнд чухал нөлөөтэй.
Тархи жижиг хэмжээтэй ч гэсэн маш их энерги зарцуулдаг бөгөөд өдөр тутмын нийт энергийн 20-25 хувийг ашигладаг. Тиймээс бусад үйл ажиллагаанд зарцуулах энерги бага байх нь тархинд ашигтай.
Аливаа үйл ажиллагаанд зарцуулах цаг хугацаа, энергийг багасгах хамгийн сайн арга бол дадал зуршил, дэглэм бий болгох. Та тухайн цаг хугацаанд юу хийхээ мэдэхгүй бодолд дарагдахын оронд дараа юу хийх, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулах боломжтой юм.
Ийм хоёр шалтгааны улмаас та ердийн дэглэмээ үргэлжлүүлж болно. Гэхдээ илүү сайжруулах шаардлагатай эсэх талаар бодож үзээрэй.
Хүмүүс аливаа зүйлийг хийхдээ төлөвлөхөөс илүүтэй ердийн хэв маягаар явахыг илүүд үздэг бөгөөд ингэхдээ илүү хялбар шийдлийг анзаарахгүй байх тохиолдол бий.
Тогтсон дэг журмаа бага зэрэг өөрчлөн илүү үр дүнтэй болгох гурван аргыг танилцуулья.
Илүү сайн хувилбарыг сонго
Өдөр тутмын ажилд асуудал үүсгэдэг нэг зүйл бол ажлын байран дахь технологитой харьцах харилцаа. Бид ихэнх гараар хийдэг процессуудыг автоматжуулж, цахимаар шийддэг болсон.
Жишээлбэл, эрдэм шинжилгээний ажилтан бол баримт бичиг, бүтээлдээ бүх эх сурвалж, номзүйн жагсаалтаа гаргах гэж алдаагаа дахин дахин хянаж, хэдэн цаг (эсвэл хэдэн өдөр) зарцуулдаг байсан бол одоо цахим хэрэгслийг ашиглан хэдхэн товчлуур дарахад хангалттай болсон цаг үе.
Тиймээс ашиглаж хэвшсэн арга барил, хуучин програмтайгаа зууралдаж суухын оронд технологийн ахиц дэвшлийг ашигла. Илүү хялбар, илүү боловсронгуй болгох, таны цаг завыг хэмнэх олон боломж, шийдлүүд байгаа л байх.
Нөхцөл байдалдаа тохируул
Таны баримталдаг тогтсон хэв журмууд анхандаа маш сайн нөлөөтэй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам асуудал болж магадгүй. Үүний сонгодог хувилбар бол и-мейлтэй харьцах. Бид цөөн хэдэн чухал мейлийн хүлээн авахын тулд байнга мейлээ шалгаж, уншдаг зуршилтай болсон байдаг. Анх мейл хаяг нээсэн 1980-аад оны сүүл үед хүлээн авах мейлүүд чухал байсан байж болно.
Харин цаг хугацаа өнгөрөх тусам хэрэгтэй хэрэггүй и-мэйлийн тоо эрс нэмэгдсэн. Улмаар энэхүү зуршил нь ажлын бүтээмжийг бууруулж, цаг хугацааг хумсалсаар байдаг.
Ажил, амьдралын өөрчлөлтөөс улбаалан дэглэм ч бас өөрчлөгдөнө
Таны карьер өсөх тусам дадал нь анх ажилд орж байсан үеэсээ тэс өөр болж болно. Жишээлбэл, техникийн ажилд мэргэшсэн олон хүмүүс өөрсдийгөө менежер гэж үздэг. Тэдний үүрэг хариуцлага нь техникийн асуудлыг шийдвэрлэхээс хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд шилждэг байна.
Хариуцлага өөрчлөгдсөн ч гэсэн таны баримталдаг дэг журмууд тийм ч хурдан өөрчлөгдөхгүй байж магадгүй. Тухайн дэг журмууд өнгөрсөн цагт тустай, эерэг нөлөө үзүүлдэг байсан бол та өсөж дэвжин өөчлөгдөхийн хэрээр үр нөлөө нь буурна. Жишээлбэл, техникийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхдээ асуудал гарахаас сэргийлж, алдаагаа түргэн засч залруулахын тулд зураг төсөл, үйл явцыг сайтар шалгах нь чухал.
Харин удирдах үүрэгт шилжиснээр та бусдад хэрхэн үр дүнтэй ажиллах талаар заавар, зөвлөгөө өгнө. Таны үүрэг өөрчлөгдөж байна гэсэн үг. Та урьдын дадлаараа, багийнхныхаа алдааг анзаарсан бол урдуур нь орж засаад байж боломгүй. Харин тэднийг өөрсдөө алдаагаа олж харах, засч залруулах хугацаа олгох, зааж сургах шинэ хэрэгцээ шаардлагатай тулгарна. Үүний дагуу танд тогтсон хэв маягаа өөрчлөх шаардлага ч тулгарах нь гарцаагүй.
Үнэлгээ хийх нь ямар ач холбогдолтой вэ?
Хэдэн сар болоод өөрийн баримталдаг дэглэм, хэвшлийг үнэлэх нь зүйтэй. Хамт ажилладаг хүмүүсээсээ ашигладаг програмуудынх нь талаар асуу, өөр боломжит хувилбаруудыг судал. Гол, чухал ажлуудад зарцуулсан цаг хугацаагаа хянаж, даалгавар болон цаг хугацааны уялдаа холбоо, зорилтуудын ач холбогдол, гол зорилгод нийцэж байгаа эсэхийг шалгаарай. Амжилтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг одоогийн байр суурийнхаа талаар бод. Зорилгодоо хүрэхийн төлөө ямар алхам хийж байгаагаа мэдэхийн тулд өөрийн хэвшлийг ажигла.
Өөрчлөлт нь эхэндээ таагүй мэдрэмж төрүүлж болно. Нэг өдрийн дотор л бүх асуудал шийдэгдчих мэтээр бүү бодоорой. Тодорхой хугацааны дараа шинэ хэвшил, дэглэм нь үр дүнгээ өгч эхэлнэ.