LOADING

Type to search

Ухаарахуй

Г.Энхжаргалан­: Өнгөрсөн зүйлд шанал­лаа, харамслаа гээд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй

Share

Сүүлийн үед монголчууд стресс, бухимдалд өртөх нь ихэссэн. Гэвч ийм өвчтэй хүмүүс хаана хандаж, ямар эмчилгээ хийл­гэхээ төдийлөн мэд­дэг­гүй. Тиймээс  энэ удаа­гийн дугаартаа   Сэтгэл суд­лалын үн­дэсний төвийн сэтгэл судлаач Г.Энхжаргалан­тай стресс, бухимдлын та­лаар ярилцлаа.

-Хүн өөрийгөө стресст орж байгаагаа яаж мэдэх вэ?

-Стресс нь сэтгэл зүйн ачаалал болдог. Бидэнд стресс үүсгэх хүчин зүйлүүд тодорхой хэмжээнд хуримтлагдаад ирэхээр сэтгэл зүй, бие физиологи болон нийгмийн гэсэн үндсэн гурван байдалд тодорхой шинж тэмдэг илэрдэг. Сэтгэл зүйн хувьд  цаг ямагт нойрмоглох, уур хүрэх, сэтгэлээр унах, гутрах, өөртөө итгэх итгэлээ алдах зэрэг сөрөг мэдрэмж, реакц үүсдэг.

Бие физиологийн хувьд даралт ихсэх, нойргүйтэх, хоолны дур буурах зэргээр өдөр тутмын амьдралын тэнцвэрт байдал алдагдаж эхэлнэ. Нийгмийн хувьд ажил үүрэгтээ амжилт бүтээл гаргахаа болих, харилцаан дээр зөрчил үүсэх гэх мэтээр сөрөг үр дагаврууд илэрдэг.

-Иймэрхүү шинж тэмдэгтэй хүмүүс олонтаа тохиолддог. Даамжирвал юунд хүргэх вэ?

-Эдгээр нь “ажлын стресс” үүсгэх гол шалтгаан болдог. Үүний улмаас хүний ажлын бүтээмж буурч, ажилдаа гаргах ахиц удааширдаг. Улмаар хамт олонтойгоо маргалдах, үл ойлголцох зэрэг нөхцөл байдал учирч болно. Ямар ч хүн өөрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн төлөө эрмэлздэг. Гэвч үүнийхээ төлөө ажлаа хийхээс илүүтэйгээр ша­налж, санаа зовсноор улам хүнд байдалд орох нь элбэг.

-Тэгвэл стресст орохгүй байхын тулд яах ёстой вэ?

-Хамгийн чухал нь “Хэрэв энэ бүхнийг даван туулж чадвал танд илүү боломж нээгдэнэ” гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй. Стресс нь хүний сэтгэхүй, мэдрэмжээс хамаардаг учраас тэдгээр сөрөг хандлагыг төрүүлж буй хүчин зүйлийг ялан дийлж чадвал стресстэхгүй.Та өөрийн стрессээсээ хурдан ангижирч чадвал илүү чадавхижиж байна гэсэн үг.

-Тухайн хүний хийж буй ажил стресст өртөх магадлалыг нэмэгдүүл Тухайлбал оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илүү их дарамттай байдаг гэдэг?

-Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс мэдрэлийн ядаргаанд өртөх нь элбэг. Учир нь тухайн хүн ажлаа хийхдээ тархиа байнга ажиллуулж, түүнийхээ хэрээр өөртөө сэтгэл зүйн ачаалал үүсгэдэг. Энэ нь хүний сэтгэц, сэтгэл зүйтэй шууд холбоотой.

Харин биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хүлээн авч буй ачааллаасаа хамаараад бие махбодын хувьд л илүү их ядардаг. Иймээс биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүс сэтгэл зүйн хүндрэлд орох нь харьцангуй бага.

Хэрэв тухайн хүн ажлаа хийхээ зогсоовол булчингийн үйл ажиллагаа зогсож, амралтын байдалд шилжинэ гэсэн үг. Энэхүү хоёр хөдөлмөрийн алжаал ядаргаа тайлагдах хэлбэр нь өөр. Гэхдээ тухайн ажлыг гүйцэтгэж дууссан тохиолдолд сэтгэхүй болон бие амарч болно.

Оюуны хөдөлмөр гэдэг тархийг тасралтгүй ажиллахад хүргэдэг учраас ажил үүргээ хийж дууссан хэдий ч ямар нэгэн байдлаар сөрөг бодол дүгнэлтийг өөртөө үүсгэж байвал стресстэж байгаагийн илрэл. Хүн ихэвчлэн өөрт тулгамдаж буй асуудлуудыг бусдад хамруулан, бусад руу тулгадгаас ажил хийснээсээ илүү ядардаг.

-Ядаргаа тайлах хамгийн шилдэг арга юу вэ. Хүмүүс агаар салхинд гарч, эсвэл сайн унтах зэргээр амардаг ч алжаалаа бүрэн тайлж чаддаггүй?

-Мэдрэлийн ядаргааг тайлах хамгийн энгийн зөвлөгөө бол хүн өөрт байгаа ачааллаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. Өөрийгөө зөв зохион байгуулалттай болгож, аливаад хандах хандлагаа өөрчилж сурах нь чухал.

Хүмүүст ажиглагддаг нийтлэг нэг дутагдал нь бүх зүйлийг өөртөө дэндүү хүнд, хэцүү байдлаар тусгаж авдаг. Тэр зүйлийнхээ бэрхшээлтэй талыг л олж харахаас биш яаж шийдэх вэ гэсэн асуултыг өөртөө төдийлөн тавьдаггүй нь харамсалтай. Нэгэнт л асуудал тулгамдсан түүнийг бол нэг бол даван туулна, эсвэл юу ч хийлгүй дэмий шанална. Үүнийг хүмүүс мэддэг хэрнээ өөртөө байнга сануулж чаддаггүй.

Хүн бүрийн амарч алжаалаа тайлах байдал өөр. Зарим хүн амрахаараа маш удаан унтдаг. Гэхдээ хэт их унтах нь тархинд сэрүүн байдгаасаа илүү ачаалал өгдөг. Хүн аливааг хэт ихдүүлснээрээ  бус өдөр тутам хэвшүүлсэн тэр горимоор нь үргэлжлүүлснээр амралт болж чаддаг.  Та ажлын өдөр хэдэн цагт босоод хэдэн цагт унтдаг тэр байдлаа амралтын өдөр ч мөн үргэлжлүүлж чадвал өөрийн амралтаа олж чадна.

-Хүн өөрт тохиолдсон эвгүй явдлыг байнга санаж, түүнээсээ болж шаналах нь бий. Энэ нь стрессийн нэг хэлбэр мөн үү?

– “Гештальт” гэдэг сэтгэл судлалын салбар бий. Энэ нь “Өнгөрсөн болон ирээдүй гэж байдаггүй. Зөвхөн одоо гэж байдаг” хэмээн үздэг. Өнгөрсний үр дүн бол одоо. Одоогийн үр дүн бол ирээдүй. Үүнтэй адилхан хүн яг одоогийн цаг үедээ л төвлөрөх хэрэгтэй.

Өнгөрсөн зүйлд шанал­лаа, харамслаа гээд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй. Ирээдүйд санаа зовж, таамаглал дэвшүүллээ гээд юу ч цагаасаа урьдчилж болохгүй. Хэрвээ бодож байгаа зүйлсээ ирээдүйд хийхийг хүсвэл одооноос эхэл. Яг одоо юу хийж байгаагаас ирээдүй чинь тодорхойлогдоно.

-Хүнийг гаднаас нь хараад стресст орсныг нь мэдэж болох уу?

-Гаднаас нь хараад стресстэй байна гэж тодорхойлоход хэцүү. Хүн ямар ч байж болно. Угаасаа бухимдуу хүн байдаг. Гэнэт уурладаг хүн ч бий. Хүлээн авч буй эерэг, сөрөг хандлагаас шалтгаалаад хүмүүс харилцан адилгүй хариу үзүүлдэг.

Хүн стресстсэн тохиол­долд ихэвчлэн ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдах, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Сүүлийн үед эрчүүд сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандах нь олширлоо гэх юм. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгэл зүйн талаасаа ямар ялгаатай байдаг вэ?

-Ерөнхийдөө эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог, аливаад хандах хандлага, эрхэлж буй ажил алба, хийж буй үйл ажил­лагаа зэргээс шалт­гаалж өөр байдаг. Эрэгтэй хүний сэтгэхүйн цар хүрээ нь аливааг задлан шинжлэх шинжтэй байхад эмэгтэй хүн дүн шинжилгээ хийх хандлагатай байдаг.

Харилцаан дээр ч ялгаатай. Эрэгтэй хүн мэдээллийн чанартай зүйл түлхүү ярьж, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх тал дээр анхаарал хандуулдаг. Эмэгтэй хүн сэтгэл мэдрэмжээ илэрхийлсэн харилцааг ихэвчлэн үүсгэдэг. Энэ байдал нь эмэгтэйчүүдийн бие биедээ бүх зүйлээ харилцаагаар дамжуулан хуваалцдагтай холбоотой.

Эмэгтэй хүний ийм хэл­бэрийн харилцаа нь нэг нэгнээ дэмжсэн, туршлага солилцсон хандлагатай байдаг. Харин эрэгтэйчүүд аливааг ихэвчлэн дотроо хадгалж явдаг.

-Ингэснээрээ эрэгтэй хүн стресст ордог гэсэн үг үү?

-Эрчүүд сэтгэл зүйн хувьд илүү их ачаалалтай байдаг нь хүндрэл үүсгэхэд нөлөөлдөг. Яагаад гэвэл эрэгтэй хүн өөрийгөө бусдад төдийлөн илэрхийлээд байдаггүй.

Харин гадаад ертөнцийг илүү танин мэдэж, түүндээ байр сууриа илэрхийлэх нь олонтаа. Иймдээ ч тэд дотоод ертөнцөө тэр бүр уудлаад байдаггүй. Харин ч эсрэгээрээ зөвхөн гаднаас дотогшоо чиглэсэн нэг урсгалтай мэт байдаг. Тухайлбал, өөрт тулгамдаж буй асуудлыг бүгдийг нь хэн нэгэнтэй хуваалцаадаггүй учраас илүү стресст ордог гэсэн үг.  

-Манайхан 5-6 настай хүүхдүүдийг сургуульд оруулах боллоо. Үүнээс болж хүүхэд ядаргаанд орж байна. Энэ насны хүүхдүүд суралцахад сэтгэл зүй нь хэр бэлтгэгдсэн байдаг вэ?

-Хүүхдийн хувьд долоон нас бол суралцаж эхлэхэд тохиромжтой үе. Харин зургаан нас гэдэг арай өөр. Стандартаар энэ хүүхдүүдэд тоглоомын арга замаар хичээл заах ёстой. Иймдээ ч манай улсын 12 жилийн сургалтаар сургуульд орж байгаа хүүхдүүдэд ихэвчлэн тоглоом наадгайн аргаар хичээл заадаг.

Хүүхэд ядрах эсвэл стресстэх эсэх нь тухайн хүүхдийн онцлогоос хамаардаг. Суралцаж эхлэх бэлэн байдлыг хангасан тохиолдолд энэ насны хүүхэд хэт ядрахгүй. Тиймээс хүүхдийн биеэ даах байдал, аливааг хийх чадвар нь эцэг, эхчүүдийн хүүхдээ хэрхэн бэлдсэнээс шууд шалтгаална.

Ийм учраас хүүхдээ сургуульд ороход бэлэн эсэхийг нь тусгайлан оношлуулах нь чухал. Оюун ухааны болон биеийн байдлын оношилгоо хийлгэх хэрэгтэй. Барууны орнуудад энэ оношилгоог сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчид хийдэг. Манай орны хувьд энэ салбар төдийлөн хөгжөөгүй байна.

Хүүхэд сургуульд суралц­санаараа академийн мэдлэгээс гадна өөрийгөө танин мэдэх, нийгэмших тал дээр суралцдаг. Бусадтай харилцаж эхэлснээрээ хүүхэд өөрийгөө танин мэдэж, биеэ зөв авч явах соёлд суралцана.

Оюуны хүчин зүйлийг ганцхан IQ-ээр хэмждэггүй. Хүн хүссэн зүйлээ тодорхой хэмжээгээр давтаж хийвэл тэр зүйлдээ хүрч чадах бүрэн боломжтойг эрдэмтэд баталсан.

Харин IQ бол зөвхөн нэг талыг харуулдаг. Хүүхэд сэтгэхүй хөгжүүлэх тестийг олон дахин давтаж хийвэл аяндаа чадвар нь сайжирдаг. Иймээс багаас нь өөрөөс нь илүү танин мэдэж, түүний дуртай зүйлийг хүссэнээр нь хийлгэж чадвал магадгүй ирээдүйг нь тодорхойлох боломжтой. Хүүхэд багадаа олон зүйлийг сонирхож хийдэг ч ерөнхий нэг хандлага ажиглагддаг.

-Сэтгэл судлаач хүний хувьд өнөөгийн нийгмээс түгээмэл ажиглагддаг зүйлс юу байдаг вэ?

-Гадаадын нэгэн судлаач “Монголчууд яг ямар үед аз жаргалтай байдаг вэ?” гэсэн асуултыг хүмүүст тавьсан. Харамсалтай нь ихэнх хүн хариулж чадаагүй. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бид өөрсдөдөө тулгамдаж буй асуудлуудыг хэт их бодож, тэдгээртээ санаа зовсоор байгаад аз жаргалтай байдаг хором мөчөө өөртөө сануулж байхаа умартчихдаг. Асуу­вал санаад хэлж чадах ч асуухаас өмнө тэр бүр ч санагалзаад байдаггүй.

Аз жаргал гэдэг заавал албан тушаал, ашиг орлогоос үүддэг юм биш. Энгийн юм шиг хэрнээ эргэж олддоггүй сайхан зүйлс олон байдаг. Иймээс бидэнд дутагддаг зүйл бол яг одоогоороо байх явдал юм.

Ямар цаг үед, юу хийхээрээ аз жаргалтай болдог вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэрийгээ хийснээрээ сайхан бүхнийг мэдрэх болно. Хэрэв өөртөө эерэг мэдрэмж төрүүлж, түүнийгээ төвлөрүүлж чадвал ядрах, стресстэх зэргээс хол байх бүрэн боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

error: Content is protected !!