Нүдний даралтыг цусаар хангадаг судаснуудыг “periorbital” гэх бөгөөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр судаснууд нь арьсны өнгөн хэсэгт харагддаггүй. Гэхдээ хөгшрөлт, генетик гэх мэт зарим хүчин зүйлсийн нөлөөгөөр судас товойж, арьсны өнгөн хэсэгт хөхөрч харагддаг бөгөөд хөх, нил ягаан, шар судлууд үүсэх нь таныг илүү ядарсан мэт харагдуулдаг.
Нас ахих тусам судас нь уян хатан чанараа алддаг тул судас сунаж томрох магадлал өндөр байдаг. Энэ нь хөгшрөлтөөс үүссэн хэвийн үзэгдэл байж болох бөгөөд санаа зовох зүйл биш. Энэхүү хор нөлөөгүй өвчний шалтгаан, эмчилгээний талаар дор дурьдав.
Таны нүдний доорх судас яагаад тод харагддаг вэ?
“Нулимсны тэвш” ч гэж нэрлэгддэг нүдний доод зовхины арьс бусад хэсгийн арьстай харьцуулахад илүү нимгэн, мэдрэмтгий байдаг.
Нас ахих тусам энэ арьс нимгэрч, доорх судсыг илүү тод харагдуулдаг. Үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг.
• Генетик: Зарим хүмүүсийн хувьд судас тодорч харагдах нь удамшдаг аж.
• Нар: Нарны шил, нарнаас хамгаалах тосгүйгээр наранд хэт удаан байснаар периорбитал судаснууд наснаас эрт тодорч эхэлдэг.
• Амьдралын хэв маяг: Тамхи татах гэх мэт арьс, судасны системийг гэмтээдэг үйл ажиллагаа нь таны нүдний доорх судсыг тод харагдахад нөлөөлдөг.
• Арьсны өнгө: Хэрэв та цагаан цайвар арьстай бол судас тод харагдах болно.
Үүнийг хэрхэн тод харагдуулахгүй байх вэ?

Нүдний доорх судсыг тод харагдуулахгүйн тулд янз бүрийн эмчилгээ хийдэг. Ихэнх хүмүүс гоо сайхны шалтгаанаар нүдний доорх судсыг эмчлэх шаардлагатай тулгардаг. Гэрийн нөхцөлд дараах аргуудыг туршаад үзээрэй.
Гэрийн нөхцөлд:
Эдгээрийг өглөө болгон зовхин дээрээ тавиарай.
• өргөст хэмх
• мөстэй халбага
• хүйтэн жин
Энэ нь судсыг нарийсгаж, харагдахгүй байлгахад тусална.
Нүүр будалтаар далдлах
Нүүр будалт нь нүдний доорх венийн судсыг тод харагдуулахгүй байх хялбар арга юм. Шингэн, нунтаг base, өө дарагчийг судсанд ямар нэгэн нөлөөгүйгээр далдлах боломжтой. Нүүрний будгийг нүдний эргэн тойронд аюулгүй байлгахын тулд найрлагыг сайтар анхаараарай.
Бусад эмчилгээний аргууд:
Үүнийг эмнэлгийн нөхцөлд эчлэх нэг арга нь “Sclerotherapy” аж. Эмч нүдэнд харагдахуйц судсанд судасны ханыг сорвижуулах тариа хийх бөгөөд хэдэн долоо хоногийн дотор хэвийн болдог. Гэхдээ энэ нь тийм ч тохиромжтой эмчилгээ биш гэж үздэг.
Гоо сайхны мэс засалч нар доод зовхинд үүссэн ховил хонхойлтыг дүүргэж засах эмчилгээ хийдэг. Үүнийг нэг удаа хийлгэснээр 6 сар хүртэлх хугацаанд судсыг тод харагдуулахгүй байх боломжтой аж.
Мөн мэс заслын эмч таны судасны харагдахуйц хэсгийг жижиг зүслэгээр арилгах боломжтой. Үүнийг зөвхөн мэргэжлийн, арвин туршлагатай эмч л сайн хийж чадна. Үүний үр дүнд цус өтгөрөх, халдвар үүсэх зэрэг эрсдэлүүд гарч болох бөгөөд нөхөн сэргээхэд бага зэрэг хугацаа шаардагдана.
Лазер эмчилгээг нүдний доорх судсыг эмчлэхэд ашигладаг. Гаж нөлөө, эрсдэл нь хамгийн бага боловч нэлээд үнэтэй байдаг.
Аль эмчилгээ нь хамгийн тохиромжтой вэ?
Таны нүд бол таны биеийн хамгийн эмзэг хэсгүүдийн нэг юм. Туршлагагүй эсвэл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэгч нь таны арьс, тэр ч байтугай нүдний харааг гэмтээх эрсдэлтэй. Тиймээс энэ талаарх туршлагатай мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь чухал юм.
Эх сурвалж: Healthline