₮ 0

No products in the cart.

Р.Минжмаа: Амархан уйлах, гомдох, гуниглах, ганцаардах нь стресст орсныг илтгэнэ

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар их эмч Р.Минжмаатай ярилцлаа.

-Монголчуудын дунд стрессээс гаралтай сэтгэцийн эмгэг олширч байна. Ер нь стресс юунаас болж үүсдэг вэ?

-Нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын түвшин зэрэг олон шалтгаанаас болж стресс бий болдог. Стресс гэдэг нь цочирдол юм. Гэнэт цочирдох, бухимдах зэргээс стресс үүсдэг. Үүний гол шалтгаан нь гэр бүлийн уур амьсгал, ажлын байрны орчин, найз нөхдийн хүрээлэл, хувь хүний өөрийн амьдралын зарчим ямар байгаатай шууд холбоотой юм.

-Хавар болохоор стресс бухимдал улам нэмэгддэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Монголчуудын дунд хавар болохоор ядардаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ ядрахгүй хүн ч байна. Энэ нь тухайн хүнийхээ сэтгэл санаатай холбоотой юм. Амьдралын түвшин харьцангуй сайн, бухимдал бага бол ядаргаа, стресст орохгүй байж болно. Гэтэл өнөөдөр нэг кг махыг 10 мянган төгрөгөөр авч чадах хүн хэд билээ.

Мөн ажилгүйдэл их, хотын агаарын бохирдол, замын түгжрэл, хулгай дээрэм зэрэг асуудалтай холбоотойгоор бид айдас түгшүүрийн дунд аж төрдөг. Ер нь нийгэм өөрөө маш их хэмжээний стресстэй байна. Харин зуны цагт хүн авах ёстой энергиэ нөхөж, төв мэдрэлийн систем маш сайн тайвширдаг. Учир нь энэ улиралд хүний  сэтгэл санаа харьцангуй тайван, эргэн тойрон ногоон өнгөтэй болдог гээд амар амгаланг мэдрэх шалтгаан олон байдаг.

Өөрөөр хэлбэл зун, намар цуглуулсан энерги маань хавар шавхагддаг. Хавар бол хатуу ширүүн улирал. Цас хайлах, ногоо ургах, газар гэсэх гээд цаг уурын байдал эрс өөрчлөгддөг. Мөн хүний хуримтлуулсан энерги, оюуны чадавхи муудаж, амархан ядрах шалтгаан болдог. Үүнтэй холбоотой стресс үүсдэг. Сэтгэцийн өвчин ч хавар сэдрэх, нэмэгдэх нь их байдаг. Газар гэсэх үеэр сэтгэцийн өвчний давтамж ихэснэ. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн сэтгэл санаанд ч өөрчлөлт ордог.

Мөн гадуур хяналтад байгаа өвчтөнүүд ч хурцдаад ирдэг тохиолдол маш их. Үүний шалтгааныг хүн байгалийн холбоотой уялдуулан тайлбарлаж болно. Бусад улирлаас илүүтэй цаг агаар, орчны байдал хаврын улиралд тогтворгүй байдаг. Үүнийг дагаад хүмүүсийн сэтгэл санаа өөрчлөгддөг гэж болно.

-Өөрийгөө стресст орсон гэдгийг яаж мэдэх вэ?

-Стресст орж буй хүн унтаж чаддаггүй. Амархан уйлах, гомдох, гуниглах, ганцаардах, хоолны дуршил буурах зэрэг сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, улмаар оюуны ядаргаанд орно.

Манайд хамгийн элбэг байдаг шинж тэмдэг нь нойргүйдэл юм. Хүн нойргүйгээр 3-7 хоновол шууд солиордог. Энэ бол нойрны солиорол юм.

Төв мэдрэлийн систем амарч чадахгүй байснаар энэхүү солиорол бий болдог гэсэн үг.

Энэ бүхэн хүндрэх шатандаа орсноор ажлын бүтээмж буурч, шалтгаангүй уур хүрэх, бухимдах, нойр хүрэхгүй байх, мартамхай болох, гар, биеийн хэсэг хөлрөх, сэтгэл санаа тогтворгүй байх шинж тэмдэг илэрнэ. Гэтэл хүмүүс ажилдаа улайран энэ бүхнийг анхаарах сөхөөгүй явсаар хүндрэн, улмаар сэтгэцийн өвчин болгож байгаа нь харамсалтай хэрэг.

-Ийм тохиолдолд яах ёстой вэ. Урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь юу вэ?

-Харьяа дүүрэг дэх сэтгэцийн эрүүл мэндийн төвүүд болон манай төвд шууд хандах боломжтой. Ингэснээр та өөрийнхөө яагаад байгааг тодорхойлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Харин бүр хүндэрсэн тохиолдолд хэвтэж эмчлүүлэн, хүнд байдлаас бүрэн гарах боломжтой.

Стресс, ядаргаанаас урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн байна. Үүнийг гэртээ болон бясалгалын төвүүдээр хийж, алжаалаа тайлж байх хэрэгтэй.

Мөн өөрийгөө ойлгодог найз нөхдийн хүрээнд салхинд гарах нь хамгийн сайн байдаг ч сүүлийн үед ууж, идэхийн нэр болгон буруугаар ашиглаж байгаа нь харамсалтай. Ер нь хүн өөрийнхөө хамгийн дуртай бүхнийг хийх нь ядаргаа, стрессээс хамгаалах арга болно. Тухайн хүн өөрөө өөрийгөө авч явах нь чухал.

Монгол хүн амны бэлгээрээ гэдэг шүү дээ. Үүнтэй адил миний амьдрал болж байна, энэ цалин амьдралд маань хүрэлцэнэ гэх мэтээр сэтгэлийн тэнхээтэй байж, аль болох асуудлыг эергээр харах нь өөрийгөө стрессээс урьдчилан сэргийлэх гол хандлага юм.

-Эмнэлэгт хандахаас илүүтэй сүүлийн үед хүмүүс сэтгэл судлаачид ханддаг болсон байна. Энэ нь хэр зөв арга вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь стресс бухимдлаас гарах нэг арга хэдий ч үүнийг хэн дуртай нь өгөөд байдаггүй. Заавал мэргэжлийн эмч өгөх ёстой юм. Стрессийн хамгийн хөнгөн үе нь  зөвлөгөө авахад зүгээр болсон мэт санагддаг. Гэтэл зарим хүмүүс ингэж өөрийгөө хуурч яваад хүндрэх тохиолдол их байдаг. Ганц зөвлөгөө өгөх  бус, давхар эмчилгээ хийх ёстой байдаг. Эм уух зэргээр давхар тайвширч байх ёстой.

Хүмүүст хандаж хэлэхэд, өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө л авч явна. Үнэхээр ядраад, сульдаад, сэтгэл санаа тогтворгүй байгаа бол эмнэлэгт хандаж, алжаал ядаргаагаа зөв замаар тайлахыг зорих хэрэгтэй. Мөн хүн бүр заавал стресст орох ёсгүй гэдгийг ойлгоосой гэж хэлмээр байна.

-Ер нь хаврын синдром гэж байдаг уу?

-Синдром гэдэг бол хам шинж гэсэн үг. Хүний биеийн хөдөлмөрлөх чадвар, ажлын байрны болон нийгмийн бухимдал энэ бүхэн өөрөө хаврын синдромыг бий болгож байна. Тухайлбал, сонгууль болохтой холбоотойгоор бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ тухай шуугина. Тэгэхдээ улстөрийн янз бүрийн агууламжтай мэдээлэл цацсанаар нийгэмд бухимдал бий болгож байна. Үүнээс болж хам шинж буюу синдромыг үүсгэдэг. Ерөөсөө синдром нь тухайн болох үйл явдалтай холбоотой үүсдэг гэж ойлгож болно.

-Сэтгэцийн өвчин хэдий насны хүмүүст голдуу илэрч байна?

-Сүүлийн үед сэтгэцийн өвчин эрс залуужиж байгаа. Энэ нь тухайн хүмүүсийн хүмүүжилтэй холбоотой. Залуучууд зүгээр сууж байгаад амьдрах сонирхолтой болсон. Нөгөө талаараа оюуны хоосролд орж байна. Ном зохиол уншихаа больж, компьютер тоглож, караоке, бааранд орж, мөрийтэй тоглох, архинд донтох болсонтой холбоотой.

Энэ бүхэнтэй холбоотой янз бүрийн дон, сэтгэцийн өвчин бий болж байгаа юм. Сүүлийн үед мансуурах хандлага ч ихэссэн. Үүнд дан ганц цагдаагийн байгууллага бус, эцэг эхчүүд үр хүүхдээ хаана юу хийж яваад анхаарах ёстой гэж боддог.

-Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал, халамж манайд хэр хөгжсөн бэ?

-Сэтгэцийн өвчтэй гэж нэрлэгдэх энэ хүмүүс гэр бүлийнхэндээ ч ад шоо үзэгдэх тохиолдол бий. Ер нь ямар хүмүүс энд хэвтдэг вэ гэдгийг хэн ч анхаардаггүй. Хүмүүсийн дунд Шар хадны эмнэлэг бол солиотой хүмүүсийн хэвтдэг газар гэсэн ойлголт байдаг. Гэтэл энэ эмнэлэг улсын онцгой объект.

Нийгэмд аюултай үйлдэл хийж болохуйц, өөрийнхөө амийг ч хорлох магадлалтай хүмүүс ирж, эмчлүүлдэг газар. Үүнд төр засгийн удирдлага нэг их анхаараад байдаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Намайг энэ эмнэлэгт 20 жил ажиллах хугацаанд улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирж байсан түүх байхгүй. Миний бодлоор анхаарлаа жаахан хандуулж, ямар хүмүүс хэвтдэг, эмч ажилчид нь ямар нөхцөлд ажилладаг болох, яагаад сэтгэцийн өвчлөл залуужаад байгаа учрыг ирж үзээд анхаарах ёстой болов уу гэж боддог.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...