Арьсны хамгийн сайн арчилгаа нь арьсаа цэвэрхэн байлгах. Усанд орох болгондоо бүх биеэ хөөсөртөл савандаж угаагаад байх нь тийм ч сайн зүйл биш гэнэ шүү.
Таны хэрэглэдэг саван, шампуний үнэр нь таны арьсанд сайн нөлөө бараг үзүүлдэггүй гэж хэлж болно.
Усанд орохдоо саван хэрэглэхгүй байх нь таны биед ямар ач тустай болохыг доор өгүүлье.
1. Таны арьс эрүүл байх болно

Саван нь таны биеийн бохирдлыг маш сайн арилгадаг ч арьснаас ялгардаг байгалийн гаралтай тосыг ч бас цэвэрлэдэг. Саван тогтмол хэрэглэх нь таны арьсны рН-ийн тэнцвэрийг алдагдуулж, хуурайшуулж, цочроодог. Иймээс шүршүүрт орох тоолондоо саван хэрэглэх шаардлагагүй. Цэвэр усаар биеэ угаахад л таны арьсны тэнцвэрт байдлыг сайн хангаж өгдөг аж.
2. Хөлсний үнэр арилна

Савантай шүршүүрт орсноор түр зууртаа танаас сайхан үнэр анхилах боловч савангийн найрлага дахь химийн бодисууд арьсны ашигтай бактерийг устган тослогийг хэт арилгаж, тэнцвэрийг алдагдуулснаар арьс амархан бохирдох бөгөөд мөн хуурайшин эмзэг болдог. Бактерийн эсрэг саван нь ашигтай, ашиггүй бактерийг ялгалгүй устгадаг учраас тогтмол хэрэглэхэд муу тал ихтэй байдаг.
3. Таны нууц хэсгийг эрүүл байлгана

Тогтмол савантай угаалга хийснээр таны нууц хэсгийн арьс хуурайшиж таагүй байдалд хүргэх нь бий. Иймээс та нандин хэсгээ угаахдаа бүлээн ус, эсвэл шаардлагатай үед халуун ус хэрэглэх нь дээр.
4. Арьс тань үрчлээтэхгүй

Саванд агуулагдах олон орц найрлага нь таны арьсыг цэвэр байлгах зорилготой боловч сайнаас илүү саараар нөлөөлж болзошгүй юм. Саван нь таны арьсны хүчиллэг бүрхүүлийг гэмтээж, батга, дерматит гэх мэт арьсны олон асуудлыг үүсгэж мэднэ. Савантай угаалга тогтмол хийх нь таны арьсыг хуурайшуулж улмаар үрчлээтэхэд хүргэдэг.
5. Д аминдэмийн дутагдалд орох магадлалыг бууруулна

Саван нь арьсны эрт хөгшрөлтөд нөлөөлөхөөс гадна Д аминдэмийг шингээхэд сөргөөр нөлөөлдөг. Бидний арьс нарны энергийг Д аминдэм болгон хувиргадаг бөгөөд савантай шүршүүрт орох нь Д витаминыг арьсанд шингэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.
Савангийн оронд юу ашиглаж болох вэ

Тосон цэвэрлэгч: Тосонд суурилсан цэвэрлэгч нь савангаас илүү эрүүл сонголт юм. Энэ нь арьсны бохирдол, үхсэн эсийг арьсны тослогийг алдагдуулахгүйгээр арилгадаг.
Хуурай сойз: Хуурай сойз хэрэглэх нь таны арьсыг гуужуулж, шинэчлэгдэх явцыг хурдасгаж, залуу, гэрэлтсэн харагдуулна.
Байгалийн скраб: Та гарын доорх материал ашиглан өөрөө хийж болно. Жишээлбэл, овьёос, зөгийн бал, элсэн чихэр зэргийг хослуулан хэрэглэвэл таны арьсыг гэмтээхгүйгээр гуужуулж цэвэрлэнэ.
Эх сурвалж: Brightside