₮ 0

No products in the cart.

Н.Цолмон: Цээж хорсох нь буруу хооллолт, таргалалттай холбоотой

Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн гастроэнтерологич, дурангийн эмч Н.Цолмонтой ярилцлаа.

-Ходоодны өвчлөл гэж юу вэ. Яагаад ходоод өвддөг вэ. Үүний шалтгааны талаар яриагаа эхлэх үү?

-Хоол боловсруулах дээд замын эмгэгүүдийн энгийн хэлбэр нь ходоодны үрэвсэл. Манайд ходоодны архаг үрэвсэл элбэг тохиолддог. Архаг үрэвсэл дотроо хеликобактерийн гаралтай үрэвсэл элбэг. Ходоод гэдэсний өвчлөлийн гол шалтгаан нь хеликобактери, буруу хооллолт буюу амьдралын зөв бус дэглэм.

35-аас дээш насны хүмүүс жилд нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Сүүлийн үед манайхан гэртээ хоол идэх нь багасч ихэвчлэн гадуур хооллодог болсон. Мөн архи хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны салстыг гэмтээдэг. Үүнээс гадна ходоодны өөрийнх нь хамгаалах тогтолцоо алдагдаж үрэвссэнээс өвчлөл үүсдэг. Зарим тохиолдолд удамшлын гаралтай байж болдог.

-Ходоод үрэвсэж, шархлахад тухайн хүнд ямар зовиур илрэх вэ?

-Ходоодны үрэвслийн үед ихэвчлэн аюулхайд цанхайх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, цээж гашуун оргих, гэдэс дүүрэх шинж илэрнэ. Мөн хоолны дуршил буурч эвгүй амт амтагдана. Түүнчлэн өтгөн хатаж, суулгах, хэвлийгээр тулж өвдөх шинж илэрч болно. Хэрэв ходоод шархалсан бол өтгөний өнгө өөрчлөгддөг.

-Хүмүүс цээж хорсоод байна гэж ярьдаг. Энэ нь ходоодны өвчлөлтэй холбоотой юу. Яагаад цээж хорсдог вэ?

-Ходоод гэдэсний үйл ажиллагаатай холбоотой. Ерөнхийдөө ходоодны хүчил ихсэхээр улаан хоолой руугаа ордог. Ингэснээр улаан хоолойн салст гэмтэж цээж гашуун оргидог. Зүй бус хооллолт, таргалалттай холбоотой ихэсдэг.

-Цээж хорссон үед юу хэрэглэх ёстой вэ. Хүмүүс ихэвчлэн хүнсний сода бүлээн усанд найруулж уух буюу хуурайгаар нь долоодог. Энэ нь зөв арга мөн үү?

-Энэ бол буруу ойлголт. Цээж хорссон үед сода хэрэглэж болох ч түр зуурынх. Хэсэг хугацаанд ходоодны хүчил ихсэх үйл ажиллагааг дарангуйлж байгаа явдал. Хэрэв ямар нэг байдлаар дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой. Дурандуулснаар улаан хоолойд ямар өөрчлөлт гарсныг тодорхойлно.

Мөн амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. Хоол идсэний дараа хөдөлгөөнгүй байж болохгүй. Багадаа 30 минут ямар нэг байдлаар хөдөлгөөн хийх буюу босоо байх хэрэгтэй. Хэвтсэн тохиолдолд толгой босоо байдалд, дэр өндөр байх шаардлагатай. Мөн бариу бүс бүсэлж болохгүй. Шарсан, хуурсан хоол, хийжүүлсэн ундаа, жүүсийг хэрэглэхгүй байх нь чухал.

-Хоол идсэн ч өлсөөд байгаа юм шиг, эсвэл гол харлаад ч байгаа юм шиг зовиур илэрдэг. Энэ ходоодны өвчлөл мөн үү?

– Мөн. Ходоод үрэвссэнээс ийм шинж тэмдэг илэрч байгаа юм. Ямар нэг байдлаар ходоодонд үрэвслийн үйл явц явагдаж байгаагийн нэг хэлбэр. Тиймээс мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Гэрээр эмчлэх хэрэггүй. Янз бүрийн юм хэрэглэх нь өвчнөө улам хүндрүүлэх, эмэнд дасал үүсч эдгэрэх явцыг удаашруулдаг.

-Мөн аманд эвгүй амт амтагддаг гэсэн. Энэ ходоодны өвчлөлтэй холбоотой гэсэн үг үү?

-Шууд ходоод гэж хэлэх боломжгүй. Ам заваарах нь олон шалтгаантай. Шүд, цөснөөс үүдэлтэй ам заваарч болно. Тиймээс орой унтахын өмнө заавал шүдээ угаах буюу амны хөндийн эрүүл ахуйг сахисан байх ёстой.

-Өтгөн хатах нь ходоод гэдэсний өвчлөлийн шинж тэмдэг гэж хэлсэн. Тэгвэл өмхийгөөр унгах нь үүнтэй холбоотой юу. Эсвэл хоолоо боловсруулж чадахгүй байна гэсэн үг үү?

-Өтгөн хаталт гэдэг ходоодны шүүрлээс хамааралтай. Мөн ходоод гэдэсний хөдөлгөөний үйл ажиллагаа дутмагшилтай, хооллох дэглэм буруу байхтай холбоотой. Хоол хүнсэндээ мах махан бүтээгдэхүүн голлон хэрэглэдэг хүний өтгөн хатдаг. Тиймээс хүнсэндээ ногоо, бор гурил зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Өтгөн хаталт хоол хүнснээс гадна хөдөлгөөний дутагдалтай холбоотой. Мөн бүдүүн гэдэсний бүтэц хэвийн хэмжээнээс урт байх үед өтгөн хаталт явагдаж болно. Гэхдээ манайд ихэвчлэн хөдөлгөөний дутагдал болон хоолны дэглэмтэй холбоотой өтгөн хаталт их байдаг.

-Үүнээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Аль болох гадуур хооллохгүй байх хэрэгтэй. Монголчуудын 70-80 хувь нь хеликобактерийн халдвартай байна. Тиймээс заавал эмчид хандах ёстой. Манайхан дур мэдэн эм уух хандлага маш их. Эмийн зохисгүй хэрэглээ өндөртэй. Гэтэл ходоодны хеликобактерийг устгадаг гурвалсан эмчилгээний үед хоёр антибиотик нэг ходоодны хүчил зохицуулах эмийг хавсарч уудаг.

Харин манайхан өмнө нь тэр антибиотикуудыг хэрэглэчихсэн байдаг. Тиймээс дахин хэрэглэхээр үр дүнгүй болох эмэнд дасал үүссэн байх -тохиолдол элбэг. Тэгэхээр эмийг замбараагүй хэрэглэж болохгүй. Халдвар авсан тохиолдолд аяга, халбагаа тусгаарлах хэрэгтэй. Хамгийн гол нь эмчид хандаж үүнийхээ дагуу эмчилгээ хийлгэх ёстой.

-Ходоод гэдэс хямарсан үед эсвэл урьдчилан сэргийлэх үүднээс таван салааг буцалгаж уудаг. Энэ хэр үр дүнтэй вэ?

-Таван салаа анагаах үйлчилгээтэй. Ходоодны салстын үрэвслийг анагаадаг учир тогтмол хэрэглэж болно. Гэхдээ ходоодны ямар нэг зовиур илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандаарай.

-Өглөө өлөн үедээ чацарганы тос уудаг. Ингэх нь зөв үү. Мөн чацарганы тос ямар үйлчилгээтэй вэ?

-Ходоодны салст үрэвссэнээс үүдэн улайж шалбархай үүсдэг. Харин тос ходоодны хананд буюу салстад бүрхүүл үүсгэдэг. Тиймээс хоол хүнсээр дамжих элдэв бодисноос тусгаарлаж хамгаалдаг. Мөн салстын нөхөн төлжилтөд нөлөөлдөг учраас чацарганы тосыг ходоодны шарх болон үрэвсэлтэй хүн хэрэглэхэд тохиромжтой.

-Ходоодны өвчлөлийн үед ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ. Гэрийн нөхцөлд эмчилж болох уу?

-Хамгийн гол нь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Ходоод гэдэсний хямрал , үрэвслийн үеийн төгс эмчилгээ бол дурангийн оношлогоо. Дурангаар ходоодны салстад ямар өөрчлөлт орсныг төгс илрүүлэх боломжтой.

Манайхан дурангийн шинжилгээ хийлгэхээс эмээдэг. Дурангаар харуулаад хүндэрчихлээ гэж ярьдаг. Үнэндээ ямар ч хүндрэл байдаггүй. Хэдэн ч удаа дурандуулж болно.

35-аас дээш насны хүмүүс жилд нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд энэ сайн тэр сайн гэхээсээ илүү эмчид хандаж юу хэрэглэх ёстойг мэдэх нь чухал. Ходоодны шарх, өнгөц үрэвслийн үед ийм шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр яг юу нь өвдөж байгааг мэдэхгүйгээр гэрийн нөхцөлд эмчилнэ гэсэн ойлголт байж болохгүй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...