LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүүхдийг илүүдэл жинтэй болгохгүйн тулд АНХААРАХ зүйлс

Share

Өдгөө хүүхдийн илүүдэл жин дэлхийн анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг болжээ.

2011-2015 оны судалгаагаар хүүхдийн илүүдэл жингийн тархалт Америкт 2-5 насны хүүхдүүдийн 8.9 хувь, 6-11 насны хүүхдүүдийн 17.2 хувь, 12-19 насны хүүхдийн 0.5 хувь нь илүүдэл жинтэй байна гэсэн статистик тоо баримт гарсан байна.

Хүүхдийг илүүдэл жинтэй болгохгүйн тулд зөв хооллож сургах, хөдөлгөөн ихтэй байлгах гэсэн хамгийн энгийн хоёр үндсэн арга бий. Хүүхэд үргэлж хөдөлгөөнтэй, илүүдэл жингүй байх ёстой. Ялангуяа бүсэлхийн тойргийн хэмжээ нэмэгдэх нь чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх гол эрсдэлтэй хүчин зүйл болдог аж.

Нэгэнт илүүдэл жинтэй болсон хүүхдийн хооллолт, хөдөлгөөн дээр нь маш сайн анхаарч ямар шалтгаанаар илүүдэл жинтэй болсныг нь тогтоох хэрэгтэй. Тухайлбал бөөрний эмгэг, зүрх судасны эмгэг, дотоод шүүрлийн эмгэгүүдийн үед хүүхэд их жин нэмдэг. Тиймээс хүүхдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд улирал тутам хамруулж халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал гэдгийг мэргэжлийн хүн онцолжээ.

Гурав хүртэлх насны хүүхдийн хооллолт

Хоёр насанд хүүхдийн сүүн шүд ургаж дуусдаг учир хүүхэд томчуудын идэж буй хоолыг идэх боломжтой болдог. Гэхдээ тэдний  идэх дуртай бантан, зутан, нухашийг нь хийж өгөхөө зогсоох албагүй.

Хүнсний зүйлсийн сонголт

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл Мэндийн хүрээлэнгийн “Хоол судлалын төв”-өөс гаргасан “ГЭР” зөвлөмжид балчир болон цэцэрлэгийн насныхан Үр тариан бүтээгдэхүүн, Мах, махан бүтээгдэхүүн, Хүнсний ногоо, Сүү цагааан идээ, Жимс, жимсгэнэ гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх шаардлагатайг зөвлөсөн байдаг. Та тус төвөөс гаргасан “Цэцэрлэгийн хүүхдийн зохистой хооллолтын зөвлөмж”-өөс энэ талаар дэлгэрүүлэн уншиж танилцаж боломжтой бөгөөд “Цэцэрлэгийн хоолны цэс” номноос нь багачуудад зохицсон маш олон төрлийн хоолны цэсийг ашиглаж болно. Эдгээр ном нь аймаг, нийслэлийн бүх цэцэрлэгт бий.

Хүүхэд өдөрт хэрэглэх нийт хүнсний бүтээгдэхүүний 40%-ийг Үр тариан бүтээгдэхүүн, 23 хувийг Хүнсний ногоо, 17 хувийг Мах махан бүтээгдэхүүн, 10 хувийг сүү цагаан идээ, 10 хувийг Жимс жимсгэнэ эзлэх нь бага насныханд зохистой байдаг байна. Харин хоолонд маш бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг амьтны гаралтай өөх тос, давс, чихэр нь эдгээр 5 үндсэн бүлэг хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг тул нэмэгдлээр хэрэглэх шаардлагагүй гэж үздэг.

Сайн зажилж идэхэд сургах

Насанд хүрсэн хойно ч засч залруулж болдоггүй нэгэн буруу зуршил бол хоолоо зөв, сайн зажилж иддэггүй зуршил байдаг. Иймд балчир насанд хүүхэд нэмэгдэл хоол иддэг болох үеэс нь тэдэнд хоолоо хоёр талаараа ээлжлэн олон удаа, сайн зажилж иддэг хэвшлийг эзэмшүүлэхэд анхаарна. Иймд та хоолоо идэх гэж түүртэн удаж байхад хүүхдээ бүү яаруулаарай. Хүүхдийг хоолоо зөв, сайн зажилж идүүлж сургах нь дараах ач холбогдолтой.

• Эрүүл шүдтэй болж шүд бэхжинэ, шүд өвчлөх нь багасна

 
•Эрүүний цусан хангамж сайжирч шүд зөв ургахад нөлөөлнө

• Хацар, нүүрний булчин чангарч нүүрний булчин тэнцвэртэй хөгжинө

• Хоол боловсролт, шингэц сайн болно

• Тархины цусан хангамж сайжирна

• Сайн зажилж идэхэд цадах мэдрэмж эрт төрдөгөөс хэт идэх, таргалахаас сэргийлнэ

• Сайн зажлахад шүлс сайн ялгарна. Шүлс сайн ялгарснаар амны хөндийд явагдах хоолны анхны боловсруулалт сайжирна.

Хүүхдийн дасгал хөдөлгөөн

Өдөр бүрийг идэвхтэй хөдөлгөөнтэй өнгөрүүлэх нь хүүхэд болон том хүн аль алинд нь маш чухал ач холбогдолтой бөгөөд эрүүл амьдрах гол цөм нь болдог. Дасгал, хөдөлгөөн хийх нь яс, үе мөч, булчингийн хөгжилд сайн бөгөөд хэт таргалалт болон жингийн дутагдалд орохгүй байхад нөлөөлдөг. Түүнчлэн сайн унтаж, хичээл сургуульдаа анхаарал төвлөрөхөд нь тус болдог байна.

Түүнчлэн хүүхдийн хөдөлгөөний чадвар нь өөр өөр байдаг. Тиймээс дарамттай санагдахгүй байхаар дасгал, хөдөлгөөний хийлгэх хэрэгтэй. Өөрийн зүгээс хэт хүчлэлгүй хийхээр орчныг бүрдүүлж өгөх нь чухал юм.

1-5 нас

Энэ бүлэгт бага насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд хамрагдах ба тэд байгалийн жамаараа маш их хөдөлгөөнтэй байх боловч мөн тэдэнд тохирсон дасгал хөдөлгөөнийг зааж өгөн, хамтдаа хийх хэрэгтэй. Эдгээр насны хүүхдэд тохиромжтой дасгал болох хөдөлгөөний төрлүүдээс дурдвал: гүйлт, алхалт, шидэлт, сэлэлт.

6-9 нас

Хүүхдийн нас ахих тусам тэдний төсөөлөл, анхаарлын төвшин нэмэгддэг. Харин таны зүгээс хүүхдийг зөв залж чиглүүлж өгөх нь чухал юм. Өөрөөр хэлбэл: Урам өгөн дэмжиж, анхаарал хандуулж, хамтдаа хичээл хийж, хамтдаа дасгал хөдөлгөөн хийж, хамтдаа тоглож байхыг зөвлөе. Тохиромжтой дасгалын төрлүүд: бейсболл, хөл бөмбөг, гүйлт, гимнастик, усан сэлэлт, теннис.

10-13 нас

Энэ насанд хүүхдүүд ихэвчлэн өөрийн сонирхлыг олчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ямар төрлийн спорт, ямар төрлийн дуу хөгжим сонирхдог эсэхээ бүрэн ойлгосон байдаг. Харин та хүүхэдтэйгээ сайн ярилцаж, анхаарал халамжийг дээд зэргээр тавьж байгаарай. Тохиромжтой дасгалын төрлүүд: гүйлт, балет, бүжиг, гимнастик, карате, теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг.

Д.Тамир

error: Content is protected !!