Олон хүмүүс өглөөний 5 цагт сэрэх гэдэг үгийг сонсоод л ядарч эхлэх шиг болдог байх. Гэхдээ өглөө эрт босохын ашиг тусыг мэдээд авчихвал та тэгж зүдрэхээ болино.
Эрт боссоноор хүний оюун ухаан, бие бялдрын эрүүл мэндэд ямар ямар сайн нөлөө үзүүлдэг талаар олон судалгаа байдаг байна.
Эрдэм шинжилгээний Nature Communications сэтгүүлийн мэдээлснээр эрт босдог хүмүүс сэтгэцийн элдэв асуудалд өртөх магадлал багатай байдаг гэжээ.
Мөн эрт сэрэх нь илүү тэнцвэртэй, эрүүл хооллолттой нягт уялдаатай байдаг байна.
Зохиолч Робин Шарма эрт боссоноор таны ажлын бүтээмж хэрхэн гайхалтай нэмэгддэг талаар ном бичсэн байх жишээтэй.
Өглөөний хүн болно гэдэг нь хүссэн болгоны амархан чаддаг зүйл биш бөгөөд зарим нэгнийх нь хувьд маш хэцүү зүйл.
Биоинженерийн профессор, Реверигийн нойр судлалын зөвлөлийн гишүүн Бенжамин Смаррын хэлснээр хүн бүр өөрийн тодорхой хронотиптэй төрсөн бөгөөд энэ нь таны унтах мөчлөг, хэмнэлийг илэрхийлж, хэдийд хэр их унтах шаардлагатайг тодорхойлдог гэсэн байна. Зарим хүний хувьд өглөөгүүр, өдөр ажлын бүтээмж өндөр байдаг бол зарим нэгний хувьд шөнө сууж ажиллах нь хамаагүй дээр байдаг. Энэ нь магадгүй тухайн хүний хронотипээс шалтгаалдаг байж болох юм.
Нэг өглөө эрт босоход л бүх юм гэнэт өөрчлөгдчихнө гэж бүү бодоорой. Яагаад гэвэл энэ нь биологийн үйл явц, ид шид биш.
За ингээд эрт босож эхэлснээс хойш юу болдог талаар өгүүлье
Нэг өдрийн дараа
Эрт сэрсэн эхний өдөр таны хувьд тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой. Өглөө эрт сэрж хэвшихэд нэлээн хэдэн өдөр хэрэгтэй. Таны бие сэрэх тохиргоогоо өөрчилж байгаа гэдгийг бодоорой.
Шөнө их суудаг “шар шувуунууд”-ын хувьд энэ бүр ч хэцүү байх нь ойлгомжтой.
Хангалттай унтаж амарч чадаагүй үед маргааш нь ядарч сульдан өдөржин нойрмог явдаг учраас аль болох эртхэн унтаж сурах хэрэгтэй.
Нэг долоо хоногийн дараа

Та нэг долоо хоногийн дараа эртэч шувуу арай ч болж чадахгүй харин болох замдаа орчихсон байх болно. Энгийнээр хэлэхэд энэ үйл явц цаг хугацаа шаарддаг. “Эхний долоо хоногт та өглөөний 5 цагт босох дадалдаа сурч эхэлнэ” гэж Грюнер тайлбарлав.
Смарр “таны бие өглөө эрт босох дадалд хэр хурдан зохицож чадах нь таны биологийн цагаас ихээхэн хамаардаг” хэмээн нэмж хэлэв.
Сэрдэг цагаа өөрчлөх, эрт болгох нь унтдаг цагаа өөрчлөхөөс хамаагүй амархан байдаг аж. Мөн үүнээс шалтгаалж таны сэтгэл санааны байдал, хоолны дуршил,
кортизол, мелатонин зэрэг даавруудад ч нөлөөлдөг.
Нарны гэрэл нь мелатониний нийлэгжилт, биологийн цагийн зохицуулалтад нөлөөлдөг. Нар мандахтай зэрэгцэн сэрэх нь байгалийн үйл явц юм. Гадаа бараг гардаггүй зарим хүмүүс, түүнчлэн өвлийн улиралд хүмүүс илүү их унтамхай болж, сэтгэл санаагаар унах нь ажиглагддаг. Энэ бол нарны гэрлийн нөлөөг харуулж байгаа хэрэг. Тиймээс өглөө эртлэн босож мандах нарыг харахад сэтгэл санаа сэргэдэг байна.
Нарны гэрэл нь цусан дахь сахарын хэмжээг хянах, үрэвслийг бууруулах, бодисын солилцоог хэвийн хэмжээнд байлгах чадвартай кортизолын түвшинг зохицуулахад тусалдаг. “Кортизол нь бэрхшээлийг даван туулах эрч хүчийг өгдөг” гэж тэр хэллээ.
Нэг сарын дараа

“Journal of Applied Social Psychology” сэтгүүлд бичсэнээр эрт боссон хүмүүс илүү идэвхтэй байдаг бөгөөд үүнийг “нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар өөрчлөх хүсэл эрмэлзэл, чадвар” гэж тодорхойлдог ажээ. Эрт сэрэх нь бэрхшээлийг хурдан бөгөөд үр дүнтэй тодорхойлох, шийдвэрлэхэд тусална гэж нэмж тэмдэглэжээ.
Торонтогийн их сургуулийн хийсэн судалгаагаар эрт босдог хүмүүс бусдаас илүү аз жаргалтай, амьдралыг илүү сайхнаар хардаг болохыг тогтоожээ.
Хүн хамгийн багадаа 7 цаг унтах хэрэгтэй. Тиймээс өглөө сэрэх цагтайгаа унтах цагаа уялдуулан тооцоорой. Эс тэгвээс бүх юм эсрэгээрээ эргэж мэднэ.
Зургаан сарын дараа

Баяр хүргэе! Зургаан сарын турш өглөө 5 цагт боссон бол та аль хэдийнээ “Эртэч шувуу” болж чаджээ. Эхэлж байсан үеэ эргэн харахад үр дүн нь гайхалтай байх болно.
Мөн таны бие аль хэдийнээ энэ байдалдаа дасчихсан, 5 цаг гэхэд та өөрөө шууд сэрдэг болчихсон байна. Сэрүүлэггүйгээр шүү!
Гэхдээ та өөрийн биологийн цагаа сайтар судалж, энэхүү үйл явц танд хэр үр дүнтэй байх талаар мэдсэнийхээ дараа хэмнэлээ өөрчлөөрэй. Эс тэгвээс ажлын бүтээмж ч буурч, өглөөний гайхамшиг ч үгүй болно. Дээрээс нь нойргүйдэж, сэтгэл санааны хямралд орж өөрийгөө зүгээр л зовоосон хэрэг болно шүү.
Эх сурвалж: domino