Нүдний тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр “Талимаа” эмнэлгийн захирал Д.Янжиндулам:
– Хараа яагаад мууддаг юм болоо?
– Нүд танин мэдэхүйн хамгийн чухал эрхтэн. Бид авч буй мэдээллийнхээ ерэн хувийг нүдээрээ хүлээн авдаг. Хараа муудах олон шалтгаан бий л дээ. Үүний 90 -ээс дээш хувь нь гэрлийн хугарлын өөрчлөлтөөс болдог. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс холын хараа муутай болдог. Нөгөө хэсэг нь ойрын хараа мууддаг. Гэхдээ энэ өвчин биш эмгэг юм. Үүнийг засаж болно.
Хүний нүд бүхэл бүтэн гэрлийн систем л гэсэн үг. Янз бүрийн шалтгааны улмаас нүд хэвийн байдлаа алддаг. Хамгийн түгээмэл тохиолддог нь гэрлийн хугарлын системийн өөрчлөлт юм.
Техник технологи өдий зэрэгт хүрсэн энэ өндөр хөгжилтэй үед хүүхэд залуусын нүдний хараа эрс муудаж байгаа нь ажиглагдаж байна. Үүнийг эрт илрүүлж бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Ерөнхийдөө үүнийг хотжилтын өвчин гэж нэрлээд байгаа.
Цөөн тохиолдолд удамшлаас болон төрөлхийн гэсэн шалтгаанаар ямар нэг эмгэгтэй байна. Тэгэхээр эрт илрүүлээд зохих арга хэмжээг нь авч чадвал энэ айгаад байх асуудал биш.
Мэс заслын аргаар ч засах арга бий. Удамшлын биш олдмолыг янз бүрийн дасгал хийж эмчилж ч болдог. Хамгийн гол нь харааны эрүүл ахуйн байдлыг зөв сахих ёстой.
– Харааны эрүүл ахуйн байдалд юу юу орох вэ?
– Жишээлбэл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд гэрэлтүүлэг болон сандал ширээний байршил зөв байх гэх мэтийн маш олон хүчин зүйлүүд бий. Энэ мэт харааны эрүүл ахуйг сахиж багаас нь харааг зөв хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдээ нялх үед нь тоглоомыг нь хэт ойрхон зүүгээд хялар болгочихсон ирж байх жишээтэй.
Энэ нь харааны зайн өөрчлөлт юм. Нэмэх шил зүүдэг хүний зайн өөрчлөлт богиноссон, хасах шил зүүдэг хүний зайн өөрчлөлт холдсон байдаг. Эвэрлэгийн болон болорын бүдэгшил гэх мэт гэрлийн орчингуудын тунгалаг биш байдал харааны өөрчлөлтөнд нөлөөлдөг.
-Хараа муудаад байгаа хэрнээ тоолгүй явсаар байвал хялар болно гэсэн үг үү?
– Хараа муутай бүхэн хялар болохгүй л дээ. Нүдний эргэн тойрон нүд хөдөлгөж байх зориулалттай зургаан ширхэг булчин байдаг. Эдгээрийн өөрчлөлтөөс шалтгаалдаг. Дээхнэ үед хүмүүс хяларыг нэг их анхаарахгүй жирийн үзэгдэл мэт ойлгож манай удамд ийм нүдтэй хүн байдаг байсан гэх маягаар тэр бүр анхаардаггүй байлаа. Одоо харин хүмүүс бүр багаас нь хяларыг янзлуулах гээд авчирдаг болсон.
Удамших хандлага байдаг ч гэлээ хялар хараад байгаа нүд хараандаа оролцохгүй байгаа учраас цаашлаад хараагүй болох аюултай. Тиймээс мэргэжлийн эмчид эртхэн хандах хэрэгтэй.
– Хүмүүсийн хамгийн их ярьж ирдэг нүдний өвчин юу вэ?
– Гэрлийн хугарлын системийн өөрчлөлт түүний гажигууд. Мөн гэрлийн системийн бүдэгшилд хүргэх үрэвсэлт өвчнүүд. Нүд нь дандаа өвдөж явдаг хүн цагаа уначихсан гээд л ярьж байдаг шүү дээ. Гэтэл тунгалаг байх ёстой гэрлийн систем бүдэгшиж байна. Цагаа уналаа гэж хэлж байгаа боловч мэргэжлийн хэллэгээр бүдэгшил явагдаж байна гэсэн үг. Зарим хүмүүс нулимс хар аяндаа гоожоод байна гээд ирдэг. Энэ нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг. Үрэвсэлт өвчний болон нулимсны системийн бөглөрөл, нарийсал, зовхины эмгэгүүд гэх мэт олон өвчний илрэл болж байна гэж ойлгох хэрэгтэй.
– Харааны шил зүүгээд байхад л нэмж муудаад байдаг ямар учиртай юм бэ?
– Нэлээд хэдэн шалтгаан бий. Жишээлбэл харааны шилээ буруу зүүснээс болдог. Хүмүүсийн дунд нийтлэг ажиглагддаг зүйл нь шилний газрын хүн ч юм уу ам дамжсан ярианд итгэж эмчийн тааруулж зүүгээрэй гэж зааснаас өөрөөр шилээ зүүдэг. Эмч чамайг -3 –г зүү гэсэн бол чи -2 -г зүү үгүй бол үүнийгээ дагаад улам л хараа муудаад байдаг юм гэдэгт итгэдэг. Энэ нь их буруу юм. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хувьд яг л тохирсон шилийг нь зүүлгэх хэрэгтэй. Ийм ч учраас мэргэжлийн эмчийн зөвлөгөө хамгийн чухал.
– Хүмүүс нүдээ хамгаалахын тулд “0” шил зүүж байна гэдэг. Энэ зөв үү?
– Нар салхи болон нарны хэт ягаан туяа болон компютерийн туяанаас хамгаалахын тулд зүүж байгаа нь зөв. Тэглээ гээд бас дан хар шил зүүгээд яваад байж болохгүй. Үүний улмаас нүдний даралт ихэсдэг. Энэ бол хараа муудах шалтгааны тэргүүн байранд ордог өвчин. Гэрлийн хугарал юм уу бүдэгшлийн асуудал ердөө биш. Харин ч хараа муутгах шалтгаан. Мөн ази тивийн хүмүүс жижиг нүдтэй гэдэг утгаараа тодорхой шалтгааны улмаас энэ өвчинд өртөх магадлал өндөр.
– Нүд өөхлөх, мах ургах зэрэг нь хараанд ямар нэг байдлаар нөлөөлөх үү?
– Салстын архаг үрэвслээс үүдэж байгаа хэрэг. Тиймээс хараанд зайлшгүй нөлөөлнө. Загатнаж явсаар байгаад л овойсон өөх болон ургадаг.
– Хүмүүс давхраа их хийлгэдэг болжээ. Энэ хараанд нөлөөлдөг болов уу?
– Зөвхөн зовхины дээд хэсэгт хиймлээр нугалаас гаргаж байгаа косметик ажилбар. Тиймээс энэ бол хараанд нөлөөлөхгүй учир эмэгтэйчүүд санаа зовох хэрэггүй.