LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүмүүс хаана аз жаргалтай амьдарч байна вэ

Share

Яг ийм асуултад хариу эрж жил бүр дэлхий даяар судалгаа явуулдаг байгууллагууд байна. Тэгээд үр дүнг нь гаргаж, юу гэж дүгнэснээ олон нийтэд зарлан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарласан байдаг.

Тэдгээрийн дотроос миний бие Нэгдсэн Үндэстний Тогвортой хөгжлийн шийдэл хэмээх байгууллагын судалгааг арай илүүд үзэн утга учрыг нь тайлах гэж нэлээн харлаа.

Тэднийх 2013 онд л гэхэд нийтдээ 156 орныг хамруулан хаана хүмүүс илүү аз жаргалтай амьдарч бас зовж байгааг мэдэхээр судалгааны асуултуудыг аялуулжээ.

Хүн нөхөрсөг байдал, бусдад тусалж талархах хүмүүжил, бусдыг уучлах сэтгэлээ алдаж материаллаг баялагт шунан тэмүүлэх аваас аз жаргалаа алддаг.

Аз жаргал гэдэг бодит болоод хийсвэр олон янзын хүчин зүйлээс урган гарч байдаг болохоор эдгээрийн аль алиных нь нөлөөллийг зөв тооцож харуулах талаасаа их анхаарч ажилласнаа тэд дурдсан байна лээ.

Нээрээ л нэг их учиргүй мөнгөтэй хэрнээ үргэлжийн уур уцаар, бухимдлаасаа болоод зовж яваа нөхдийг ч алийг тэр гэх вэ, басхүү бусдаас ялгарах юмгүй жирийн нэгэн атлаа дуу аялан жаргалтай яваа хүн ч алийг тэр гэх билээ.

Дашрамд  сонирхуулахад АНУ-д хийгдсэн нэгэн судалгааны үеэр тухайн улсын хүмүүсээс дунджаар 75 мянган доллар хүртэлх жилийн орлоготой иргэд өөрсдийгөө аз жаргалтай байна гэж байсан бол түүнээс дээш орлоготой болоод ирэхээрээ ихэнх нь зовж байгаагаа хэлсэн гэнэ. Мөнгө аз жаргал авчирдаггүй гэж бурхны сургаалд байдаг нь амьдрал дээр бас үнэн болж таарах нь уу?

Ямартаа ч аз жаргал хаана илүү байгааг эрж хайсан судалгаа маань нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж туслалцаа, эрүүл амьдрах дундаж наслалт, өөртөө хэрэгтэй сонголт хийх эрх чөлөө, авлигал хээл хахууль, сэтгэлийн ариусал, ерөнхий суурь үнэлгээ гэсэн долоон үзүүлэлтийг гол шалгуур болгон агшигласан байна лээ.

Судалгааны үр дүнд иргэд нь хамгийн аз жаргалтай амьдарч байгаа улсаар Норвеги, Швейцарь, Люксембург улсууд тус бүр 7-8 оноогоор тэргүүлсэн бол Төв Африк, Тонго зэрэг орнууд ердөө 2-3 оноогоор сүүлийн байрыг мушгиж. Харин Монгол улс 4,8 оноо авсан  байгаа нь 102-р байр буюу дундын адаг, доодын дээд байр эзлэхэд хүргэж. Манай улсын эргэн тойронд Зимбабве, Тунис, Сомали гэсэн Африкийн хэдэн улс байна. Ер нь манайхаас хойш ч тиймэрхүү л зураг харагдана лээ.

Сайн сайхан бүхнийг зөвхөн Монголдоо гэж дуулдаг бидний хувьд яагаад ийм байранд явж байгааг өнөө долоон үзүүлэлтээр нь эргэж шүүж үзье л дээ. Хамгийн аз жаргалтай гэх дээрх гурван улсад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн жилдээ 76-98 мянган ам.долларт хүрч байхад манайд арай гэж 3100 ам.доллар байна.  

Энэ нь хамгийн сүүлийн байранд байгаа Сьерра-Лион, Конго зэрэг улсаас 15 дахин сайн үзүүлэлт хэдий ч хамгийн өндөр үзүүлэлттэй Норвегиос бол 30 дахин бага тоо юм.

За яахав, бид тэдэнтэй зэрэгцэх болоогүй байна, хөөрхий улсаа муулаад ч юу хийхэв хэмээн бодоод дараагийн нэг үзүүүлэлт болох авилгалын хэмжээгээ харлаа. Ядарсан байж болох ч задарсан байж болохгүй биз дээ. Тэгвэл өнөөдөр хамгийн авлигагүй улсаар Дани, Шинэ Зеланд, Финланд гээд бас дээр нь нөгөө тэргүүлэгч гурван улс бичигдсэн байна. Эндээс үзэхэд аз жаргалыг бий болгоход авлигал бага байх хэрэгтэй юм байна. Авилгал нийгмийг тэр аяар нь зовлонд унагадаг бололтой. Монгол улс 38 оноогоор 83 дугаар байранд орж Хойд солонгос, Афганистантай зэрэгцэн бичигдсэн байгаа нь дундаас арай доохнуур муу тал руугаа л байна.

Судлаачид аз жаргалыг хэмжих өөр нэг үзүүлэлтийг эрүүл амьдрах дундаж наслалт гэж сонгосон нь өвчингүй бол жаргал, өргүй бол баян гэж ярьдаг манай зүйр үгтэй ч яг утга дуйж байгаа юм. Тэгвэл өнөөдөр энэ наслалтын байдлаараа Япон, Исланд, Швед хамгийн өндөр буюу 75 жил байгаа бол манайд 56 жил байгаа нь Ангол, Сьерра-Лионд 33, 29 байгаагаас хавьгүй өндөр тоо юм.

Сонирхолтой гэж хэлж болохоор өөр нэгэн хэмжүүр энэ судалгаанд ашиглагдаж байгаа нь нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой сэтгэлийн ариусал хэмээх хийсвэр ч гэмээр үзүүлэлт юм

. Хүмүүс сэтгэлээ ариусгаж  өгөөмөр нинжин байх нь амар тайван, аз жаргалтай  байх чухал нөхцөл гэдэгтэй маргалдах хүн олдохоо больж байгаа өнөө цаг үед бид өөрсдийнхээ явдал үйлээ сайтар цэгнэх хэрэгтэй болж дээ гэж бодогдлоо.

Өдөр бүр л аллага, хулгай дээрэм, худал муухай сонсогдох болсон Монголын нийгэмд хүмүүс нь яаж аз жаргалтай байна гэж бодох вэ дээ. Мэдээж энэ талаас нь хийсэн судалгаа манайд яаж ч олигтой харагдах вэ гэж бодоод цааш нь их ухаж үзсэн ч үгүй.

Шууд нэг амьсгаагаар бий болгочиж болохгүй мөнгө, эдийн засагтай холбоотой зүйлсийг ч яах вэ гэж бодоход бидний хэн нь ч хийгээд хэвшүүлээд явчихаж болох ухаарал, гэгээрэл, хүн хүнээ хүндэтгэх нинжин сэтгэлийг дээдэлж, саараар явах амар хялбар бөгөөд сул дорой замыг биш сайныг өөртөө дадуулж эр зоригтой, хүчирхэг байх хэрэгтэй байна даа, бид.

Уг нь бид чинь нинжин сэтгэл, уужуу зан чанараараа л бүхнийг даван туулж, арга эвийг нь олж ирсэн уламжлалтай ард түмэн шүү дээ.

Мөнгөөр бүхнийг шийдчихэж болохоор юм шиг ярьж, тэр нь ардчилал юм шиг бодит байдлыг  бий болгож,  оюун ухаан нь хөгжиж тэлээгүй үр хүүхдүүддээ ч тэгж ойлгогдохоор харагддаг болсон өнөөгийн Монголын төр, засаг, нийгмийн хуйлралыг харахад заримдаа дотор муухайрмаар байдаг. Бидний тухайн үеийн үйлдэл нь л хөрөнгө оруулалт, мөнгө санхүү, бонд зээл, боловсрол мэдлэг ч гэх юм уу, аль нь ч байж болох ч эцсийн үр дүнд бид эрүүл чийрэг сайн хүн, зөв ёс суртахуунтай, шударга нийгмийг л бий болгох гээд байгаа биз дээ. Яг л шороог нь угаагаад алт гаргаж авдагтай адил.

Хүний нинжин сэтгэл гэдэг нийгмээ аз жаргалтай байлгахад үнэхээр чухал юм бол зөвхөн энэ ч биш өөр судалгаануудад бас юу гэсэн байгааг үзэж харахад мөн л түүнийг орхиогүй байна. Харин ч түүнийг нэлээн задалж тайлбарлаа юу даа гэмээр аливаа хүн нөхөрсөг байдал, бусдад тусалж талархах хүмүүжил, бусдыг уучлах сэтгэлээ алдаж материаллаг баялагт шунан тэмүүлэх аваас аз жаргалаа алддаг гэжээ.

Эх сурвалж: Л.БАЯРДАЛАЙ, ӨДРИЙН ШУУДАН

error: Content is protected !!