Төрөхийн цорын ганц үр дагавар нь үхэл. Бид гарцаагүй үхнэ. Амьдрал нь үхлээр төгсдөггүй нэг ч амьд амьтан байхгүй. Хүмүүс үхлээс сэргийлэх олон аргыг туршдаг ч энэ бол боломжгүй. Биднийг үхлээс салгах эм гэж байхгүй.
Ердөө “би үхнэ” гэж бодох нь үхлийн тухай бодох зөв хэлбэр биш. Мэдээж хүн бүр үхнэ, гэвч зөвхөн энэ үйл явдлыг бодох нь хүчтэй нөлөөтэй байдаггүй. Энэ бол тохирох арга биш. Үүнтэй адил бид задралд орж, үхжиж, ялзарч байхгүй болно гэж бодох нь бас хангалттай биш. Бидний бодох ёстой зүйл нь төрөл доошлохоос хэрхэн сэргийлэх тухай бодол юм.
Үхэх үед төрдөг айдас, түүнийг хэрхэн багасгах талаар бодох нь бясалгалыг үр дүнтэй болгодог. Амьдралынхаа туршид муу үйл их хураасан хүмүүс үхэх үед маш их айдаг. Тэд уйлж, хацрыг нь даган нулимс урсаж, шүлс, ялгадас нь мэдээгүй гарч айдаст бүрэн автсан байдаг. Энэ бүхэн нь амьдралын турш үйлдсэн муу үйлээс үүдэлтэй айдсаас болж гардаг үхэх үеийн зовлонгийн тодорхой шинжүүд юм.
Нөгөө талаас хэрэв бид амьдралын туршид муу үйл үйлдэхээс зайлсхийж байсан бол үхэл ирэхэд түүнтэй нүүр тулах амархан болдог. Үйл явц нь ээж, аавдаа очиж байгаа хүүхдийнхтэй адил баяр баясгалантай болдог. Бид нүглээ ариусгасан тохиолдолд үхэлтэй тайван амгалан нүүр тулж чадна. Арван хар нүглийг хорьж, тэдгээрийн эсрэг болох арван тустай үйлийг төлөвшүүлсэнээр бидний үхэл тайван амгалан болж, үр дүнд нь зовлонтой нөхцөлд төрөл авах шаардлагагүй болдог. Илүү сайн төрөл авах нөхцлүүд ч бүрдэж болно. Эмийн ургамлын үр суулгасанаар бид анагаах чадалтай ургамал ургуулж авна, хортой ургамалын үр суулгаснаар хортой ургамал ургана. Хэрэв бид сэтгэлдээ сайн, тустай үйлдлийн үр суулгавал дараа төрөлдөө бид сайн сайхныг эдэлнэ. Бидэнд бие, сэтгэлийн хувьд таатай нөхцлүүд бүрдэнэ. Сөрөг муу үйлдлүүдээс зайлсхийж, эерэг тустай үйлдлүүдийг төлөвшүүлэх Номын энэ үндсэн сургаал нь зөвхөн Бурханы шашинд төдийгүй Христ болон бусад олон шашинд байдаг.
Бид үхэл, мөнх бусын талаар хэрхэн бясалгадаг вэ? Өмнө нь дурьдсанчлан ердөө “Би үхнэ” гэж бодох нь тийм ч тустай байдаггүй. “Хэрэв би арван хар нүглийг үйлдсэн бол үхэл ирэх үед маш их айдас, зовлонтой нүүр тулж үүний үр дүнд хүчтэй муу заяанд төрөл авах болно. Харин эсрэгээрээ амьдралынхаа туршид эерэг зүйл (буян) хийсэн бол үхэл ирэхэд айдас, зовлон амсахгүй байж илүү завшаантай төрөл авах болно.” Энэ бол үхлийн талаар бясалгах зөв арга юм.
Энэ бясалгал нь “Би үхнэ, энэ талаар надад хийж чадах юу ч байхгүй” гэсэн гунигтай, гутранги бодол төдий байдаггүй. Харин үхэх цагт юу болох бол гэсэн үүднээс “Үхэл ирсэний дараа би хаачих бол? Би ямар шалтгаануудыг бий болгосон бэ? Үхэх үйл явцаа тайван туулж чадах болов уу? Яаж? Дараа төрлөө сайн төрөл болгож чадах болов уу? Яаж?” гэх байдлаар бодох хэрэгтэй.
Хойд төрлийн талаар бясалгахдаа: “Орчлонд итгэж найдах зүйл нэг ч байхгүй. Ямар ч бие авсан байсан эцэстээ энэ нь барагдах жамтай. Зуун жил, бүр мянган жил амьдарсан гэх хүмүүсийн тухай үлгэр түүхийг бид мэднэ. Хэдийгээр эдгээр түүх домгууд хичнээн сайхан ч гэсэн эцэст нь мөнх бусыг үзүүлээгүй нэг ч тохиолдол байхгүй. Бидний авсан орчлонгийн ямар ч бие эцэслэдэг” гэдгийг бодох хэрэгтэй.
Үхлээс зугтаж очих ямар ч газар байхгүй. Хаа ч байсан цаг нь болоход бид үхэх ёстой болно. Ямар ч эм тан, маань тарни, бүтээл дадал тус болохгүй. Мэс заслаар биеийн зарим эрхтний тодорхой нэг төрлийн өвчнүүдийг анагааж болох боловч үхлийг зогсоох нэг ч мэс засал байхгүй.
Бид ямар ч төрөл авсан байсан энэ нь эцэслэнэ. Үйл явц нь тасралтгүй явагдаж байдаг. Бидний үйлдлүүдийн урт хугацааны нөлөө болон төрөх, амьдрах, үхэх, дахин төрөх үйл явц нь хэрхэн үргэлжилж байгааг тунгааж бодох нь эерэг сайн үйл хийхэд тустай байдаг.
Хэдийгээр бид заримдаа Номыг хэрэгжүүлэхээр төлөвлөдөг ч маргааш эсвэл нөгөөдөр гэж хойшлуулдаг. Гэвч бид хэзээ үхэхийг хэн ч бидэнд хэлж чадахгүй. Хэрэв бидэнд амьд явах нэг зуун жил үлдсэн гэсэн тодорхой баталгаа байвал бид ном бүтээх, хэрэгжүүлэх цагаа зохион байгуулж болно. Гэтэл бид хэзээ үхэх нь огт тодорхойгүй. Бүтээл дадлаа хойшлуулах нь маш бодлогогүй хэрэг. Зарим хүмүүс төрөхөөсөө өмнө эхийнхээ хэвлийд, зарим нь хөлд орохоосоо өмнө энддэг. Бид урт насална гэж бодох боломжгүй.
Бидний бие маш хэврэг. Хэрэв төмөр, чулуугаар хийгдсэн бол тодорхой хэмжээгээр бат бөх санагдаж болох юм. Гэвч сайн шинжлээд үзвэл хүний бие маш дорой болохыг харна. Ямар нэг зүйл буруу болох нь маш амархан. Маш олон жижиг хэврэг эд ангиас тогтдог нарийн хийцтэй бугуйн цагтай адилхан байдаг. Найдах зүйл биш. Биднийг үхэлд хүргэх маш олон нөхцөл, шалтгаанууд байдаг. Хоолны хордлогоор, өчүүхэн хархой шавьжинд хатгуулах, бүр өргөсөнд хатгуулсанаар ч үхэж болно. Ийм жижигхэн шалтгаанууд ч биднийг үхэлд хүргэж чаддаг. Амьдралыг тэтгэдэг идэж уух зүйл ч үхэх шалтгаан болж болно. Бид хэзээ үхэх, юу бидний үхлийн шалтгаан болох нь огт тодорхойгүй байдаг.
Хэдийгээр бид нэг зуун жил наслана гэсэн итгэлтэй байдаг ч энэ хугацаанаас хэдэн жил нь аль хэдий нь өнгөрч, хийж амжуулсан зүйл ч бидэнд их байхгүй байна. Галт тэргэнд унтаж яваа хүн хүрэх газар руугаа зогсолтгүй ойртдог шиг бид үхэл үрүү дөхөж байдаг, гэвч энэ явцыг анзаардаггүй. Энэ явцыг зогсоох бидний хийж чадах өчүүхэн ч зүйл байхгүй. Бид ердөө ямар ч зогсолтгүй үхэл рүүгээ ойртож байдаг.
Амьдралынхаа туршид хичнээн их хэмжээний мөнгө, үнэт эдлэл, байшин, хувцас хураасан ч үхэх цагт ямар ч ялгаагүй байдаг. Үхэх болоход бид нүцгэн л явах болно. Өчүүхэн эд зүйл нэгийг ч авч явж чадахгүй. Биеэ ч хүртэл орхих ёстой болно. Сэтгэл нь биеэсээ салж үргэлжлэх ба бид ямар нэг эд зүйл төдийгүй биеэ ч авч явах боломжгүй.
Эх сурвалж: https://studybuddhism.com/mn/