Серотонин буюу аз жаргалын гормон дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг бөгөөд сэтгэл гутрал бол эмгэг. Тиймээс сэтгэл гутралыг жирийн нэгэн сэтгэлээр унах үйл явцтай андуурч болохгүй. Таныг сэтгэлээр унагаасан үйл явдал өнгөрөхөд уй гуниг аажимдаа мартагдаж үгүй болдог бол харин сэтгэл гутрал бол гутраасан хүчин зүйл нь өнгөрч мартагдсан ч мэдрэмж хадгалагдаж хэвээр үлддэг.
Шалтгаан
– Богино хугацаанд маш хүчтэй цочрол өгсөн сэтгэл зүйн гэмтлүүд (ойр дотны хүнээ алдах, үхлээс айх)
– Тодорхой хугацааны туршид хуримтлагдсан сэтгэлийн дарамтууд
– Улиралын өөрчлөлт
– Болж өнгөрсөн янз бүрийн баяр, гэр бүлийн хэрүүл маргаан
Сэтгэлд гутралд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Сэтгэл гутралын үед сэтгэл санаа, бие махбод, үйл хөдлөл гэсэн гурван түвшинд өөрчлөлт гардаг. Хамгийн түрүүнд сэтгэл санааны хувьд юунд ч идэвх сонирхолгүй болдог. Бүх зүйлийг сөрөг талаас нь харах, юунд ч итгэл найдваргүй болно. Сэтгэл түгшиж санаа зовно. Аливаад өөрийгөө буруутгана, гэмшинэ. Сэтгэл хоосорч бүх зүйлс утгагүй санагдана.
Үүний дараа нь бид махбодид нөлөөлж эрч хүчгүй, энергигүй болно. Нойрны хэмнэл алдагдаж их юм уу бага унтах эсвэл хоолны дуршил нэг бол ихсэж нэг бол багасна. Хэвийн хэмжээнээс илүү ядрана, ой санамж муудаж мартамхай болно. Хүндэрсэн тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Нийгмийн харилцаанаас хөндийрч цагийг ганцаараа өнгөрөөх нь ихсэх, амархан уйлах. Зарим тохиолдолд амиа хорлох бодол төрнө.
Сэтгэл гутралаас сэргийлэх аргууд
Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг. Тиймээс та дараах аргуудыг хэрэгжүүлснээр сэтгэл гутралын эмгэгээс өөрийгөө сэргийлж чадна.
- Бие болон сэтгэлийн хувьд идэвхтэй байх. Биеийн хөдөлгөөнийг идэвхтэй байлгахаас гадна боловсролоо дээшлүүлэх сургалтанд хамрагдах, үгийн сүлжээ таах, шатар тоглох, телевизийн уралдаант тэмцээнд оролцох зэрэг оюун санааг хөгжүүлэх, сэргээх үйл ажиллагаанд илүү оролцох хэрэгтэй.
- Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
- Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
- Стресс тайлах ур чадварт суралцах
- Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
- Согтууруулах ундаанаас татгалзах
- Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
- Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах
- Сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж бай. Өөрийн зовлонг хуваалцаж болох тохирсон хүнийг сонго. Зовлонгоо хуваалцсанаар өөрийгөө эмчлэх нэг алхам хийнэ.
- Хүнд хэцүү зорилго битгий тавьж бай. өөрийнхөө боломжийг бодитой үнэл. Том зорилтыг жижиг жижиг зорилтуудад хуваах хэрэгтэй.