Шинэ төрлийн коронавирусийн халдвараас хэрхэн хамгаалах талаар ХӨСҮТ-ийн Халдвар судлаач, их эмч М.Цолмонгийн өгсөн онцлох зөвлөгөөнүүд.
НЭГТ: Гарын ариун цэврийг маш сайн сахих ёстой. Гараа угаана гэдэг нь усанд дүрж норгоод арчихыг хэлэхгүй. Савантай бүлээн усаар, дахин дахин савандаж угаахыг хэлнэ. Гэхдээ байнга угаана гэсэн үг биш. Гарыг бохирдсон тохиолдол болгонд л угаана. Гар бохирдоогүй үед /оффисийн ажилтан/ спиртэн суурьтай халдваргүйжүүлэлтийн бодисоор гараа цэвэрлэж болно. Айл өрх бүхэн спиртэн суурьтэй халдваргүйжүүлэлтийн бодисоор гарыг халдваргүйжүүл гэсэн үг биш.
ХОЁР: Айл өрх, албан байгууллагууд хаалганы бариулыг чийгтэй хөвөн марль, даавуу самбаагаар ороосон байна. Энэ нь хамгийн болдоггүй зүйл. Яагаад гэвэл нойтон зүйл дээр хүний гар хүрч бохирдуулснаар халдвар дамжих эрсдэл үүсдэг. Үүний оронд хүний гар хүрч буй бүх зүйлд хлор орсон бодисыг ашиглан 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
ГУРАВ: Агаарт цэнхэр, цэвэр спирт, зарим нь архи цацаж байна гэсэн асуудлууд яригдаж, зөвлөгөө их хүсч байна. Агаарт цацлага хийх нь буруу зүйл.
Харин 15 минут тутамд өрөөндөө агаар оруулах нь зүйтэй. Гэхдээ вирус хүйтэнд тэсвэртэй байдаг учраас өрөөний хэмийг хэт хүйтрүүлж болохгүй.
ДӨРӨВ: Хүн бүр өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхтай байж, сайн угааж цэвэрлэн хэрэглэх шаардлагатай. Мөн нийтээр дундаа тавьж иддэг хятад, солонгос хоолноос аль болох татгалзах хэрэгтэй.