БЗД-ийн ЭМТ-ийн Клиник эм зүйч Ю.Нарангэрэлтэй ярилцлаа.
Эмийн зохистой хэрэглээний тухай ярихын өмнө эм гэж чухам юуг хэлэхийг дурдах нь зүйтэй болов уу?
Эм нь хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай, тодорхой тун, хэмжээгээр хэрэглэгддэг бодисыг хэлнэ.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Эмчийн жорын дагуу тогтсон хугацаанд бүрэн тунгаар хэрэглэснээр өвчнөөс ангижирч чадна гэж ойлгож болно. Ер нь зөв эмийг, зөв тунгаар, зөв цагт, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүнд хүрнэ.
Эмийг зохистой хэрэглэх нь яагаад чухал вэ?
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больдог сөрөг хандлага иргэдийн дунд түгээмэл ажиглагддаг. Гэтэл энэ нь өвчнийг хүндрүүлж, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг болохыг мэддэггүй. Эмийг зохисгүй хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэсдэг. Тиймээс ч өөрийн эрүүл мэнд болоод эдийн засгийн хувьд алдагдалд орохгүйн тулд эмийг зохистой хэрэглэх нь чухал.
Эмийг хэрхэн зөв сонгох вэ?
Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч танд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө. Мөн эмчлэгч эмчдээ өөрийнхөө ууж байгаа эмийнхээ тухай заавал хэлээрэй. Ингэснээр олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, мөн ижил үйлчилгээтэй эмийг давхар хэрэглэснээс үүдэн гарах эмийн гаж нөлөө, хордлого хүндрэлээс өөрийгөө хамгаална гэсэн үг. Ер нь зөвхөн шаардлагатай, цөөн эм хэрэглэхийг зөвлөж байна. Харин эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй хандаж мэдэгдэх хэрэгтэй.
Эмийн гаж нөлөө гэж байдаг. Энэ нь юунаас үүсдэг вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн сацуу заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой ч нөлөө үзүүлэх тохиолдол гардаг. Үүнийг л эмийн гаж нөлөө гэж нэрлээд байгаа юм. Гаж нөлөө нь нэг зэрэг олон эм хэрэглэх, мөн эм хоорондын болон эм –хоол ундны харилцан нөлөөлөөс болж эмийн гаж нөлөө илэрдэг. Ер нь нэг эмийг хэрэглэж байгаа үед эм хэрэглэгчдийн 18-20 хувьд нь эмийн гаж нөлөө илэрдэг бол хоёр эм хэрэглэх үед энэ тоо 40 хувьд хүрэх магадлалтай гэсэн судалгаа байдаг.
Эмийн чанар, аюулгүй байдал гэдэг маш чухал гэж бодож байна. Тэгэхээр иргэд эмийг худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
Эм нь нэг болон хэд хэдэн химийн бүрэлдэхүүнтэй байдаг. Эмийг тээвэрлэх, хадгалах, түгээх нөхцөл шаардлагыг нарийн баримтлахгүй бол химийн урвалд орж, хувирснаар задрал үүсч, эмчилгээний идэвхийг алдах тохиолдол гардаг. Ингэснээрээ хүний биед сөрөг нөлөө ч үзүүлж болох аюултай. Тиймээс ч тээвэрлэлт, хадгалалтын горимыг сайтар сахих нь чухал байдаг.
Чанарын баталгаатай эм хэрэглэхийн тулд улсын бүртгэлд орсон эмийг л хэрэглэж занших нь чухал. Нөгөө талаар эмийн чанарын баталгааг илэрхийлэх зарим нэг үзүүлэлтийг эм хэрэглэгчид мэддэг байх хэрэгтэй. Тодруулбал эмийн хайрцгийг гаднаас нь харахад түүн дээр олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн гээд гурван нэршил байх ёстой. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох ч чухал хэдэн нэр байгааг тоолж чадах нь ойлгомжтой шүү дээ. Мөн эмийг эмийн сангаас авахынхаа өмнө хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг харах шаардлагатай. Харин хүмүүсийн ам дамжсан ярианаас үүдэн өндөр үнэтэй эмийг сонирхон авч хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ бүхэн нь эцэстээ таны эм хэрэглэх сонирхол дээр тулгуурлан зах зээлийн үед мөнгө олох аргууд байх эрсдэлтэй. Тиймээс иргэн та шаардлагагүй үед өөрсдөө дур мэдэн эм хэрэглэхгүй байж, аль болох баталгаат эмийг эмийн сангаас авч хэрэглэх хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.
Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлого гэж байдаг. Ямар зохицуулалт байдаг вэ?
Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогод “Эмийн эмчилгээ нь эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэл хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлнэ гэж заасан байдаг.
Антибиотикийг ямар үед хэрэглэх хэрэгтэй вэ?
Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой. Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай байдаг. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр өвчин бүрэн эдгэрэх давуу талтай байдаг. Харин антибиотикийг буруу хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй болдог. Цаашлаад өвчин архагших эрсдэл бий болно. Хэрэв тунг хэтрүүлэн хэрэглэвэл өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг.
Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд яах ёстой вэ?
Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх хэрэгтэй. Мөн зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэнэ. Ингэхдээ заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх нь чухал. Харин ихэнхи антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж, зөв хэрэглэх нь зүйтэй.
Антибиотикийн дасал гэж юу вэ?
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болж байна. Хэрвээ антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж илэрвэл нэн даруй хэрэглэхээ зогсоож эмчид хандах хэрэгтэй.