₮ 0

No products in the cart.

С.Нэргүй: Хамар, дайвар хөндийн үрэвсэл дахих магадлал өндөр

Аль ч насныхан өвчлөх магадлалтай байдаг хамрын дайвар хөндийн үрэвслийн талаар БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх Поликлиникийн Чих хамар хоолойн сувилагч С.Нэргүйтэй ярилцлаа.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл гэж юу вэ?

Гавлын хөндийд хамрыг тойрон байрлах агаараар дүүрсэн гурван хос, нэг хос бус хамар дайврын хөндийнүүд гэж байдаг. Тэдгээрийн үрэвслийг дайвар хөндийн үрэвсэл гэдэг.

Хамрын дайвар хөндий үрэвссэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Нүүрээр өвдөх, чинэрэх, хамар битүүрэх, нармай руу ялгадас орж залгигдах, үнэрлэх мэдрэхүй буурах эсвэл үгүй болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй. Мөн толгой өвдөх, халуурах, ядарч сульдах, хамраас ногоон ялгадас гарах,  шүд өвдөх, ханиах зэргээр өвчний эхэн үеийн шинж тэмдэг илэрч болно.

Өвчнийг үүсгэж байгаа хүчин зүйлс нь юу вэ?

Сүүлийн үед хамрын дайвар хөндийн үрэвслийн голлох шалтгаан нь агаарын бохирдол, хуурайшилтаас үүдэлтэйгээр нэмэгдэж байна. Мөн хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу хүрсэнээс, хавар намрын улиралд харшлаас шалтгаалан хамар битүүрч, удаан явсанаас үүсч болно.

Үрэвсэл халдварладаг уу?

Хамар, дайвар хөндийн үрэвсэл халдварлахгүй. Харин ханиад томууны гаралтай, зөвхөн хамарт нь үрэвсэл явагдаж байх үед томуугийн вирус халдварлаж болно.

Энэ үрэвсэл дахих магадлалтай юу?

Дахих магадлал өндөр байдаг. Биеийн эсэргүүцэл муудах, дархлаа сулрах үед дахиж болно. Тиймээс дархлаагаа дэмжих хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэнээр өвчнөөс сэргийлэх боломжтой.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хамар битүүрэх үед хамрын битүүг арилгахгүйгээр удаан хугацаагаар явахгүй байх хэрэгтэй. Мөн амны хөндийг эрүүлжүүлж, ялангуяа дээд талын шүднүүдийн өвчлөлийг арилгах нь чухал байдаг. Үүнээс гадна хамар байнга битүүрдэг бол битүүрэл үүсгэж байгаа шалтгааныг олж эмчлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлж, биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулахыг зөвлөж байна. Харин харшилтай бол харшлын эмчилгээг хийлгэж, харшлыг сэдрээхгүй байлгах арга хэмжээг авах нь зүйтэй. Иргэдийн дунд түгээмэл байдаг алдаа нь дур мэдэн, хэн нэгнээс ам дамжиж сонссон яриагаар эмчилгээ хийлгэдэг явдал. Энэ нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болдог. Тиймээс хамар битүүрч хамраас ялгадас гарсан тохиолдолд дур мэдэж гэрээр эмчилгээ хийхгүйгээр мэргэжлийн чих хамар хоолойн эмчид хандаарай.

Хамар дайвар хөндийн үрэвслээр хэдээс хэдэн насныхан өвчилж байна вэ?

Насны хувьд гурваас дээш насны хэн бүхэн өвдөх эрсдэлтэй байдаг.

Өвчлөл үүсч байгаа шалтгаан нь гол төлөв хамрын битүүрлээс үүдэлтэй гэж ойлголоо. Хамар цэвэрлэхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

Бага насны хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ хуурай хөвөнгөөр цэвэрлэх нь буруу. Энэ хандлага шинэ залуу ээжүүдийн дунд түгээмэл ажиглагддаг. Ингэж цэвэрлэвэд хамрын хөндий хуурайшиж, хавагнан битүүрдэг. Сүүлийн үед хамар угаадаг зориулалтын бэлтгэсэн давс, уусмалууд ирдэг болсон. Энэ нь хамрын хөндийд хуралдсан ялгадасыг цэвэрлэж, бактерийг устган хамрын хөндийг чийгшүүлж өгдөг. Тиймээс зориулалтын бүтээгдэхүүн  хэрэглэж цэвэрлэх нь зүйтэй.

Дайвар хөндийн үрэвслийн үед хийх цэгэн массаж гэж байдаг. Энэ массажийг хэрхэн хийдэг вэ?

Биологийн идэвхитэй цэгүүдийн массаж нь хамар болон синусын салст бүрхүүлийн үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Энэ нь эмийн эмчилгээтэй хавсарч хийгддэг. Ингэснээр хамрын бөглөрлийг багасгах, толгой хүндрэх, өвдөх зовиурыг бууруулдаг. Массажыг дараах 4 цэгт цагийн зүүний дагуу дунд хуруугаар гүйцэтгэнэ. Даралтын хүчийг аажмаар нэмэгдүүлж цэг бүрт 5 минут орчим массаж хийнэ.

1-р цэг: Духан доор хөмсөгний дунд байрлана. Энэ нь хамрын бөглөрөлийг бууруулдаг.

2-р цэг: Духан голд байрлах бөгөөд толгойн өвдөлтийг намдаана.

3-р цэг: Чамархайд байрлах хос цэг

4-р цэг: Хамрын угалзны хажууд байрлах хос цэг. Хамрын салст дахь үйл ажиллагааг сайжруулж, хамрын бөглөрөлийг арилгадаг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...