Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгийн эмч Б.Мөнхзултай ярилцлаа.
-Сүүлийн үед ямар өвчний гаралт их байна вэ?
-Сүүлийн үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тэр дундаа харшлын гаралтай ханиад, шуухинаа, хатгалгаа, залгиур хоолойн үрэвсэл, мөн халдварын гаралтай салхинцэцэг, гар, хөл амны өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд ихсэж байна. Дархлаа султай, жингийн илүүдэлтэй болон дутагдалтай хүүхдүүд өвчинд илүүтэй өртөмтгий байна. Томуу, томуу төст өвчин болон агаар дуслын замаар дамжих халдварт өвчин нэмэгдэх болсон нь тоосжилт, хөрсний бохирдолтой холбоотой. Нөгөө талаар ханиадыг дутуу эмчлэх болон дур мэдэн эмчлэх нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болоод байна. Дулаараад өвчлөл багасч байна уу гэвэл үгүй ээ эсрэгээрээ нэмэгдэж байна.
-Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг эмч өдөрт дунджаар хэдэн иргэнд үзлэг хийж байна вэ? Үүний хэдэн хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна вэ?
-Манай өрхийн эрүүл мэндийн төвийн тухайд өдөрт нэг эмч 40-60 орчим иргэнд үзлэг шинжилгээ хийж байгаагийн 50–иас дээш хувьд нь амьсгалын замын өвчлөл илэрч байна. Тэр дундаа цэцэрлэгийн насны 2-5 насны хүүхдүүдийн дунд тархалт өндөр байгаа.
-Бага насны хүүхдүүдийн халдвар авч байгаа тохиолдол яагаад нэмэгдэх болов?
-0-5 насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаагийн дотор цэцэрлэгийн насныхан өвчлөгсдийн дийлэнх хэсгийг эзэлж байгааг дээр хэлсэн. Агаар дуслын замаар дамжих халдвар учраас цэцэрлэг дээрээсээ халдвар авч, өвчлөх тохиолдол их байна.
Харшлын гаралтай ханиалга нь архаг явцтай, амархан хүндэрдэг, эмчлэхэд удаан хугацаа шаардагдана. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдийнхээ эмчилгээнд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүдийн тухайд хүүхдэд нь өвчний шинж тэмдэг илэрсэн бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь эмчийн зөвлөмжийн дагуу асарч, эмчлэх хэрэгтэйг сануулъя. Ингэж эмчлээгүйн улмаас бусад хүүхдүүд халдвар авах эрсдэл нэмэгдэж, өвчнийг нь хүндрүүлэх магадлалтай болж байна.
Нөгөө талаар цэцэрлэг, сургуулийн эмч нар хүүхдийг хүлээж авахдаа ханиадны шинж тэмдэг илэрсэн эсэхийг шалгаад өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах арга хэмжээ авах нь зүйтэй. Үүнээс гадна анги танхимд эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж, чийгтэй цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөмж болгож байгаа.
-Вирусын гаралтай болон харшлын гаралтай ханиадаар өвчилж байгаа хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байна?
-Халуурч ханиалгасан хүүхдүүд нь вирусын гаралтай ханиадтай гэж оношлогдож байгаа. Энэ өвчний үед толгой өвдөх, халуурах, нус гоожих, хамар битүүрэх, хамаг бие янгинаж өвдөх гэсэн зовиур илэрч байна. Харин халуурч бүлээрэхгүйгээр ханиалгаж байгаад яваандаа цэр ихтэй болоод шуугиснаар дорхноо хатгаа болдог харшлын гаралтай ханиалгатай хүүхдүүд ихээр ирж байна. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийг харшилдуулагч бүтээгдэхүүнээс хол байлгаж, татгалзахыг зөвлөж байгаа. Тоос шороо, агаарын болон хөрсний бохирдол ихтэй газраар зорчихгүй байх, хиншүү хярвас гаргахгүй байх хэрэгтэй. Өвчний үед хүүхдэд бүлээн буцалсан ус, хярам, цайг сайн уулгахыг зөвлөж байгаа. Мөн аньс, чацаргана, аарцны төрлийн бүтээгдэхүүн нь харшилдуулагч шинж чанарыг үүсгэж байгааг энд онцлох хэрэгтэй. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь цэртэй хүүхдүүдийн цэрийг нэмэгдүүлэх, өтгөрүүлэх эрсдэлтэй байгаа учраас эдгээр бүтээгдэхүүнээс татгалзаарай. Харин ханиад, томуугүй үед нь аарц, чацаргана, нэрсний шүүс зэрэг бүтээгдэхүүнийг дархлаа дэмжих зорилгоор хэрэглэх нь зүйтэй.
-Эмчилгээ хийлгэж байгаа үед нь эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Жишээ авч үзвэл хоолойн ангенийг 7-10 хоног эмчилдэг. Энэ хугацаанд антибиотик эмчилгээг бүрэн тунгаар дуустал хэрэглэх ёстой. Гэтэл манайхан 3-4 хоног уулгаад өвчний шинж тэмдэг бүдгэрмэгц шууд орхичихдог. Энэ нь эргээд өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Харин үүний оронд эмчийнхээ зааврын дагуу эмээ бүрэн тунгаар зөв хэрэглэж, давтан үзлэгээ хийлгэх хэрэгтэй. Уушгины хатгалгаа байлаа гэхэд гурав хоногийн дараа давтан үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Хоолойн өвчний үед бол тав хоногийн дараа давтан үзүүлнэ. Хэрвээ давтан үзүүлэх хугацааны дундуур аюултай шинж тэмдэг болох өндөр халуурч, халуун нь буухгүй, амьсгаадах, хоолонд дургүй болох, эсвэл уусан идсэн бүхнээрээ бөөлжсөн тохиолдолд нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандаж, шууд үзүүлээрэй.
-Амьсгалын замын өвчнөөс гадна халдварт өвчин болох салхинцэцэг, гар хөл, амны өвчин нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар?
-Тоосжилт, хөрсний бохирдлоос үүдэлтэйгээр гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ өвчнийг салхинцэцэгтэй андуурах тохиолдол ч байна. Өвчний эхэн үеийн шинж тэмдэг нь жижиг цэврүү, идээт тууралт үүсдэгээрээ адилхан ч салхинцэцэг нь агаар дуслын замаар халдварладаг бол гар, хөл, амны өвчлөл нь эрүүл ахуйг сахиагүйтэй шууд холбоотой. Тиймээс ч урьдчилан сэргийлэхийн тулд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, орчноо сайжруулах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.