LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ц.Энхбаатар: Ходоодны шарх 3-5 жилийн дараа хорт хавдар болдог

Share

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт ходоодны өвчлөлийн талаар ярилцлаа. Энэ салбартаа  арав гаруй жил хоол боловсруулах эрхтний эмгэгийн болон ходоод, гэдэсний дурангийн эмч хийж байгаа, Уян дуран оношлогооны төвийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Ц.Энхбаатартай ярилцсаныг хүлээн авна уу.

-Сүүлийн үед эрүүл зөв хооллолт, дэглэм гэж их ярих боллоо. Та хоол боловсруулах эрхтний эмчийн хувьд юу гэж боддог вэ, энэ талаар яриагаа эхэлье?

-Эрүүл, зөв хооллолт бол их өргөн ойлголт. Надаар үзүүлэх гэж ирдэг ихэнх хүмүүс “Эмчээ би хамгийн эрүүл зөв хооллолттой хүн байхгүй юу, гэтэл өвдөөд байх юм” гэдэг. Тэгээд үзэхээр ходоодны шарх, шалбархай, улаан хоолойн үрэвсэлтэй.

Тэднээс өөрсдөөс нь асууна л даа. Эрүүл зөв хооллолт гэж чинийхээр юуг хэлж байгаа вэ гэхэд “Өглөө босоод 2 аяга ус, кофегоо ууна. Овьёос иднэ. Орой бол эрт хооллоод жимс, тараг идээд хононо. Өөх тостой хоол иддэггүй” гэнэ.

Эд ихэвчлэн эмэгтэй хүмүүс. Болоогүй, Нөхөр рүү гээ заагаад “Энэ заваан юм хоносон хоол, юу тааралдсанаа зөндөө иддэг” гэдэг. Гэтэл нөхрийг нь үзэхээр зүгээр. Үүгээр эрүүл зөв хооллолтын талаар буруу ойлголттой байгааг илэрхийлж болно.

Хоол ойр ойрхон иддэггүй хүний ходоод шархалдаг. Ямар ч хүн мэдээллээс өөрт хялбар, ашигтайгаа авдаг. Эмч эрүүл зөв хооллолтын талаар бүгдийг л хэлсэн байж таарна. Гэтэл тэр хүн өглөө ус уух, орой хөнгөн хоолло,  өөх тосыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй  гэдгийг л хүлээж авсан байна шүү дээ.

Мэдээж л дээ өдөрт хэмжээнээсээ хэтэрсэн хоол идвэл бүгд л таргална.  Гэтэл яг хэмжээндээ, хэмжээнээсээ бага хоол идээд байхад таргалаад байдаг.  Яагаад гэхээр хүний бие нэг удаагийн идсэн хоолоороо таван цагийн өл даана. Зургаа дахь цагаас тэр бие хоолгүй өлсөөд эхэлдэг.

Өдөрт нэг удаа хоол идэж байгаа хүний бие өөрөө мэдэж, өөрийгөө захирч эхэлдэг.  Бие мах бодь нэг дор их идсэн хоолыг дараагийнхаа цагт хэрэглэх гээд нөөцлөөд эхэлдэг.  Нөөцлөхдөө хоол хэлбэрээр биш өөх болгож хадгалдаг. 

Тэр хүний бие шөнөжингөө өөхөө үйлдвэрлэнэ. Тэгээд өглөө ус уугаад гарахад нь нөгөө өөхөө глюкоз болгож хувиргаж эндээс  энерги гарган дараачийн хоол болтол тэр хүнийг амьдруулдаг. 

Туранхай нэгнийг хараад хүмүүс ярьдаг “Өдөр шөнөгүй л идээд байх юм гэсэн хэрнээ таргалахгүй” гэж.

Энэ ямар учиртай вэ гэвэл: Хүний биед  ойр ойрхон их хоол ороод байхаар түүнээс тавхан цагийн хэрэгцээтэйг бие өөртөө  аваад бусдыг нь өтгөн болгон гаргадаг.  Энэ  хүний бие өөх нөөцлөх шаардлагагүй байх нь.

Эмэгтэйчүүд хоолоо хасаад байгаа хэрнээ турдаггүй нь ийм учиртай. Өдөрт идэх ёстой хоолны 30 хувийг өглөө, 45 хувийг өдөр, 25 хувийг орой өгөх хэрэгтэй. Оройн хоолыг унтахаас дөрвөн  цагийн өмнө иднэ. Ингэж чадвал эхний сард тэр хүн жингээсээ хамаараад 3-5 кг турна. Дараагийн сард 2-3 кг турна.

Хоол боловсруулах эрхтний ямар нэгэн зовиуртай хүмүүс  шууд хоолоо хасвал жин багасах ч ходоодны шархтай болох эрсдэлтэй. Тийм учраас жингээ хасах гэж байгаа хүмүүс заавал ходоодоо дурандуулж,  ямар нэг эмгэгтэй бол эмчлүүлэх хэрэгтэй.

-Ходоодны өвчлөлийг оношлоход хамгийн хурдан, зөв илрүүлэх арга нь уян дуран байх?

-Тийм. Ходоодны өвчлөлийг илрүүлдэг олон арга бий л дээ. Хамгийн сонгодог арга нь ходоодны дуран юм. Үүгээр бүх зүйлийг харах боломжтой.

Дуран дотроо ороод эргэж тойроод л бүх газраа салстаа шарх, үрэвсэл байна уу, бактеритай юу, хавдар үүсч байна уу гэдгийг бүгдийг харна. Цаашилбал дээд гэдсээ үзээд үрэвсэл байна уу, цөс нь яаж гарч байна, өтгөн эсэхийг харж болно.

Мөн элэгний хүндрэлийн /цирроз/ шинж тэмдэг гээд олон зүйлийг оношлохоос гадна   хавдар эсэхийг тогтоох эдийн шинжилгээ,  цус  тогтоож, эрт үеийн хавдар эмчлэх  давуу талтай. Тиймээс ходоодны дурангаас өөр шилдэг арга байхгүй.

-Сөрөг нөлөө бий юу?

-Хүмүүс ярьдаг л даа ходоодны дуран чинь аюултай гэнэ лээ, сөрөг нөлөөтэй шарх сэдрээдэг гээд л. Ходоодны уян дуранд туяа цацраг, янз бүрийн хор хөнөөл байхгүй.

Шаардлагатай үед хүнийг өдөрт хэд ч дурандаж болно. Манай дурангаар 12 настай хүүхдээс  эхлээд  90 гарсан настай хүмүүс ч дурандуулж байна. Чухам юу хэцүү гэхээр тухайн хүнээсээ болдог. Энэ тэндээс янз бүрийн мэдээлэл авчхаад айгаад биеэ бариад, өөрөө амьсгалаа түгжчихдэг. Дуранд өвтгөх зүйл юу ч байхгүй. Эмч нь зөв тайлбарлаад, тайвшруулж байж л дуранддаг.

-Ходоод дурандана гэдэг хурдтай, чадвартай хүний хийх ажил байх?

-Манайд ирсэн хүмүүс өмнө нь дурандуулж чадаагүй гээд ирдэг. Ур чадвар байхаас гадна тухайн хүнтэй зөв харьцах хэрэгтэй. Ер нь бол ходоод дурандахад ур чадвар, хурд, дадлагажилт хэрэгтэй.

Тэр шалчийсан ходоодыг хийлээд, бүх газрыг тойруулаад харна гэдэг бол хэцүү л дээ. Япон, Солонгост унтуулж байгаад 45 минут харах жишээтэй. Эмч чадвартай дуран сайн бол заавал олон минут болох  шаардлагагүй.

-Танай эмнэлэг хэдэн жил үйл ажиллагаагаа явуулж байна, Мөн та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу ?

-Манай эмнэлэг энэ чиглэлээр дагнаад арав гаруй жил ажиллаж байна. Манай нэг онцлог бол зөвхөн ходоод дурандаад зогсохгүй эмчилгээ зөвлөгөөг давхар өгч, хяналтдаа авдаг.

Ихэнх дурангийн кабинетууд бол зөвхөн дурандаад зургийг л гаргаж оношлоод өгнө. Дараа нь хоол боловсруулах эмгэгийн  эмч дээр очиж эмчилгээгээ бичүүлдэг. Манай эмнэлэг бол эдгээрийг нэг дор үзүүлж байна.

Дуран болон хоол боловсруулах эмгэгийн эмч давхар хийдэг учраас өөрөө үзээд, түүндээ таарсан эмчилгээ, зөвлөгөө өгдөг.  Олон дахин дурандуулж эмчлүүлсэн боловч эдгэхгүй юм гэсэн хүмүүс их ирдэг.

Ийм тохиолдол  олон зүйлээс хамаарч байна.  Тухайлбал хоолны дэглэм гэдгийг, эмч нь ч тэр, өвчтөн ч тэр буруу ойлгоод байгаагаас, нөгөө талаас дурангийн эмч оношлодог, хоол боловсруулах эмгэгийн эмч нь эмчилгээг бичдэг зэргийг дурдаж болно. 

Дурангийн  зургийг хараад нарийн зүйлсийг нь мэдэх боломжгүй.  Шарх гэхэд  л шинэ хуучин,  дахисан дахиагүй, том, бага, олон цөөн, гарал үүсэл, хавдарт шилжиж байгаа эсэх, өмнө нь болон одоо нөлөөлж байгаа хүчин зүйл гээд анхаарах зүйл маш их.  Тэгэхээр эмчилгээ  нарийн,  ялгаатай шүү дээ.

Би  бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн  байршлыг судалж Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл нь төгс  эдгэрдэггүй өвчин. Энэ өвчин өөх тос хэрэглэдэггүй, өдөрт  гурван удаа хоол иддэггүй, өглөө өлөн  явдаг  хүмүүст ихэнхдээ  тохиолдсон байсан.

-Танайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс ихэнх нь ходоодны шархтай байдаг гэлээ. Гол шалтгаан нь юу вэ ?

-Ходоодыг шархлуулдаг стресс, эм гээд олон шалтгаан бий.  Гэхдээ ходоодны хүчил, цөс, хеликобактер ходоод  шархлуулах үндсэн шалтгаан болдог. Ходоодны хүчил нь өөрөө махан хоол болгодог.

Энэ хүчил өглөө 7.40-д бэлэн болно. Эрэгтэй хүнд бүтэн порц хоол, эмэгтэй хүнд хагас порц хоол болгох хэмжээний ходоодны хүчил ялгарна. Яг энэ үед цөс нь уутандаа дүүрсэн, өөх тосоо боловсруулахаар хүлээгээд байж байдаг. Өглөөд хоёрхон өөх байхад л хангалттай.

Цөс өөрөө мэдээд уутнаасаа гарч, боловсруулалтаа хийдэг. Ходоодны хүчил нь хоолоо боловсруулаад яг таван цагийн дараа  дуусна. Өдөр нэг цагт дуусаад дахиад хүчил бий болно. Цөс ч мөн ялгаагүй.

Орой ч гэсэн яг энэ процесс явагдана. Манайхан ус уудаг болж.  Их ус уусан хүн хоол орох зай байхгүй ш дээ. Өглөө босоод ус уу гэж монгол үг байхгүй. Өглөөний хоолыг өөртөө гэж үг бий. Өглөө ус уух нь  Япон, Солонгосчуудын хэрэглээ.

Ходоодны хүчил цочроон, нэмэгдүүлдэг зүйлс шарх үүсэхэд шууд нөлөөлдөг. Үүнд газтай ундаа, халуун ногоо, хуршсан тосон хийсэн хуушуур, исгэлэн жимс, лимонтой цай, чацарганы жүүс, цагаан гаа зэрэг орно.

Мөн өлөн үедээ архи,  тамхи, бохи хэрэглэх нь ходоодны хүчлийг өдөөж улмаар шарх үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

-Ходоодны шархтайгаа мэдэж болох хамгийн эхний шинж тэмдэг юу вэ?

-Үндсэн шинж  нь өвдөлт. Ходоодны шарх 3-5 жилийн дараа хавдар болдог. 

Зарим шарх өвдөхгүй. Бүр ямарч зовиургүй хавдартай хүн үзүүлж л байдаг.  Тийм учраас хүмүүс өөрийгөө хянаж , үзлэгт хамрагдаж байх ёстой.

Жоохон эвгүй байвал янз бүрийн эмээр аргалчихдаг энэ хамгийн буруу.   Ходоодны талаар ямар нэг зовиур илэрсэн л бол заавал дурандуулах ёстой. 

40 наснаас доош эрүүл хүмүүс хоёр жилд нэг удаа, 40 дээш насанд жилд нэг удаа үзлэгт хамрагдах хэрэгтэй. Хэрэв шалтгаантай зовиуртай бол дурандуулах  шаардлагатай. Арван хэдэн настай ходоодны шарх нь хүндрээд ходоод нь цоорсон,  20 хэдхэн настай хүн шарх нь хавдар болсноо мэдээгүй л явж байна. Тэгэхээр хүн өөрийгөө мэдэрч, мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй. ходоодны хавдраар Солонгос, Монгол хоёр уралддаг.

– Сүүлийн жилүүдэд хеликобактертай хүмүүс ихэссэн. Үүний тухайд?

-Хеликобактер халдварладаг л даа. Халдана гээд сэжиглэх зүйлгүй. Хүн бүхэнд л байна. Хеликобактер хүчиллэг газар үрждэг. Ээж ааваас ч бага хүүхдэд халдана. Харин  8-р ангиас дээш насны хүүхдүүд хаа нэгэн газраас халдвар аваад идэвхжээд эхлэхээр нүүрэн дээгүүр нь юм гардаг.

Зарим хүний амнаас эвгүй үнэр гараад байдаг үүнтэй холбоотой. Өглөө өлөн явах,  ходоодны хүчлээ ихэсгэх  зүйл хэрэглээд л байвал бактери үржээд л байна.  Шинжилгээгээр хеликобактер өндөр гарсан боловч ходоод нь шархлаагүй байхад, баг гарсан хэрнээ шархалсан тохиолдол байдаг. Иймээс хеликобактер илэрсэн бол ходоодоо дурандуулах нь төгс шийдэл.

-Өөх ялгаж хаядаг, иддэггүй хүмүүс их болж?

-Өөх энергийн их үүсвэр. Өөх иддэггүй хүн үс нь унана. Гадаадын хүмүүс  60 гараад л мартамхай болж тэргэнцэр дээр суудаг. Монголд тийм эмээ, өвөө байхгүй.

Хүний уураг, тархи маш их энерги шаарддаг бөгөөд энергийн эх үүсвэр  нь өөх тос болдог.  Эрт хөгшрөхгүй, зөнөхгүй байх хамгийн гол зүйл бол хөдөлгөөнөөс гадна өөх, тос юм. Ерөөсөө өөх идэж чаддаггүй халзан толгойтой хүн ирж л байсан. Өөх идэхгүй байхын хор хөнөөл үүгээр зогсохгүй.

Өөх хэрэглэхгүй байснаар цөс гадагшлахгүй, үүнээс үүдэн баас хатна, цөсний хана зузаарч, цөс өтгөрөн, чулуу үүснэ, нүүр нөсөөтөж сэвхтэхээс гадна нүд шарлаж ногоорно. Ийм хүмүүс ихэнхдээ ходоодны гарах хэсгийн шалбархай, полип /ургацаг/ шархтай байдаг.

Г.Жаргал

error: Content is protected !!