LOADING

Type to search

Зөвлөгөө

Өөрөөс гарч буй “өтгөн”-өө ажиглаж сурцгаая

Share

Ихэнх хүн өөрөөсөө гарсан өтгөний “дуу хоолой”-г анзаардаг ч үгүй. Гэхдээ усаа татахаасаа өмнө дүн шинжилгээ хийвэл эрүүл мэндийнхээ талаар ямар их мэдээлэл авах боломжтой гээч!

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн бол чиний хоол боловсруулах систем, цаашлаад амьдралын хэв маягийн чинь тухай үнэнийг өгүүлж чадах цорын ганц зүйл гэхэд буруудахгүй. Энэ нь чиний идсэн хоол хүнснээс шим тэжээлийг нь шүүж аваад, үлдсэн хэрэггүй хэсгийг биеэс зайлуулдаг тогтолцоо юм. Бүх зүйл хэвийн явагдаж байгаа хүний өтгөн ч гэсэн гадаргуу, өнгөний хувьд янз янз байдаг. Гэхдээ анзаарахгүй орхиж болохгүй тохиолдлууд гэж бий.

Өтгөний 75 хувь нь ус, үлдсэн нь эслэг, амьд болон үхсэн бактери, элдэв төрлийн эсүүд, зунгагаас бүрддэг. Өтгөний чинь өнгө, үнэр, хэлбэр, хэмжээ, усанд унахдаа гаргаж буй чимээ, хөвөх живэх байдал гээд маш олон зүйлээр хоол боловсруулах систем чинь дажгүй ажиллаж байгаа эсэхийг шинжиж болно.

Эрүүл өтгөн ямар байх ёстой вэ?

Өтгөн “хэвийн” байх нь ерөнхий эрүүл мэндэд ч, жин хасах зорилгод маань ч тустай. Үүнийг дараах шинжээр тодорхойлж болно:

• Дундаж бор өнгөтэй

• Зөөлөн

• S-хэлбэртэй

• 3-6 см өргөнтэй, 45 см хүртэлх урттай

• Ус руу нэг их чимээ гаргалгүй гулсаж ордог

• Аажмаар живдэг

Эрүүл бус өтгөн ямар байдаг вэ?

Хэлбэр хэмжээний хувьд:

• Хатуу, хоргол шиг: Шингэний дутагдал, хангалттай эслэг авахгүй байгаагийн шинж

• Усархаг, нялцгай: Шим тэжээлийн дутагдал/Хэт их муу бактерийн бөөгнөрөл

• Харандаа шиг нарийхан: 1-2 хоног үргэлжилвэл нэг их асуудал биш. Магадгүй өтгөн хаталт, хэт их дүлэлтээс үүдэлтэй байж болно. Энэ үед хоногт авах эслэгийнхээ хэмжээг нэмэгдүүлэхэд л асуудал шийдэгдэнэ. Гэхдээ хэрэв ийм өтгөн гарах нь олон хоног үргэлжилвэл шулуун гэдэсний хорт хавдрын шинж байж болно. Хавдрын үед цагаан мах нарийсдаг юм. Гэдэсний дурангаар үүнийг тодруулаарай.

• Өтгөн усанд хөвөх, эсвэл шүршиж байгаа юм шиг гарвал: Шингээгүй өөх тоснуудын бөөгнөрөл

Өнгөний хувьд:

Өтгөний бор өнгийг элэг бүрдүүлдэг. Чиний идсэн хоол системээр дамжиж гарахдаа гурав хоногийг зарцуулдаг. Хэрвээ түүнээс бага цаг зарцуулвал өнгө нь ногоон болж болдог.

• Хар хүрэн: Улаан эсвэл хар өнгөтэй байвал энэ нь шархлаа, хорт хавдраас үүсэлтэй дотуур цус алдалтын шинж юм. Өтгөн хаталтаас, анусны урагдалтаас л болж цус гарсан байх гэж дотроо бодсон ч эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Мөн хэрвээ чи 50-аас дээш настай эсвэл гэр бүлийн чинь түүхэнд ходоодны хорт хавдраар өвчилсөн хүн байгаа бол дурангаар оношлуулаарай. Наалдамхай, давирхай шиг, маш өмхий үнэртэй өтгөн нь мөн л цус алдалтын шинж. Гэхдээ төмрийн бэлдмэл, bismuth subsalicylate агуулсан эм хэрэглэж байгаа үед өтгөн хар гарч болно.

• Цайвар: Цагаан саарал өнгөтэй өтгөн нь элэгний өвчин, цөсөнд саад учирсныг илтгэж болно.

• Шар: Гэдэсний халдварт өвчин, цөсний өвчинг илтгэж болно.

Цаг хугацааны хувьд:

Дунджаар хүн өдөрт 1-2 удаа өтгөнөө гаргадаг. Гэхдээ хүн хүнээсээ шалтгаалаад энэ хугацаа өөрчлөгдөж болно. Өөрийнхөө тогтмол гаргадаг хугацааг тогтоогоод, өөрчлөлт орвол л өтгөн хаталт юм уу шингэрэлт үүссэн гэж тодорхойлж болно.

Үнэрний хувьд: :

Өтгөн эвгүй үнэртэх ёстой. Энэ бол хэвийн зүйл. Учир нь энэ нь ходоод чинь хангалттай их ашигтай бактеритай байгаагийн шинж юм. Бидний хоол боловсруулах эрхтнүүд бактериудтай “гар нийлэн ажиллаж” бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулснаар өтгөнөөс эвгүй үнэр гардаг. Харин ч үнэр гарахгүй байвал асуудал үүссэн байж магадгүй.

Нөгөө талаас, хэрвээ чиний өтгөн онцгой муухай үнэртэй байвал тоохгүй орхиж болохгүй. Энэ нь генийн өөрчлөлт, дархлааны өвчин, нойр булчирхайн үрэвсэл, уйланхайны шинж тэмдэг байж болно.

Өтгөний асуудлууд:

Өтгөн хаталт

Өтгөний гарах тогтмол хугацаа холдсоноор өтгөн хаталтыг тодорхойлж болно. Мөн гэдэс хийгээр дүүрэх, заавал их дүлэлттэйгээр гаргах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Өдөр бүр 00-ын өрөө ордог байсан ч хэрвээ өтгөн чинь хатуу, хэсэг хэсгээрээ хугарч хуваагдсан байвал өтгөн чинь хатсан байх боломжтой.

Өтгөн хаталтыг үүсгэгч шалтгаануудад: Жимс ногооны хангалтгүй хэрэглээ, жирэмслэлт, гормоны өөрчлөлт, сэтгэлийн хямрал, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс болоод өтгөнөө барих шаардлагатай тулгарах, чихрийн шижин, шингэний дутагдал, хөдөлгөөний дутагдал, кальци төмрийн бэлдмэлүүд, өвчин намдаагч эмүүд, бамбай булчирхай, хоолны харшил зэрэг багтана.

Суулгалт

Суулгалт нь ихэвчлэн хортой бактери, тохиромжгүй хооллолтоос үүдэлтэй байдаг. Мөн антибиотикний хэрэглээ гэдсэн дэх ашигтай бактериудыг устгаснаас хоол боловсруулах системд өөрчлөлт орон, суулгалт өгч болно. 2 хоногоос хэтрэн үргэлжилвэл эмчид хандсан нь зүйтэй.

Харин өтгөн шингэрч, ойр ойрхон гарах шалтгаануудад жимс, ногооны хэрэглээний өсөлт, хөдөлгөөний нэмэгдэл, шингэний хэрэглээний өсөлтөөс гадна хоолны харшил, сэтгэлийн хямрал, гэдэсний өвчин зэрэг сөрөг шалтгаанууд ч багтана.

Усаа хэд хэдэн удаа татсан ч өтгөн хөвөх нь

Байцаа, вандуй зэрэг хүнс, их порцтой хоол идсэн бол хийний нөлөөгөөр өтгөн хөвөх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ гадуураа тосорхог шингэнтэй, хөвөмтгий өтгөн гарах нь хэд хоногийн турш үргэлжилвэл чиний бие өөх тосыг шингээж чадахгүй байна гэсэн үг. Үрэвсэл, нойр булчирхайн өвчлөл, хоолны харшлууд энзимийн үйлдвэржилтийг багасгаснаас эсвэл халдварт өвчин, хоолны харшлууд ходоодыг чинь гэмтээж байгаагаас үүдэн ийм шинж тэмдэг илэрч болно.

Бие хөнгөлөх зөвлөгөө:

Өтгөн чинь нэг л хэвийн бус болчихвол хүнсний ногоо, жимс, самар голлосон эрүүл хүнс идэж, шингэн сайн ууж, хөдөлгөөнөө нэмэгдүүлээрэй.

error: Content is protected !!