LOADING

Type to search

Зөвлөгөө

Хар өнгөөр баяр ёслол, хурим найранд хувцас хийдэггүй

Share

Монгол дээлний өнгөний бэлгэдэл, өнгө сонголт

Монголчууд эрт үеэс хувцасны өнгө зохицлыг ихээхэн тохируулж ирсэн бөгөөд энэ нь үндэсний ёс заншил, улс төрийн утга агуулга, гоо зүйн мэдрэмжийг илэрхийлдэгбайснаара онцлог юм. Монгол хувцасны өнгөний сонголт нь хүрээлэн байгаа орчин байгаль цаг уур, газар, өвс ургамлын өнгө болон соёл зан заншилтай холбоотой.

Жишээ нь: хөх өнгийг тэнгэр, цэнхэр өнгийг ус, ногоон өнгийг өвс ногоо, саарал өнгийг зэр зэвсэгтэй холбон үзсээр иржээ.

Монголчууд гол төлөв хөх цэнхэр , цэнхэр хөх өнгөөр дээл тэрлэг өнгөлдөг байсан нь эх газрын өнгө тэнгэрийн агаар мандал, амьтдыг ундаалах мөнхийн усны өнгөтэй харьцуулан сонгож, шар өнгийн эдээр санваартны өмсгөл хийх тул тэр өнгөнөөс зайлшийдэг байжээ. Мөн насныхаа онцлогт тохируулан хувцасныхаа өнгө, материалыг сонгодог байжээ. Жишээ нь: настангууд бүдэг өнгө, эмэгтэйчүүд залуучууд тод өнгийн хувцас хийж, харш өнгөөр эмжинэ.

Тавь гарсан хүн торго, хоргой, залуучууд дурдан, чисчүүгээс дээш торгоор хувцас хийж өмсдөггүй байжээ. Монголын олон үндэстэн ястнууд ч өөр өөрийн гэсэн өнгөний бэлгэдэлтэй байжээ. Жишээ нь: халхчууд улаан, цэнхэр, торгуудууд хүрэн, ягаан, хотонгууд хар өнгө гэх мэт…

Тэр ч буй хэл өмсөх хувцсандаа унах морь, тохох эмээл, барих ташуураа хослуулдаг байна. Жишээ нь: эмэгтэй хүн наадамд цоохор, халиун, хонгор, хамар цагаан, бидэртэй хонгор морь унах ба хар азарга, цагаан зүсмийн морь унахыг хориглоно. Цагаан зүсмийн морийг эрэгтэйчүүд унадаг. Хивсэн тохоштой улаан ат эмэгтэйчүүдийн гоёл бөгөөд зэгэл хөх тэмээг шуламсны өнгө гэж хэн ч унадаггүй байна.

Монгол дээлний өнгө, дотор, эмжээр товч шилбэ тоноглол, чимэглэл зэрэг нь тухайн хувцсанд үзэмж оруулдаг тул тэдгээрийн өнгөний зохицол хоорондоо салшгүй холбоотой. Монголчууд эртнээс өнгөний бэлгэдэл, ёс заншлыг хувцсанд өргөн хэрэглэж, түүнийгээ баримталж ирсний жишээ бол төрийн 9 цагаан туг, ариун цагаан сэтгэл, цагаан идээний өнгө гэж цагаан сараар цагаан хувцас өмсдөг.

Алт эрдэнэсийн өнгийг орчлонг гийгүүлэн тэтгэгч нарны өнгө гэж шүтлэг бишрэлтэй холбоотойгоор шашны өмсгөлийг шараар, дээрээс ивээх тэнгэр мөнх цэлмэг, дэргэд урсах ус гол минь үргэлж тунгалаг байг гэж хөх цэнхэрийг, эх болсон газар дэлхий дэлгэрч үржих оюун эрдэнэсийн өнгөтэй мөнх ногооноороо байг гэж ногоон, халуун дотно баяр баясгалан бадарч буй гал дөл шиг мандан жаргаж, дэвжихийг бэлгэдэн улаан өнгөөр тус тус дээл хийдэг байжээ.

Орчин үед өнгөний зохицол, гоо зүйн мэдрэмжийг хувцсанд тусгах болсонтой холбоотойгоор улаан өнгийг сонгодгоос бусад өнгөнд төдийлөн хэрэглэхээ больжээ. Хар өнгийг гашуудал, хар буруу санаа, хөөний өнгө гэж өзэж, баяр ёслол, хурим найранд хувцас хийдэггүй, гэвч хар ба хар хөх, бор хүрэн, хар хүрэн, хул шар гэх мэт өнгөнүүдийг орчин үед ямарч насны хүнд дээл хувцас хийхэд тохиромжтой, төлөв даруу харагдуулдаг төв өнгөнүүд гэж өргөн хэрэглэж, хар цагааны хослол нь сонгодог өнгөө хадгалсаар байна.

Өнгө сонголт:

Монгол дээл хийх бөс даавуу, түүний өнгө, урт богиныг сонгохдоо өмсөх хүний бие бялдар, нас намба, царай зүсний өнгө, ажил хөдөлмөр, өндөр намд тохируулан сонгож ирсэн уламжлалтай билээ. Өндөр хүний дээлний уртыг хөлний бүдүүн шилбээр, намхан хүний дээлний уртыг нарийн шилбэний төгсгөлөөр хийж ирсэн уламжлалтай бөгөөд өндөр туранхай хүний дээлийг хэт урт, бараан өнгийн, тууш судалтай бөс даавуугаар, намхан махлаг хүний дээлийг богинохон хийж, тод өнгөтэй эрээн торго, хоргой, хөндлөн судалтай бөс даавуу сонговол улам бүдүүн намхан харагдуулдаг, өндөр хүзүүтэй хүнд өргөн зах, намхан хүзүүтэй хүнд нарийн зах тохиромжтой.

Орчин үед дээл хувцасны өнгөнд хар, бор, хул шаргал хар хөх, хар ногоон зэрэг бүдэг өнгө завсрын өнгөнүүдийг түгээмэл сонгохын зэрэгцээ өнгөлөг, цоглог харагдуулах, гоо зүйн мэдрэмжийн үүднээс улаан, цэнхэр, цэнхэр хөх, ягаан гэх мэт тод өнгөнүүдийг эмэгтэйчүүд түгээмэл сонгох боллоо.

Дээлний өнгөнд хээтэй, хээгүй торго, пүүсүү минчүү, үйтэн хуар, даавуу даалимба, одончүү цэмбэ, савхи, илэг зэргийг сонгож болох бөгөөд гоёлын дээлэнд үйтэн хуар, торго, цулгүй пүүсүү даавуу илүү зохимжтой. Өргөн энтэй /1.40-1.50метр/ ноосон ба хагас ноосон даавуу жижгэвтэр биетэй 2 хүнд, 1.40-1.50метр өргөн энтэй цулгүй даавуу, цэмбэ, одончүү 2.20-3.50 метр, хээтэй хээгүй дунд зэргийн өргөн энтэй торго, даавуу 4.0-4.50метр, 70-75 см нарийн энтэй торго, үйтэн хуар 4-7.0 метр нэг дээл хийж хүрэх бөгөөд, хэт эрээн буюу жижиг хээтэй торго, даавуугаар эрэгтэй хүнд дээл хийхэд зохимжгүй байдаг.

Монгол дээлний өнгө эмжээр, товч шилбэний өнгө өөр хоорондоо уялдан зохицсон байх бөгөөд өнгөнд зохисон эмжээр, тэгш хадсан товч шилбэ дээлийг үлэмж гоё ганган харагдууладаг тул эмжээрийг зөв сонгох нь маш чухал. Дээлийн эмжээрт хоргой, саатай торго, атлас, пүүсүү, савхи, доторт төрөл бүрийн эрээн давуу, торго, дурдан, сатин, даалимба зэргийг сонгох бөгөөд гол өнхаарах зүйл хэт эрээн биш, дээлийн өнгөний өнгөнд ууссан ба ойролцоо өнгийн, чанартай эмжээр, дотор сонгох нь зүйд нийцнэ.

Дээл хийх торго, даавууны өнгө, хэмжээг мэдэхээс гадна тухайн торго, даавууны шинж, чанарыг таньж мэдэх нь чухал. Үүний тулд торго даавууны утсыг шатааж үздэг. Жишээ нь: ноосон даавууны утсыг шатаахад аажим асаж, богиновтор дөл гарч, эвэр, үсний үнэр, хөвөн цаасан утсыг шатаахад гэнэт асаж, өндөр дөл гарч цаасны үнэр мяндсан нийлэг эдийн утсыг шатаахад шатсан хэсэг аажмаар бөөрөнхий хар үнс үүсгэх зэргээр шатах тул торго, даавууны шинж чанарыг утсыг шатааж таних боломжтой.

error: Content is protected !!