LOADING

Type to search

Зөвлөгөө

Илүүдэл үснээсээ салах таван арга

Share

Илүүдэл үсийг зориулалтын бүтээгдэхүүн хэрэгслээр авбал илүү баталгаатайгаас гадна дахин ургалт ч удаан байдаг юм. Тиймээс хусах, угаах, зулгаах гэх мэт толгой эргэм олон арга байдаг мэт санагдаж алийг нь хэрэглэхээ мэдэхгүй бол тэдгээрийн ялгаа, үр дүнг дэлгэрэнгүй тайлбарлая.

Илүүдэл үс авах зөвлөгөөгөө хүргэхийн өмнө үсний бүтцийн талаар товч мэдээлэл хүргэе. Үс нь эвэрлэг бодис (кератин) мөн хатуу уургаас бүрддэг. Үс нь арьсны гадарган доор байрлах жижиг гуурс буюу үсний уутанцар дотор ургадаг. Хүний биед хоёр төрлийн үс ургадаг.

· Шар үс (Веллус) нь зөөлөн, хэвийн ба богино үс юм. Ихэнх эмэгтэйчүүдийн цээж, нуруу болон нүүрээр ургадаг. Зарим хар бараан өнгийн арьстай эмэгтэйчүүдэд мөн тийм өнгөтэй үс ургасан байдаг. Шар үс нь дулаан ялгаруулж биеийн температурыг тэнцвэржүүлэхэд тусалдаг.

· Терминал үс нь бүдүүн ширхэгтэй, хар бараан өнгөтэй мөн шар үсийг бодвол илүү урт байдаг. Энэ нь нэг ёсондоо толгойн үстэй чинь адилхан бүтэцтэй. Бэлгийн бойжилтын үед терминал үс нь суга болон бэлэг эрхтэний хэсгээр ургаж эхэлдэг. Эрэгтэй хүүхдийн хувьд терминал үс нь нүүр, чээж, хөл мөн нуруугаар ургаж эхэлдэг. Терминал үс нь хамгаалах үүрэгтэй.

Хусах

Илүүдэл үсээ хусах нь хамгийн бага зардалтай бөгөөд ганцаарчлан хийх боломжтой арга юм. Чамд зөвхөн үс хусагч, бүлээн ус мөн зориулалтын хөөс ба тос байхад л хангалттай. Эхлээд ваннд хэвтэж эсвэл халуун шүршүүрт орж арьс болон үсээ зөөллөж байгаад хусвал илүү үр дүнтэй. Хэрвээ эмзэг бөгөөд мэдрэмтгий арьстай бол илүүдэл үсээ хусахдаа зориулалтын хөөс эсвэл тос хэрэглээрэй. Мөн өөрийгөө зүсэхээс эмээж байгаа бол цахилгаан хутгыг хэрэглэхийг зөвлөе.

Сул тал: сахлын хутганаас болж цочрол үүсэх, биеэр юм туурах, загатнах, зүсэх, хөх толбо бий болох, үс ургахдаа улам ширүүн, хатуу болох, үс дотогш ургах гэх мэт сөрөг үр нөлөөтэй.

Үс дотогш ургах нь илүүдэл үсээ байнга хуссанаас болж үүсдэг бөгөөд үс ургаж эхлэхдээ уутанцараасаа гарж ургалгүйгээр ойр орчмынхоо эд эс дотор ургаж, улмаар буржийж арьс нэвтлэх гэж тэмүүлснээр арьсанд цочрол өгч улайж товруу үүсгэдэг. Үсний дотогш ургалтаас сэргийлэхийн тулд үс ургаж байгаа чиглэлийн дагуу хусвал илүү үр дүнтэй гэдгийг санаарай.

Үс ургах хугацаа: 1-3 хоног

Зулгаах

Энэ нь хямсаа ашиглаж байгаад арьсаа бага зэргийн сунгаж татаад үсний угнаас чимхээд сугалж татах арга юм.

Илүүдэл үсээ зулгаах нь мөн л хамгийн зардал багатай арга бөгөөд чамд хэрэгтэй цорын ганц зүйл бол хямсаа юм. Гэхдээ энэ нь цаг их шаарддаг бөгөөд нэг оролдлогоор зөвхөн нэг л үс зулгаадаг.

Гэвч сүүлийн үед үс зулгаагч машинууд (epilator) худалдаанд гарсан бөгөөд энэ нь нэг удаад олон үс зулгаах боломжтой юм. Монголд электрон барааны дэлгүүрүүд ба интернэт худалдаагаар харагдаж байна лээ. Үсээ зулгаахын өмнө болон дараа нь халдвар авахаас сэргийлж хямсаа болон үс зулгаагч машинаа спиртээр тогтмол ариутгаж байгаарай.

Сул тал: Зулгаах арга нь өвдөлт ихтэй. Мөн дутуу зулгаах буюу үсний уг нь арьсан дор үлдсэн тохиолдолд үс дотогш ургах эрсдэлтэйгээс гадна үс зулгаахад үсний уутанцар хавдаж, цочирддог учраас түр зуурын улайлт үүсдэг. Мөн үс зулгаагч машиныг хөмсөгөө засахдаа хэрэглээд дэмий гэж зөвлөмөөр байна. Учир нь энэхүү машин нь нэг дор олон үс холбон сугалж авдаг тул хэлбэр алдагдуулах магадлалтай.

Үс ургах хугацаа: 3-8 долоо хоног

Илүүдэл үсээ гуужуулах

Илүүдэл үс гуужуулагч нь тос ба шингэн бүтэцтэй илүүдэл үсийг арьсны гадарга дээрээс авах аргыг хэлнэ. Энэ нь үсний гол бүтэц болох уургийг урвалд оруулдаг тул үсийг угаах юмуу арчсаны дараа өөрөө унадаг байх нь.

Илүүдэл үс гуужуулагч нь цаг хэмнэх төдийгүй эмийн сан, супермаркет гэх мэт газруудаар элдэг зардаг. Монголд ихэвчлэн Veet брэндийн үс гуужуулагчид байдаг бөгөөд үнийн хувьд багадаа 20.000-аас эхэлдэг.

Энэ аргаар хөл, суга орчмын илүүдэл үсийг авахад тохиромжтой. Нүүрний үс гуужуулах тусгай зориулалтын тос ч байдаг. Үс гуужуулагчийг хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүн дээрх хэрэглэх зааврыг сайтар уншиж, заасан хугацааны дагуу тосыг байлгах нь илүү үр дүнтэй байдаг.

Сул тал: Хурц, эвгүй үнэртэй. Хэт мэдрэмтгий арьстай хүнд гуужуулагч тосон дахь химийн найрлага нь харшил өгч тууралт ба үрэвсэл үүсгэдэг. Гуужуулагч тос нь бүдүүн ширхэгтэй үстэй хүнд тохиромжгүй байдаг.

Үс ургах хугацаа: 1-2 долоо хоног

Вакс

Тусгай зориулалтын наалдамхай, цавуулаг тосыг илүүдэл үстэй газарт түрхэсний дараа даавуун өөдөс нааж хурдан татаж авах арга юм. Ингэснээр илүүдэл үсийг угаар нь авахаас гадна үхжсэн арьсыг ч бас цуг авдаг.

Вакс нь халуун ба хүйтэн гэж хоёр төрөл бий. Ваксыг гэрийн нөхцөлд эсвэл гоо сайхны салонд хийж болдог. Вакс хийсний дараа арьс зөөлөрдөг ба илүүдэл үс авах аргуудаас хамгийн удаан хугацаанд үр дүнтэй байдаг арга юм. Мөн үс буцаж ургахдаа илүү зөөлөрч, шингэрдэг.

Вакс хийхэд үсний урт багадаа 6мм байх хэрэгтэй тул вакс хийхээс хэдэн долоо хоногийн өмнөөс илүүдэл үсээ хусах хэрэггүй. Вакс нь хөл, гарын хэсэг болон хөмсөгний хэсэгт хамгийн үр дүнтэй байдаг.

Сул тал: Хамгийн түгээмэл сул тал бол өвдөлт ихтэй. Мөн түр зуурын улайлт, тууралт үүсдэг. Вакс нь арьсыг улам эмзэг болгодог тул батганы эмчилгээ хийлгэж байгаа өсвөр насныхан татгалзах хэрэгтэй. Мөн наранд түлэгдсэн арьсанд вакс хийхгүй байхыг зөвлөж байна.
Үс ургах хугацаа: 3-6 долоо хоног хүртэл

Лазер

Мөн эдгээр аргуудаас гадна лазераар үс арилгах арга нь үс ургалтыг бүр мөсөн зогсоодог. Лазераар үс арилгах аргыг салонуудад ихээр хийдэг бөгөөд үнийн хувьд харьцангуй өндөр үнэтэй байдгаас гадна олон удаагийн давтан эмчилгээнд орох хүндрэл үүсдэг.

Мөн тусгай лазер төхөөрөмжийг худалдаж аваад ашиглаж болох боловч эхний ээлжинд энэ төрлийн үйлчилгээний талаар сайтар судалж, мэдсэний дараа энэ үйлчилгээг хийлгэх эсэхээ шийдээрэй.

Зүгээр л ургуулж болно

Илүүдэл үсийг заавал авах ёстой гэсэн дүрэм байдаггүй тул заавал биеэ зовоон өвтгөн байж тэмцэлдэх хэрэггүй. Зүгээр л ургуул. Үс урт, их байх тусмаа амархан бохирдож, нян үржих таатай нөхцөл бий болдог мөн тав тухгүй байдаг болхоор л хүмүүс илүүдэл үсээ байнга авдаг юм. Хэрвээ чи ариун цэврээ сайн сахиад, жижиг хайчаар илүүдэл үсээ багасгаад байхад санаа зовохгүй яваад байж болноо гэсэн үг.

error: Content is protected !!