Сүүлийн жилүүдэд хүмүүс хэт хэрэглээнээс татгалзаж, нүсэр бус төсөр амьдрахын чухалчилдаг болсон. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн амьдралын хэв маяг төлөвшөөд буй. Тухайлбал, Шведүүд “Лагом” гэх шинэ чиг хандлагаар аж төрөх болжээ. Улмаар тус улсыг Lagomlandet буюу Лагом улс гэж нэрлэх нь ч бий.
Тус хэв маягийн гол философи нь бүх зүйлийн тунг нь тааруулж, алтан дунджийг олж, тэнцвэртэй амьдрах юм.
Өөрөөр хэлбэл, аз жаргалыг эд материалаас бус цомхон, цэгцтэй байдлаар мэдрэх урлаг юм. Швед хүмүүс өдөр тутамдаа зөвхөн нэн шаардлагатай зүйлийг хэрэглэж, хэт их эд материалаар өөрийгөө хүрээлүүлэн, амьдралаа ачаалуулахаас татгалздаг.

Энэ хандлага нь зөвхөн эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, швед хүмүүс ажил, амралт, жаргал, зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой. Тухайлбал, өдрийн ихэнх цагийн ажил дээрээ үр бүтээлгүй өнгөрөөх бус бага цагт их ажил амжуулаад, үлдсэн цагаа гэр бүлдээ зарцуулахыг чухалчилдаг байна.
Лагом гэх үгийг Швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утгыг илэрхийлдэг. Тус ойлголт нь хоол, дизайн, байгаль орчин гэх мэт амьдралын бүх салбарт хэрэгждэг. Мөн тус хандлага загварын салбарт хүчтэй ноёрхдог ба Шведийн ихэнх дизайнер бүтээлүүдээ лагом хэв маягаар бүтээдэг байна.
Жишээ нь Acne Studios, Filippa K гэх зэрэг брэнд хувцас урлахдаа илүү деталь, хэт их чимэглэл хэзээ ч ашигладаггүй.
Үүний оронд тэд өдөр тутам болон онцгой тохиолдолд ч өмсөхөд тохиромжтой биед эвтэйхэн, минималист хувцас зохион бүтээдэг. Энэ хандлагын бас нэг зорилго нь хэрэглэгчдийг хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрахад уриалах юм. Дэлхий даашгүй их материал цуглуулах нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг.

Тиймээс хэрэглээнээс таашаал авах үзлийг улс нийтээрээ үгүйсгэж буй нь сайшаалтай. Лагом хэв маягийг төлөвшүүлж буйтай холбогдуулан IKEA брэнд Live Lagom хэмээх төсөл хэрэгжүүлж байжээ.
Төслийн гол зорилго нь нийгэмд экологийн боловсрол олгож, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихийг уриалах юм. Тэд аяныхаа хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй чийдэн, зай гэх зэрэг байгаль орчинд ээлтэй гэр ахуйн эд зүйлс худалдаалах болсон. Дэлхий дээр зөвхөн хүн л амьдардаггүйг тунхаглаж буй лагом хандлага нь хүний шуналын эсрэг хэрэгжүүлж буй энгийн, хэрэгцээт арга юм.