Хүмүүс замын түгжрэл, ажил, мөнгө зэрэг өдөр тутмын амьдралд тохиолдох саад бэрхшээлээс болж сэтгэл зүй, бие махбодын асуудалтай тулгарах нь элбэг байдаг ч эх дэлхий болсон амьд байгалиас холдох нь хүний эрүүл мэндэд бүр их хохиролтой болохыг эрдэмтэд хэлж байна. Австралийн эрдэмтэн Гленн Альбрехт сэтгэцийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны холбоо хамаарлыг судалжээ. Тэрбээр байгалиас холдож, тусгаарлагдсанаас үүдэлтэй өвчлөлийг psychoterratica хэмээн тодорхойлсон аж.
Техник технологи хөгжиж, тэнгэр баганадсан өндөр барилгууд нэмэгдэх болсноос уг өвчний тохиолдол нэмэгдэж эхэлсэн байна. Энэ нь шинэ төрлийн өвчлөл мэт боловч уг өвчин хийгээд түүнийг анагаах ухаан тийм ч шинэ зүйл биш юм. Учир нь моддоор дамжуулан анагаах арга 1982 оноос эхлэн Япон улсад дэлгэрчээ. Тухайн үед Японы засгийн газар ШинринЙоку (англи хэлнээ forest bathing гэж орчуулагддаг) хэмээх ойлголтыг танилцуулсан бөгөөд ойгоор дамжуулан эрүүл мэндээ тэтгэн, сайжруулахыг иргэддээ уриалж байв. The Healing Magic of Forest Bathing номын зохиогч Жулиа Плевин уг өвчнөөр өвчилж байжээ.
Тэрбээр Нью-Йорк хотод дизайны чиглэлээр суралцдаг байхдаа байгалиас алсарсан байдал, өндөр саарал барилгууд түүнийг сэтгэл гутралд оруулж, бухимдуулж байгааг анзаарчээ. Ингээд уг өвчний талаар сонирхох болж улмаар орон зай, байгаль, эрүүл мэнд, дизайны холбоо хамаарлыг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн байна. Плевин сургуулиа төгсөж, Цахиурын хөндийд ажиллахаар төрөлх Сан Франциско хотдоо эргэж ирснийхээ дараа байгальд ойр байх нь хэчнээн чухал болохыг ухаарав. Ялангуяа ой модонд алхах нь ямар ч эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг ойлгож, үүнийгээ бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Тэрбээр 2016 онд San Francisco Forest Bathing Club-ийг үүсгэн байгуулсан бөгөөд хэдхэн сарын дотор 500 давсан гишүүнтэй болжээ.
Ойн эмчилгээгээр хорт хавдрыг ч эмчилнэ
Ой модонд алхах нь сэтгэл зүйн байдлыг дээшлүүлээд зогсохгүй бие махбодод ч эмчилгээ болдгийг Японы судлаачид баталжээ. Эрдэмтдийн судалж тогтоосноор мод өөрийгөө нян, бактериас хамгаалах зорилгоор фитонцид хэмээх тосыг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ч давхар эерэг нөлөө үзүүлдэг аж. Фитонцид нь сэтгэл зүйн байдлыг дээшлүүлээд зогсохгүй дархлаа сайжруулах, цусны даралт, зүрхний цохилт, стресс, түгшүүрийг бууруулах, нойрны чанарыг сайжруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, тэр бүү хэл хорт хавдар, сэтгэл гутралын эсрэг тэмцдэг байна.
Японы эрх баригчид 2004-2012 онд дөрвөн сая ам.долларын санхүүжилт гаргаж ойд алхах нь физиологи, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлж байгааг нарийвчлан судалжээ. Эдгээрийн нэг нь Токио дахь Ниппон анагаах ухааны сургуулийн профессор Чин Лигийн хийсэн судалгаа юм. Тэрбээр 12 хүнийг сонгон авч, ойд алхахаас өмнө болон алхсаны дараа хүний дархлааны систем дэх төрөлхийн устгагч эсийн үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжжээ.
Судалгааны явцад ойд алхсаны дараа устгагч эсүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, вирусийн халдвартай эс, хавдрын эсрэг хурдтай хариу үйлдэл үзүүлж байгааг Чин Ли тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнд түшиглэн Япон улс эдүгээ 62 төрлийн эмчилгээний аргыг нэвтрүүлээд байгаа ба жил бүр таван сая орчим хүн энэ төрлийн эмчилгээг хийлгэхээр Япон улсыг зорьдог аж. Энэхүү ойн эмчилгээг Финлянд, АНУ, Их Британи, Канад зэрэг улсад ч мөн адил хийх болжээ.