LOADING

Type to search

Зөвлөгөө

Миомтой болсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Share

Умайн булчингийн хоргүй хавдар бол хавдрын нэг төрөл бөгөөд умайн булчингаас ургаж бий болдог тул ингэж нэрлэсэн байна. Үүнийг мөн леймиома эсвэл миом гэж нэрлэхээс гадна англиар Uterine fibroid гэж нэрлэдэг. Миомын хэмжээ нь жижиг вандуйнаас сагсны бөмбөг шиг хүртэл янз бүрийн хэмжээтэй байж болно. Миомын зангилаанууд томорвол умайн гадна тийш тэлж хажуугийн эрхтэнүүдийг дарж үйл ажиллагааны хямрал үүсгэдэг. Тухайлбал давсаг, бүдүүн гэдсэнд даралт үзүүлснээс болж ойр ойрхон шээс хүрэх, өтгөн хатах, аарцаг орчмоор хөндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна биений юм их хэмжээтэй ирдэг онцлогтой.

ЯАГААД УМАЙН БУЛЧИНГИЙН ХОРГҮЙ ХАВДАРТАЙ БОЛДОГ ВЭ

Умайн булчингийн хоргүй хавдар буюу миомын шалгааны тухай олон таамаглал байдаг. Гэвч эстроген дааврын хэвийн түвшин өөрчлөгдөх нь түүнийг үүсэх үндсэн шалтгаан болдог байна. Жирэмсэн үед эстроген дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой миомын зангилааны хэмжээ илүү томордог бол харин цэвэршилтийн үед эстрогений түвшин буурсантай холбоотой багасах болон заримдаа алга болдог.

Төрөх насны эмэгтэйчүүдийн дөрөвний нэг хэсэг нь умайн миомтай байдаг бөгөөд ялангуяа 30-50 насныханд илүү их тохиолддог. Зарим судлаачид төрөх замаараа хоёроос олон төрсөн болон биеийн тамираар хичээлэлдэг эмэгтэйчүүдэд миома үүсэх эрсдэл эрс бага байдгийг тогтоожээ.

ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ

Олон эмэгтэйчүүд миомтой болохоо мэддэггүй байна. Гэвч шинж тэмдэгүүд нь тухайн миомын зангилааны байрлал болон хэмжээнээс хамаардаг. Миомын шинж тэмдэгүүдэд:

    Биений юм өвдөлттэй ирэх

    Биений юм их хэмжээтэй ирэх (зарим тохиолдолд цус багадалтанд хүргэж болно)

    Шээс ойрхон хүрэх, шээхэд бэрхшээлтэй байх

    Хэвлийн доод хэсгээр даралт мэдрэгдэх

    Ууц нуруу чилж өвдөх

    Өтгөн хатах

    Үргүйдэл зэрэг ордог.

ХЭРХЭН ОНОШЛОДОГ ВЭ

Ихэнхдээ умайн миома аарцгийн эрхтэнүүдийн үзлэгийн үед оношлогддог. Хэрэв таны умайг том, барзгар байвал эмч миома байж магадгүй гэж сэжиглэх болно. Мөн танд миомын шинж тэмдэгүүдээс илэрвэл хэт авиан шинжилгээ хийлгэж оношлох боломжтой.

ХЭРХЭН ЭМЧИЛДЭГ ВЭ

Ихэнх тохиолдолд онцын эмчилгээ шаардагддаггүй. Эмч дараах зүйлсд тулгуурлан эмчилгээг сонгох болно. Үүнд:

    Биений юм ирэх үед зовиур илэрдэг болон их хэмжээтэй ирдэг эсэх

    Миомын зангилаа аль хэр хурдан томорч байгаа

    Тухайн хүний нас, цэвэрших хугацаа ойртож байгаа эсэх

   Хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа эсэх, зарим үед миома нь үргүйдлийн шалтгаан болдог тул төдийлөн зовиургүй байсан ч мэс заслын эмчилгээг сонгож болно.

Хэрэв эмчилгээ хийлгэх шаардлагатай бол хоёр төрлийн мэс заслын эмчилгээ байдаг. Миомэктоми буюу хавдрын зангилааг шулж авч цус тогтоох оёдол тавьснаар тухайн эмэгтэйн жирэмсэн болох нөхцөлийг хадгалах боломжтой. Эсвэл гистерэктоми буюу умайг бүхэлд нь мэс заслаар авах аргыг сонгож болох бөгөөд энэ тохиолдолд жирэмсэн болох боломжгүй болдог. Энэ аргыг сонгохдоо тухайн эмэгтэйн нас, жирэмсэн болох хүсэлтэй эсэх, биений юмны ирдэг хэмжээ, шинж тэмдэгүүдийн хүнд эсэх, эмийн эмчилгээний үр дүн зэргийг харгалзан үзэх болно. Хэрэв миомэктоми хийлгэвэл арван жилийн дотор дахин миомын зангилаа үүсэх боломж 25 хувь байдаг гэсэн судалгааны дүн байдаг.

Мөн түр хугацаанд эстрогений түвшин бууруулах эмийн бодис хэрэглэснээр миомын өсөлтийг тур хугацаагаар саатуулах боломжтой. Харин энэ төрлийн эмийг хэрэглэж байх хугацаанд нүүр халуу оргих, үтрээ хуурайших, ясны сийрэгжилт үүсэх зэрэг цэвэршилтийн хам шинжтэй төстэй шинж тэмдэгүүд илэрч болзошгүй. Энэ төрлийн эмийг хэрэглэх хугацаа дээд тал нь 6 сар байдаг бөгөөд үүний дараа миомын зангилаа үргэлжлэн томорох хандлагатай байдаг.

Сүүлийн үед нилээд түгээмэл хэрэглэгдэж байгаа эмчилгээ бол умайн артерийг бөглөх эсвэл зангилааг тэжээж буй судсыг бөглөх арга юм. Энэ аргыг 1995 оноос хойш хэрэглэж байгаа бөгөөд үндсэн зарчим нь рентген туяа болон бусад дүрс оношлогооны аргуудын тусламжтайгаар умайн булчингийн хавдрын зангилаа болон түүнийг тэжээж байгаа судасны салааг илрүүлж бөглөдөг. Цусан хамгамжгүй болсон миомын зангилаа нь жижгэрч хатингаршин алга болдог.

УМАЙН БУЛЧИНГИЙН ХОРГҮЙ ХАВДАР ЖИРЭМСЛЭЛТ БОЛОН ТӨРӨЛТӨД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ

Ихэнх тохиолдолд жирэмсэн үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болох боловч заримдаа үргүйдлийн шалтгаан болохын зэрэгцээ эрт үеийн зулбалтанд хүргэж болно. Харин жирэмсний сүүлийн гурван сарын хугацаанд ургийн буруу байлал үүсэх шалгаан болж болно. Мөн умайн хүзүү болон доод хэсэгт байрласан бол ураг төрөх замаар доошлоход саад болох болох талтай. Мөн байрлал хэмжээ зэргээс хамаарч дутуу төрөх, хэвийн байрласан ихэс цагаасаа өмнө ховхрох, төрсний дараах үед цус алдалтанд хүргэж болох зэрэг олон сөрөг нөлөө үзүүлж болно. Жирэмсний хугацаанд миомын зангилаа эрчимтэй томрорч болохын зэрэгцээ цусан хангамжийн дутагдал үүссэнээс үхжил үүсч болно. Хэрэв ийм байдал үүсвэл хэвлийгээр хүчтэй өвдөх, халуурах, тэмтрэхэд эмзэглэл ихтэй болох, огиулж бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмчид даруй үзүүлэх хэрэгтэй.

ХЭРХЭН ШИНЖ ТЭМДГИЙГ ХӨНГӨВЧИЛЖ БОЛОХ ВЭ

Хэрэв умайн булчингийн хоргүй хавдрын улмаас биений юм их хэмжээтэй болон өвдөлттэй ирдэг бол эмчид хандаарай. Мөн доорх аргуудын хэрэглэж өвдөлтийг хөнгөвчилж болно. Үүнд:

    Өвдөлтийн үед ор эсвэл зөөлөн түшлэгтэй сандалд хэвтэж амрах

    Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих

    Төмрөөр баялаг хүнс хэрэглэх эсвэл төмрийн бэлмэл нэмэлтээр хэрэглэх

    Эмчээс ямар төрлийн өвдөлт намдаах эм хэрэглэж болохыг асууж зааврын дагуу хэрэглэх зэрэг орно.

error: Content is protected !!