Хөвөнтэй савх буюу Q-tips айл бүрд байдаг. Хоёр талдаа хөвөн зөөлөвчтэй уг богино савхыг 1920 онд польш гаралтай Америкийн иргэн Лео Герстензан шүдний чигчлүүрээс санаа аван зохион бүтээсэн түүхтэй. Нэрийнх нь “Q” үсэг “quality” буюу чанартай гэсэн санааг илтгэдэг ажээ.
“Q-tip”-ийн буруу хэрэглээ хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Гоо сайхан, цэвэрлэгээ, анхны тусламж гэх мэт маш олон зүйл хүртэл ашиглагддаг тус бүтээгдэхүүнийг хүмүүс ихэвчлэн чихээ цэвэрлэхэд хэрэглэдэг. Үзүүртээ хөвөн болцуутай савх таны чихэнд буй бүх хулхи, бохирдлыг хэнгэрэгний хальс руу шахаж, улмаар гэмтээх эрсдэлийг дагуулдаг ажээ. Нөгөөтэйгүүр, чихний хулхийг хүний биеэс ялгардаг ялгадас мэтээр үздэг буруу хандлагаасаа салах хэрэгтэйг зөвлөж байна. Хулхи таны чихэнд мөөгөнцөр ургахаас, цаашлаад зажлах, эвшээх үйлдэл хийх үед чихний нүх рүү нэвтрэн орох тоос шороо, үс, үхэжсэн арьсны хэсгүүдээс хамгаалдаг ач тустай.