Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Профессор, зөвлөх зэргийн эмч, “Хүмүүн мед” эмнэлгийн захирал Г.Дэжээхүүтэй зүрх судасны өвчлөлийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед Монгол Улсад зүрх, судасны өвчин ихэсч, өвчлөгсөд залуужиж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Зүрх судасны өвчин их түгээмэл. 1970-аад оноос эхлээд насанд хүрэгчдийн дунд дэлхий нийтээрээ л зүрх судасны өвчин нас баралт, хүндрэлээрээ нэгдүгээрт орж эхэлсэн. Монгол улсад ч гэсэн 70, 80 аад онд хийж байсан судалгаагаар зүрх судасны өвчин тэргүүлэх байр эзэлж байлаа. Жишээлбэл, зүрх судасны өвчин дотроо хамгийн түгээмэл нь даралт ихсэх, ер нь айлд даралтгүй ахимаг насны хүн үгүй болж.
40 дээш насны 3 хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчтэй гэсэн судалгаа байдаг. Нийт насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь энэ төрлийн өвчтэй. Зүрх судасны өвчин нь дотроо цусны даралт ихсэх, зүрхний ишеми буюу титэм судасны дутагдал, /өөрөөр хэлбэл зүрхний булчингийн тэжээлийн дутагдал/ ангины улмаас үүдэлтэй хэрх, ангины улмаас зүрхний хавхлага гэмтэх гэх мэтчилэн системийн өвчнүүд байна.
Сүүлийн үед ихсээд байгаа нэг зүйл нь “Чихрийн шижин” өвчин. Энэ нь зүрх судасны хатуурлыг үүсгэдэг. Мөн хүмүүсийн амьдралын хэв шинж өөрчлөгдөж байна. Ихэнх нь суугаа ажилтай, жин ихтэй байна. Жин ихтэй хүмүүсийн 50 хувь даралттай, Даралт ихтэй хүмүүсийн 50 хувь нь жин ихтэй байдаг.
Даралт ихтэй хүмүүс ихэнх нь эмчийн хяналтад байдаггүй. Даралт их байвал гарт таарсан эмээ авч уудаг. Эсвэл сайн эм гэсэн сургаар эмнэлэгт үзүүлэхгүй, тааж хэрэглэдэг. Энэ бол зөв биш дадал, буруу хяналт юм. Даралт ихсэх өвчин бол залуужаад л байгаа. Тэр байтугай сургуулийн хүүхдүүдийн дунд 8-9 хувь нь даралт ихтэй гэсэн судалгаа гарсан. Мөн зүрхний ишеми өвчин сүүлийн үед их болж байна.
Ер нь 50-аад оны үед даралт ихсэх өвчин ховор олддог, ишеми бүүр ч нүдний гэм шиг байсан. Одоо бол хоёулаа их болж. Сүүлийн үед зүрхний хэм алдагдал, үнхэлцэг хальсанд ус хуримтлагдах зэрэг өвчлөл их гарсан. Тэгэхээр зүрх судасны өвчлөл ихсэхийн хажуугаар бүтцийн хувьд өөр өөр болж байна. Өөрөөр хэлбэл зүрх судас тэр дундаа даралт ихтэй хүмүүсийн 60-аад хувь нь тархины цус харвалтад өртдөг.
Энэ нь цагаан харвалт, улаан харвалт гээд хоёр төрөл байна. Нэг нь задарч харвах, нөгөө нь бөглөрч харвадаг. Мөн хавхлагын гажиг цөөхөн хувь, зүрх судасны өвчин дундаас ишеми ихэсч, 20 хувийг эзэлж байна. Манай Улсын 3-р төв эмнэлэгт шигдээсийн тасаг хүртэл ажиллаж байна. Гэсэн хэрнээ ачааллаа дийлэхгүй байна шүү дээ. Зүрх судасны өвчин улам тэлж, өвчлөлийн хэлбэрүүд нь өөрчлөгдөж байна. Заавал настай хүн гэлтгүй залуу хүмүүс ч гэсэн анхаарах шаардлагатай.
-Зүрх судасны өвчлөл дундаас ишеми их байгаа гэлээ. Энэ талаар тодруулаад хэлбэл?
-Цээжээр хатгасан болгон зүрхний гэхээс гадна, тэр орчмын хавирга, тэр хоорондын мэдрэл, мөгөөрсөн үрэвсэл, цаад улайн хоолойн өвдөлт хүртэл зүрх шиг өвдөнө. Зүрхний өөрийн онцлог тэр дундаа ишеми өвчин нь хөдөлгөөнтэй холбоотой. Байрлал өөрчлөгдөхөд биш, хөлөөрөө их хөдөлж ачаалал авахаар өвддөг.
Монголчуудын хувьд ишеми өвчний нэг онцлог нь өвдөх нь харьцангуй гайгүй мөртлөө амьсгаадаж, бүгчимдэх хэлбэрээр явагддаг. Бидний дунд уулын бүсэд оршдог, харьцангуй хүчил төрөгчийн хомсдолтой орчинд байдагтай холбоотой. Зүрхний ишеми бол цусны дутагдал, тэжээлийн дутагдал хүчил төрөгчийн дутагдал зэрэгт их өвдөөд байхгүй. Нэлээн нарийсаад ирэхээр хурдан явах, өгсүүр газар, салхи сөрөөд явахаар зүрхний орчимд дараад, базаад, төөнөөд, атгаад, цээжин дээр дараад байгаа юм шиг өвддөг. Энэ бол зүрхний сонгомол өвдөлт.
Зүрхний өвдөлт бол зүрх орчимдоо өвчүүний голоор, зүүн гар, зүүн шанааруу дамжих гэх мэт өвдөлтүүдийг өгдөг. Гэнэтхэн цочир, зүүгээр шивж байгаа юм шиг өвдөлтүүд нь зүрхний өвдөлт байж болно гэхдээ ховор.
Шигдээсийн үед бол өвдөлт нь удаан хугацаагаар үргэлжилнэ. 20 минут буюу түүнээс дээш хугацаа өнгөрвөл болохоо болилоо гэж л ойлгох хэрэгтэй. Манай хүмүүсийн нэг алддаг зүйл нь өвдөлт өгөхөд орчныхоо хүмүүсрүү эхлээд залгадаг. Хүүхдүүдээ дуудаад ирэхийг нь хүлээгээд цаг алддаг.
Хэрэв саяны хэлсэн шинжүүдээс танд илэрвэл шууд өөрөө түргэн дуудах хэрэгтэй. Ер нь настай хүнтэй, зүрхний өвдөлтийн зовуур хэлдэг хүнтэй айл бол эмийн сандаа аспирин, нитроглицеринтэй байх ёстой. Яаралтай үед ямар ч байсан аспирин 81 –тэйг нь 325 мл, 4 таблетийг ууж, , нитроглицеринээ 5 минутын зайтай 3 удаа хэлэн доороо тавих хэрэгтэй. Манай дээр нитроглицериныг 10 гаран удаа тавьсан хүн ирсэн.
Тэгэхээр эмийг тэгж хамаагүй хэрэглэж бас болохгүй. Түргэнээ хамгийн түрүүнд дуудаж, эмнэлгийн тусламж авах ёстой. Зүрхний шигдээс болвол 90 минутын дотор амжиж эмнэлэгт очиж, тусламж авч чадвал үхжилт үүсээгүй байхад нь зүрхээ аврах боломжтой. Сүүлийн үед мөн зүрхний хэм алдалт ихэсч байна.
Судлаачид гайхаад л байгаа, яагаад, юун улмаас болж ихсээд байна гээд. Яахав ихэвчлэн ишемигээс болдог. Тэр байтугай үнхэлцэг хальсанд цус хураад орж ирж байна. Энэ чухам агаартай холбоотой юу, вирусийн янз бүрийн ханиад өвчлөлтэй холбоотой шинэ хандлага элбэг тохиолдоод байгаа.
– Та 40 гаруй жил зүрх судасны чиглэлээр дагнан ажиллаж, энэ чиглэлийн хувийн эмнэлгийг 20 жил ажиллалуулж байна. “Хүмүүн мед” эмнэлгийнхээ талаар танилцуулбал?
-Манай эмнэлэг 1902-103 гээд лавлагаа утас ажиллаж, 114 цагийн зөвлөгөө өгдөг. Үүн дотор зүрх өвдөнө гэж яах вэ? Бусад өвдөлтүүдээс хэрхэн ялгах вэ? Цээжний хөндий дотор өөр эрхтнүүд байгаа шүү дээ.
Тэдний өвдөлтөөс яаж ялгах зэрэг зөвлөгөө өгдөг. Үүнийг зөвхөн өвчтөнүүд биш оюутан, зарим эмч нар хүртэл ашиглаж болох мэргэжлийн зөвлөгөө бий. Манай эмнэлгийн хувьд зүрх судсаар нарийссан, өндөр мэргэжлийн хүмүүс ажилладаг. Шинжилгээний хувьд 24 цагийн зүрхний бичлэг, даралтыг 24 цаг хэмждэг. Энэ бол маш чухал хэдийд даралт нь ихсээд байгаа, Жишээлбэл, шөнө нойрон дундаа ихэсдэг хүмүүс байдаг.
Тэгэхээр даралт хэдийн ихсээд байна, тэр үед зүрхний цохилт хэд болоод байна гэдгийг бүгдийг мэдэж болно. Манай дээр ерөөсөө даралтаа үзүүлж байгаагүй, даралт ихсэхээ мэддэггүй гэсэн хүн ирсэн. 24 цагийн турш даралтыг нь хэмжээд үзэхэд 260 хүрсэн. Ялангуяа шөнийн цагаар хурхирч унтдаг хүмүүсийн даралт шөнөдөө өндөр байдаг. Тийм учраас даралтаа хэзээ ихсэхийг нь мэдэж байвал эмээ хүртэл зохицуулж ууна шүү дээ.
24 цагийн зүрхний бичлэг бол хэм дамжуулах системийн өөрчлөлт, ишеми байна уу үгүйг үзэх ач холбогдолтой. Жишээлбэл, зүрх дэлсэж, зүрх бэлбэгнээд байна гэдэг.
Тэрийг өдрийн цагаар эмнэлэгт үзүүлэхэд эмчид тухайн үед хэм алдагдал нь баригдахгүй бол гайгүй байнаа л гэнэ. 24 цагийн турш хянахад, агшилт болгоныг бичиж байгаа учраас хэм алдагдал, дамжуулах системийн өөрчлөлт зэргийг бүгдийг нь гаргаад ирдэг. Манай дээр мөн эхо аппарат бий.
3 давхар кристалл даачигтай, гүний нэвчилт сайтай, харах талбай өргөнтэй. Мөн олон жил ажилласан туршлагтай эмч нар бий.
-Сүүлийн үед зүрхний томролт өвчин анхаарал татах боллоо?
-Манайхан зүрхийг дутагдалд ортол нь явж байна. Амьсгаадаад, хавагнаад, нилээн хүндэрсэн хойно ирдэг. Энэ нь эмчилж байгаа хүндээ ч, тэр хүнд ч хэцүү. Ихэнх өвчлөлийн хувьд удаан хугацаагаар явахаар томроод тэлээд эхэлдэг. Хөндийгөөрөө тэлж болно, эсвэл ханаараа зузаарч болно.
Зузаарах нь дотогшоогоо хумиж зузаардаг, гадагшаа тэлж зузаардаг. Нэгэнт тэлэгдсэн зүрхийг эмчлэх хэцүү. Зүрх хүчтэй сайн, гүйцэд агшиж өгөхгүй л бол дутагдалд ордог. Зүрхний дутагдлыг илрүүлдэг нэг зүйл нь эхо байна. Сүүлийн үед зүрхний архаг дутагдлыг, зүрх тэлээд агшихгүй байгаа, дутагдлыг дэмжих зэргийг 3-р эмнэлэг дээр хийж байгаа. Мөн вирусний ханиаднуудын үед зүрх гэнэт томордог.
Вирусийн ханиадны улмаас зүрхний булчин гэмтэж, тэр бол удаан хугацаагаар хэвтрийн дэглэм шаарддаг. Гэх мэтчилэн зүрхний өвдөлтүүд бол олон янз байна.
-Зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг зүйлс олон байдаг. Шалтгаан болон урьдчилан сэргийлэлтийн талаар багцлаад манай уншигчдад хэлбэл?
-Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг бол нийгмийн түвшинд яригдах асуудал. Стрессээс болж даралт ихсэж байна. Хүмүүс асуудаг миний даралт юунаас болоод ихсээд байна? гээд. Даралт ихсэх бол 2 зүйлээс хамаатай. Нэг нь бие даасан өвчин, нөгөөх нь өөр өвчний шинж тэмдэг болж дагалдаж гарч ирдэг.
Сүүлийн хэлсэн шалтгаан бага хувьтай, ихэнх нь бие даасан өвчин байдаг. Энэ нь удмын байж болно, мөн байнгын стресстэй ажилаас үүдэлтэй. Шалтгаан нь тодорхойгүй даралт ихсэлтийг бие даасан өвчин гэнэ гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байгаа.
Тэгэхээр хүн болгон өөрийн амьдралын хэв маягийг эрүүл байлгаж, хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Амьдралдаа давсны хэмжээг тааруулж, хоногт 5гр давс хэрэглэх хэрэгтэй.
Баруун зүгийн нутгаар давсны хэрэглээ их байдаг. Таван цагаан гэдэг өөх, давс, сахар, гурил, цагаан будаа, зэргийг зохицуулж хэрэглэх хэрэгтэй. Мөн хөдөлгөөн хийх, үүн дундаас алхалт маш чухал.
-Хүн жилдээ эсвэл 6 сар тутамдаа эмчид хандаж оношлуулж байх ёстой гэдэг?
Цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх тал дээр манай улс ДЭМБ-тай хамтарсан судалгаа хийсэн байдаг. 35 дээш насны хүмүүс жилдээ заавал нэг удаа үзүүлж зүрхний бичлэг хийлгэж, даралтаа хянуулж байх ёстой. Айл болгон даралтын аппараттай байж, даралтаа зөв хэмждэг байх хэрэгтэй. Ер нь эмнэлгийн байгууллагадаа хандаад тогтмол зөвлөгөө аваад явбал зүгээр. Наад зах нь өрхийн эмнэлэгтэй хандаж болно шүү дээ.
Г.Жаргал