₮ 0

No products in the cart.

Анагаах шидтэй уламжлалт цайны жорууд

Монголчууд хөх цайг чанаад сүлж уух буюу сүү хийхгүйгээр хар цай уудаг. Хөх цайн гаднах байдал, өнгөөр нь “Хэвийн цай”, “Хар цай”, “Хавтсан цай” гэх мэтээр нутаг нутгийнхан өөр өөрөөр нэрлэдэг юм. Чанаж идээшүүлсэн хар цайндаа сүү нийлүүлж хийснийг сүүтэй цай гэдэг.         

“Монголчууд цайг хамгийн хүндэтгэлтэй ундаа гэж дээдэлдэг. Сүүтэй цайг цангах үедээ л уудаг биш, харин цайндаа хурууд, шар тос, өрөм, зөөхий мэтийн цагаан идээ хийх буюу мах борц, боов боорцог зэргийг хийж уудаг. Иймээс цай уух нь бараг хоол идсэнтэй адил юм. Тэрчлэн цайгаа аажуу тавьж уудгаас халуун цайнд дэвтсэн идээ нь алгуур задран уусаж улам ч амттай болдог байна. Тиймээс сүүтэй цай нь шим тэжээлээр төгөлдөр, өл дарахаар үл барам биед тэжээл нөхөж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, хий шарыг дарж шингээлтийг хурдасгах, цусны эргэлтийг сайжруулах, өөхийг задлах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг. Цай бол архи, хоолноос өөр бөгөөд их уусан ч биед гэм болдоггүй харин шинэ хуучны солилцоог сайжруулж, бие сэтгэлийг тэтгэдэг.

“Хар ч гэсэн хааны хишиг, бор ч гэсэн богдын хишиг” хэмээн цайг монголчууд дээдэлдэг нь цаанаа гүн утга учиртай байжээ. Сүүтэй цай нь монголчуудын оршин амьдарч байгаа байгаль орчин, амьдрал ахуйд тохирсон ундаа байсан бөгөөд хүйтэнд биеийг дулаацуулах, унд тайлах, өл дарахаас гадна монголчууд мах их иддэг учир хөх цай илүү уух нь өөхийг шингээж, цусны эргэлтийг сайжруулан өвчин эсэргүүцэх үйлчилгээ үзүүлдэг. Сүүтэй цайны хийц нь өөр бол үйлчилгээ нь өөр байдаг. 

Борцтой цай. Энэ цайг хийхдээ үхрийн махны борцыг жижиглэн хэсэглээд хар цайндаа хийгээд сүү давсыг нь тохируулан хийдэг. Борцтой цай нь өлтэй шимтэй, хаврын цагт байнга уудаг.

Цулхиртай цай: Бидний сайн мэдэх цулхирын гурилыг бага зэргийн тосонд зөөлөн галаар хуурч, цайвар шаргал өнгөтэй болмогц халуун цайгаа дээрээс нь хийж, сүлээд нэг удаа огцом буцалган самарна. Yүнд: ус 3 л, цулхирын гурил 150 гр, шар тос хоолны нэг халбага, сүү 0.5 л, давс цайны нэг халбага. Хатааж нүдсэн тэмээн хөхийг идээшлүүлж чанаж тэнцүүхэн холивол бүр ч амттай болохын сацуу хөлөргөн ядаргаа тайлдаг аж. Хонгорзул цэцгийг хатааж нунтаглан идээшүүлж чанасан цайг мөн сүлж, самраад уувал ядаргаа тайлагдана. Халгайн vртэй цай: Халгайн цэвэрлэсэн vрийг шар тосонд хуурч цайг хийцэлнэ.

Хонины сүүлтэй цайг хийхэд хонины сүүлээ нимгэн хэрчээд бага зэрэг хайрсны дараа гурил буюу будаа нэмж дахин шаргал өнгөтэй болтол хуураад тунгаасан хар цай хийж сүлээд давсаа хийвэл болно. Энэ цай хийг дарж, биед тэжээл өгөн, зүс царайг сайхан болгож, арьс хуурайшихаас сэргийлдэг тустай.

Цоргисон цай гэвэл цайг уурт хийж маш сайн нүдээд шар тосонд хуурч, дээр нь буцалсан ус, давс хийж сайн самарна. Цоргисон цай нь ходоодны галын илчийг сэлбэх, хийг дарах, биеийн тамир тэнхээ нөхнө.

Ястай цай: Хийцтэй буюу хийцгүй цайнд дунд чөмөг, атгаал чөмөгний ясыг хугалж хийгээд буцалгана. Сүлэхийн өмнө ясыг хийж нэг цаг орчим буцалгаад бага зэрэг мах үйж болно. Ингэж буцалгасан цай нь амт чанар сайны сацуу тэжээллэг байдаг. Энэ цай хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул салхи авахуулж болохгүй.

Борви тойгны ястай цай: Хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй хийцтэй цайндаа хийж чанадаг. Ийм цай нь ядаргаа болон цус багатай, тархи толгой өвдөлттэй хүн уухад нэн сайн.

Халгайтай цай: Халгайг 5-6 сарын 5-6 салаатай нялх vед нь түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийж сайн самран буцалгана. Гурван литр цайнд хоолны халбагаар гурав хийнэ. Цайгаа мах, сүүгээр амт оруулна. Энэ цай нь даралт ихтэй хүмүүс уухад сайн.

Загасгалтай цай: Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг бэлэн болсон сүүтэй ба хийцтэй цайнд хийж буцалгана. Шар ногоон өнгөтэй болмогц нь цайгаа шүүж уу. Загасгал гэдэг нь бутлаг ургамал. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч цайндаа хийж болдог. Гурван литр цайнд 60 гр загасгалын нунтаг бага зэрэг шар тос, давсыг сонирхолдоо нийцүүлэн тохируулна.

Бажууны замбагатай цай: Бажууны хальсалсан замбагыг шар тосонд хуурч цайг хийцэлдэг.

Гурил тасалсан цай: Ерийн аргаар чанасан сvvтэй цайнд гурил тасалж хийгээд болгож ууна. Энэ цайг өвөрмонголчууд голдуу их чанадаг.

Шар тос самарсан цай: Ердийн чанасан цайгаа уудлахаас өмнө шар тос хийж, сайтар самарна. Ийм цай анхилам сайхан үнэртэй, уухад амттай байдаг.

Өрөм самарсан цай: Том шанаганд шинэ өрмийг бага зэрэг давстай хольж халуун цайгаар шингэлж сайтар нухаж, ердийн хар цайн дээр хийн сvлээд сайтар самарч зөөлөн буцалгаад уудална.

Хонины сүүлтэй цай: Хонины сүүлийг хөшиглөөд хуурай цайтай хамт ууранд хийж нүднэ. Тогоотой халуун усанд сүүлтэй нүдсэн цай болон давс, сүү хийж 30-35 минут буцалгаад сайтар самарна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...